Аналитик


Хонхны дууг алхны дуу тосч авлаа

4 жил TIMES.MN

Өнгөрсөн долоо хоногийн хувьд сайдын суудал, цэцэрлэгийн сугалаа, алтан медалийн горьдлоготой өдрүүд үргэлжиллээ.  Сэтгүүлч миний хувьд  долоо хоногийн тоймоо гэгээлэг мэдээллээр эхлүүлье гэж бодлоо.  Мэдээж энэ бол  хичээлийн шинэ жилийн баяр.  Зургаан настанууд сургуулийн алтан босгыг алхаж, цэцэрлэгийн бяцхан жаалууд  сугалаа сугалж аз таарсан нь квотод багтан цэцэрлэгийн албанд мордсон юм. Хичээл сургуулийн ажил эхлэхтэй зэрэгцэн оюутнууд автобусанд үнэгүй явах эрхээ авахаар   Нийслэлийн засаг даргад шаардлага хүргүүлсэн ч тийм ч таатай хариулт явч чадсангүй. Өнгөрсөн долоо хоногт бас нэг бахархууштай үйл явдал болсон нь “Үндэсний брэнд-2015” шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээ шалгаруулсан юм. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан “Үндэсний брэнд -2015” үзэсгэлэнгийн шилдгээр “Монхимо” компанийн адууны ясан кальци тодорсон.  Түүнчлэн манай цэргийн ангийнхан Хятадын цэргийн парадад амжилттай оролцож Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж чадлаа. Мөн жүдогийн эрэгтэй тамирчид дэлхийн аваргын багийн тэмцээнд анх удаа хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.   Харин улс төрийн хувьд сайд нар нэрсийг өргөн барих эрхийн хугацаа дуусах байлаа. Намууд засгийн газрын гишүүдийн нэрсийг дэвшүүлж, ерөнхий сайд өргөн барьсан ч ерөнхийлөгч нэр дэвшсэн сайд нарын нэрийг хүлээн зөвшөөрсөнгүй. Ямар боловч ор гарсан зургаан сайдын нэр эцэслэгдэж УИХ-ын ээлжит чуулганы тов гарлаа. Ээлжит бус чуулганаар зургаан сайд, Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хэлэлцэх юм.  Ингээд зарим онцлох мэдээллийн тоймтой танилцъя.

“Монхимо” компани Гран Пригийн эзэн боллоо


Монголд анх удаа ЖДҮ эрхлэгчдийн “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” шалгаруулах үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам амжилттай зохион байгуулсан юм. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-30-ны өдрүүдэд Чингисийн талбайд зохиогдсон бөгөөд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос үйлдвэрийнх нь үнээр худалдан авах боломж олгосноороо онцлогтой. Ийнхүү үндэсний шилдэг бүтээгдэхүүнээ шалгаруулж “Монхимо” компанийн адууны ясан кальци энэ удаагийн үзэсгэлэнгийн шилдгээр тодорлоо. Дашрамд дурьдахад   үзэсгэлэн цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болжээ.

О.Баасанхүү: С.Баярцогтыг огцруулна


Зургаан сайдын нэр өргөн барихтай зэрэгцээд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын  дарга С.Баярцогтыг огцруулах саналыг  өргөн барих болсон. Тэрээр огцруулах үндэслэл гарган тайлбарласан байна. Тэрбээр хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавих бол 19 гишүүн, бусад сайдын тухайд нэг гишүүнийг огцруулахаар төсөл санаачилж болдог учир энэ төсөл хэрэгжих боломжтой. О.Баасанхүү нэг сайдыг огцруулах гэж явах нь төрийн тогтвортой байдлыг бужигнуулсан мэт харагдах учраас зургаан сайдын нэрийг өргөн мэдүүлэхтэй зэрэг С.Баярцогт гишүүнийг огцруулах сайдуудын жагсаалтанд оруулна гэжээ. Ийнхүү АН-ын хамгийн найдвартай хамтрагчаар тодроод байгаа МАХН-ын гишүүн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг огцруулах бичиг өргөн барих гэж байна. Ажиглагчдын үзэж буйгаар энэхүү үйлдэл нь Өршөөлийн хуульд тавьж байгаа шантааж гэж тайлбарлах нь ч байна.

