Монголын хамгийн анхны реалити шоу зохион байгуулсан бүсгүй

7 сар, 1 долоо хоног TIMES.MN


-Та өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Балжиргарамын Наранцэцэг гэдэг. Би худалдааны маркетинг, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Нэгэнтээ шоуны тухай ярих гэж байгаа болохоор өөрийгөө тэр талаас нь танилцуулъя. Би яс үндэс Монгол. Монголын хамгийн олон ижил нэртний нэг. Улаанбаатарын 1–р төрөх баригдаад удаагүй байхад 1957 онд төрсөн. Тэр үед орос эмч нар ажиллаж байсан болохоор миний төрсний гэрчилгээ дээр яс үндэс Монгол гэж бичсэн байдаг . Тиймээс би Монгол улсын Монгол үндэстэн гэж албан ёсоор бичигдсэн хүн. Тэр үед ийм гэрчилгээтэй хүмүүс хэд байгааг би мэдэхгүй байна. Бас нэг миний хэлэх дуртай, бахархдаг зүйл бол Монголын хамгийн олон ижил нэртэнгүүдийн нэг. Хамгийн олон 9000 ижил нэртнээс 6000 Наранцэцэг байдаг гэж уншсан. Харамсалтай нь сүүлийн үед ийм нэр өгөх нь ховорджээ.

-Таныг Монголд хамгийн анхны реалити шоу санаачилж, хэрэгжүүлсэн гэж сонслоо. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Би БОСА ХХК-ийн маркетингийн албаны даргаар ажиллаж байсан. Манай компанийн захирал Батбаяр компанийхаа талаар олон нийтэд сурталчлах нэг өвөрмөц юм хийгээч гэсэн. Би тэгэхэд компаниас маш их зардал гарах болно, зөвшөөрвөл хийе гэсэн. Захирал зөвшөөрөөд бэлтгэл ажилдаа орсон. Тэр үе 2001 оны 12 сар байсан. Худалдааны байгууллагын 80 жилийн ой болох гэж байсан. Тэгээд “Социалист худалдаа 80” гэсэн сэдвээр хуучин мөнгөний худалдаа явуулахаар болсон. Зах зээлд орохоос өмнө байсан хуучин мөнгөөр буюу өөрөөр хэлбэл 1966-1983 онуудад хэрэглэгдэж байсан мөнгөн дэвсгэртээр худалдаа хийх үйл ажиллагааг бүтэн 1 цагийн турш Монгол телевизийн “ Өглөө” хөтөлбөрөөр шууд дамжуулан үзүүлэх шууд нэвтрүүлэг байсан юм. Бүх зүйлийг үнэн бодитоор гаргахын тулд бэлтгэл ажил хамгийн чухал байлаа. Нэвтрүүлэг үзэж байгаа иргэд маань хуучин мөнгөө бариад бараа авахаар ирэхэд нь манай дэлгүүр тэр үеийн барааг нь тэр хэвээр нь байлгаж байхыг их хичээсэн.

Барааг олоход их хүндрэлтэй байсан. Тэр үеийн шилтэй, шошготой цагаан архи байхгүй болохоор цагаан архи гэсэн шошго хийж нааж байсан. Элсэн чихэр, цагаан будааг килограммаар нь бор цаасан уутанд савлаж тавьсан. Боодлын цаас, бор цаасан уут олдохгүй, хэвлэх үйлдвэрээс хайж байв. Хар чавга, үзэм олдохгүй, дотоодын үйлдвэрийн цаастай чихэр нислэг, сармай дээлт зэрэг чихрүүд байхгүй нилээд юм болсон. 100-ын ундаа, 9-ын тос /ургамлын тос/, чихэр, шоколад бүх л барааны нэр болон сав баглаа, хаяг шошго өөрчлөгдсөн, гадаадын хаяг шошготой болчихсон, хиам гэхэд л тэр үеийн 7 төгрөг 20 мөнгөний нарийн хиам, 5 төгрөг 60 мөнгөний бүдүүн хиам олдохгүй байлаа. Хамгийн хэцүү нь талх байсан. 1 төгрөг 20 мөнгөний дөрвөлжин талх, 3 төгрөг 60 мөнгөний дугуй том талх, 40 мөнгөний булочкан талх их хэцүү байсан. Пиво гэхэд боргио пивон дээр Тунгалаг, Нийслэл гэсэн шошго нааж, нэр төрөл бүрдүүлж байв. 2 төгрөгийн шар будаа, 4 төгрөгийн элсэн чихэр, 2 төгрөг 50 мөнгөний ёотон гээд бэлдэх зүйл их байлаа. Мах, сүү, ногоо гурав л хэвээрээ бусад нь бүгд өөрчлөгдсөн байсан юм.

