2017-01-20
TIMES Ярилцлага 8 сар


Г.Мандахнаран: Амралтаараа хүүхдүүдтэйгээ уулзах нь миний хамгийн жаргалтай үе

2016-5-Р Сар-24 TIMES.MN

Монгол улсын гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга , Армийн дэлхийн аварга,Оюутны универсиад наадмын хүрэл медальт Г.Мандахнарантай ярилцлаа.


Лас Вегасын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл  медалийн төлөө барилдаж 5-р байранд ороод олимпийн эрхээ  авсан. Анхны олимпийн эрхээ авах мөчид юу бодогдож байв?

Миний хувьд анхны олимподоо орох гэж байгаа.Олимпийн  эрх авах миний хувьд чанга байсан. Өмнө нь  хоёр ч удаа  олимпийн эрх  авах бололцоо  байсан ч  ялихгүй  юман дээр алдаа гаргаж хүмүүсийн хэлдэгээр   хамраа таслуулан  алдаж байсан.  2016 оны олимпийн эрх авсан явдал  17-18 жил энэ спортоор хичээллэсний хувьд  олимпод орж чадахгүй  гэж үү гэсэн чармайлтын үр дүн  гэж бодож байна.

Дэлхийн дэвжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тамирчдын ур чадварыг хараад байхад барилдааны талбарт гарангуутаа эрсдэл дагуулж болох алхмуудаа  түрүүлж хийгээд байх шиг харагддаг. Гэтэл өөрийн чинь хувьд  сүүлийн эгзэгтэй мөчүүдэд  санаачлагыг гартаа авч өөртөө оноо авч эхлэдэг онцлогтой. Энэ арга барил чинь сая  олимпийн эрх авах шийдвэрлэх мөчид ялалт авчирсныг спорт сонирхогчид хэсэгтээ л ярьсан?

Миний хувьд өрсөлдөгчдөө   хожигдож яваад , сүүлийн эгзэгтэй мөчүүдэд  оноогоор гүйцэж, хождог тал байдаг л даа.   Лондонгийн олимпийн эрхийн төлөөх тэмцээнд Укрианы  бөхтэй   9:0-оор хожигдож яваад  нэг л оноо  алдвал хожигдох  эгзэгтэй мөчид өрсөлдөгчөө барьж хожсоноор олимпийн эрх авсан.

Сүүлийн үед дэлхийн дэвжээнд өрсөлдөж байгаа тамирчдын  чадвар зүйрлэж хэлвэл геометрийн прогресс шиг дээшилж байгаа нь  харагдаад байна л даа. Тамирчдын чадварыг тусгайд нь судалдаг эрдэм шинжилгээний  судалгааны баг хүртэл байдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ. Одоо өрсөлдөгчөө хэр сайн судлахаас тамирчны амжилт ихээхэн шалтгаалаад байх шиг? 

Эрэгтэй чөлөөт бөхийн хөгжил 100 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд маш их өөрчлөгдөж, хөгжлийн  хамгийн дээд түвшиндээ очоод байна гэвэл хилсдэхгүй байх. Шинэ мэхээр хождог байдал халаагаа өгч одоо ганцхан хөдөлгөөнөөр хождог болсон байна. Анх  мэхээр дараа нь барьцаар тэгээд зөвхөн хөлийн гишгэгдлээр хождог байсан бол одоо зөвхөн хөдөлгөөнөөр гэсэн үечлэлээр барилдааны арга техник улам нарийсч байгаа. Энэ удаа манай эрэгтэй чөлөөт багийн хамт олон олимпийн зургаан эрхээ авч чадсан нь Монголын чөлөөт бөхийн  хөгжил ямар түвшинд байгааг харуулж байна. Өрсөлдөгчид болон тамирчдын ур чадвар олимп болох тусам  сайжирч байна. Яагаад гэвэл олимпийн цикл болох бүрт өөрсдийн биеийг маш сайн бэлтгэж, өрсөлдөгчөө сайн судалж байна. Дээр нь дэлхий даяар даяарчлагдаж байгаа энэ үед  цахим ертөнцийн мэдээлэл асар хурдтай хөгжиж өрсөлдөгчөө бүх талаар нь судалж чадаж байна. Тиймээс жил ирэх тусам  өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэхгүй бол өрсөлдөгчдөө амархан судлагдаж, амжилт гаргаж чадахгүйд хүрэх цаг үе ирээд байна. Ялангуяа жил бүрийн ДАШТ болон олон улсын томоохон тэмцээнүүдэд заавал шинэ мэх сурч, өрсөлдөгчдийнхөө тооцоолоогүй мэхтэй очих шаардлагатай байдаг. Энэ үүднээс тамирчид бид багш дасгалжуулагчид болон бөхийн мэргэжилтнүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж, өөрсдөө судалгаагаа сайн хийж байсны хүчинд манай баг хамт олон тодорхой амжилтуудыг  үзүүлж яваа гэж боддог. 

