2017-01-20
Улс төр 1 долоо хоног, 3 өдөр


Д.Тэрбишдагва: "Монгол хөдөлгүүр- Монгол хүн”-ээ гурван чиглэлээр хөгжүүлэх түүхэн шаардлага бий боллоо

2017-1-Р Сар-10 TIMES.MN


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Засгийн газар хоёр сарын өмнө эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийн дагуу ажиллавал эдийн засаг богино хугацаанд сайжирна гэж их л сүртэй ярьж байсан. Тэр хөтөлбөр юу болсон бэ. Ажил нь явж байгаа юу?


-Өмнөх Засгийн газруудын үед ч ялгаагүй эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр гаргаж л байсан. Гэвч тэр нь хэрэгждэггүй, ёстой олны хэлдэгээр сүржин нэртэй, даржин хөтөлбөр болон дарга нарын шүүгээнд тоосонд дараастай үлдсэн дээ. Тэдгээрийн хэрэгжилтийн талаар огт дүгнэж ч байгаагүй юм билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар энэ алдааг битгий давтаасай гэсэн үүднээс төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд нэлээд ажилласан. УИХ-ын гишүүд санаа оноогоо хэлж, олон улсын жишигтэй харьцуулан судалж, “шүүсийг нь боломжийн түвшинд шахсан” л гэж бодож байгаа. Бас дутуу дулимаг зүйл байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь нэг Байнгын хороонд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавихыг даалгаж ирсэн. Харин энэ удаагийн хөтөлбөрт холбогдох Байнгын хороо тус бүр хяналт тавьж ажиллана. Хугацаандаа хэрэгжээгүй бол хариуцаж ажилласан албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэж, хэрэгжилтийн явцыг зургаан сар тутамд дүгнээд мэдээлж байна гэсэн хариуцлага хяналтын хөшүүрэг тусгасан байгаа. Гэхдээ заавал ингэж хянуулж, шахуулж ажиллах ёсгүй л дээ. Засгийн газар, яам, агентлаг, газрууд хөтөлбөрийн дагуу хийгдэх ажлуудад маш шуурхай, ажилч хэрэгч хандаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Одоогоор хөтөлбөрт тусгагдсан ажил, асуудлууд шийдэгдэж байгаа харагдахгүй юм. Хэдэн сарын дараа Байнгын хороодын шалгалтын үед баахан цаас үзүүлж, шалтаг тоочоод өнгөрөөх вий дээ гэж болгоомжилж сууна. Хямрал улам гүнзгийрч байхад нэг л их амарсан, баярласан, гадаадад зугаалсан, ажил цалгардуулсан шинжтэй байх юм. Төрийн ордон, яамдын өрөө танхим 24 цагт ч гэрэлтэй байж, сууж ажиллацгааж баймаар. Гэтэл ажлын цаг дуусав уу, үгүй юу тарцгаачихдаг. Манай улсын эдийн засгийн байдал улам дордож байна, зээлжих зэрэглэл нь бүүр CAA1-рүү орлоо, дахиад нэг алхвал дампуурлаа зарлахад хүрэх нь байна шүү дээ. Ийм байхад төрийн түшээд, төрийн албан хаагчид бүгдээрээ л сэтгэлээ чилээж, ухаанаа уралдуулж, цаг хором бүрийг үр дүнтэй ашиглах ёстой. Монгол төрийн тэргүүн нь хүртэл амандаа ус балгасан мэт таг чиг. Засгийн газар нь яст мэлхий шиг хурдтай байгаа цагт ажил урагшгүй байна. Аль хэдийн л Стэндбай хөтөлбөрт хамрагдах бололцоо байлаа. Гэтэл хэрхэх нь тодорхойгүй байсаар ОУВС-гийн оны өмнөх хурлаас асуудлаа оруулж чадалгүй хоцорчихлоо. Одоо гурван сард хуралдах хуралд амжих нь уу гэдэгт эргэлзэж эхэлсэн. Харж суугаад хямралаас гарахгүй, хамтдаа зогсоо зайгүй зүтгэж, хөдөлмөрлөж байж даван туулна шүү дээ.


-Онцгой нөхцөл байдал гэдгээ ухаарахгүй байна гэсэн үг үү?


-Ганцхан Монголд Улсад л ийм хүндрэл,бэрхшээл тулгарчихаад байгаа юм бишээ. Олон улс гүрэнд иймэрхүү онцгой нөхцөл байдлаас хэрхэн гарч, хөгжиж байсан түүх, сургамж бий. Тухайлбал 1930-аад оны эхээр дэлхийн эдийн засгийн хямрал болоход АНУ нь хямралаас гарах “100 хоногийн төлөвлөгөө” гэж гаргаж байсан бөгөөд тэр 100 хоногийнхоо хугацаанд маш дэвшилттэй олон хууль боловсруулж асуудлаа шийдэж байсан юм билээ. Гэтэл шинэ засаг байгуулагдаад, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр батлаад хэр хугацаа өнгөрөв дөө. Засгийн газар нь ч тэр, УИХ нь ялгаагүй нэг л үлбийсэн, дайчин, ажил хэрэгч биш. Зарим үед УИХ-ын чуулганы үеэр хэлэлцэх асуудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг л байна шүү дээ. Гишүүд нь хуралдаа ирэхгүй. Таслаад алга болчихно. Яах гэж хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоноо, тэр үед юу ярьж иргэдийн элч болсноо ч мартчихдаг юм биш үү. Эдийн засгийн хямралыг гэтлэх хөтөлбөрийн дагуу ийм асуудлыг, ийм хууль эрх зүйн өөрчлөлтийг шуурхай хиймээр байна гээд оруулж хэлэлцүүлж ч байгаа юм алга даа.


-Нэг ёсондоо Засгийн газар болоод УИХ-ын гишүүд ажлаа юунаас эхлэх, юу хийхээ сайн мэдэхгүй байна уу?


