Улс төр


Ж.Эрдэнэбат: Цахилгаан халаагуур, шөнийн тоолуурыг зээлээр авах боломж бүрдүүлнэ

4 сар, 2 долоо хоног TIMES.MN

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны нэгдүгээр сарын 10-нд болсон өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдээллийг хүргэж байна. Тэрээр нийслэлийн агаарын бохирдлын өнөөгийн байдал, хүний эрүүл мэндэд үзүүлж сөрөг нөлөө, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж эхэлсэн болон хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.

Нийслэлийн агаарын бохирдлын өнөөгийн байдлын талаар

Агаарын бохирдол иргэн бүрийн санааг зовоосон асуудал болоод байна. Хүүхэд багачуудын амьсгалын замын өвчлөл ихсэж, иргэдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байгаа нь яаралтай, дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг харуулж байна.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ДЭМБ-аас 103 орны 3000 орчим томоохон хотыг хамруулсан судалгаагаар агаарын бохирдлын түвшин хоёр дахин нэмэгдэж, эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөлөл эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Бага болон дундаж орлоготой улс орнуудын 100 мянгаас дээш оршин суугчидтай хотуудын 98хувь нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын бохирдлын тогтоосон стандартыг хангаж чадахгүй байгаа нь ард иргэдийн амьжиргааны түвшинтэй шууд холбоотойг харуулж байгаа. 

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд Агаарын чанарыг хянах 15 харуулын автомат станц ажиллаж, агаарын бохирдлын хэмжээг өдөр бүр хэмжин бохирдуулагч бодисын хэмжээг олон нийтэд LED цахим дэлгэц, agaar.mn, гар утасны апликейшн зэргээр мэдээлж байна.

Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хэмжээ өнгөрсөн 7 хоногийн байдлаар:

PM2.5 буюу жижиг ширхэгт тоосонцрын хэмжээ 200 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээ буюу 50 микрограмм, метр кубээс 4 дахин их байна.

PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 7 хоногийн дунджаар 606 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээнээс 6 дахин их байна.

Хүхэрлэг хий: Өнгөрсөн 7 хоногийн дунджаар 235 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээнээс 4.7 дахин их байна.

Азотын давхар исэл: Өнгөрсөн 7 хоногийн дунджаар 119 микрограмм, метр куб байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандарт хэмжээнээс 2.4 дахин их байна.

Агаарын бохирдлын асуудлыг өнгөрсөн 10-аад жил ярьж байгаа боловч 4-5 Засгийн газар дамжин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан боловч нөхцөл байдал дээрдэхгүй байна.

Агаар бохирдуулах гол бодисууд болох том ширхэгт болон нарийн ширхэгт тоосонцор нь 10 микроноос жижиг хэмжээтэй үл үзэгдэх тоосонцрууд юм.

Эдгээр тооцсонцор нь хорт хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг ба уушигны гүнд шигдэж, зүрх судас, амьсгалын замыг өвчлүүлж, хүний дархлааны системийг устгаж, хүүхэд, өндөр настан, бие султай иргэдэд хатгаа тусах, хорт хавдраар өвчлөх зэргээр нөлөөлж байна.

Агаарын бохирдлын эх үүсвэрийн талаарх судалгаанаас авч үзвэл:

  • Нийт агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын яндангийн утаанаас,

  • Бохирдлын 5-6 хувийг үйл ажиллагаа явуулж буй дулааны цахилгаан станцуудаас ялгаруулж буй утаа эзэлж байгаа бол,

  • Автозамын хөдөлгөөнд оролцож байгаа 400,0 мянга гаруй автотээврийн хэрэгслэлээс ялгарч буй утаа, угаарын хий10 хувийг,

  • Дээр дурьдсанаас бусад эх үүсвэрээс ялгарч буй утаа, тоосжилт 4 хувийг эзэлж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэр болох түүхий нүүрсний хэрэглээ нь жилд 5,9 сая тонн бөгөөд үүнээс гэр хороололд 10 хувийг нь хэрэглэж байгаа боловч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг эзэлж байна.

Гэтэл дулааны цахилгаан станцуудад түүхий нүүрсний 85 хувийг нь хэрэглэж байгаа ч агаарт ялгаруулж байгаа бохирдлын хувь хэмжээний 6 хувийг эзэлж байна.

Түүхий нүүрсний хэрэглээнээс гадна агаар бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл юм.

Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд эдгээр автомашинаас ялгарч байгаа утаа, угаарын хий нь нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байна. Нийт автотээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай автомашин байгаа нь бохирдолт үүсэхэд нөлөөлж байна.

