Аналитик


Женкогийн Ч.Сайханбилэгт дайсан үгс

4 жил TIMES.MN

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дагасан залуусыг мөрдөж эхнээс нь баривчиллаа.  Түүний "баруун гар" гэгддэг хамгаалагчаас Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ дэвшсэн Б.Батзаяаг хорих хугацааг сунгасан байна. Мөн зөвлөх байсан Ч.Ганбат, Монголын төмөр зам ТӨҮК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг баривчлах шийдвэр хамт гарсан ч гадаадад байгаа учир хуулийнхан  саатуулж чадахгүй байгаа гэх таамаг хэвлэлээр хөвөрч  байна. Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийг дагаад, мөшгөөд, гэрийнх нь ойролцоо отолт хийгээд байгааг ч  Женког нуулгүй дэлгэсэн юм.  Б.Батзаяаг баривчилсны маргааш нь Женко сандарч Төрийн ордонд "халхавч"-тай хэвлэлийн хурал хийсэн нь эрхгүй анхаарал татаж байна. Учир нь шууд баривчилгааг буруутгаад эхэлбэл, утгагүй харагдана гэж бодсон  гэлтэй. Тиймээс Тавантолгойн гэрээний төслийг  унагах ажлын  ил дүр нь гэж  хэвлэлээр цоллуулаад  байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хамт хэвлэлийн хурал зарласан хэрэг. Хурлыг Тавантолгойн тогтоолын төслийг боловсрууллаа, үүнийг 40 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан гэж тайлбарлан эхлүүлсэн юм. Яагаад шууд баривчилгааны талаар байр сууриа шууд илэрхийлээгүй нь учиртай.  Тавантолгойн тогтоолын төслийг наах гэсэн  болохоор л халхавчтай гэж онцлоод байгаа хэрэг.

 Одоо хэвлэлүүдээр Тавантолгойг гартаа оруулах, эрх мэдлээ удаан хадгалах, их хөрөнгөний эзэн суухын төлөө , Женкод сануулга өгөх  золиос нь Б.Батзаяа болчихлоо гэсэн мессежийг олон нийтэд суулгах гэж оролдож байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга ч энэ тухайгаа ч нууж чадалгүй  ам алдсан  байна лээ. Цагдааг хэн томилдог билээ, тэр нь Ерөнхий сайд. Зөвхөн сандал суудлын төдийхөн биш эрх мэдлээ удаан хадгалах, Тавантолгой хэмээх үүцэд хяналтаа тогтоох гэсэн далд ажиллагааны илрэл гэдгээ тойруухан үгээр ярилцлагадаа онцолсон харагдсан. Үүнээс харахад Женко Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур гэж үзэж байгаа юм байна. Тэрээр  "Би багийнхаа хүмүүсийг хамгаалах болно шүү" гэж үгээ хэвлэлээр дайсан. Тэгэхээр хараад  зүгээр суухгүй гэдэг нь тодорхой. Мөнгөтэй, нөлөөтэй, танилтай тэрээр Б.Батзаяаг суллуулах талаар хөөцөлдөж байгаа биз. 

 Женкод сануулга өгөх гэж гэм зэмгүй хүнийг барьж хориод баймааргүй. Магадгүй асуудлыг займчуулах, уснаас хуурай гаргах  гэсэн Женкогийн тактик байхыг үгүйсгэхгүй. Том асуудалд нааж сугалах аргыг хэрэглэж байна уу  эсвэл гэдгийг цаг хугацаа л харуулна биз ээ.

Х.Галт  





Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.