-Хямрал нэг өдрийн дотор бий болчихдоггүй. Асуудал ужгирч, буруу шийдлүүд ар араасаа хөвөрч, овоорсоор өнөөдрийн ийм байдалд хүрсэн. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төрийн гурван өндөрлөгөөс эхлээд Засгийн газар, УИХ, бүх яам, агентлаг, газрууд хамтарч ажиллаж, улс орноо хүндрэлээс гаргамаар байна. Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно гэдэг шүү дээ. Хүндрэлийг даван туулья гэсэн чин сэтгэл байвал гарц олдож л таараа. “Өдрийн сонин” Эрвийх, дэрвийхээрээ хөдөлж, эх орноо өрнөөс гаргахыг уриалсныг би хувьдаа дэмжиж байгаа. Муу нуухаар сайн илчил гэсэн үг бий. Үнэхээр байдал бишдэж байгаа учраас ард түмэндээ үнэнийг хэлэх, тусламж гуйх цаг нь болсон ч байж мэднэ. Нэр хүндээ унагачихна гэж ойрын явцуу эрх ашигт уягдаж хойшлуулсаар илүү их гарз хохирлыг амсахыг байг гэхгүй. Гуравдугаар сард эхний зээлээ төлж чадахгүй бол Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдоно гээд олон зүйл хэрхэх шийдлээ хүлээж байна. Дэлхий дахинд Монголыг дефолт боллоо гээд зарлачихвал нөгөө хүсээд байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэх үү. Эдийн засгийн үзүүлэлт нь дордохоор мөнгө зээлүүлэх ч улс олдохгүй л болж, тавих нөхцлүүд хүртэл хүндрэнэ. Төрийн залгамж бодлого алдагдсан, хэлсэн ярьснаа хэрэгжүүлдэггүй, нэг сайд гарч ирээд өөр зүйл ярьж өмнөхөө үгүйсгэдгээс болоод “Монгол тууштай биш, улстөрийн нөхцөл байдал нь байнга хувирч, бодлого нь тогтворгүй” гэсэн тоогүй имижтэй болчихлоо. Энэ бол ард иргэдийн буруу биш, “төр жолоодож, бодлого тодорхойлж байгаа том толгойлсон амбиц ихтэй богино ухаантнууд, явцуу эрх ашигтангуудын үйлдсэн гай”. Өмнөд солонгосчууд 1998 оны Ази тивийн хямралд хамгийн ихээр өртсөн. Ард түмнээсээ тусламж гуйхад иргэд нь гартаа зүүсэн бөгжөө хүртэл мултлаад төв банкныхаа эрдэнэсийн санд тушааж байсан юм гэсэн. Тэгэхээр Өмнөд Солонгос энэ сорилтыг төр засгийн мэргэн бодлого, солонгос хүн нэг бүрийн хүчин зүтгэл, улс орноо гэх чинхүү сэтгэлээр хамтдаа давсан гэсэн үг. Олны хүч оломгүй далай. Уг нь Монгол Улс ингэж хямрахааргүй байсан юм шүү дээ. Буруу бодлого, будилаантай улстөрчид, хувийн эрх ашигтаа дэндүү автсан түшмэдүүдтэйгээсээ болоод ийм байдалд хүрчихлээ. Одоо нэгэнт үүссэн нөхцөл байдлыг шүүмжлээд суух биш гарз, хохирол багатайхан шиг даван туулах шийдвэрлэх цаг үе ирлээ. Энэ сургамжаас ухаарч, төрийн бодлогоо ч эргэн харж, гүйж түйж мөнгө олохоороо баруун, солгойгүй цацалгүй, хуримтлалын сандаа байршуулан өсгөж, хүн бүрийг ажилтай, орлоготой болгохыг зоримоор байна. Түшээдээсээ эхлээд хүн бүр хөдөлмөрч, ажилсаг байж Монгол хөгжинө. Миний хувьд “Ажилсаг Монгол хөтөлбөр” хэрэгжүүлье гээд санаачлага гаргаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хүртэл уулзан, бүлгийн хурал дээрээ танилцуулсан. Бүгдээрээ л зөв зүйтэй гэж байсаан. Гуравхан сая хүн амтай мөртлөө 60 гаруй сая малтай, үр тариа хураалтаараа гурилын үйлдвэрлэлийг бүрэн хангах ургац хурааж авсан, асар их байгалийн баялагтай, өргөн дэлгэр газар нутагтай, өв их соёл түүхтэй бидэнд асуудлуудаа шийдээд хямралаа даваад гарах асар их нөөц, боломж байна.


-Тэгээд mаныг “Ажилсаг Монгол хөтөлбөр”-өө хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа юу?


