Анализ эксперт


ТАВАН ЕРӨНХИЙ САЙДЫН гарааны өнгө

4 сар TIMES.MN


     Сүүлийн ТАВАН ЕРӨНХИЙ САЙД-ын ажлаа гараа хэр байсныг харьцуулан сонжлоо. Монголчууд гараа сайн бол бариа сайн гэцгээдэг. Ажлын төлөвлөгөө, бэлтгэлээ хэдий сайн базаана, ажил төдий чинээ урагштай байж үр ашигтай хэрэгждэг биз ээ.



ЭРХ МЭДЭЛ ӨГӨХИЙГ ШУЛУУХАН ШААРДСАН С.БАЯР




     2008 оны сонгуулийн өмнө МАХН-ынхан рейтинг уруудлаа, намын ажил урагшгүй байна хэмээн их хурлаа хуралдуулж, М.Энхболдыг огцруулав. С.Баяр олонхийн санал авч намын дарга болонгуутаа “Эрх мэдлийг өгвөл өгсөн шиг өгчих, намын дарга болсон хүн Ерөнхий сайдын албыг хаших хэрэгтэй” гэж санал гаргасан нь дэмжигдсэн юм. Ингээд УИХ-ын сонгууль болохоос 7 сарын өмнө буюу 2007 оны 11-р сарын 22-ны өдрийн УИХ-ын чуулганаар 97.1 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилогдож байлаа. Судлаж, боловсруулж байна гэж тэрээр цаг алдалгүй таван төгөлдөршлөө тунхаглаж, засгийн төдийгүй намынхаа ажилд ч ханцуй шамлан орсон юм. Хийе гэсэнд нь хугацаа багаддаггүйг харуулж байлаа. Атрын 3 аяныг зарлаж, дотооддоо улаан буудайнхаа хэрэгцээг бүрэн хангана хэмээн зорилт тавин газар тариалангийн салбарыг дэмжив. Ми-8-ын ослын дараа Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд С.Отгонбаярыг огцруулж, Мэргэжлийн хяналтын газрын дарга нартай хариуцлага тооцох зэрэг олон зоримог шийдвэр гаргаж байлаа. Мөн Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж байсан бизнесмэнүүдтэй тохиролцож, төрийн мэдэлд буцааж авсан нь түүний сонгуулийн гол хөзөр болсон юм. Зангарагтай, ажил хэрэгч, хурдтай ажиллаж байна гэсэн түмэн олны дэмжлэг 2008 оны сонгуулиар МАХН-ыг үнэмлэхүй ялалт байгуулахад нөлөөлсөн биз ээ.Нэгэнт удирдаж орсон нам нь сонгуульд одтой байсан болохоор хүсэн, хүсээгүй тэрээр Ерөнхий сайдаар үргэлжлэн ажиллах нь тодорхой байв. Санжаагийн Баяр нь Монгол улсын түүхэнд улиран сонгогдсон анхны ерөнхий сайд болсон юм. Гэхдээ хоёрдахь удаагаа Ерөнхий сайд болоход нөхцөл байдал амаргүй байв. 2008 оны 7 сарын 1-ний үйл явдал болж, Монгол улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, 5 хүний амь нас эрсдсэн хэрэг гарсан байлаа."Үймээний үед цагдаа иргэдийг буудаагүй хэрвээ буудсан байвал би хариуцлага хүлээнэ" гэж албан ёсоор Ерөнхий сайд С.Баяр мэдэгдэж байсан ч цагдаагийн ажилтангууд зэвсэг хэрэглэн иргэдийн амь насыг хохироосон нь тогтоогдсон юм. Тухайн үеийн цагдаагийн удирдлага генерал, хурандаа нар баримтаар нотлогдон шүүхэд шилжин эрүүгийн хариуцлага хүлээсэн бол С.Баяр өөрийн мэдэгдлийн дагуу улстөрийн болоод ёсзүйн ямар ч хариуцлага хүлээгээгүй билээ.


