2017-01-20
TIMES Ярилцлага 1 долоо хоног, 1 өдөр


Г.Оюунчимэг: Багш хүнд түмний үрсийн гэгээн энерги ирдэг

2017-1-Р Сар-12 TIMES.MN


"Cургааль бүхэн нь амьдралд хөтөлж

Зэмлэл бүхэн нь ухаарал зөгнөж

Сэтгэл бүхэн нь итгэл хайрлаж

Сайхан ирээдүйг түмэн шавьдаа бэлэглэсэн ачтан бол Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Гүржавын Оюунчимэг билээ. Ардын боловсролын тэргүүний ажилтан, төрийн дээд одон медаль Алтангадас одонт Г.Оюунчимэг багшийг “Хоймрын зочин”-д урилаа. “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдэг. Эглээс эгэл амьдарч түмэн шавиараа гоёсон багш маань ийнхүү хуучиллаа. Баатар горилоогүй ариухан үйлс нь хүүхдэд шингэж баяжихыг горьдоогүй даруухан амьдрал нь хүнд шингэж баярлах гомдохдоо хүний л төлөө байдаг болохоор багш гэдэг энэ ертөнцийн ээж юм даа. Оюунчимэг багшийн ангийн хүүхдүүд: ...

Сарны гэрэлтэй цээжийг минь

Нарны гэрэлтэй болгосон

Саваагүй гэнэн намайгаа номын нөхөр болгосон

Ачит багш таны алдрыг бахархаад би баршгүй

Ариун цагаан хөдөлмөрийг тань бахархаад би ханашгүй” хэмээн цангинатал уншиж байгааг хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй ээ. Эрдэм боловсрол энэ хорвоогийн хамгийн том өглөг. Түүнийг хайрласан багш юутай ч зүйрлэшгүй том өглөгч билээ. Үнэхээр багшийн хэлсэн үг энэ насны хоол хүнс байж дээ гэж академич Д.Цэрэнсодном гуай үнэхээр сайхан онож хэлсэн байдаг. Энгэрт нь Алтангадас гялалзаж сэтгэлд нь буман шавь нь гялалздаг эрхэм багшийн яриаг уншигч та мэргэн оюундаа таалан болгооно уу.


-Багштай учраагүй хүмүүн хорвоод үгүй. Манай монголчууд боловсрол гэгээрлийг эрт дээр үеэс дээдэлж оюуны капиталыг өгч авалцах гэгээн үйл хэрэг хэмээн дээдэлж ирсэн. Таныг удам дамжсан багш гэх юм. Багш хэмээх энэ хүндтэй мэргэжлийг эзэмшсэн гэгээн үеэс тань яриагаа эхэлье?


-Тиймээ, би аав ээж аль аль талаасаа гурван үе дамжсан багш хүн. Миний өвөө Л.Дэлгэрдалай багш, аав маань багш. Ээжийн маань аав Эхээ багш, ээж маань багш. Энэ утгаараа ч тэрүү эзэмшсэн мэргэжил энэ амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун явдаг. Багш хүнд түмний үрсийн гэгээн энерги ирдэг гэж боддог.


-Сэтгэл оюундаа эрдэм гэгээрлийг хураан арвижуулах нь оюун ухаант хүний л чадах зүйл. Багш хүнд эдийн баялаг бага. Эрдмийн уурхай нь дундаршгүй гэдэг. Таны амьдралд эзэмшсэн мэргэжил тань хэр үр өгөөжтэй байв?


-Өгөлгүй яахав. Хүүхдүүдээ дээд боловсрол эзэмшүүлж гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэхэд тус дэм болсон. Айл гэрийг хоёр багана түшдэг шиг өдий зэрэгтэй ажиллаж амьдарч, үр хүүхдүүд минь хүний дайтай явахад ханийн минь нөмөр нөөлөг их бий.


-Анхны хичээл, анхны удирдсан анги, анхны төгсөлт гээд анхны бүхэн хүний сэтгэлд хамгийн тод үлддэг?