- Монгол Улсыг яавал тогтвортой хөгжүүлэх, гурван сая хүнийг хэрхэн хангалуун, аз жаргалтай амьдруулах уу, манай улсад тохирсон хөгжлийн оновчтой гарц нь юу байх уу гэсэн эрэл маань эртнээс эхлэлтэй. 2007 онд “Хүнс, хөдөө аж ахуй-хөгжлийн гарц” хэмээх ном бичиж байлаа. Олон ч судалгаа хийлээ,оюуны бядтай “ланжгарууд”-тай санал солилцлоо, шинэ цагийн сэтгэлгээтэй, өндөр боловсролтой залуустай ч зөвлөлдлөө, амьдралын хар ухаантай өвгөдтэйгээ хуучиллаа, хөгжсөн орнуудын туршлагатай танилцлаа, цөөнгүй номын хуудас эргүүллээ. Улс орныг хөгжүүлэхэд уул уурхай, боловсрол, дэвшилтэт технологи, гадаад харилцаа гээд олон талын оносон бодлогын огтлолцол давхцаж байх нь чухал ч гэлээ “хөгжил дэвшлийн түлхүүр” нь үнэндээ “Монгол хүн”. Төрдөө ажиллах боловсон хүчнээ бэлдэх, баялаг бүтээх ирээдүйн үйлдвэрийн мастер-эздүүдийг төрүүлэх, мэргэшсэн, хөдөлмөрт дурлаж чаддаг ажилсаг иргэнийг өлгийдэн бойжуулах, хүүхдүүдээ зөв төлөвшүүлэх, хий хоосон хийрхэлгүйгээр эх оронч үзлийг хийж бүтээхийн далавчин доор давалгаалуулах өргөн хүрээтэй далайцтай бодлого хэрэгжүүлснээр Монголын төр хүчирхэгжиж, гадны зээл тусламж, бодлогоос хамаараад байхааргүй эдийн засгийн өөрийн гэсэн жинхэнэ “Монгол хөдөлгүүртэй” болно. Өнөөдөр ийм хөдөлгүүрийг бий болгож зөв жолоодох туршлагатайь шударга, хөдөлмөрч ахмадууд харамсалтай нь улс төрд оруулахгүй байна. Харин хөрөнгө мөнгөтэй нь хэт их түрэн орж ирсээн. Уул уурхайг хэт шүтэж, түүнээс хамаарах хамаарал улам тэлж, гадныхантай сүлбэлдсэн цөөхөн хэдэн хүмүүсийн хүрээний хөрсөнд үндэслэн, соёолж, үр шимийг нь хүртдэг “сүлжээ” өдрөөс өдөрт хүчирхэгжиж байна. Энэ сүлжээний улс төрчдийн өнөөгийн байдлыг хүний амьдралын настай зүйрлэвэл тэд аль хэдийн өсөн өндийж бойжиж, хэлд, бас хөлд ороод удаж байна. Тэр битгий хэл залгамж халаагаа хүртэл бэлдчихсэн тэд энэхүү тоглоомонд оролцдог болсныг бүгдээрээ мэдэж байгаа. Ийм улстөрчдийн шунал нь хэтийдэж, олигархи бүлэглэлийн гарт аль хэдийнээс баглагдах болсон доо.Тэд өөрсдөдөө таатай шийдвэр гаргуулж байхын тулд төрийн бүх шатны албанд шургуулан “залгамж халаа”-гаа бүрдүүлсээн. Өөрөөр хэлбэл аль хэдийн өндөгөө дарж, тэд нислэгт гараад эхэлсэндээ. “Намын шийдвэр” гэдэг нэрийн дор засаг солигдох бүрт л чадвар мэдлэгтэй олон хүнийг халж солин төрийн залгамж халаа алдагдлаа. “Намууд” мөн чанараа алдаж аливаа өөрчлөлтийн халхавч төдий боллоо. Халаа солио их явагдаж, цаг хугацаандаа хийгдэх, шийдэгдэх асуудлууд унжирч, түүний хажуугаар хөрөнгө, мөнгө тун их алдагдаж байна. Улстөрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд элдэв халамж санал болгож, бэлэнчлэх сэтгэлгээнд ард иргэдээ живүүлэн хямралыг сөрж тэмцэх, хөдөлмөрлөхийг сааруулж байна. Эрх мэдэлд ойр хэдхэн нөхдүүд үгсэн хуйвалдаж, “хувьчлал” нэрээр олон мянгаараа ажилладаг байсан үйлдвэрүүдийг “үнэгүйдүүлэн” өөрийн болгон хөрөнгөжиж, сангийн аж ахуйнуудыг дампууруулж, социализмын үед бүтээн босгосныг нураахдаа олон жилийн үр дүнд бий болгосон “хамгийн үнэт баялаг болох бэлтгэгдсэн боловсон хүчин, мэргэжилтэй ажилчид”-ыг гудамжинд гаргаж, “ажилгүйчдийн арми”-д шилжүүлсэн юм. Нарийн мэргэшсэн сэхээтнүүд, мэргэжилтэй ажилчин ангийн давхарга үнэндээ монголын хөгжлийн суурь байлаа. Ямарч барилгын суурийг эвдчихвэл дээшээ өрж болдоггүй. Дахин цутгаж, шинээр барьж бий болгохоос нааш сүндэрлүүлж чаддаггүйтэй л адилхан болжээ. Тиймээс төр бодлогоор энэ суурийг барих, бий болгоход оролцохоос аргагүй нөхцөл байдал бий болсон. 26 жилийн турш үнэндээ урсгалаараа л явж ирлээ. Гадаадад залуучууд сурч байна, мэргэшсэн боловсон хүчнүүд нэмэгдэж байна, нэг үетэй харьцуулахад хувийн хэвшлийнхэн маань чадах ядахаараа зүтгэж өндийж байна, дотооддоо мэргэжилтэй ажилтнуудыг сургаж байна гээд ахиц байгааг үгүйсгэж болохгүй. Гэвч хурд нь удаан, нэгдсэн зохион байгуулалт муу, дэмжлэг тааруу, хөрс нь бат бэх бүрдэхгүй байгаа учраас төрийн даацтай бодлого хэрэгжүүлж, эх орныхоо “эдийн засгийг бэхжүүлэх шинэ цагийн давалгаа”-г дорвитой өрнүүлмээр байна. Тодруулбал, Монголын төр аль хэдийн намуудын, улстөрчдийн, бүлэглэлийн ашиг сонирхолоос давсан хэтийг харсан оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэх цаг нь иржээ. Энэ төрд зүтгэгсэд бүгдээрээ хувалз болчихоогүй. Үүн дотор эрүүлээр сэтгэдэг, эх оронч, хөдөлмөрч бас чадвартай олон хүн бий. Юуны түрүүнд хөгжил, дэвшлийг авч явах “Монгол хөдөлгүүр- Монгол хүн”-ээ гурван чиглэлээр хөгжүүлэх алхам хийх түүхэн шаардлага бий болжээ.

Нэгдүгээрт , төрийн бодлогоор ажилсаг, хөдөлмөрт дурласан иргэдийг бэлдэх, ирээдүйн үйлдвэрээ гартаа аваад удирдаад, өөрөө ажиллаад явах “мэрэгжлийн мастер эзэд”-ийг төрүүлэх, бойжуулах нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх,эдгээр хүмүүсийн удирдан авч явах хамгийн олон ажлын байр бий болгож чаддаг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг бүх л чиглэлээр хөхүүлэн дэмжих,

Хоёрдугаарт, төрийн аливаа нэг байгууллагад ажиллах хүнийг шалгаруулах, бэлдэх, сонгох, хянах, дадлагажуулах, боловсруулах улмаар дэвшүүлэх, тогтолцоог шинэ боловсронгуй шатанд гаргах, “ төрд ажиллагсдын сахилга хариуцлага”-ын тогтолцоог хэвшүүлэх,

Гуравдугаарт, эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид тал талаас нь хүүхэд бүрийг балчир наснаас нь эхлэн “хөдөлмөрч, зөв хүмүүжилтэй.бүтээлч, эх оронч Монгол хүн” болгож хүмүүжүүлэх, Монгол хүний үнэт зүйлийг алхам тутамд нь төлөвшүүлэн хэвшүүлэх нь чухал байна.

-Хөгжлийн гарцыг та юу гэж хардаг вэ?