Зургаан сайдын нэрс тодорлоо


Зургаан сайдын нэрс эцсийн байдлаар тодорсон байна. Тодруулбал, "Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулан Ерөнхий сайдад хүргүүлжээ. "Шудрага ёс" эвслийнхэн Ц.Оюунбаатарыг Шадар сайдад, Н.Батцэрэгийг Барилга хот байгуулалтын сайдад, З.Баянсэлэнгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад нэр дэвшүүллээ. Харин АН-аас М.Зоригтыг Зам тээврийн сайдад, Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдад, Б.Болорыг Сангийн сайдад нэр дэвшүүлэхээр саналтай байгаа аж."Шударга ёс” эвслийн бүлгийн сайд нарын нэрс тодорхой болсон учраас Ерөнхий сайд өнөөдөр үдээс хойш сайд нарынхаа нэрсийг УИХ-ын дарга өргөн барих болов уу гэсэн таамаг байсан ч эх сурвалжийн мэдээлж буйгаар төрийн албан хаагчид АТГ-т хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хянуулдаг хуулийн дагуу нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урдчилсан мэдүүлгийг АТГ яг одоо хянаж байгаа гэнэ. Үүнд үндэслэн АТГ тухайн хувь хүний хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх үү, үгүй юу гэдгийг хянах үүрэгтэй. Энэ жишгээр АТГ үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна.

Ерөнхийлөгч Ч.Сайханбилэгийн зургаан сайдыг хүлээн зөвшөөрсөнгүй


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наймдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах хүмүүсийг зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн саналтай танилцаж хариу илгээжээ. Тэрбээр хариу бичигт “Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал хоорондын хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулахын тулд УИХ-ын гишүүг Засгийн газрын гишүүний албан тушаалыг нэг хүнд давхардуулж, хашиж болохгүй гэсэн зарчмын байр сууриа дахин нотолж, дээрх томилгоог дэмжихгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналаа дахин зөвшилцөхийг хүсье” хэмээсэн.

Оюутнууд шаардлага хүргүүллээ


Монголын оюутны холбооноос оюутнуудаа төлөөлөн нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжийг хурдан хангаж өгөхийг шаардан өнөөдөр нийслэлийн удирдлагуудад шаардлагаа хүргүүлсэн байна. МОХ-ны мэдээлж буйгаар шаардлагын хариуг маргааш 12.00 цагийн дотор өгөхгүй бол ойрын хугацаанд жагсаал зохион байгуулахаа мэдэгджээ.Үүнээс гадна МОХ-ны тавьж буй шаардлага нь оюутнуудын хичээл, гэр рүүгээ хүрэх ганцхан удаагийн суулт үнэгүй байх нь буруу гэж үзэж байна. Учир нь сургуульдаа хэд хэдэн автобусаар дамжин ирдэг оюутнуудад хүндрэл учирна хэмээн үзэж байгаа юм. МОХ-ноос оюутнууд нийтийн тээврээр зорчих картыг хаанаас авах нь тодорхойгүй учраас одоог хүртэл тэдний гар дээр карт ирээгүй хэмээн мэдээлсэн.

Д.Отгондалай азийн ренгинээс 2 дахь алтан медалиа авлаа


Ази тивийн аварга шалгаруулах боксын XXVIII дахь удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн 60кг-д Доржнямбуугийн Отгондалай түрүүллээ.  Тэрбээр алтан медалийн төлөө Казахстаны боксчин Сафиуллинтай тоглож гурван үеийн турш илүүрхсээр хожсон юм.60кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай маань эхний даваандаа гоц мөргөж, улмаар Индонези улсын тамирчин Папенданг, эзэн орны боксчин Лонгчин нарыг ялж хүрэл медалын болзол хангасан.Мөнгөн медалын төлөө Узбекстаны Авдураймовтой тоглож 3-0-ээр өрсөлдөгчөө буулган авсан юм. Мөнгөн медалийн төлөөх тоглолтын гуравдугаар үед Д.Отгондалайгийн хөмсөг задарсан ч тэрээр ялалтаар төгсгөлөө хийж чадсан.Финалын тоглолтын гуравдугаар үед мөн л хөмсөгнөөс болж шүүгч хоёр ч удаа тоглолтыг зогсоосон ч Д.Отгондалай илүү тоглолтынхоо ачаар өрсөлдөгчөө буулгаж авлаа.  2014 оны Азийн наадмаас алтан медаль хүртэж байсан бол 2015 онд тивийн аварга цолоор амжилтаа баталгаажуулж Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандууллаа.





Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.