Тэхдээ сүүний үйлдвэрийн гурвалжин цаастай сүү байхгүй л байсан. Энэ бүх бэлтгэл ажлыг манай албаны Цэрэн-Аюуш, Одзаяа 2 менежер маань их сайн гүйцэтгэсэн. Одоо тэр хоёр АПУ, Номин компанид ажиллаж байгаа. Энэ нэвтрүүлгийг бид их нууц байдалд бэлтгэж байлаа. Манай алба болон Монгол телевизийн Өглөө хөтөлбөрийнхөн бэлтгэл ажлын бүх зүйлийг нууцалж байсан бөгөөд телевизээр шууд зарлаж худалдаа эхлэх, хуучин мөнгөөр худалдаа хийж, бараагаа авах тэр бүх бодит нөхцлийг хангахыг л хүсэж ажилласан. Үнэндээ энэ бол шоу байгаагүй юм. Монголд худалдааны байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан нэвтрүүлэг хийж, 1980-аад оны үеийн социалист худалдааг л яг л бодитоор харуулахыг хичээсэн юм. Тэр үеийн заал, худалдагчийн хувцас, орчинг бүгдийг шийдсэн. Улаан даавуун дээр цагаан гуашаар Социалист уралдаанд түрүүлэгчдэд амжилт хүсье гэсэн уриа лоозон хүртэл бичиж хадсан.

- Үнэндээ нүсэр ажил болжээ. Шоу маань яг яаж явагдсан бэ?

Биднийхээр бол шууд нэвтрүүлэг байсан юмаа. Тэр үед чинь ямар реалити шоу гэж байсан биш, үнэндээ би реалити шоу гэдгээ ч мэдээгүй байсан . Одоо бодоод байхад реалити шоу юмуудаа. Тэгэх тусмаа Монголдоо хамгийн анхных нь байна гэж хүмүүс хэлэх юм. Гаднаас хуулбарлаагүй, гадаадын нэвтрүүлгийг дуурайгаагүй, тэр үеийн мөнгөөр тэр орчинд нь худалдаа хийх гэсэн санаа л байсан юм шүү дээ. Монгол телевизийн явуулын том станц шөнө дунд ирээд байрлачихсан, шууд станцын болон телевизийн багийн их л олон хүн, манай дэлгүүрийн хамт олон гээд нүсэр хамт олон ажиллаж байлаа. 2001 оны 12 сарын нэг ням гариг байсан санагдаж байна. Өглөө 10 цагаас эхэлж 1 цагийн хугацаанд явагдах худалдаа байсан. Хүмүүс өглөө босоод телевизээр Та өөрт байгаа хуучин мөнгөө аваад яг одоо энэ дэлгүүр дээр хүрээд ирвэл эдгээр барааг хуучин үнээр нь худалдан авах болно гээд нүдэн дээр нь хүмүүс худалдаа хийгээд бараагаа аваад гараад байхаар түүнийг харсан хүмүүс маш их ирж байсан. Хамгийн холоос Улиастайгаас ирсэн хүнд таксины мөнгийг нь шууд өгч байсан. - Үнэхээр тийм худалдаа болсон. Би санаж байна. Машин түгжрээд 4 зам, Эх нялхсын наад тойрог хоёроос явган очиж байсан гэж хүмүүс дараа нь ярьж байсан. Тиймээ. Бид хуучин мөнгө хүмүүсийн гар дээр тийм их байдаг гэж тооцоолоогүй алдаа гаргасан. Хүн их цуглахгүй байх гэж хамгаалалтын албанаас 10 шахам ажилтан авчраад хүчрэгдээгүй. Телевизээр нэвтрүүлэг үзсэн хүмүүс бурхны болон зургийн ард хийсэн, хадгалсан мөнгөө бариад маш их ирж байсны улмаас баруун 4 зам, хорооллын эх нялхасын тойрог дээр машины түгжрэл үүсэж, Баянгол дүүргийн цагдаа, Нийслэлийн цагдаагийн газраас зохицуулахаар ирж байсан. Тэр бүү хэл Ерөнхийлөгчийн сонорт хүрч, ямар учиртай үймээн самуун гэж шалгаж байсан.