-Монголын эдийн засгийн үндэс суурийг бүтээгчид нь яах аргагүй хувийн хэвшлийнхэн. Өнөөдөр ч эдийн засгийн өнгөтэй, өөдтэй бүхнийг жинхэнэ баялаг бүтээж байгаа хөдөлмөрч хүмүүс бий болгож байна. Монголын авралын гарц нь-ажилсаг монгол иргэн-бид өөрсдөө л байна. Тэр хол байгаа хэн нэг зээл өгөж байгаа банк, хүн бидний Монголыг хөгжүүлээд байх уу даа. Хөгжлийн түлхүүр нь, хөдөлгүүр нь бид л өөрсдөө байх ёстой. Ажилсаг хүн шударга, хариуцлагатай байж чаддаг. Сахилга хариуцлага, дэг журамтай, хийж бүтээх зорилгоо өөртөө хатуу тавьсан ажилсаг, хөдөлмөрч хүн төрийн ч бай хувийн ч, оюуны ч салбар бай хаана ч, ямар ч ажил дээр үр дүн гаргадаг. Энэ бүхэн нь үндэсний шавхагдашгүй баялаг юм. Төрийн бодлогоор ажилсаг монгол иргэнээ бэлдэх, хувь хүнийг хөгжүүлэх нь хөгжлийн хурдыг нэмэх, дундаж давхаргаа тэлэх, цаашлаад хөгжлөөрөө түүчээлсэн Монгол Улсыг бүтээнэ. Ингэснээрээ “Дэгтэй Монгол дэлхийд ч манлайна” гэж боддог. Монголчууд бидэнд байгалиас заяагдсан онцлог өгөгдөл бий. Хаана нь очсон монголчууд ажилсаг, авхаалжтайгаараа гологддоггүй. Харин ч монгол хүний чадавх, санаж, сэрэхүйн мэдрэмжээрээ хавь илүү гэж хүлээн зөвшөөрөгддөг. Хүний нутагт очихоороо магтуулаад байдаг, харин эх орондоо байхаараа яахлаараа залхуу, арчаагүй, ажилгүйгээрээ цоллуулаад байдаг билээ бид чинь. Энд л хэргийн учиг буй юм. Иргэд нь ажилтай, орлоготой болоод ирэхээр халамж горьдохоосоо илүү бүтээхэд шунана, тэмүүлнэ. Хүн бүр зүтгэж чадвал амьдралаа өөрчилж, орон гэрээ тохижуулж, үр хүүхдээ эрүүл өсгөн, элбэг хангалуун амьдарч аз жаргал, амжилт ололтоо хуваалцсан хамт олонтой ч болно. Үүнийг зохион байгуулттайгаар аж ахуйн нэгжээрээ, баг, сум хот аймгаараа давалгаалуулж ажилламаар байна. Хөдөлмөрт шунасан, дурласан иргэд олшрох тусам аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ шинэ салбарууд нээгдэн олон аж ахуйн нэгжүүд байгуулагдана, бүтээн байгуулалт нэмэгдэнэ, тэр хэрээрээ улсын төсөвт цугларах орлого өснө. Төсөвт төвлөрөх хөрөнгө төдий чинээ зузаарахаар буцаад нийгэм болон оюуныхаа салбарт хөрөнгө оруулна. Ингээд Монгол Улс дотоодынхоо нөөцөд тулгуурласан эдийн засгийн хүчирхэг хөдөлгүүртэй болж, харийнхан нүүр буруулахад өнөөдрийнх шиг өр зээлэндээ идэгдэж, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт саарахаар савлаж, ашигт малтмалын үнийн хэлбэлзэлд нэрмүүлэхгүй “бусдаас үл хамаарах өөрийн гэсэн дархлаа”-тай болно. Хөдөлмөрт дурласан ард иргэдтэй улс гүрнүүд унаж доройтдоггүй, өөдлөн дэвждэгийг олон улс орон бидэнд харуулаад байна. “Азтай ч юм шиг, гайтай ч юм шиг, хэзээ нэгэн цагт зайлшгүй тохиолдох зүйл бол хямрал юм. Хямрал хэзээ нэгэн цагт ирдэг. Тэр үед үүнийг даван туулахад удирдан чиглүүлдэг манлайлагчдад тулгуурладаг. Удирдагч манлайлагчийн гол ажил бол хямралыг урьдчилан харах явдал юм. Хямралаас зайлсхийх боломжгүй ч түүнийг урьдчилан харах боломжтой. Хямрал тохиолдоод, сүйрүүлэхийг хүлээх нь амиа хорлохтой адил. Манлайлагч шуургыг урьдчилан харах сөрөх чадвартай байх ёстой. Хүнд асуудлуудаа сөрөн, асуудлын мөн чанарыг хүн арддаа ний нуугүй хэлэн, тэдгээрийг шийдэхийн тулд ард түмнийхээ дэмжлэгийг авахаас өөр аргагүй.” гэж орчин үеийн менежментийн эцэг болсон Ф.Дракерийн үг үнэхээр бидний зүрхэнд тусаж байна даа. Иймд миний өмнө хэлсэн нэг адил хамтдаа сөрнө, хамтдаа давна. Манлайлагч болох ёстой УИХ ба Засгийн газар дорвитойхон ажлууд санаачлан, ард түмнээ уриалан дуудаж хүн бүрийг бүтээлчээр оролцуулан хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийн төлөө бүтээлчээр ажилламаар байна. Бидэнд алгуурлах эрх, амраад байх цаг алга.


-Та хаалттай хуралдаан хийх санал гаргаад байгаа. Ямар асуудал хэлэлцэх шаардлагатай байгаа юм бэ?


- Хаалттай хуралдаан гэхээр Д.Тэрбишдагва гишүүн нууц, булхайтай асуудал ярих нь гэж бодох хэрэггүй. Манай зарим улстөрчид телевизийн камер харахаараа цөс нь хөөрөөд, дуу хоолой нь өндөрсөөд, “харагдах байдал”-даа илүү анхаараад асуудлын мөн чанарт хандахгүй тал бий. Улс оронд маань хямрал нүүрлэчихлээ. Зөв онош тавьсанаар зөв эмчилгээ хийгдэх болно шүү дээ.Хууль тогтоогчид нь ямар нөөц бололцоо байна, яаж манлайлж ажиллах ёстой вэ гэхчлэн олон асуудлаа ний нуугүй яръя гэсэн юм. Эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болох улс төрийн хямрал, өнөөгийн засаглалын тогтолцооныхоо зарим гажуудлаа аль болох хурдан арилгах хэрэгтэй байна. Саяхан УИХ-ын дарга ОХУ-д ажлын айлчлал хийхэд Оросын талын зарим хариуцлагатай албан тушаалтаны хэлсэн зүйл үнэний хувьтай л даа. Бодлого нь тогтвортой бус, бүх шатандаа ажил хэрэгч бус, хэлсэн ярьсан, тохирсон зүйл нь байнга л өөрчлөгдөж, хувьсаж байдаг мөн бидний хэт улс төржилт нь гадныханд тэр дундаа хамгийн ойрхон хөрш улсуудад ийм л ойлгоц, сэтгэгдэл төрүүлдэг. Хөршөө сонгох боломжгүй л дээ. Дотоодын тулгамдсан асуудлуудаа тодорхой болгож, эрэмбэ дараалалд оруулмаар байна. Хамгийн түрүүнд бид гадаад бодлогодоо ямар байр суурь баримтлахаа тодорхой болгоё гэж хэлмээр байна. Хоёр хөрштэйгээ хамтдаа хөгжих асуудлыг бодлогын хэмжээнд ярих ёстой. Нэгэнт стратегийн түншлэл байгуулсан юм чинь түүнийхээ дагуу эдийн засаг, улс төр, нийгэм, боловсрол гээд бүхий л салбарт ойлголцож ажиллах хэрэгтэй. Стратегийн түншлэлийн хүрээнд манай улсаар төмөр зам, авто зам, нефтийн хоолой, хийн хоолойгоо явуулж хамтарч ажиллах талаар дорвитойхон яримаар байна. Дэлхийн хөгжил өндөртэй, ардчилсан улс орнууд Монгол Улсыг маань төв Азидаа үлгэр жишээ ардчилсан улс орон гэж 26 жил хөөрөгдлөө. Бид ч тэднийг гуравдагч хөрш хэмээн олонд зарладаг. Харин эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа ийм цаг үед хоёр хөрш улс маань туслах юм уу, гуравдагч хөршүүд дэмжих үү гэдгээ ч ний нуугүй ярьцгаамаар байна. Төв Ази дахь ганц ардчилсан улсаа хүнд хэцүү нөхцөл байдалтай байхад дэмжиж туслахгүй юм уу гээд гадаад бодлогын хэмжээнд яагаад ярьж болохгүй гэж. УИХ-ын гишүүд төрийн гурван өндөрлөгийнхөө гадаадад очоод юу гэж ярьж явааг тодорхой мэдэхгүй байгаа. Гадаадын нэг улсад ойр ойрхон хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь дараалан айлчилж байсан цаг бий. Ингэж явахдаа юу гэж ярив. Ямар улс бидэнд тусалж дэмжье гэсэн, ямар нь татгалзаж байна вэ гэхчлэн асуудлуудыг ний нуугүй ярилцан хаалттай хуралдах санал тавьсан юм.Тэгэхгүй бол нэг нь Далай ламын асуудал яриад, нөгөө нь эсрэг бодлого баримтлаад байж болохгүй. Хэн аль улсад хэдэн удаа очсон, юу тохирсон, юу нь биелэгдэж, юу нь биелээгүйг нэг бүрчлэн “хар хайрцаг” дотроо дүгнэж гаргамаар байна. Ингэвэл тухайн улстай аль асуудлыг ямар түвшинд ярих вэ гэдгээ шийдэж болно шүү дээ.Тэрнээс биш хэдхэн хүний энд тэнд очоод тохирсон зүйлүүд бас зөв гарц, зөв шийдвэр байж чадах уу, түүнээс гадна бүгдээрээ сайн хэлэлцвэл харин ч “гадаад дотоодын бүх нөөц бололцоог бүрэн хамарсан, бүх хөдөлгүүрүүдийг иж бүрэн дайчилсан хямралаас авран гаргах, сайн шийдвэр, нэг гарцын бодлого гарна” гэдэгт итгэж байгаадаа энэ саналыг тавиад байгаа юм.