    Хэдийгээр Бага хурал дээр бас л гишүүд, дэмжигчдийнхээ тооцоолж байгаагүй стандарт бус шийдвэр гаргах түүхэн шаардлага бий болсноо танилцуулсан дээрх долдугаар сарын 1-ний үйл явдлаас үүдэлтэй байж мэднэ гэсэн таамаг бий. Нөгөө С.Баярын эрчимлэг чанар, дайчин байдал дараагийн Ерөнхий сайд болоод ч үргэлжилээгүй, 100 хоногтоо өмнөх шиг шийдэмгий биш, удаан, нэг л зайгаа барих гэсэн хандлагатай байлаа. Сүүлдээ биеэ эмчлүүлж байна гээд байсхийгээд гадагшаа явчихдаг болов. Уг нь түүний эхлүүлсэн ажлын үр эхнээсээ өгч, сүүлийн 20 жилийн хамгийн өндөр ургацыг 2009 онд хурааж авсан байдаг. Зургаан жилийн турш хэлэлцээд, шийдвэрлэж чадаагүй байсан Оюутолгой ордын ашиглалттай холбоотой гэрээг ч үзэглэв. Гэхдээ энэ гэрээг байгуулахдаа мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсоогүй, засч залруул гэсэн гишүүдийнхээ саналыг үл тоосноос гадна өмнөх засгийн үед боловсруулсан төслөөс дордуулж батласан байдаг. Хэтэрхий гаднынхны заавар, тааллаар шийдэгдсэн нь цаг хугацааны явцад улам бүр тодорч буй. Хамгийн хүнд усны асуудлыг шийдүүлэхийн тулд Байгаль орчны сайдын 22 тоот тушаал гаргаж, түүндээ үндэслэж говийн гүний усыг үнэ төлбөргүй ашиглуулахаар Оюу Толгойн гэрээнд тусгасан байдаг. Монгол Улс Оюутолгой төслийн 34 хувийг эзэмшдэг атлаа санхүүгийн тайланд хяналт тавьж чаддаггүй, Монгол Улсын банкаар мөнгө нь дамждаггүй, манай талын хөрөнгө оруулалтанд зориулж авсан зээл нь хөнгөлөлттэй биш, хүүгээс хүү бодогддог зээл гээд олон асуудал бий. Засч залруулая гэхээр нэгэнт хөдөлсөн “галт тэргийг” зогсооход хүрнэ, нөгөө талаас “хөзөр” аль хэдийнээ гадаадынхны гарт орчихсон байв. Монголчуудыг шаардлага тавивал хөрөнгө оруулалтаа татлаа, санхүүжилтээ зогсоолоо, далд уурхайн бүтээн байгуулалтыг тодорхойгүй хугацаанд хойшлуулаа гээд буулгаад авчихаж байна. Тэгэхээр гэрээг хийхдээ чамбайруулж, зохицуулалтыг нарийн тусгаж өгөх байсныг илтгэж буй юм. Энэ гэрээ хийгдээд сар гаруйн хугацааны дараа буюу 2009 оны 10-р сарын 28-нд С.Баяр элэгний өвчтэй хэмээн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган албан тушаалаа хүлээлгэн өгч байлаа.


ЗАЛГАМЖЛАГЧ СҮ.БАТБОЛД





      С.Баяр гүйцэтгэх засаглалын тэргүүний суудлаас буухдаа хэнээр залгамжлуулахаа шийдсэн байлаа. Түүний албан үүргээсээ буух өргөдлөө өгсний маргааш нь буюу 2009 оны 10 сарын 29-нд түүний залгамжлагчаар Сү.Батболд тодорлоо. Тэрээр С.Баярын багтай ажиллахаар шийдэж, халаа сэлгээ хийсэнгүй. Хэдийгээр 100 хоног бага хугацаа ч гэлээ гарааны эхлэл ямархуу байх зураглал буусан байдаг үе. Түүнийг ажил авснаас хойш эрч хүч дутаж байна, шийдэмгий биш байна гэсэн шүүмжлэл ч тасраагүй. Сүүлийн хэд хэдэн сайдуудын үед хийсэн томоохон ажлуудыг дурдая гэхэд Сү.Батболдын үед хийгдсэн гэж онцгойрох, авторлох зүйлс ховорхон талдаа. Их, дээд сургуулиудыг хотоос гаргаж, камп маягаар хөгжүүлье гэдэг нь бүтээгүй. Хөрөнгийн биржийг олон улсын хишигт хүргэе гэдэг нь ахиагүй. Тавантолгойн хувьцааг иргэн бүрт олгох ажлыг хэрэгжүүлсэн нь анхандаа олны талархлыг хүлээж байсан ч замхраад иргэд “бэлгэдлийн” шинжтэй хувьцаатай л үлдлээ. Тэр үед Оюутолгойн гэрээний алдаа оноог шүүхийг оролдож, УИХ-ын гишүүд С.Батболдын Засгийн газрыг огцруулах хүсэлтийг нэг бус удаа гаргаж байв. Үнэндээ тэрээр гүйцэтгэх засаглалын тэргүүн болоод 2008 оны сонгуулиар С.Баярын болон МАХН-ын амалсан сонгуулийн амлалтуудыг биелүүлэх, эх орны хувь хишгийг тараах гэж хамаг анхаарлаа тавьж тамирдсан гэлтэй. Байдгаа шавхаж, Чалькогоос хүртэл нүүрс өгнө гэж их хэмжээний мөнгө зээлээд эх орны хишгийг тараасан хүн. Түүнийг засаг барьж байхад ашигт малтмалын үнэ тэнгэрт хадаж, эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч байсан ч хурааж хуримтлуулах, ашигтай, ажлын байр олноор бий болгох том төсөл, бүтээн байгуулалтанд зарцуулаагүй, гарынхаа салаагаар цацахыг үзүүлэх шиг болсон.


    Уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн өсөлтөөс орж ирсэн хөрөнгийн тодорхой хэсгийг хадгалах, арвижуулах, үр ашигтай бүтээн байгуулалтанд зарцуулсан бол өнөөдрийнх шиг мухардмал байдалд хүрэхгүй л байлаа. С.Батболдын үед тавьсан өрийг одоо болтол төлж дийлээгүй л байна. Бас тарааж цацсан эх орны хишгийг өрх бүр хүртлээ гээд амьжиргаа нь сайжраагүй. 21 мянган төгрөг таваг хоол, хятадын хямд үнэтэй хувцас, хөлчүүрсэн нөхдүүдийн нэг оройны сархад болоод дууссан даа. Түүнийг намаа, засгаа ч удирдаж байхад нам дотроо бужигнаантай, намын нэр хүнд ч гавихгүй байлаа. Сонгууль дөхөөд ирэнгүүт хамтарч засаг байгуулсан Н.Алтанхуягаар удирдуулсан АН-ынхан засгаас хаяж гарлаа. Харин ардчилагчдын явсан сайдын суудалд томилгоо хийхдээ Сү.Батболд халаас зузаан, чинээдэг бизнесмэнүүдийг оруулж ирж байсан юм. Гараанаасаа өнгө тааруухан, үйл ажиллагаа нь туниа муутай байсаар 2012 оны сонгуультай золгов. Нэрээ солиод удаагүй МАН-ыг толгойлж, удирдаж орсон ч ялагдал хүлээв. Энэ нь нам дотор зөрчил хурцатаж, нам нь нэрээ сольж, дотроо хоёр хуваагдсан, Н.Энхбаярын байгуулсан МАХН Шударга ёс эвсэл байгуулж ороод чамгүй олон санал авсан нь нөлөөлсөн биз ээ.


ЖУРМЫН НӨХӨДДӨӨ ХОДРУУЛСАН Н.АЛТАНХУЯГ



    2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Ардчилсан Нам амжилттай оролцож, хамгийн олон суудал авснаар тэрээр 8-р сарын 9-нд ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн засгийн газрыг байгуулан ажилласан юм. Тэрээр гүйцэтгэх засаглалын тэргүүн болонгуутаа танхимынхныгаа гадаадад ажил нэрээр зугаалахыг хазгаарлаж, хагас сайн өдөр Засгийн газрыг хуралдуулдаг болгож, иргэдийн санаа оноог сонсох 11-11 төв байгуулав. “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг орон даяар хэлэлцүүлж сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулсан учраас ч тэр, Засгийн газрын барьж ажиллах асуудал дээр хугацаа алдаагүй нь ажиглагддаг. Ямартай ч 100 хоног болоход “энэ нөхөр” чинь овоо ажиллах шинжтэй гэсэн хүлээлт төрүүлж эхлэв. Ер нь Ерөнхий сайдын зангараг, ажлын хурд, ажил хэрэгч чанар, алсын хараа зэргээс ихээхэн хамааралтай. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь нурмайгаад, хүний эрхшээлд байгаа мэт дүлэгнээд шийдвэр гаргахгүй удаад л, дуу нь зөөлдөөд, харц нь доошлоод ирэхээрээ угаасаа гавьдаггүй бололтой.