- Хүмүүс тэгээд бараагаа аваад нэвтрүүлэг дууссан уу?

Нэвтрүүлэг 1 цагт багтах байсан боловч, 4 цаг гаруй сунжирч, бүтэн өдөржингөө хүмүүс яваагүй. Нэвтрүүлгийн цаг дуусаж бид дэлгүүрээ хаахыг хүссэн боловч, хүмүүс дургүйцэж, ирсэн бүх хүмүүс хуучин мөнгөө барьчихсан бараа авах гээд бөөнөөрөө дайрч, манай дэлгүүрийн хашаа, гадаа гэрэлтүүлэг, дээвэр, хаалга, цонх бүгд хагарч эвдэрсэн. Гадаа хуучин 1983 оны 100 төгрөгийг 3000 төгрөгөөр худалдан авч байсан гэж дараа нь сонссон. 100 төгрөгөөр бүтэн хонины гулууз мах, архи, бэлэгний цуглуулга өгч байсан. Арга ч үгүй биздээ. Үнэхээр нүдэн дээр нь бараагаа аваад байхад хэн ч гэсэн очихыг бодолгүй яахав.

- Тэгээд хуучин мөнгөөр хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн бэ?

Хуучин мөнгөөр бараагаа борлуулна гэдэг нь манай компанид ямар ч ашиггүй, зүгээр л үнэгүй өгч байгаа хэрэг. Бид барааны үнэ, нэвтрүүлгийн зардлыг тооцсон боловч, дэлгүүрээ нураалгана гэж санаагүй. Би сайн санахгүй байна, их л мөнгө цугларсан санагдана. Задгай мөнгө маш их ирсэн. Задгай мөнгө нь гэхэд 2 атга дүүрэн болсон. Бүгдийг нь тоолоод тайлан бичээд компанидаа өгөөд хадгалуулсан. Манай компани дан ганц хуучин мөнгөний худалдаа хийгээгүй юм шүү дээ. Дэлгүүрийнхээ наад зааланд орчин үеийн худалдаа гэж маш сайхан худалдаа зохион байгуулсан. Мөн орсон үйлчлүүлэгч бүрт тор дүүрэн бэлэг гардуулсан. Энэ нь телевизээр шууд гараад байхаар хүн ихсэх нь зөв юмаа. Манай хүүхдүүд, хамт сурч байсан ангийнхан, манай бусад дэлгүүрийнхэн хүртэл ийм худалдаа болно гэдгээ хэлэхгүй яасан юм бэ?, надад хуучин мөнгө байсан гээд л утасдах бүр ч хэцүү байсан. Ээж над руу утасдаад энэ юмыг чи хийж байгаа юмуу гэхэд нь тийм, гэсэн чинь чи одоо наадхаа боль, шоронд орох чинь дутаа юу, наана чинь эмнэлэг, цагдаагийн машин ирчихсэн харагдаж байна, хүн бэртэж гэмтэж, үхвэл яах юм гэж загнаж байсан. Дэлгүүр дотор байгаа бид нар телевизээр гарч байгаа байдал, машины түгжрэл зэргийг огт мэдээгүй байсан . Харин бид гадаа бэлдсэн их сайхан, том сюрпризээ өгч чадаагүйдээ би одоо болтол харамсдаг. Манай борлуулалтын машин дүүрэн 1 сая төгрөгийн чихэр, печенэн бүтээгдэхүүн байсан. Үүнийг бид асуулт хариулт бэлдээд таасан хүнд бэлэг өгөхөөр бэлдсэн байсан боловч, цугларч бужигнасан олон машин руу чулуу шидээд, энэ машиныг түлхээд онхолдуулчихья гээд дайраад байхаар нь манай машин арай гэж зугатааж гарсан гэсэн. Энэ худалдаа бол манай БОСА компани 5 жилийн ойгоороо нийслэлийн шилдэг ААН –ээр шалгараад, нийслэлийн иргэддээ барьсан бидний бэлэг байсан юмаа.

- Хуучин мөнгөний худалдаа сайхан болжээ?