-Хаалттай хуралдаан хийвэл том төслүүдээ хэрхэн урагш хөдөлгөх талаар ярина биз дээ?


- Бүгдээрээ сууж байгаад асуудлаа ний нуугүй ярьж хуралдъя. Бүтэн долоо хоногоор, сараар ч хамаагүй хэлэлцэж ярилцахаар зөв санаа, сайн шийдвэр гарч ирж л таараа. Камергүй учраас популизм ярьж худлаа дүр эсгээд байх шаардлагагүй болно шүү дээ. Үнэхээр аль нь зөв шийдэл вэ гэдгийг чин сэтгэлээсээ ярилцъя гээд байгаа хэрэг л дээ. Засгийн газар бол Их хурлын гишүүдээс улс орны асуудлыг нуугаад хэрэггүй. Оюу толгойн гэрээг маш буруу хийсэн гэдгийг тухайн үед нь хатуу шүүмжилж, сайжруулах чиглэлээр олон удаа шаардлага тавьж байсан. Одоо бүгд араас нь “үнэхээр Монголдоо үр дүн муутай, хариуцлагагүй гэрээ болсон” хэмээн хий хоосон шогшрон ярьж байна. Одоо яаж сайжруулах уу гэдэг л гарц хайх хэрэгтэй. Таван толгой, төмөр зам, цахилгаан станц зэрэг том төслүүдээ иж бүрнээр нь зураглаж зөв гарц олъё. Бид нэг том ордоо үр ашигтайгаар зөв ашиглаж чадвал Монгол Улсаа хэдэн жилдээ л тэжээх боломж бүрдэнэ. Мөн хөдөө аж ахуй, газар тариалан болон бусад салбаруудаа цаашид ямар бодлогоор яаж дэмжин хот хөдөөгүй хөгжүүлэхээ ч бас тодотгох ёстой. Улс орон даяар жижиг дунд үйлдвэрлэл, хөдлмөрөөрөө нэгдсэн хоршооллуудыг бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй байна. Нэн ялангуяа эх орны түүхий эд дээрээ тулгуурласан импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн, олон ажлын байр бий болгосон зорилтоо хатуу барьж ажилламаар байна. Эцэст нь монгол үндэстнийг зангидах тогтолцооны өөрчлөлтөө хэрхэх, одоогийн засаглалын тогтолцоо зөв үү гэдгээ хэлэлцье. Магадгүй энэ хамгийн чухал, эхлээд хэлэлцэх ёстой асуудал ч байж мэдэх юм. Мөн Монгол хүнээ яаж ажилсаг, хариуцлагатай болгох вэ цаашлаад улс орноо хэрхэн хүчирхэг болгох вэ гээд алсын хараатай бодлогоор шийдэх зүйл бишгүй бий. Бидэнд одоо “намчирхал, улс төржилт, талцал” тун ч хэрэггүй байна. Улс орон, үндэсний аюулгүй байдалдаа санаа зовж байгаа учраас л хаалттай хуралдаан хийе гэсэн санаачилга гаргаад байгаа юм. Монгол чинь эцэгтэй улс. Төрийн тэргүүн маань зунжингаа олон улсын төрийн тэргүүнүүдтэй янз янзаар л уулзсан. Тэдэнтэй бодлогын, хөгжлийн түвшинд юу ярьсан юм бэ. Энэ бүхнээ гишүүддээ мэдээлэл өгөн харилцан хэлэлцмээр байна. Миний хувьд асуух асуултууд, тавих саналууд ч их байна.


-Та оны өмнө Ерөнхийлөгчид хаалттай хуралдаан хийх саналаа тавьсан. Энэ сард багтаж хуралдах болов уу?


- Ерөнхийлөгч миний саналыг сонсож хүлээж авсан. Энэ сардаа багтааж хаалттай хуралдаан хийх болов уу л гэж найдаж, хүлээж байгаа. Үнэндээ бид хүлээгээд байх цаг тун алга даа.


-Гишүүн болгон гаднаас мөнгө зээлж өр нэмэгдүүлэх тухай л ярих юм. Дотоодын нөөц бололцоо гэж манай улсад байдаггүй юм уу. Тэрийг яагаад ярьдаггүй юм бэ?


-Гадаадаас хэдэн ногоон олоод ирчихвэл бүх зүйл болчих мэт ярьж байгаа. Одоогийн нөхцөл байдалд гаднаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байгаа нь үнэн боловч бид өөрсдөө цаашид яаж хөгжих бодлогоо тодорхой болгох нь чухал. Бидэнд боломж байхгүй биш байгаа. Энэ талаар би өмнө нь хэлсэн. Гол хөдөлгөх зүтгэх хөдөлгүүр бид өөрсдөө. Үүнд өнөө миний хэлээд байдаг “Ажилсаг Монгол хүн” шүү дээ.


- Намчирхахгүй, улс төржихгүй ажиллах ёстой гэж түрүүн ярьсан. Танай намын хувьд талцахгүйгээр ажиллах боломжтой байхад яагаад дорвитой ажил хийхгүй байна вэ?


-Манай намынхан нэгэнтээ 65-уулаа болж, үнэмлэхүй олонх болсон учраас сайн ажиллах үүрэгтэй.


-Хэзээнээс тэгж ажиллах юм бэ. Таны ярьж буй шиг өдөр, шөнөгүй ажиллах нь битгий хэл зарим үед ирц хүрэхгүйн улмаас чуулган, байнгын хороогоо ч хуралдуулж чадахгүй байна шүү дээ?