 “Агаарын бохирдлын эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах журам”-ын дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллогыг явуулсан дүнгээс халаалтын зуухнуудын талаарх зарим нэг тоо мэдээллийг та бүхэнд танилцуулъя.

-10 кВт хүртэлх хүчин чадалтай зуух

Монгол Улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байгаагаас нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хороололд нийт 198 мянга гаруй өрх бүртгэгдсэнээс ердийн галлагаатай халаалтын эх үүсвэртэй 187 мянган өрх, нам даралтын зуухтай 9,0 мянга гаруй халаалтын уурын зуухбүхий аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт \10 кВт хүртэл хүчин чадалтай\ 160,9 мянган зуух бүртгэгдсэний 38 хувь буюу 61,000 өрх нь энгийн зуух, 62 хувь буюу 99,9 мянган өрх нь сайжруулсан зуух ашиглаж байна.

-11 кВт-аас дээш хүчин чадалтай зуух

 Нийслэлийн төвийн 6 дүүрэгт 11-100 кВт хүртэл хүчин чадалтай 3,1 мянган усан халаалтын зуух бүртгэгдсэн ба дүүргээр нь авч үзвэл хамгийн их нь Баянзүрх дүүрэгт 698, Сонгинохайрхан дүүрэгт 675 зуух, Чингэлтэй дүүрэгт 505 зуухашиглагдаж байгаа бол бусад 3 дүүрэгт 354-395 зуух байна.

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 10 кВт хүртэлх хүчин чадалтай ердийн галлагаатай 9,6 мянган зуух, сайжруулсан 1,2 мянган зуух, нийт 10,8 мянган зуух ашиглагдаж байна.

-Дулааны цахилгаан станц зэрэг томоохон эх үүсвэрүүдийн хувьд

 Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2, 3, 4 дүгээр ДЦС, Амгалан дулааны станцад ажиллаж буй нийт 29 зуухны хэрэгцээнд жилдээ 4,8 сая тонн нүүрс, аймаг орон нутагт ажиллаж байгаа нийт 72 халаалтын зуухны хэрэгцээнд жилдээ 1,9 сая тн нүүрс түлж байна.

Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар товч танилцуулъя:

Агаарын бохирдолт хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөлөл үзүүлж буй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ, Дэлхийн банк болон олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас хийсэн олон талын судалгааны үр дүн, тайланг бид уншиж танилцах боломжтой юм.

Эдгээрээс гадна манай Анагаах Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэн, судлаачид АНУ-ын Берклийн Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүлийн их сургуулийн судлаачидтай хамтран нийслэлийн агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, тодорхой насны хүн амд болон тодорхой нэр төрлийн өвчлөлд хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчилсан судалгааг хийсэн байна.

Эдгээр бүх судалгаа, тайлангийн дүгнэлт бүгдээрээ Улаанбаатар хотын агаарын бохирдол, түүнээс хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж буй үндсэн шалтгаан бол түүхий нүүрсийг галлагаанд хэрэглэж байгаа явдалгэж дүгнэж байна.

Агаарын бохирдлын улмаас хүн амын эрүүл мэндэд үзүүлж буй зарим сөрөг нөлөөллийг авч үзвэл:

  • Амьсгалын замын өвчлөл манай хүн амын дундах тэргүүлэх өвчлөл болж агаарын бохирдолт ихтэй гэр хороололд амьдарч байгаа өндөр настан, бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний хүндрэлд хүргэж байна. 

  • Зүрх судасны өвчлөл, цус харвалт, уушигны архаг үрэвсэл зэрэг өвчлөлд хүргэх нэг шалтгаан болж байна,

  • Жирэмсэн эхчүүдэд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж, ураг хүчилтөрөгчийн дутагдалд орох, зулбах, дутуу төрөх, шинээр төрсөн хүүхдийн жин буурах гэсэн үр дагаварт хүргэж байна.

Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа шалтгааныг арилгах арга хэмжээг авахын зэрэгцээ эмч, эмнэлгийн ажилтан, эмнэлгийн орны хүрэлцээг сайжруулах, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүдийг дархлаажуулах, витаминжуулах зэрэг олон талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

АГААРЫН БОХИРДОЛТЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛЪЯ:

Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өнгөрсөн жилүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан гэдгийг манай хэвлэл мэдээллийн байгууллагууд өнгөрсөн өдрүүдэд тодорхой танилцуулсан.

Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр засгаас тодорхой ажлуудыг хийж ирсэн ч төрийн бодлогын залгамж, уялдаа холбоо дутагдалтайгаас бид өнөөдрийг хүртэл агаарын бохирдлын асуудлаа шийдэж чадаагүй, олон нийтийн онцгой анхаарлыг татсан, тулгамдсан асуудал хэвээр байна.

Нийслэлийн агаарын бохирдол нь бидний амьдрах уламжлалт зан заншил, хэрэглэж буй түлээ түлш, хот суурин газрын хүн амын төвлөрөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан бий болж, олон арван жилийн туршид хуримтлагдсан асуудал болсон учир бид энэ байдлаас ангижрахын тулд богино, дунд, урт хугацаанд чиглэсэн олон талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байж нааштай үр дүнд хүрнэ.

Иймээс бид цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг 2017 ондоо багтаан яаралтай хэрэгжүүлэх, мөн дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж ангилан авч үзлээ.

1. Богино хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээг авч үзвэл:

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2016 оны гуравдугаар улирлын байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд 214,7 мянган өрх амьдарч байгаа бөгөөд үүнээс 92,8 мянган өрх гэрт, 121,9 мянган өрх байшин сууцанд амьдарч байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж Засгийн газрын тогтоолыг гаргасан. Засгийн газрын энэхүү тогтоолыг дагалдуулан холбогдох бусад шийдвэр, журмыг батлан мөрдүүлж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар гэр хорооллын нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 75 хувь буюу 110,8 мянган хэрэглэгч 2 тарифт тоолууртай бөгөөд эдгээр өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг бүрэн хөнгөлж байна.

Цаашид 2 тарифт тоолуургүй 36,4 мянган айл өрхийг тоолууржуулах, цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад богино болон дунд хугацаанд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

1 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнзохион байгуулж, ард иргэддээ халаалтын системийг танилцуулах, иргэн, аж ахуйн нэгжүүдийг сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Банкуудын холбоотой хамтран гэрийн цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг Ногоон зээлийн сангаас зээлээр авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

  • Агаарын бохирдлын эсрэг сан байгуулж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зориулах төсөв хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх,

  • Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулж орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих,

  • Сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг тогтворжуулж 2017 онд нийтдээ 23,0 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах,

  • Агаарын бохирдлын хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийт, иргэдэд мэдээлэл бодит өгч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн сурталчилгааны ажлыг зохион байгуулах,

  • Автомашинаас ялгарах хорт утааг бууруулах, тортогийг барих шүүлтүүрийг автомашинд суурилуулах шаардлагыг тавьж, мөрдүүлэх,

  • 110 мянган айл өрхийг 2.5 квт-ын чадалтай цахилгаан халаагч хэрэгслээр халаах техникийн боломжийг бүрдүүлсэн.

  • Үүнээс 20 мянган айл өрхийг 4 квт чадалтай цахилгаан халаах хэрэгслийг ашиглах техникийн боломжийг бүрдүүлнэ.

  • Одоо ашиглаж байгаа нам даралтын халаалтын 70 зуухны үйл ажиллагааг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно.

  • Цахилгаангүй 5800 айл өрхийг 4 квт-ын чадалтай цахилгаан халаагуур ашиглах боломжтойгоор дэд бүтцийг бий болгож холбоно.

  • Цахилгаан халаах хэрэгслийг ашиглах схем, аюулгүй ажиллагааны заавар, гарын авлагыг боловсруулж, хэрэглэгч бүрт түгээнэ.

Агаарын бохирдлоос шалтгаалан хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, томуу томуу төст өвчний дэгдэлтийн эсрэг Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ. Үүнд:

  • Засгийн газрын 2016 оны 60 дугаар хуралдаанаар Томуу, томуу төст өвчний байдлыг хэлэлцүүлж цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг нээх, улсын хоёрдугаар төв эмнэлэгт хүүхдийн 30 орыг нэмж ажиллуулах зэрэг шийдвэрийг гаргаж ажиллуулахад бэлэн болоод байна.

  • Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/185 дугаар тушаалаар 533 резидент эмч, 64 сувилагчийг гэрийн эргэлтэнд гаргаж, нийслэл хотын хүүхдийн тасаг бүхий нэгдсэн эмнэлгүүдэд 596 ор нэмж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар тус тус ажиллуулж байна.

  • Засгийн газрын 2016 оны 215 дугаар тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох асуудлыг шийдвэрлэсэн.

  • Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн 10 нэр төрлийн ууж хэрэглэх эмийг 100% үнэгүй олгох асуудлыг шийдвэрлэсэн.