-Тийм ээ. Ажил амьдралын гараагаа Архангай аймгийн Эрдэнэнмандал сумын 10 жилийн дунд сургуулийн МХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. 1986 онд 6а ангийг даан авч ажилласан. Анхны шавь нар маань маш оюунлаг, сэргэлэн, авьяаслаг хүүхдүүд байсан. Тийм тэнгэрлэг гэгээлэг хүүхдүүд намайг багшаар ажиллах урам зоригийг улам бадраасан. Анхны шавь болох бүлгэмийн зөвлөлийн дарга Ц.Батмөнх, Т.Мөнхжаргал, Б.Өлзийхуяг, идэвхтэн сурагчдаас Ц.Дамдинсүрэн, О.Эрдэнэтуяа, С.Янжиндулам, Б.Гэсэрбадам, Т.Алтанцэцэг, Д.Оюунжаргал гээд сайхан шавь бий. Анхны маань ангид О.Хүдэрбат, Ш.Гомбодорж, М.Мөнхбаяр, Б.Урангоо, Д.Болор-Эрдэнэ, Л.Мөнх-Эрдэнэ, Ч.Дарханбаатар, О.Доржжанцан, Д.Оюунбилэг, М.Алтаннаран, Б.Дарамбазар, П.Насанбаяр, М.Сайнжаргал, Р.Гэрэл-Эрдэнэ, Б.Бөхбат, Ч.Энхчимэг, Б.Болорцэцэг гэх мэт олон шавь маань байсан. Тэд маань одоо нийгмийн бүхий л салбарт нэр хүндтэй ажиллаж явна. Багш хүний бахархал яахын аргагүй шавь нь байдаг. Эх орныхоо өнцөг булан бүрт ариун цагаан хөдөлмөрөөрөө гоёж ажиллаж амьдарч яваа гэгээн шавь нараараа үргэлж бахархаж явдаг даа.


-“Зулын гэрэл тосноосоо, шавийн эрдэм багшаасаа” гэдэг. Таны мэргэжлээр амжилт гаргаж энэ мэргэжлийг эзэмшсэн шавь нараа дурсаач?


-Түүх, ниймгийн ухааны чиглэлээр олимпиад уралдаан тэмцээнд шавь нараа бэлтгэн амжилт үзүүлж байсан удаа олон бий. Гарын шавь нараасаа дурьдвал,С.Пүрэвсүрэн, Г.Оюунсүрэн, С.Заяабаяр, А.Батбаяр, Б.Цогт-Эрдэнэ, П.Ууганбаяр, Б Б.Солонго, Б.Ууганчимэг, Д.Мөнхгэрэл, З.Жамбалдорж, Э.Оюунцэцэг, Р.Бямбажав гэх мэт олон шавь бий. Миний мэргэжлийг өвлөсөн шавь олон. Тухайлбал, Д.Мөнхзаяа, Ц.Шүрэнбилэг, Ч.Баасансүрэн, Н.Лхагвадорж, Ж.Төмөрмуна маань төрөлх нутагтаа ажиллаж амьдарч байна. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа шавь нараараа гоёж амьдардаг.



-Та боловсролын байгууллагад тэр дундаа Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Бүрэн дунд сургуульдаа тасралтгүй 33 жилд ажиллажээ. Таны амьдралын жаргал зовлон, баяр гуниг хүүхэд шуугисан энэ л их өргөөнд өрнөсөн гэж бодохоор сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм?


-Хүний амьдралд дурсамжтай бахархалтай зүйл олон. Тэр дундаа анхны тодотголтой бүхэн үнэхээр сайхан. Анх багш хэмээх хүндтэй алдрыг хүртэж анхны хичээлээ заах анхны шавь нартайгаа нүүр учрах анхны удирдаж төгсгөсөн ангийнхан маань хэзээ ч санаанаас гардаггүй, үргэлж сэтгэлд бодогддог. Нэгэн дурсамж сөхөхөд, анхны шавь нар маань ангийн журналаа алга болгоод “хөөрхөн” хэрэг дэгдэж билээ. Манай ангийн нэгэн сахилгагүй хүү нууцаар дүнгээ засчихаад буцааж гаргаж өгөх гэхээр зориг нь дутаад гэр рүүгээ аваад явчихсан байсан. Тэр үеийн хүмүүжлийн эрхлэгч Я.Пүрэвсамбуу багш маань “Танай багшийг нялх хүүхэдтэй нь аймаг руу авч явна гэж шавь нарыг маань айлгасан. Гэтэл нуусан хүү ангийнхаа хүүхдийн хашааны үүдэнд хичээлд явах замдаа тавьсан байсан. Ингэж аймаг руу ачигдахаас мултарч билээ. /Инээв/. 1988 онд ажил үйлсээрээ тэргүүлэн тэр үеийн БНАГУ-д хоёр сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд явсан нь ихээхэн аз завшаантай сэтгэлээс гардаггүй үйл явдал байлаа.