-Мань мэт нь шаардаж байгаа. Би чуулганы хуралд цагтаа ирж оролцдог. Бид цагтаа ирж, ирцийн бүрэн бүрдэлтэй аль ч хурлаа хийх ёстой шүү дээ. Манай Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр ширээн дээр гишүүдийнхээ нэрсийг бичээд тавьдаг болсон. Ичихгүй бол суудлаа хоосон харагдуулна биз. Монгол төрийн түшээ бусдыгаа манлайлахын дээдээр манлайлж ажиллах ёстой биз дээ. Зарим нь бүр тэнд очих шаардлагагүй гэдэг гэсэн. Больё, чадахгүй юм байна гэдгээ эртхэн хэлэх хэрэгтэй. Цаана чинь чадахгүйг нь хийчих, эрдэм мэдлэгээр толгойгоо цэнэглэсэн "ланжгарууд” зөндөө бий. Заримдаа ер нь энэхүү байдал тун гайхшралд хүргэдэг. Компанийхаа ажлыг зэрэгцүүлээд хийгээд амжуулаад, томруулаад явдаг хүиүүс ч цөөнгүй. Нэгэнт сонгогдсон бол хоёргүй л сэтгэлээр ажиллах хэрэгтэй л дээ.


-Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцох уу. Ингээд толгойг нь илээд яваад байх юм уу?


- Нэгэнт сонгогдсон юм чинь гээд “дөрвөн жил зөнгөртөөд явж байя” гэж хандаж болохгүй. Үр хүүхэд, найз нөхөд, сонгосон иргэдээсээ ичмээр байна. Үүрийн жингээр малдаа санаа зовин хаврын хавсрага, өвлийн хүйтнийг ч хайхралгүй гарч нэг ч өдөр амралгүй ажилладаг малчин, өглөө эрт босоод сургууль, цэцэрлэг яслидаа явдаг хүүхдүүдээс ич. Хичээлээсээ хоцорчлоо гээд уйлж байсан бяцхан хүүхдүүд хүртэл дайралдаж байлаа. Парламентын гишүүд өглөө 9 цагт ажилдаа ирэхгүй болохоор нь чуулганы хуралдааны цагийг 10 цаг болгосон. Энэ айхтар хүйтэнд хүртэл гэр хорооллын жаахан хүүхдүүд автобус унаа дамжин дамжин 8 цагт сургууль, цэцэрлэгтээ очиж болоод байхад халуун байранд амьдардаг, хурдан унаатай дээр нь бас байсан ч байгаагүй цалингаа бүрэн авдаг төрийн түшээд нь цагтаа ирж хурлаа ч эхлүүлж чадахгүй байна шүү дээ. Ийм хариуцлагагүй байдлаас болоод ард түмэн улстөрчдөд итгэхгүй байна. Юун манлайлах байтугай үнэлэмж, нэр хүнд нь унаж байна. Ард түмний түмэн зөв. Хоцорсон, тасалсан цагуудыг нь өдөр нэг бүрчлэн гаргаж, 7 хоногоор, сараар, улирлаар нэгтгэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нь нийтэд мэдээллэж байх хэрэгтэй. Бид хурлаа , 8 цагт ч эхэлсэн болно шүү дээ. Энэ нь УИХ-ын гишүүний эрх, нэр төрд нь халдаж байгаа явдал биш. Бүүр цаашлаад идэвхи, оролцоо, санаачлагатай байдал зэргийн статистик мэдээг гаргаж олон нийтэд цацахад ч буруудахгүй. Бид эрх эдлэх гэж биш үүрэг хүлээх гэж сонгогдсон шүү дээ.


-Он гарчихлаа. Энэ оны эдийн засгийг ямархуу дүр зургаар харж байгаа вэ?


-Нөхцөл байдал амаргүй байгаа нь үнэн ч ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байгаа. Би өөрөө өөдрөг хүн шүү дээ. Тийм болохоор энэ эгзэгтэй, хямралын үед эх орныхоо эрх ашгийг бодоод амарч, ямбалахыг биш ажлынхаа цагийг уртасгаж, шөнө дөлгүй сууж ажилламаар байна. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд төрийн албаныхан ажлын зургаан өдөртэй болох хэрэгтэй, нэн ялангуяа энэ хямралын үед. Нэг өдрийнхөө ажлын үр бүтээмжийг улсдаа хандивлая. Дэлхийн эдийн засгийн номонд “Чи бизнесийн салбарт ажиллах гэж байгаа бол нэгдүгээрт эрүүл мэндээ хар. Хоёрдугаарт, ажил хэрэгч шинж чанар, сахилга батаа хар. Өдөр бүр 14 цагаас доошгүй хугацаанд ажиллаж чадна гэвэл бизнест ор, дараа нь том амжилт гаргах боломжтой гэж бод” гэсэн алтан зарчим байдаг. Ямар ч япон, солонгосчуудтай уулзаж байхад хэцүү хүнд байдлаас гарахын тулд өдөрт тэд дөрөв тавхан цаг л унтдаг байсан гэж ярьдаг. Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжих олон арван төсөл, арга хэмжээнүүд байна. Эдгээрийнхээ эрэмбэ, дэс дараалал, логик уялдаа, явц байдал болоод зарим нэгний нь үр өгөөжийг нь ч эргэж харах хэрэгтэй. Үүний тулд бүх намууд цаашлаад салбарын эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийхэн гээд олон хүн, олон газраас саналыг авч нэгтгэн, эрэмбэлж эхний цөөн хэдийг нь бүрэн хэрэгжүүлэхэд л эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлт мэдрэгдэхүйц бий болно. Ингэж чадвал одоогийн энэ хямралт эдийн засаг аяндаа сайжирна. Дэлхий нийт ч хүлээн зөвшөөрч ажил хэрэгч байдлыг маань үнэлж гараа сунгана. Ямар ч төсөл, хөтөлбөр хэргжүүлэхээр бай өнөө гол хөдөлгүүр болох “Ажилсаг Монгол хүн”-бий болгож хөгжүүлэхээ мартаж болохгүй.


-Оны эхний улиралд гаднаас долоон тэрбум ам.доллар орж ирнэ гэх яриа сонсогдож байгаа. Хаанаас тийм их мөнгө орж ирэх юм бэ?


-Долоон тэрбум ам.долларыг хаанаас, ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй авах гэж байгаа талаар нарийн мэдээлэл алга. Яригдаж байгаа хэдий ч албан ёсоор бүлэг дээр болон Байнгын хороон дээр танилцуулсан зүйл байхгүй. Гадагшаа явж эх үүсвэр хайж байгаа нь үнэн. Харин хямд эх үүсвэртэй мөнгө олдож байна уу, үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна даа.


-Тийм их мөнгө өгөх улс байгаа юм болов уу?


-Дэлхий нийтэд мөнгө байгаа л даа. Бид өөрсдөө дотооддоо зөв менежмент, төлөвлөгөө хийвэл дорхноо л наашаа эргэнэ. Ямар улстай хэрхэн хэлэлцээр хийхээс бүх зүйл шалтгаална.