Өрсөлдөгчөө хэр сайн судалдаг вэ?

Өрсөлдөгчийнхөө бичлэгийг үзнэ. Мэхнүүдийг нь нарийн тооцоотойгоор судална. Тэгээд бэлтгэл дээрээ туршиж үздэг.


Ийн судалж байх үед өрсөлдөгч чинь бас л өөрийг тань судалж байгаа нь лавтай ?

Үйлдэл хөдөлгөөнийг магадлалын онолоор алгоритм шиг таамаглаж болдог. Тухайлбал сая энэ хүн баруун хөл авч байсан. Тэр нь дутуудвал ийм барьцанд очдог. Мэхэнд нь  хамгаалалт хийхэд дараагийн  хөдөлгөөн нь энэ байх магадлалтай гэх мэтээр  тооцоололт сайн хийх хэрэгтэй болдог. Эсвэл бүх магадлалыг нь бодож олоод,  тэр хүний арга барилыг урьдчилж таамагладаг.  Нөгөөтэйгүүр хүний  сурсан  зүйл  гэж байдаг. Яагаад гэвэл  тухайн тамирчин арга ядаж сандрахдаа заавал сурсан юмаа хийдэг. Тэрийг нь онилж барилдах үе гарна. Жишээ нь удахгүй  болох  олимпод оролцохдоо ганцхан тамирчин  дээр биш тэнд  оролцох 22 хүнтэй барилдах арга барилаа олсон байх шаардлагатай.

Тамирчин хүний амжилт бэлтгэл хангагчаас ихээхэн хамааралтай  байдаг болов уу?

Ганцаар тогтохгүй  олон  бэлтгэл хангагч хэрэгтэй болдог. Монголд бэлтгэл хийх хэмжээний тамирчид олдохгүй бол гаднаас  чадвартай хүн авчрах  шаардлага  ялангуяа олимпийн циклийн үед гардаг. Үүнийг шигшээ баг болон холбоодууд  шийддэг. Тэд өөрсдийн ажлын хуваарилалтыг мэдэж байгаа учраас хийгдээд явах байх.

Олимп хариугүй ойртож байгаа энэ үед цаг хугацаа, хором  мөч бүр үнэтэй байгаа байх?

Нэг хором нэг  мөч хүртэл үнэтэй байна. Гэхдээ хэдэн жилийн өмнөөс бэлтгээд эхлэсэн болохоор  номоор зүйрлэвэл   төгсгөл хэсэг рүү  нь орж байна. Өөрөөр хэлбэл бүгдийг нь уншиж судлаад дуусгах   шатандаа орж байгаа. Ганцхан яаж төгсгөхийг нь үзэх л үлдээд байна.Урьд нь олимпийн дайны азийн  наадмаас эхлээд  тив дэлхийн , олон улсын томоохон тэмцээнүүдэд  оролцож байсан болохоор ерөнхий багцаа байна. Олимп гэдэг сүрдмээр зүйл биш.Ялгаа байхгүй дэлхийд  барилддаг залуучууд бүгд оролцоно.Гэхдээ тэдний өмнө улаан шугам тавьчихсан. Арай сайнууд нь орно.Бэлтгэлээ сайн хангасан байхад дааж давшгүй даваа биш.

Гучин нас гэдэг тамирчин  хүний ид оргил үе нь гэх үзэл байдаг?

Монгол хүний амжилт   25 наснаас хойш эхлэдэг гэдэг  л дээ. Би 27 –тойдоо анхны медалиа  дэлхийн тэмцээнээс авч байсан. Миний хувьд ч бас 30 нас гэдэг ид яваа идэр нас гэж үздэг.