   Адаглаад л өргөн барьсан төслөө хамгаалаад, бодлогоо хэрэгжүүлэх гэж зүтгээд байгаа нь эрхгүй ялгардаг. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод өөрчилье, хийе, бүтээе гэсэн эрмэлзэл дүүрэн байсан илтэд ажиглагддаг. Засаг байгуулагдаад зургаа хоноод Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгож, 100 хоногтоо багтааж, 21 аймгаа хамтуу хучилттай замаар холбоно, хотын замын түгжрэлийг бууруулахаар “Гудамж” төсөл хэрэгжүүлэх шийдвэрээ гаргаж байлаа. Орон сууцны зээлийн хүүг бууруулж, 8 хувь болгосон иргэдийн талархалыг хүлээж байв. Гэхдээ алдсан алдаа ч бий. Хоёр орны харилцаанд сэв суух тоомжиргүй унагаж, хүргэн Дэнзэнгээ ЗГХЭГ-ын дэд дарга болгосон зэрэг өгөөш болж байлаа. Сөрөг хүчний зүгээс хяналт тавих, бурууг нь дөвийлгөх нь зүйн хэрэг. Гаднаас хийх довтолгоонд түүний засаг унахааргүй байв. Харин француудынхаа эв зүйг олох гэж хичээсэн ч тэрээр өмнүүр тавьсан дэгээг давж чадалгүй бүдэрсэн хэрэг. Ардчилсан намын арав гаруй гишүүн Ардын намтай нийлж байгаад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж орхисон хэрэг. Ж.Батзандан тэргүүтэй найман гишүүн чуулганы танхимд сууж “кноп”-доод, З.Энхболдын удирддаг “Шонхор” фракцийн С.Эрдэнэ, Д.Ганхуяг нарын таван гишүүн, “Нэг ардчилал”-ын М.Батчимэгийн хамт “сураггүй” алга болсноор засгийг унагах Ардын намын төлөвлөгөө биелсэн хэрэг. Үнэндээ танхимынх нь сайд нар байсан С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар Ерөнхий сайдаа орхин нүүр буруулсан юм.



САНАЛ БОЛГОСОН Ч НҮҮР БУРУУЛСАН Ч.САЙХАНБИЛЭГ



 

     Монгол Улсын УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулснаар Засгийн газар танхимаараа огцорсон билээ. Ингээд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг нэр дэвшүүлж, УИХ арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг томилж байв. Ч.Сайханбилэг гүйцэтгэх засаглалын тэргүүн болоод чуулганы хуралдаан дээр илтгэл тавьсан нь  итгэл төрүүлж байв. Залуу хүн эрчтэй ажиллах нь, “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж онцолж байна, эдийн засгийн оновчтой зөв бодлого хэрэгжүүлж мэднэ гэсэн хүлээлт байлаа. Гэвч тэрээр хэлсэн шиг ажиллаагүй.


Н.Алтанхуяг дараагийн Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэхийг санал болгож, АН-ынхаа даргын тамгыг З.Энхболдод гардуулж өгч байлаа. Гэвч улстөрд гараас нь хөтлөн оруулсан Ч.Сайханбилэг нь замын дундаас хэрхэн нүүр буруулсныг саяхан Н.Алтанхуяг ярилцлага өгөхдөө онцолно лээ. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газар эхний 100 хоног хэрхэн ажиллахыг олон түмэн анхааралтай ажиглаж байв.


     Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын “гал тогоог” хариуцаж байсан ЗГХЭГ-ын дарга гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон болохоор ажилтайгаа танилцах гэж хугацаа алдахгүй, шуурхайлан ажиллаж уруудаж байгаа эдийн засгийг өөд татах байх гэсэн найдлага байв. Гэвч өмнөхөөсөө дордов. Харин ч ажил аваад Н.Алтанхуягийн хийж хэрэгжүүлж байсан ажлыг цуцлах, өөрчлөхөөс эхлэв гэлтэй. Хамгийн түрүүнд  засаг хагас сайнд хуралддаг байсныг болив. Гадаад томилолтод хориг тавихаа ч болив.


Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг  2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 41-р тогтоолоор батлав. Үүнд, Тавантолгой, Оюутолгойг хөдөлгөхөөс эхлээд 60 гаруй арга хэмжээг баталсан юм. Уг хөтөлбөрт Засгийн газрын баталгааны зээлийн батлан даалтын сан, үндэсний давхар даатгалын корпораци, экспортын даатгалын компани байгуулахаар тусгасан байлаа. Тэр дундаас Оюутолгойн гацааг гаргахад хамгийн санаачлагатай ажиллав. Үнэндээ Ч.Сайханбилэг Оюутолгойн гацааг арилгах гэж л гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн болсон юмуу гэлтэй. Их хуралдаа ч хэлэлгүй Дубайруу нууцаар нисч, Оюутолгой төслийн 2010-2012 онд хийсэн санхүүгийн шалгалтын зөрчлийг хэрэгсэхгүй болгосныг зарлаж, татварын байцаагчдын тавьсан торгуулийн 300 сая ам.долларын актыг 30 сая болгож, манайхан хэл ус муутайгаас алджээ гэж буулт хийчихээд ирсэн хүн. Үүнийнх нь ачаар Оюутолгой төслийн далд уурхайн ажил эхэлж, гацаанаас гарсан ч гэлээ дахин төлөвлөгөө нэртэй “гэрээг” байгуулж, хөрөнгө оруулагч талын эрх ашгийг хамгаалах хамгаалалтыг хуулийн хүрээнд нэмэгдүүлж өгсөн хэрэг. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед түүгээр овоглож үлдэх нэг асуудал нь Эрдэнэтийн хувьчлал. ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголын компанид шилжүүлэх шийдвэрийг бас дахиад л нөгөө гаршсан аргаараа нууцын ангилалд оруулж, хууль тогтоох байгууллагадаа ч мэдэгдэлгүй шуурхай шийдэж өгсөн байдаг.


М.ЭНХБОЛДЫН СҮҮДЭРТ НУУГДАХ Ж.ЭРДЭНЭБАТ

 


    2016 оны сонгуулиар АН-ынханд ард түмэн дүн тавьж, МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Монголчууд одоо л МАН сайн ажиллаж, эдийн засгийн хямралаас гаргаж, олон шинэчлэл хийх байх гэсэн нүдээр харцгааж байлаа. Гэтэл 2016 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Ж.Эрдэнэбатын засгаа бүрдүүлэх багийг сонсоод хүмүүс гайхаж, цочирдсон. Мөрийн хөтөлбөртөө тусгасан Мэргэжлийн Засгийн газар биш мөнгөтэйчүүдийн уралдаан боллоо гэж шүүмжилсэн юм. Энэ бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрын анхны өнгө, ажлын эхлэл юм шүү дээ. Засаг байгуулагдаад 100 хоног өнгөртөл монголчууд олон долоон зүйл хэлээд гоочлоод байдаггүй. МАН давхар дээлгүй, мэргэжлийн Засгийн газар байгуулах, хүүхдийн мөнгө олгох, оюутны тэтгэлэг олгох, татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй байх, цалин урамшууллыг өсгөх, өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, орлого багатай иргэдээ тусгайлан тэтгэх, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг наашлуулах, цалинтай ээж бий болгох, ханшийн уналт зогсоох, баялгийн сан байгуулж иргэдэд хүртээх, итгэлийн зээл гэх мэт шинэ зээлийг бий болгоно гэж асар олон амлалт өгч байсан. Гэтэл Мэргэжлийн Засгийн газар үнэндээ эхний 100 хоногийг бараг томилгоо хийсээр өнгөрүүлсэн юм. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх марафондаа хүч хаяж, эдийн засгийг аврах шуурхай арга хэмжээ авахгүй гэлдэрсээр өнөөдөртэй золгож байна.


    Стэндбай хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргаж, хуралд оруулж чадалгүй он гарах гэж байна. ОУВС-гийн 12-р сарын хурлаас хоцорсон. Эрх биш 3 –р сард хуралдах хэлэлцээрт амжих орох байлгүй. Эдийн засгийг аврах, хүндрэлээс гаргах хөтөлбөр гээчийг өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлэх гэж мөн ч их хугацааг барлаа. Баахан мөрөөдлийн жагсаалт оруулаад ирлээ, ямар гарц, гаргалгаа байгаа юм бэ гэж балбууллаа. Ямартай ч УИХ сайжруулсан гэхэд хэцүүхэн саармагжуулаад батлаж өглөө. Энэ хөтөлбөр гээч нь батлагдаад сар гаруй боллоо. Хямралаас гаргах оновчтой, онцгой шийдэл дуулдсангүй. Ерөнхийдөө дүгнэж хэлэхэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эхний 100 хоногтоо ч тэр, ажил аваад бараг хагас жил дөхөж байхад ч задарсан ч үгүй, хурдалсан ч үгүй. Н.Алтанхуяг шиг элдвийн зүйл ярьж амнаасаа болж асуудалд орооцолдохгүй л юм. Бас Ч.Сайханбилэг шиг намынхаа удирдлагатай зөрөлдөж, зөрчилдөж ажилладаггүй. Харин ч намынхаа даалгаврыг ягштал баримталж, М.Энхболд даргынхаа сүүдэрт бүгсэн гэлтэй.