-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ажил юу болж байгаа вэ. Зарим нь хоёрдугаар сард мөнгө орж ирнэ, эсвэл зургадугаар сараас наашгүй гэж яриад байх юм?


-ОУВС-гийн мэргэжилтнүүд энэ сарын 20-доор манай улсад ирэх юм билээ. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тэртээ, тэргүй ойлгомжтой байгаа. Засгийн газар байгуулагдаад хугацаа алдалгүй шуурхай хэрэгжүүлэх байсан юм. Он гараад зээлжих зэрэглэл нэг алхамаар ухарлаа. Дэндүү удаан, асуудлыг дор нь шийдэж чаддаггүйгээс болж байдал дордож байгаа. Бүх юмыг төгс төгөлдөр болгох гэж харсаар байгаад хамаг цагаа алдаж байна. Бүр нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг юм болчихлоо. Цаг алдаж байна гэж дахин хэлмээр байна. Асуудлыг зоригтой шийд, үр дүн гарга. Үр дүн гарахгүй бол “Уучлаарай, би буруу шийджээ” гээд огцроод явчих ёстой. Тэгэхгүйгээр өөх ч биш, булчирхай ч биш өлбийгөөд яваад байж болохгүй л дээ.


-“Стэнд бай”-д хурдан хамрагдах сонирхол улстөрчдөд байхгүй байгаа юм биш үү. Хэтэрхий чанга хараа хяналтаас жийрхээд байх шиг харагдах юм?


-Өмнөх он жилүүдэд дэлхийн санхүүгийн байгууллагууд зөвхөн өөрсдийнхөө тулган шаардлагаар манайд хөтөлбөр хэрэгжүүлж байсан нь нууц биш. “Стэнд бай” ч анх хэрэгжихдээ буруу зөрүү тулгалт их хийж байсан гэдэг. Зөвхөн Монголд ч биш. Хөтөлбөр хэрэгжүүлсэн улс орнуудад ийм шүүмжлэл гарах болсон учир сүүлийн жилүүдэд бодлогодоо өөрчлөлт оруулж илүү уян хатан хандах болсон юм билээ. Тиймээс манай тал санал гаргаад хөтөлбөрийг өөрсдийнхөөрөө боловсруулж болох боломж бий.


-Одоо манай улсын өр хэдий хэмжээнд байгаа юм бэ. Ирэх гуравдугаар сард бондын зээлийг хугацаанд нь төлж чадах уу?


- Монгол Улсын нийт гадаад өр 2016 оны эхний хагас жилийн байдлаар 23,4 тэрбум ам доллар. Үүний 4,7 тэрбум ам доллар нь Засгийн газрынх, 17,0 тэрбум ам доллар нь хувийн хэвшлийнх, 1,8 тэрбум ам доллар нь Монгол банкных гэсэн тоон баримтууд яригдаж байгаа.


- “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал юу болж байгаа вэ. Ажлын хэсэг шалгалтаа хийж дуусаагүй юу?


-Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан процессийг УИХ-д ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Хэрээс хэтэрсэн улстөржилтөөс залхсан иргэд баримттай, бодиттой дүгнэлт гаргахыг хүсч, хүлээж байгаа нь мэдээж.

Их хурал өөрийн эрх мэдлийн хүрээнд энэхүү худалдан авалтыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр хийв, татвар төлсөн эсэх, худалдан авсан үйл явцыг цаг хугацааны дарааллаар шалгаж тогтоохыг зорьж байна. 2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын тогтоол гарсан, мөн сарын 17, 20-ны өдрүүдэд Орос руу төлбөр хийгдсэн, 23-ны өдөр Ташкентэд Орос, Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын уулзалт болж тэр арга хэмжээнд Худалдаа хөгжлийн банкны тэргүүн орлогч О.Орхон оролцсон, 28-нд Сайханбилэг нийтэд зарласан шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэр УИХ-аар батлагдсан гэрээтэй. Тэгэхээр энэ үйлдвэрийн 49 хувийг зарах асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж хэлэлцүүлэх хууль номтой. Оросын Засгийн газар “Бид 49 хувиа зарна” гэдэг саналаа манай Засгийн газарт тависан гэсэн. Тэр саналыг нь манай Засгийн газар авч хэлэлцээд УИХ-аар хэлэлцүүлсний дараа яриа, хэлэлцээрээ хийх ёстой юм. Гэтэл энэ бүгдийг нууцалж хийсэн, хуйвалдааны шинжтэй гэж бодогддог. Засгийн газрын хаалттай хуралдааны материалтай танилцахад хэд хэдэн сайд УИХ-аар хэлэлцүүлэх санал гаргасан байдаг юм билээ. Стратегийн ач холбогдолтой орд газар гэдэг утгаараа ч тэр, хоёр улсын Засгийн газар хооронд 2004, 2007 оны хэлэлцээрийн дагуу ч энэ асуудал гарцаагүй УИХ-аар хэлэлцүүлж шийдэх байсан.

Засгийн газрын хаалттай хуралдааны дараа Сангийн яам хоёр ч нууц тогтоол гаргасан байдаг. Энэ мэт олон ойлгомжгүй шийдвэр гарчихсан учраас Эрдэнэтийн асуудлыг зайлшгүй судлах шаардлага үүссэн. Ерөнхий сайдад хууль зүйн зөвлөгөө өгөх хамгийн ойрын газар бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх хуулийн хэлтэс. Засгийн газрын хоёр удаагийн хуралдаан дээр уг хуулийн хэлтсээс энэ асуудлыг УИХ-аар оруулах ёстой гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт зөвлөсөн байхад үл тоосон юм билээ. Энэ асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг хурдан ажиллаж дүгнэлтээ танилцуулах ёстой. Энэ дүгнэлт дээр үндэслэн би өөрийн байр сууриа маш тодорхой илэрхийлэх болно.


-Таван толгойг хөдөлгөх хувилбарууд яригдаж байгаа. Ямар хувилбар яригдаж байна вэ?


-Тавантолгойн орд бол 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Дэлхийд эхний аравт тоологддог томоохон орд юм. Энэ утгаараа ашиглалтыг нь зөв эхлүүлбэл монголчуудыг олон жил “тэжээнэ”. Энэ ордоо Оюутолгой шиг өгөөж тааруухан, хөрөнгө оруулагч талд илүү давуу боломж олгосон байдлаар гэрээ хийж хэрхэвч болохгүй. Тиймээс илүү ухаалаг, оновчтой бодлого барьж, үр ашигтай нөхцөлөөр эргэлтэнд оруулах нь чухал юм. Гэхдээ өмнөх шигээ бас улстөржүүлээд, гацаагаад, хугацаа алдаад байх шаардлагагүй. Төмөр зам, цахилгаан станц гээд бүтээн байгуулалтыг хэрхэн хийхээ давхар тооцоолох ёстой.