Бэлтгэл хийж байгаад шантарч байсан үе бий юу?

Мэдээж хүн өөрийгөө ялж байж тамирчин болно.Хамгийн хэцүү нь гэвэл жин хасах. Бас  бэлтгэлийнхээ ачааллыг дийлэхгүй баг хамт олныхоо ард үлдэх хэцүү. Бэртэл гэмтэл авах  гэх мэтчилэн хэцүү зүйл цөөнгүй. Энэ бүхний ард нь гарч тууштай байж амжилт гаргадаг.

Олимпод гол өрсөлдөгчид чинь хэн бэ?

 ДАШТ-нд сүүлийн хоёр жил алтан медаль хүртсэн Италийн тамирчин,мөн Кубийн тамирчин Чаминзо , Оросын тамирчин  Соцлон Романаваас гадна  оросын хэд хэдэн тамирчин бий. Ер нь бол тэр нь хамгийн хэцүү гэх аргагүй. Бүгд жигдхэн байгаа.

Мэргэжлийн бөхийн холбооны шинэчилсэн дүрмээр 65 кг-д барилдах болсныг чинь мэдэх юм. Энэ нь амжилтанд  чинь нөлөөлж байгаа тал байна уу?

 Өмнө нь 66 кг-ын жинд барилдаж байгаад Мэргэжлийн бөхийн холбооны шинэчилсэн дүрмээр 65 кг-д барилддаг болсон.  Хуучин олимпийн циклүүдэд 60 кг-ын жинд барилдаж байлаа.Тэгэхэд жин их хасдаг байсан болохоор  тодорхой бэрхшээлүүд байсан.Чөлөөт бөхийн дурэм шинэчлэгдэж  65 кг-ын жинд барилдах  болсон маань миний барилдааны ур чадвар , хувь хүний чанарт    тохирч байгаа. Хуучин оноо  авалцахгүй аль нэг нь сонголт хийж хождог байсан бол одоо  заавал оноо авалцдаг болсон . Оноо авалцахдаа сүүлийн оноогоор хожино гэсэн дүрэмтэй.   Барилдаан үргэлжлэх тусам өрсөлдөгчөө илүү мэдрэх онцлог надад байдаг.Тэр онцлог маань энэ дүрэмд сайн тохирч байгаа учир амжилт гаргах гол нууц  болж байна.

Тамирчин хүн хувийн дэглэм барина гэдэг асар том хариуцлага байдаг нь мэдээж?

Хувийн дэглэм барина гэдэг нь маш том хариуцлага.  Дэлхийн  олимпийн   гурван удаагийн аварга   Туркийн  алдарт бөх амжилт гаргаж болно.Хамгийн гол нь тэр амжилтаа удаан нэг хэмжээндээ барих маш хэцүү. Энэ бэрхшээл тамирчин хүн бүрт байдаг. Үүнтэй адил бид порм барихын  тулд өдөр бүр тогтмол бэлтгэл хийдэг. Идэж уухдаа хүртэл анхаарна. Дээрээс нь бэртэл гэмтэл авах вий  гэж болгоомжлохоос эхлээд  яривал их олон зүйл бий. Тамирчин хүн үеийн залуус шигээ найз нөхөдтэйгөө гараад хөгжилдөж  ганц нэг шар айраг ууна гэж байхгүй.  Ихэнх цагийг бэлтгэлд зориулдаг.  Дээр нь маш их сэтгэл зүйн тэвчээр хатуужил шаарддаг .  Миний хувьд наад зах нь олимпийн цикл гэгддэг  сүүлийн дөрвөн жил  гэртээ харьж хоносон хоногийн тоо маш цөөхөн . Мөнхийн бэлтгэл сургуулилалт  хийж байхгүй бол  пормоо маш амархан алдаж    амжилт гаргах нь  мууддаг.

Спортын хүн болсон үе чинь хэзээ вэ?

13 настайгаасаа  анх  аймгийнхаа бөхийн секцээр хичээллэсэн.

Яагаад тамирчин болъё гэж бодсон бэ?

