Анализ эксперт


Хошууч генерал П.Даш: Хилийн бүсийг байхгүй болгоод баялаг ухдаг бүс болгох далд сонирхол нуугдаж байж болзошгүй байна

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

УИХ-ын чуулганаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн нь маргаан дагууллаа. Энэхүү хуулийн төсөлд улсын хилийн шугмаас дотогш 100 хүртэл км газрыг хилийн бүс гэж үзэж тусгай журам үйлчилдэг байсныг өөрчилж, 15 километр болгоод хилийн зурвас гэж нэрлэн, хилийн бүсийг байхгүй болгохоор тусгажээ. Хилийн дархан байдалд халдах, хүчийг сулруулах гэсэн оролдлого гэж шүүмжлэгсэд ч олон байна. Хууль тогтоогчид ч хоорондоо талцаж маргалдсан хэвээрээ. Энэ асуудалд мэргэжлийн, мэргэшсэн, эксперт хүмүүс ямархуу байр суурьтай байгааг сонирхлоо.

Хил хамаалахад амьдралынхаа 32 жилийн зориулсан, “Хилийн харуул” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан, анхны Хилийн тухай хуулийн боловсруулсан хүний нэг, хошууч генерал Пүрэвийн ДАШ-тай ярилцлаа.



-Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Аль нь бодиттой гэдгийг салгаж, ялгаж ойлгох аргагүй болтол улстөржүүлж, талцах юм. Мэргэжлийн хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хилийн тухай хуулийг ярихын өмнө хил гэж юу юм гэдгийг сайтар ухаж, хил хамгаалах асуудлыг ойлгосон байх учиртай. Хил гэдэг чинь зөвхөн Монгол Улсынх юм шиг явцуурч болохгүй. Үнэндээ зөвхөн бидний л мэдэх асуудал юм бол хилийнхээ шугмыг нааш, цааш болгоод дураараа аашилж болно оо доо. Гэвч тэгдэггүй. Урагшаа болохоор Монгол Улс-БНХАУ-ын хил. Хойшоо болохоор Монгол Улс-ОХУ-ын хил гэж үзнэ. Хоёр тал хилээ тогтоогоод, тэмдэг тэмдэглэгээ тавиад, түүнийхээ дагуу хамгаалсаар ирсэн. Манай урд хил бол НҮБ-д бүртгэгдсэн. Харин хойд хилээ цаг үеийн нөхцөл байдлаас хамаараад бүртгүүлж чадаагүй юм билээ. Хилийн хамгаалалт гэдэг нөгөө улстайгаа хамтарч тохирч хамгаалахыг хэлнэ. Хил дээр гарах аливаа асуудлыг хөрштэйгээ ярилцаж байж шийддэг. Тэгэхээр хилийн цаана хэн байна, цаад хиллэдэг улсууд хэрхэн хамгаалж байна гэдгээ бодох ёстой. Хилийн цаана цэрэг байвал манайх цэргээр, цагдаатай бол цагдаагаар хамгаалж харьцмаар байгаа юм. Дэлхий нийтийн жишиг ч тийм. ОХУ, БНХАУ хоёулаа хилийн цэргээр хамгаалж байгаа. Тийм байхад бид хилийн цэргийг цагдаа болгоно энэ тэр гэж үймүүлэх хэрэггүй шүү дээ.

Монгол Улс ч гэсэн хилийн цэргээр хамгаалсаар ирсэн. Хөрш орнууд л нөхцөл байдлаа өөрчлөхгүй бол хилийн цэргээрээ хилээ хамгаалсан хэвээрээ байх нь чухал юм. Нэг амбицтай дарга гарч ирээд, шинэчлэл хийх гэж байна хэмээн баахан бужигнуулна. Нэг хүнд ажил гаргаж өгөх гэдэг ч юмуу эсвэл хил хамгаалах албаны хүчийг тарамдах ч гэдэг юмуу .

Хоёр жил гаруйн өмнө Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүргийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар шилжүүлсэн. Тэгснээр хилийн шалган нэвтрүүлэх алба нь зөвхөн боомтын аюулгүй байдлыг хангаж, дүрэм, журам сахиулах үүрэгтэй болсон хэрэг. Тэгээд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар болохоор улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх үүрэг хүлээсэн хэрэг. Ингэлээ гээд ахиц муутай. Хилийн цаана хэн байна, түүнтэй нь адилтгаж харьцах зарчим алдагдсан гэж боддог. Хилийн зөрчилийн асуудал гаргавал Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын ажилтантай биш хилийн төлөөлөгчөөр л дамжиж хэлэлцээр хийдэг. Хөрш орнуудын хил хамгаалах алба нь ижил статустай, адилхан зиндааны түвшинд харьцах гэх нь аргагүй. Монгол Улс хилийн боомтын асуудлаа хоёр байгууллагад салгаж хариуцуулсан юм билээ гэж харж үзэх үү гээд бодох зүйл их бий.

Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалах салбарын багц хуульд заасны дагуу тайван цагт хилийн цэрэг нь бие даасан үүрэг гүйцэтгэнэ гэдэг зарчмыг алдагдуулж болохгүй. Хилийн цэргийг цагдаа болгоно, Батлан хамгаалахын яаманд харьяалуулна гэж энэ хуулийн төсөлд тусгаагүй ч ийм сонирхолтой нөхдүүд байдаг нь нууц биш ээ.

-Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн найруулах цаг нь болсон уу?

- Монгол Улсын хилийн тухай хууль 1993 онд батлагдсан юм. Цаашид улсын хилийн аюулгүй байдлыг хангах, мөрдөх журмын зохицуулалтыг боловсронгуй болгох, улсын хил хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага бий. Техник, технологийн шинэчлэл хийх зайлшгүй нөхцөл бий болсон гэдэгтэй санал нийлж байгаа. Гэхдээ шинэчлэл хийнэ гэсэн нэрийдлээр хилийн бүсийг байхгүй болгохоор санаархжээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хилийн тухай хуульд хилийн бүсийн өргөнийг 100 хүртэл км-ээр тогтоохоор заасан байдаг. Гэтэл хилийн бүсийг байхгүй болгож, хилийн зурвас гэдгийг хилийн шугамаас 15 км хүртэлх радиуст байрлах нутаг дэвсгэрийг хамааруулахаар тусгажээ. 100 км хилийн бүсийг 15 км болгочихоор бусад үлдсэн газар нутагт нь тусгай хяналтгүй болно оо л гэсэн үг.

-Хилийн бүс хэрэггүй, 15 км хилийн зурвас тогтоочихье гээд улстөрчид шийдчихэж болдог юм уу. Уг нь хилийн бүс хэдэн км байвал аюулгүй байдлыг хамгаалахад зохимжтой, хил зорчигч нэвтэрлээ гэхэд хэр хугацаанд илрүүлэх магадлалтай гээд нарийн тооцоололтой байх ёстой юм биш үү?

-Хилийн зөрчил дотроос ч, гаднаас ч гарч болно. 100 км гээд санаан зоргоор утга учиргүй тоо тавьчихсан юм биш ээ. Хил хамгаалалтанд гүнтэй хамгаалах зарчим гэж байдаг. Түүнээс үндэслээд хилийн шугам, зурвас , бүс гэж гаргасан. Үүн дээрээ дөрөөлж хилийн хамгаалалтаа яаж зохион байгуулах вэ гэдгийг тодорхойлж, хуулиндаа тусгаж оруулсан юм. Хил зорчигч нэвтэрлээ, будилаантай асуудал үүслээ гэхэд Хилийн бүс, зурваст хэрхэн эрэн хайх, хил хамгаалах үйл ажиллагаа явуулах эрх , үүргийг нь заасан байгаа. Хэрэв тэр бүсийг 15 км болгочихвол тэр хэрээрээ л хилийн цэргийнхний үйл ажиллагаа явуулах боломж хумигдана аа л гэсэн үг. Яаж ч бодсон хил зөрчигч намайг бариарай гээд тэр газраа зогсоод байж байхгүй биз дээ.

- Хуулийн төслийг өргөн барихдаа “Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь нэмэгдэж, газар тариалангийн талбай, малын бэлчээр улам тэлж, хилийн бүсэд мөрдөх журам нь бодит амьдрал дээр зөрчигдөж, зарим талаар улсын хил хамгаалалтад төдийлөн ач холбогдолгүй болсон. Иймд хилийн бүсгүй байхаар оруулж байна ” гэж онцолсон юм. Тэгэхээр одоогийн мөрдөж байгаа хуулиар хүн суурьшиж, мал бэлчээж, ашиглахыг хориглосон хатуу заалттай биш биз дээ. Энэ нь хүндрэл үүсгээд байна гэж тайлбарлаад байна л даа?