Холбоотой мэдээлэл


Хүлэмжний  хувьсгал
Хүлэмжний хувьсгал
1 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 3 долоо хоног [103.229.120.158]


С.Баяр хамгийн сайн ажиллаж байсан юм угнь. Даанч Оюутолгойгоос хойш болохоо байсан. Уг эрчээрээ явсан бол Монгол ийм байхгүй байсан гэж боддог


z    4 сар [182.160.35.233]


san har hamgiin sehegui boltol ni unagasan ni altanhuyag bna daraagiin 2 bol yahav ugaasaa hogon deer unachij altanhuyag 10 jilch uudulhuurgui 1 musun unagasan bna


songogch    4 сар [103.26.193.1]


hamgiin gaigui ajillasan ni altanhuag baih shivdee Hamgiin uu ni ene erguu erdenebat bn daa MANgar tsarailaad yuch medehgui shinjtei


нямка    4 сар [202.9.42.142]


Эрдэнэбатыг гайгүй залуу хүн боллоо.Овоодоо гэж бодож байсан.Сул юм аа,бас дээр нь боловсрол нимгэн,гадаад хэлгүй,тэгээд зориггүй ийм хүн ерөнхий сайд хийж чадахгүй нээ.Яанаа.Нямдоржийг ерөнхий сайд болгоё.


Сонгогч    4 сар []


Энэ ЗГ мордохын хазгай гэгч зус царай сайханаас цаашгүй чадвар зангараггүй Ерөнхий сайд зээлийн мөнгийг намдаа хандивлаж сайд, дэд сайд байнгын хороон дарга, агентлагын дарга горилсон хүн төрхтэй адгуус сэтгэхүйтэй хүмүүсийн бөөгнөрөл


Сонгогч    4 сар []


Энэ ЗГ мордохын хазгай гэгч зус царай сайханаас цаашгүй чадвар зангараггүй Ерөнхий сайд зээлийн мөнгийг намдаа хандивлаж сайд, дэд сайд байнгын хороон дарга, агентлагын дарга горилсон хүн төрхтэй адгуус сэтгэхүйтэй хүмүүсийн бөөгнөрөл


Ganba    4 сар [139.5.219.62]


Эрдэнэбат аймгийн даргаас хэтрэхгүй этгээд гэдгээ харуулаад байхад Эхболд нь дуугай харсаар байгаа эдийн засгаа унагалаа


иргэн    4 сар [202.179.29.5]


Манай орон шиг төрийн данхайсан бүтэцтэй , олон сайд дарга нартай , улс төрийн олон намтай , олон нийт төрийн хэдэн зуун байгууллага төлөөлөлтэй орон тийм олон байхгүй байх . Иим их хүчээр эдийн засгийн хүндрэлээ хэлэлцээд зөвлөөд давж гар чадахгүй бол туйлын харамсалтай байна . Аль намын хүн байлаа гэхэд бүгд л монгол хүмүүс гэдгээ л ойлгомоор байх юм в Талцахгүйгээр эх орноо хөгжүүлж сайхан амьдрахыг төлөө зүтгэцгээе


иргэн    4 сар [202.179.29.5]


Манай орон шиг төрийн данхайсан бүтэцтэй , олон сайд дарга нартай , улс төрийн олон намтай , олон нийт төрийн хэдэн зуун байгууллага төлөөлөлтэй орон тийм олон байхгүй байх . Иим их хүчээр эдийн засгийн хүндрэлээ хэлэлцээд зөвлөөд давж гар чадахгүй бол туйлын харамсалтай байна . Аль намын хүн байлаа гэхэд бүгд л монгол хүмүүс гэдгээ л ойлгомоор байх юм в Талцахгүйгээр эх орноо хөгжүүлж сайхан амьдрахыг төлөө зүтгэцгээе


Яана даа    4 сар []


Хилийг саармагжуулж газар тасалж өгөх гэж байгаа юм бишүү


zochin    4 сар [103.10.20.58]


Erdenebatig ajlaa avch bhad dollar 2000 tugrug bsn shuude