Ер нь багын хөдөлгөөнтэй , хөдөлгөөний эвсэлтэй хүүхэд байсан. Тухайн үед Зуунмодод  ганцхан чөлөөт бөхийн  секц хичээллэдэг байлаа.1990-ээд онд  монголын спорт уналтанд орсон үед чөлөөт бөхийг авч явж байсан Цогтбаяр багшаасаа   спорт гэдэг ойлолтыг авч  тамирчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн.Тэгээд  шавь  орж чөлөөт бөхийн тамирчин болсон доо. Ер нь бол бэлтгэл сургуулилалт хийгээд ноцолдоод явж байх дуртай. Хүн өөрийнхөө дуртай юмыг хийхэд тэндээсээ аз жаргал, амьдралын баяр баясгаланг мэдэрч байдаг гэж боддог.  

  Намтраас тань харахад Төв аймгийн Зуунмод  хотынх юм билээ. Тэнд хүүхэд насаа үдсэн үү?

Тийм ээ. Тэнд бага насаа өнгөрөөсөн. Зуунмод хотын нэгдүгээр  10 жил буюу одоогийн “Хүмүүн”  цогцолборт бүрэн дунд   боловсролыг эзэмшсэн.  Миний амьдралын  гараа тэндээс эхтэй.Одоо  ч тэндээ гэр бүлээрээ  амьдарч байна.  Эхнэр маань ажлаа хийгээд,хүүхдүүд  цэцэрлэгтээ яваад  аймагт амьдарч байна. Миний хувьд голдуу бэлтгэл сургуулилалт хийгээд хотод байдаг.  Хагас бүтэн сайнд амралтаараа   очдог. Гэхдээ тэр нь бас ховор.

Энэ  үедээ гэр бүлийнхэнтэйгээ цагийг хэрхэн өнгөрөөдөг вэ?

Аль болох агаар салхинд  гарч  хүүхдүүдтэйгээ тоглоно. Миний хамгийн аз жаргалтай үе гэвэл хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авах гээд очиход тэд маань ааваа гээд баярлаад тосох үе.

Жигтэйхэн санасан байдаг байх даа?

Саначихсан байлгүй яахав. Тэгээд гэртээ очин очтолоо өөрсдийнхөө тухай шулганана. Гэр  бүлтэйгээ тэр бүр хамт байж чаддаггүй ч спортод амжилт гаргах зорилго  маань тэдэнд маань хамаатай .  Наад зах нь аавынх нь нэр  хүндээр үр хүүхдэд  минь  хүмүүс сайхан хандана. Амьдрал минь сайжирвал тэдэнд , тэдний ирээдүйд  хэрэгтэй гэж боддог.

Хүүхдүүд чинь одоо хэдэн настай вэ?

Хүү охин хоёртой.  Том нь 5,  бага нь гурван настай.

Бэлтгэл, сургуулилалт гээд зав муутай байдаг болохоор ар гэрийн бүхий л  ачааг нуруун дээрээ үүрч байдаг гэдэг утгаараа тамирчин хүний эхнэр байна гэдэг амаргүй байх?

Ханийг маань  Ууганцэцэг гэдэг. Газар зохион байгуулагч мэргэжилтэй. Төв аймгийн Сэргэлэн суманд төрийн алба хашиж байна. Тамирчин хүний эхнэр байна гэдэг мэдээж  хэцүү. Бид хоёр хувь заяагаа холбоод арваад жил болоход хэдхэн сар амьдарсантай адил цөөхөн хугацааг хамтдаа өнгөрүүлсэн.Тамирчин хүний энэ нөхцөл байдлыг ойлгож ар гэрийн минь  ачааг үүрч яваа эхнэрээрээ бахархдаг. Биднийг хуримаа хийхэд   аав нь хэлж байсан.” Миний охин тамирчин хүнтэй суухад гадаа гарч эр, гэрт орж эм болох хэрэгтэй болдог юм шүү” гэж. Эхнэр маань яг л  хэлснээр нь явж байна.  Хань маань маш тэвчээр хатуужилтай хүн.Барагтай бол зовлон шаналалаа ил гаргахгүй .Гол нь миний сэтгэл санааг зовоохгүй , бэлтгэл сургуулилалтыг нь сайн хийлгье гэсэндээ тэр байх.Тэгээд хэлдэг л дээ.” Зодог тайлсны чинь дараа өөртэй чинь амьдармаар байгаа шүү” гэж .