- Хилийн бүс гэдэг нь хилээс 100 хүртэл км-ийн өргөнтэй татдаг шугам. Энэ бүс нутагт хил хамгаалалтын тодорхой дэглэмүүд үйлчилдэг. Жишээ нь, хилийн бүсэд хадлан тэжээл бэлтгэх, мал өвөлжүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад Хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авдаг. Түүнээс өөрөөр хориглосон зүйл байхгүй. Нээлттэй шүү дээ. Гэтэл үүнийг мушгиад боломжгүй юм шиг тайлбарлаж болохгүй ээ.

Миний хувьд Хилийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт нь орж ажиллаж байлаа. Отрядын дарга, тасгийн дарга байхаасаа оролцоод гар өргөж батлалцах хүртэл явсан хүний нэг. Тэр ажлын хэсэгт ажиллаж байсан Наранжамц хурандаа Батлах хамгаалахын их сургуулийн сургалтын албаны дарга хийж байгаа. Сүндэв генерал ч бий. Амьд гэрчүүд бид нар байж байна.

Тэнд хүн амьтан амьдарч, сууршиж болохгүй гээгүй юм шүү дээ. Харин ч газар нутгийг хилд тултал эзэмшүүлэхийн төлөө Хилийн тухай хуулийг гаргасан, ийм ч бодлого барьж байсан. Одоо энэ бодлого алдагдчихаагүй бол.

Улсын хил гэдэг чинь эзэнгүй байгаад байх юм бол цаанаас “мэрээд” байдаг механизм бий л дээ. Хилийн багана алга болчихлоо гэдэг ч юмуу голын гольдрил өөрчлөгдөхөөр үүгээр байгаагүй гэж зүтгэх гэхчилэн асуудал гарна. Манайх урд хилээ тогтооход 39 газар маргаантай байсан. Үүнийг шийдэхийн тулд бөөн л яриа хэлэлцээр болсон. Энд манай өвөг дээдэс байсан юм аа, булш, бунхан нь энэ байна гээд л . Тэгээд харилцан ярилцаж байж тогтоосон. Саявтархан даа, манай улс хойд хилээ тодотгосон. Нарийны голын гольдрол өөрчлөгдсөн байх жишээний. Үүгээр байсан гээд бөөн асуудал болж, УИХ-аар хэлэлцүүлж байж шийдсэн юм. Манай улсын хойд хилийн урт 8162 км байлаа. Голын гольдрил өөрчлөгдсөн гэж зүтгэж байж 8220 км болгосон. Ийм зүйл дээр өгөх, авахын асуудал гардаг. Хүн мал суурьшуулж, байшин барилга барьж, аль болохоор хилрүү тулж амьдраад энэ сайхан нутаг дэвсгэрийг хамгаалаад ашигламаар байна. Тэд нар өөрсдөө хамгаалагч болдог. Суурин соёл иргэншилтэй газар яаж байна гэхээр хилээ тулгаад байшин барьчихна. Хилээ найдвартай хамгаалах нэг арга нь байх.

Гэхдээ нэг зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тэнд хүн оршин суух, байгалийн баялгийг ухах чинь тэс ялгаатай зүйл. Оюутолгойг хар даа. Ерөөсөө баялгийг хурдхан ухаж авахыг зорьж байгаа болохоос биш суурьшлын шинэ бүс бий болгох зорилго алга. Ашиглаад дуусахаараа хэдэн онгорхой нүх л үлдэж таараа.




-Хилийн дагуу байрладаг 70 гаруй сумын хэмжээнд нийт 1044 лиценз олгогджээ. Энд ашиглалт, олборлолт явуулахын тулд л хилийн бүсийг 15 км болгож, хараа хяналт, зөвшөөрөлгүй болох гэсэн сонирхол байна уу гэж хардаад байгаа юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би ч гэсэн ингэж хардаад байгаа хэрэг. Өмнө нь хилийн 100 км бүсэд уул уурхайн компани үйл ажиллагаа явуулахаар болбол зөвшөөрөл авдаг байсан бол энэ өөрчлөлт орвол дураараа дургих боломжтой болох нь. Ер нь ажиглаад байхад гадаадынхан ашиг малтмал ашиглахаар хөрөнгө оруулахаар болбол хяналттай, хилийн бүсэд үйл ажиллагаа явуулах дурамжхан байдаг байж мэднэ. Тийм болохоор бүсээс гаргачихвал хяналтгүй, чөлөөтэй болно гэж тооцоолсныг үгүйсгэхгүй. Бас хайгуулын лицензийг ашиглалтынх болгохын тулд энэ бүсээс гаргах нь чухал ч байж мэднэ л дээ. Одоо хилийн бүсэд уул уурхай эрхэлбэл эрхбиш нэг хуулийн зохицуулалттай, хяналттай байгаа. Үүнийг байхгүй болгочихвол хил гэдэг сүүлдээ байгалийн баялгийг очиж ухах бүс болж хувирч мэднэ шүү дээ. Тийм болохоор л хилийн бүсийг байхгүй болгоод баялаг ухдаг бүс болгох далд ашиг сонирхол нуугдаж байж болзошгүй.