М.Энхсайханы ахалж байсан ажлын хэсгийнхний боловсруулсан төслөөр явуулах гэж байгаа бололтой байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн төслийг аль болох богино хугацаанд, яаралтай хөдөлгөх, цаг алдахгүйн тулд өмнөх тендерийн ялагчидтай өмнөх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал солилцохыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна. Үүнээс харахад Хятадын Шинхуад 49 хувьд нь оператороор оруулахаар тусгаж Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хийж байгаа юм шиг байна ээ. Гэхдээ гэрээний төслийг УИХ-д оруулж ирсний дараа судалж, танилцаж байж байр сууриа илэрхийлье. Тавантолгойн нүүрсний ордыг үр өгөөжтэй ашиглах хамгийн эхний гарц бол яах аргагүй төмөр зам. Одоогийн байдлаар Тавантолгойн нүүрсийг Гашуунсухайтын хилийн боомт руу зөвхөн ачааны машинаар тээвэрлэж байна. Төмөр замаар тээвэрлэхээс хоёр дахин илүү зардалтай. Байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл ч ихтэй. Энэ бүхнийг харгалзан УИХ-аас 2010 онд төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого баталсан байдаг. Үүнд Тавантолгой -Гашуунсухайтын чиглэлийн 225 км урд чиглэлийн төмөр зам барина гэж тусгагдсан байгаа. Энэ төмөр замыг хэрхэн барих, хөрөнгийг яаж босгох гээд сайтар тооцоолох асуудлууд олон бий.

С.Алтанцэцэг

Эх сурвалж: "Өдрийн сонин"




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр [150.129.143.160]


Ингэж хандаж зоригтой хэлдэг хүн олонх болсон үедээ аль ч намд алга даа. Даанч ийм хүмүүс цөөдөөд дуу хоолой нь хүрэхгүй мүх юмыг МӨНГӨ шийдэж байна. Эх орн хойч ирээдүйг тэд үл тооно. ДЭМЖИЦГЭЭЕ ХАТУУ ХӨДӨЛМӨРЛӨЕ


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


TB gishuunii sanal tumen zuv. Ikh hural ZG manlailj ajillaval bid dagahad belen baina


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


TB gishuunii sanal tumen zuv. Ikh hural ZG manlailj ajillaval bid dagahad belen baina


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


TB gishuunii sanal tumen zuv. Ikh hural ZG manlailj ajillaval bid dagahad belen baina


556677    1 долоо хоног, 2 өдөр []


УЛС ТӨРЧДИЙН САЙН МУУ БҮХНИЙГ ШИНГЭЭСЭН АЛЬ Ч НАМ, ТӨРИЙН ҮЕД НЭР НҮҮР АЛДДАГГҮЙ ХАМГИЙН ХУВИРАМТГАЙ ХӨГИЙН ЁСТОЙ МУУ ЭРИЙН, ХҮНИЙ МУУ БҮХНИЙГ ШИНГЭЭСЭН ЁСТОЙ МУУ ХҮНДЭЭ ЭНЭ ТЭРБИШДАВГА


223344    1 долоо хоног, 2 өдөр []


амбиц ихтэй богино ухаантай, явцуу эрх ашигтан гэвэл ТБД өөрөө яв цав мөн


556677    1 долоо хоног, 2 өдөр []


УЛС ТӨРЧДИЙН САЙН МУУ БҮХНИЙГ ШИНГЭЭСЭН АЛЬ Ч НАМ, ТӨРИЙН ҮЕД НЭР НҮҮР АЛДДАГГҮЙ ХАМГИЙН ХУВИРАМТГАЙ ХӨГИЙН ЁСТОЙ МУУ ЭРИЙН, ХҮНИЙ МУУ БҮХНИЙГ ШИНГЭЭСЭН ЁСТОЙ МУУ ХҮНДЭЭ ЭНЭ ТЭРБИШДАВГА


Зочин    1 долоо хоног, 2 өдөр [175.193.236.119]


Энэ нэг албан тушаалын толоо хоер нудээ ухаад огохоос буцахгуй нам нам дамжиж урваж шарваж явдаг том юм ярьсан очуухэн жижигхэн амьтан бнаа.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


Санаачлагыг нь бүрэн дэмжиж байна


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


AMRALT BAYARAA BAGASGAJ AJILTSGAAYA ENE SONIN SONIN NERTEI AMRALTUUD ARAI DENDLEE SH DEE YU HIIJ BAINA BID DEMII L BAIJ BAINA AJLIIN 5 HONOGIIG DEMJINEEEEE


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


ОЛИГАРХУУДЫН 2 ДАХЬ ҮЕ УЛС ТӨРД ОРСООН ТЭР БОЛ ҮНЭН.ЗОРИГТОЙ ДУУГАРЧ БАЙГАА ТАНД АМЖИЛТ Л ХҮСЬЕ


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Ингэж хандаж зоригтой хэлдэг хүн олонх болсон үедээ аль ч намд алга даа. Даанч ийм хүмүүс цөөдөөд дуу хоолой нь хүрэхгүй мүх юмыг МӨНГӨ шийдэж байна. Эх орн хойч ирээдүйг тэд үл тооно. ДЭМЖИЦГЭЭЕ ХАТУУ ХӨДӨЛМӨРЛӨЕ


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Ингэж хандаж зоригтой хэлдэг хүн олонх болсон үедээ аль ч намд алга даа. Даанч ийм хүмүүс цөөдөөд дуу хоолой нь хүрэхгүй мүх юмыг МӨНГӨ шийдэж байна. Эх орн хойч ирээдүйг тэд үл тооно. ДЭМЖИЦГЭЭЕ ХАТУУ ХӨДӨЛМӨРЛӨЕ


УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ШҮҮМЖЛЭГЧ    1 долоо хоног, 3 өдөр []


МОНГОЛЫН УИХ-Д УРТ ХУГАЦААГААР АЖИЛЛАЖ БАЙГАА ЭНЭ ЭРХЭМ МАШ УДААН СЭТГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА ЭНЭ ХҮНИЙГ УИХ-Д АЖИЛЛАХ ХУГАЦААНД МОНГОЛ УЛСЫН ТӨРД САЙН МУУ ЯНЗ БҮРИЙН АСУУДЛУУД ИХ ХУРЛААР ОРООД ГАРААД ХЭЗЭЭНИЙ БИЕЛЭЛЭЭ ОЛСОН ОДОО ЭНЭ ХҮН ЗҮГЭЭР Л ГЭРЧ БОЛЖ ДЭЭ САЙН ЮМ ХИЙСЭН Ч ҮГҮЙ МУУ ЮМ ХИЙСЭН Ч ҮГҮЙ ЗҮГЭЭР Л ДУНДЫГ БАРИГЧ БАЙЖ ЗҮЙ НЬ БОЛ МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГТ НИЙЦЭХГҮЙГ ЭСЭРГҮҮЦЭГЧ БАЙХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ.


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Нээрээ зөв санаачлага байна шүү