-Танай анги АБТА, ахмад Ц.Чүлтэмийн нэрэмжит танхим юм билээ. Танай сургуулийн шилдэг танхимын нэг яахын аргагүй таны удирдаж байгаа түүхийн танхим юм билээ?


-Тийм ээ. Ахмад багшийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж үеийн үед дурсан санах өвлүүлэх зорилгоор шавь Ж.Төмөрмунатайгаа хамтран санаачилж 2010 онд төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойгоор Чүлтэм багшийн үр хүүхэд, ар гэрийнхэнд хандаж нэрэмжит танхимыг байгуулсан нь өнөөдөр олон хүүхдийн сэтгэлд хүрсэн сайхан танхим болсонд сэтгэл өег явдаг. Аавынхаа нэрэмжит танхимыг өөрсдийн хөрөнгөөр тохижуулж өгсөн үр хүүхдүүд нь аавынхаа танхимд ирэхдээ талархсан сэтгэлээ үргэлж илэрхийлдэг. Энэ сайхан багшийнхаа нэрэмжит танхимыг өнгөтэй өөдтэй авч яваадаа бахархдаг.




-Дэггүй шавь нараа хэрхэн хүмүүжүүлдэг вэ?


-Хүүхэд гэнэн цайлган зан гаргаж, дэггүйтэн үймүүлж багш биднийг уцаарлуулах тохиолдол гарч л байдаг. Гэнэн цайлган, томоогүй тэднийг ойлгож, учирлан уучилж, үлгэрлэн хүмүүжүүлэхийг л хичээдэг дээ. Би шавь нартаа “Хүн бүхэн математикч болох албагүй. Ном мэдэхгүй ч номхон бай” гэж сургадаг.


-Таныг удахгүй гавьяаныхаа амралтанд гарна гэж дуулсан. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай:

"Ус мөрнийг далайд үдээд

Байрандаа үлддэг уулс юм та

Тус бүтээж даяныг тэтгээд

Хариу нэхдэггүй өглөгч юм та" гэж үнэхээр сайхан онож хэлсэн байдаг. Хүүхэд шуугисан их өргөөгөө нэг хэсэгтээ л үгүйлэх байх даа?


-Энэ олон жил үр бүтээлтэй ажиллаж олон зуун шавиа ажил амьдралынх нь гараанд дэм болж өгсөндөө сэтгэл хангалуун байна. Хийж бүтээсэн маань түмний нүдэнд ил тод байгааг харахад сайхан байдаг. Шавьтай хүн ундаргатай булаг л гэсэн үг. Хэдийгээр би гавьяаныхаа амралтанд гарч байгаа ч шавь нар маань үргэлжлүүлэн олон шавьдаа ариун эрдмийн шимээ хүртээж багшийнхаа ажлыг түүчээлэн авч явах болохоор үнэхээр сэтгэл сайхан байна. Ажил амьдралын минь нэг хэсэг болсон Бүрэн дунд сургуулийнхаа хамт олон, үе үеийн шавь нартаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.


Б.Цолмон




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 цаг, 5 минут []


Bagshdaa sain saihniig husie


Зочин    2 өдөр, 21 цаг []


Эмээдээ аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсье


Зочин    1 долоо хоног []


багшдаа эрүүл энхийг хүсье


Зочин    1 долоо хоног []


Altan narand bagts bagtsaar tuya ilgeej altai hangaid ayas ayasaar salhi urguulj namaig turuulsen eejiinhe tuhai duugaan es duulbaas namaig teej yabaa alag delhii tenhlegee buruu ergeh bii dee. Tandaa gegeen buhnii deediig husie


Зочин    1 долоо хоног []


Saihan bagsh naraaraa baharhaj yawdag shuu. Tandaa az jargal sain saihan buhniig husie.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [202.21.118.94]


mundag bagsh shv bagshda ervvl enkhiig khvsie


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [103.242.47.2]


эгч таньдаа аз жаргал эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе,


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [202.179.31.132]


Ooyo egchdee hamgiin sain saihniig husie.Ta mini eej shig dotno baidag shuu. Ta mini urt naslaarai bagsh Anhtuya


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [202.179.31.132]


eej mini ta urt nasalj udaan jargaarai huuhduud ni tandaa mash ih hairtai shuu...


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Bagshdaa sain saihniig husie