Ашигт малтмал олборлож байгаагаас болоод Гурван тэс суманд хүн, мал сүрэг нүүхээс аргагүй болж аргаа барьж байгаагаа ярьцгааж байна шүү дээ. Хилийн бүсийг байхгүй болгоод баялаг ухдаг бүс болгочихвол юун хүн суурьших байтугай зугтаана биз дээ. Ашигт малтмалыг ашиглах нь зөв ч гэлээ бодлоготой хандмаар байна. Оюутолгойгоос 10 дахин бага нөөцтэй атлаа Эрдэнэт үйлдвэр монголчуудыг 30, 40 жил тэжээлээ. Одоо бид өлбөрч үхэх гээд байгаа юм хаана байна. Оюу толгойгийнхоо үр өгөөжийг хүртэх байтугай улам л нэмж өрөнд ороод байна шүү дээ. 34 хувийнхаа санхүүжилтийг хөрөнгө оруулагчаас хүүтэй зээлээд авчихсан. Тэр зээлийн хүү өссөөр өр нь талийж өгч байгаа биз дээ. Монголын нутаг дэвсгэр дээр бид хэд амьдраад дуусчих гээд байгаа юм биш. Байгалийн баялгаасаа хойч ирээдүйдээ үлдээх ёстой л гэж бодох юм. Бүгдийг нь ум хумгүй ухахын тулд хилийн бүсийг хүртэл байхгүй болгож, хилийн цэргийн хүчийг сулруулж, ийм л зүйл хийх гэж байгаа бол нүгэл шүү.

-Хилийн бүсээ 100 км гэж тооцоод хилийн застав, отрядаа байгуулсан байх. Гэтэлд 15 км зурвас болгочихвол тэднийгээ ч гэсэн нүүлгэх шаардлагатай болох юм биш үү. Санаан зоргоороо л отряд байгуулаагүй байлгүй дээ?

-Арай ч тэгж чадахгүй л дээ. Хэрвээ тийм зүйл болбол бослого гарах байлгүй дээ. Өөрийн чинь хэлдэгээр застав, отрядыг 100 км хилийн бүсээр тооцоолж л байгуулсан. 15 км болчихвол үйл ажиллагаа явуулдаг бүсээсээ өчнөөн кмын зайтай болж алслагдана.

Хилийн отрядууд Улаангом, Ховд аймгийн Үенч сум, Говь-Алтай аймгийн Алтай сум, Өмнөговийн Овоотод, Даланзадгадад, Эрдэнэ, Онгон суманд гээд ихэнхчлэн аймаг, сумын төвд бий. Ийм өөрчлөлт орвол оршин байгаа нутаг дэвсгэр дээрээ, тэр зурвастаа үйл ажиллагаа явуулах хүрээ хумигдаж байгаа хэрэг. Хэн тэрийг хориглосон юм гэж тайлбарлах байх л даа. Гэхдээ л хилийн зурвас ,бүсэд ямар үйл ажилагаа явуулах эрх, үүрэгтэйгээ хуульчилсан байдаг. Үүнийг нь 15 км болгоод багасгачихвал хэрхэх нь тодорхой болно биз дээ. Үнэхээр тийм болчихвол аймгийн төв дээр отряд байхын хэрэг байгаа ч юмуу гэсэн бодол төрж сууна.

-Хилийн цэргийг хүчгүйдэх алхам юм биш үү?

-Магадгүй ээ.

-Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоногт 0168 дугаар анги буюу Сулинхээрийн отрядыг Дорноговь аймгийн Хатанбулаг сум руу нүүлгэн шилжүүлэх ажлыг хийжээ. Сулинхээрийн отрядыг нүүлгэх зардалд улсын төсвөөс 2 тэрбум 100 сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл хэвлэлээр хөвөрч байна. Үүнийг та юу гэж дүгнэж байгаа бол?