Юу нь сайхан байхав дээ, хамаг дэлгүүрээ будаа болгоод, дээр нь бүтэн өдрийн орлого алдаад, орой 17 цаг болоод харанхуй болчихоод байхад хүмүүс онгойноо, онгойхоор нь энэ мөнгөөрөө бараа авна гээд сахиад суугаад байсан. Бид гарч чадахгүй, телевизийн хүмүүсийг арай гэж өөр хаалгаар гаргахад Та нар битгий арын хаалгаар бараагаа өгөөд бай гэж хашгиралдаж байсан. Тэр хүмүүсийн санаа сэтгэл үнэхээр 70,80-аад ондоо эргээд орчихсон байсныг би мэдэрсэн. Манай захирлууд телевизээр нэвтрүүлгээ хараад сайхан болжээ, баяр хүргэе гээд байдаг, би та дэлгүүрээ ирээд нэг хардаа гээд айгаад байдаг, ийм л юм болсон. Би ажил ч яахав, тэртэй тэргүй халагдсан, энэ их эвдрэл гэмтлийг төлж өрөнд орох нь гарцаагүй, ганцхан шоронд л битгий суулгаасай гэж бодож байсан. - Тэгээд яасан? Харин чи юу гэж бодож байна. Манай захирал Ц.Батбаяр маркетингийн хүн ийм л байх ёстой гэж надад баяр хүргэсэн. Их сайн хүн байгаа юм даа.

- Одоо та юу хийж байна? Одоо би хувийн компаниа байгуулаад, үйлчилгээний салбарт ажиллаж байна .

-Өөр?

Өөр гэж чи юу мэдмээр байна. Би “Танд тусалъя” жижиг бизнес эрхлэгчдэд зөвөлгөө өгөх төвийн зөвлөхөөр ажилладаг. УБ паласад зөвхөн концерт тоглодог байсныг өөрчилж, анхны цуврал лекцүүдийг зохион байгуулсан. Одоо би нилээд цар хүрээтэй зүйл рүү орох бодолтой байна. Clobal CEO шоутай дүйцэхүйц цогц хэлбэрээр зөвхөн дээд мэргэжилтэй ажилтны хүрээнд биш мэргэжлийн болон мэргэжилгүй ажилчдын хүрээнд хийх зүйл их байна. Би олон жилийн өмнөөс мэргэжилтэй ажилчдыг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх, мэргэжил, мэргэшлийн нэр хүндийг өргөх, ур чадварыг дээшлүүлэх талаар дорвитой ажил хийхээр төлөвлөөд яваад байгаа. Үсөүнийгээ биелүүлэх юмсан гэж хүсэж байна. Мөн бизнесийн сургагчийн хувьд бизнесийн системийг хэрхэн эзэмших арга барилд монгол маркетеруудаа сургах сургалтуудаа зохион байгуулна гэж төлөвлөж байна, - Таны зохион байгуулсан тэр нэвтрүүлэг 15 жил болжээ. Тиймээ. Тухайн цаг үе, тухайн орчиндоо бодит байдлаар хийгдсэн болохоор реалити шоу болж байна. Тэхдээ монголын хөрсөнд зохиогдсон Монголын анхны реалити шоу гэдгийг 2001 оны 12 сард Өглөө хөтөлбөрөөр энэ нэвтрүүлгийг үзсэн оролцсон, худалдан авалт хийсэн хүмүүс л мэдэх байх даа. - Ярилцлага өгсөн Танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсэн ерөөе Баярлалаа. Та бүхэндээ Монголд худалдаа үүсч байгуулагдсаны 95 жилийн ойн баярын мэнд хүргэж, худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа ажилтан ажилчид, түүний дотроос үе үеийн ахмадууддаа баярын мэнд дэвшүүлье



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


sainaa    7 сар, 1 долоо хоног [203.91.116.94]


Гоё санаа Мундаг арга хэмжээ байжээ


oyunaa    7 сар, 1 долоо хоног [150.129.140.179]


tuhain uedee realiti shou gej medeegui bol yamar yumniih ni realiti shou baihav de.Namaig baga baihad manai angid har Oyuna,shar,Oyuna,Nogoon Oyuna,buduun nariin geed mun ch ih oogiinuud baidag baij bilee.denduu buduuleg baisan baigaa yum da.bie bieniigee duuriagaad l.. adilhan ner uguud baidag baisan shig baigaa yum.odoonii zaluus saihan bolj.hol setgedeg bolj,bileg demberelee bodoj saihan saihan uvurmuts ner ugtsguuh boljee.humuusiin uhamsar,bolovsrol ch unudr bolj gej baharhaj suuh yum da


Энэрэл    7 сар, 1 долоо хоног []


Үнэхээр дайчин бүсгүй шүү. Амжилт хүсье