2. Дунд хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний талаар танилцуулъя:

  • Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуухаар хангах, ахуйн хэрэглээнд угаасан нүүрс, боловсруулсан түлшийг ашиглахад иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах,

  • Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, зохистой байршуулах, улмаар орон сууцжуулах ажлыг цаашид эрчимжүүлэх,

  • Монгол гэрийг дулааны алдагдал багасгах технологийг дэмжиж ажиллах,

  • Олон жилийн насжилттай хуучин автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авах, нийтийн тээврийн автобусыг хийн түлшинд ээлж дараатай шилжүүлэх,

  • Агаарын чанарын хяналт-шинжилгээг өргөжүүлж, суурин автомат суурин харуулын тоог нэмэгдүүлэх,

  • Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй 160 халаалтын зуухыг буулган хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох,

  • Гэр хорооллын 68 мянган айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх,

  • Гэр хорооллын 43 мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангах,

  • Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй хэрэглэгчдийг хэсэгчилсэн дулаан хангамжид холбох байгалийн хийгээр ажилладаг шинэ эх үүсвэрийг барих туршилтын төсөл хэрэгжүүлнэ.

3. Урт хугацаанд (4-7 жилийн дотор) авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний талаар:

  • Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх замаар хүн амын 40 гаруй хувь нь нийслэлдээ төвлөрч байгаа өнөөгийн сөрөг үзэгдлийг халж, хүн амыг зохистой байршуулах, тодорхой бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,

  • Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх,

  • Нийслэлд төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн бодлогыг хэрэгжүүлэх,

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөвхөн тогтоол шийдвэр биш бодитой үйл ажиллагаагаар бууруулах шаардлагатай. Үүний тулд бид агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөв төлөвлөн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд ихээхэн хэмжээний хөрөнгө, төсөв шаардагдахаар байна.

Богино хугацаанд хэрэгжүүлэх гэр хорооллын эрчим хүч, дэд бүтцийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнд ойролцоогоор 100,0 орчим тэрбумтөгрөгийн эх үүсвэр шаардагдана.

Цаашид авах бусад арга хэмжээний талаар эрдэмтэн судлаачидтай сайтар зөвлөлдсөний үндсэн дээр тодорхой төлөвлөгөөг боловсруулан гаргаж, түүнд шаардагдах хөрөнгө эх үүсвэрийг нарийвчлан тооцоолох болно.

Өвлийн улиралд гэр, орон сууц, албан тасалгаагаа халаахад зориулан шатааж байгаа түүхий нүүрс, бусад түлшнээс ялгарч байгаа утааны хор хөнөөл бидэнд ямар их үнэтэй тусч байгаагбид шат шатандаа ухамсарлаж ойлгох ёстой.

Цаашид 1,3 сая гаруй хүн амтай томоохон хотын хөгжлийн төлөвлөлтийг алсын хараатай боловсруулж хэрэгжүүлэх, хүн амын орон сууцны бодлогыг зөв төлөвлөх, гэр болон байшин сууцны халаалтыг орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлээр бүрэн шийдвэрлэх зэрэг алсыг харсан, зарчмын шинэ шийдлүүдийг өнөөдрөөс гарган хэрэгжүүлэх ёстой юм.

Агаарын бохирдол гэсэн энэхүү нийгэмд үүсээд байгаа сөрөг үзэгдэл нь бид бүгдийн оролцоотой үүсч, бүрэлдэж байгаа учраас бид энэхүү сөрөг үзэгдэлийг хамтын хүчээр, бүх нийтийн оролцоотой бууруулах боломжтой.

Агаарын бохирдлоо бууруулж чадвал бид хамтдаа эрүүл байж, сэтгэл тайван амьдарч, эдийн засгийн хэмнэлттэй, ногоон хөгжлийг түүчээлж цэнхэр эх дэлхийгээ ирээдүй хойч үедээ үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулах болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.​​​​​​​



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЦАГААН САР    4 сар, 2 долоо хоног []


МУУ ШҮҮ УТАА ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ХУУЧИН АВТОМАШНЫГ МОНГОЛООС ГАРГА. УТАА ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ХУУЧИН ТОМ АВРЫН МОНГОЛООС НЭН ДАРАУЙ ГАРГА. УТАА ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ГЭР ХОРООЛЛЫН АЙЛУУДЫГ НЭН ДАРАУЙ ОРОН СУУЦАНД ОРУУЛ.МӨН ХАГАС АЙЛУУДЫГ ХОТООС ХӨӨЖ ГАРГА. УТАА ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА ЦАХИЛГААН САТАНЦУУДЫГ ЭКО БОЛГО.