-Цагаан алт гарсан. Түүнийг ухах гэж тэндээс нүүлгэсэн гэж нутгийн хүмүүс ярьцгаах юм билээ. Уг нь тэр отрядыг тухайн үед их хөрөнгө хаяж байгуулж байсан юм шүү дээ. 1973 онд хилийн цэрэг дахин байгуулагдсны дараагаар отряд байгуулагдаж, тусгай хорооны даргаар нь Жанцан очиж байсан юм. Сум суурин газар байхгүй, алслагдмал, хүүхэд сургууль, цэцэрлэггүй байна гэж элдэв шалтаг тоочиж байгаад нүүлгэж байгаа биз. Уг нь хүүхдүүдийг цэцэрлэг, хичээлд суулгахын тулд эсвэл хэсэг хүмүүсийн ахуй амьдралыг нь бодож хилийн отряд байгуулдаггүй юм шүү дээ. Хаана байж хаанаас хамгаалах шаардлагатай вэ гэдгийг нарийвчлан тооцож байгаад байршлыг тогтоосон хэрэг. Тэндээс нүүлгэчихээр тэр орчим эзгүй болж байгаа нь мэдээж. Энэ тухай ярихад эртний зүйл санаанд орчихлоо. Намайг Ховдын отрядын дарга болоод очиход заставын дарга нь зун болохоор нүүгээд Бумбат гэдэг газар буучихдаг байв. Энд сайхан зусч байгаад намар буугаад ирдэг. Тэгээд миний бие “Байгалийн сайхныг дагаж хил хамгаалдаггүй юм,хил хаана байна тэрийг хамгаалах үүрэгтэй” гэж өргөх бичиг барьж хилээ хаяж явдаг асуудлыг дахин гаргуулахгүй байхаар шийдүүлж байсан. Хил хамгаалж байгаа нэр зүүгээд хаяж зугтдаг байсан тохиолдол бий. Хил гэдэг хэн нэгэн эрхтэн дархтанд таалагдах гэж эсвэл баялгийг хамах болохоор дур зоргоороо нүүлгэдэг ч юм биш ээ. Хил гэдэг бол Монголын Улсын тусгаар тогтнолын тэмдэг.


-Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сайжруулах шаардлага бий болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Ер нь Хилийн цэрэг бие даасан байгууллага байх гэж нэлээн ч зовлон туулсан гэх юм билээ. Энэ үнэн үү?

- Хилийн цэргийн алба багагүй бэрхшээл туулж байгаа нь үнэн л дээ. 1949 онд хувьсгал ялаад социалист орон боллоо, хил хамгаалаад яах юм гээд 1953 онд хилийн цэргийг татан буулгасан юм билээ. Татан буулгаад урд хилийг 10 функтаар хамгаалж байсан юм. Энэ нь нэг дарга,нэг орлогчтой, 10 цэрэгтэй. Цэрэг хилийн шугмаа шалгах гэж гараад сарын дараа эргэж ирдэг байсан гэдэг. Нэг удаа дарга нь томилолт өгөөд явуулсанаа мартаад алга болчихлоо гээд цэргийн шүүхэд өгсөн тохиолдол ч бий.

1967 оны үед Хятадад Соёлын хувьсгал гарч, тэвдлээ. Тэгээд Хилийн цэргээ дахиж байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш явсаар өдийг хүрч байна. Үндсэн хууль батлалцахад хилийн цэргээс таван хүн орж байсан. Түүний нэг нь би. Улсын хилийг хуулиар баталгаажуулна гэсэн заалтыг Үндсэн хуульд тусган оруулсан юм.Тэгээд л Хилийн тухай хууль баталж гаргасан түүхтэй. Өмнө нь хилийн албаны дүрэм гэдгээр зохицуулагддаг байсан. 1996 оны сонгуулиар АН гараад хилийн цэргийг Батлан хамгаалах яаманд харьяалуулсан. Тэгэхээр төсөв нь багасч, байдал хүндэрсэн. 2000 оны сонгуулийн дараа МАХН ялалт байгуулсан. Тэгээд Хилийн цэргийг Хууль зүй дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд шилжүүлсэн юм шүү дээ. Яамнаас өдөр тутмын үйл ажиллагааг удирдаад байхгүй учраас Хилийн цэргийн алба бие даагаад үйл ажиллагаа явуулах болсон юм аа. Халдах хэрэггүй зүйлээрээ оролдож, хилийн асуудлаа хэрүүлийн талбар болгохын оронд улам бэхжүүлэхэд анхаарч, хуулийг хилийн хамгаалалтын зарчимтайгаа нийцүүлж гаргаасай л гэж хүсч байна даа.



Холбоотой мэдээлэл


Хүлэмжний  хувьсгал
Хүлэмжний хувьсгал
1 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.