Анх танилцсан тухайгаа ярихгүй юу?

Арван жилийн  нэг ангийнхан.

Хэддүгээр ангиасаа үерхсэн гэж?

 Аравдугаар анги төгссөнийхөө дараа л даа. Нэг анги  болохоор  уулзах үе их  гарна.  Эхнэрээ оюутан байхад нь  уулздаг байсан л даа. Төгсөх үеэр нь  сэтгэлээ илчлээд  ханилсан. 

Тамирчин хүний хамгийн сайхан юм нь юу вэ?

Хөлс хүч бүх юм шавхдаг их бэлтгэлийнхээ  дараа  амжилт гаргаж  түүнийхээ  үр шимийг  үзэх  нь тамирчин хүний жаргал юм болов уу.

Найз нөхдөдөө цаг зав барагтай л бол зарцуулж чаддаггүй  гэж дээр дурьдсан?

Ховор доо. Найз нар маань ихэнхдээ байнгын бэлтгэлтэй  байдгийг минь  ойлгодог. Зарим нь   хөдөө бэлтгэлтэй байхад  ч хамаагүй  миний боломжтой цагаар ирж уулздаг. Тэгээд багын дурсамжаасаа эхлээд  жаргал зовлонгоо  хөөрөлдөнө. Уулзаж учирч байгаа нь  цөөхөн болохоор  тэр үү миний утасны жагсаалтанд цөөхөн хүний нэр байдаг. Гэхдээ намайг дэмжиж байдаг цөөнгүй найз нөхөд бий. Хүн найз нөхөдгүй бол хөг аялгуугүйтэй адил.

Тэмцээнд орж байсан анхны дурсамжтай үе чинь хэзээ байв?

Анх чөлөөт бөхийн  секцэд ороод аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход  аав маань ирчихсэн шүүгчийн ширээний хажууд дэмжээд  сууж байгаа нь сайхан байсан. Ямар ч хүнд аав нь нөмөр түшиг байдаг. Хожигдоод гараад ирэхэд миний хүү зүгээр ээ гэж зоригжуулдаг , хожоод гараад ирэхэд  дахиад  ялна шүү гэж  хайрладаг хүн бол  миний аав байсан  .

Хүүгээрээ бахархах эцэг хүний сэтгэлийг ааваасаа олж харахад юу бодогддог вэ?

Саяхан даа. Аав маань байгууллагынхаа шинэ жилийн үдэшлэг дээр таны амьдралдаа бахархаж явдаг юм юу  вэ гэсэн хөтлөгчийн асуултанд  “Хоёр сайхан хүүтэй. Хүүхдүүдээрээ би бахархдаг.”гэж хэлэхэд нь маш  сайхан санагдаж байсан.

Дүү чинь бас спортын хүн үү?

Манай дүү спортын хүн биш ээ. Нягтлан мэргэжилтэй.

Аав ээж тань?

Аав маань жолооч. 90 –ээд оноос хойш үйлдвэрийн ослоор  группт орсон.Хэдхэн хоногийн өмнө бурхан болсон.Ээж барилгын яаманд ажиллаж  байгаад тэтгэвэртээ гарсан.

2013 оны Будапештийн  мөн 2014 онд Узбекийн Ташкентийн дэлхийн аваргаас хүрэл медаль авч дэлхийн аваргын хос хүрэл медальтай болсон.ДАШТ-ээс авсан анхны хүрэл медаль өөрт тань төдийгүй Монголын чөлөөт бөхийн холбоонд том урам авчирсан амттай медаль байсан. 2007 оноос хойш хүлээсэн   манай эрэгтэй чөлөөт бөхийн медаль байсан гэдэгээр нь ингэж хэлээд байна л даа? 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэдэг бол  тамирчдын хувьд  мэдээж том сорил.Анх удаа 2009 онд ДАШТ-нд оролцохдоо эхний тойрогтоо хожигдоод их гутарч байсан. Удаан хугацаанд тэр сэтгэлийн шокноосоо гарахгүй их зовсон.

Яагаад?

Дэлхийн аваргаас медаль авч чадна гэдэг бодолтой байсан.Хожигдчихоод  энэ спортыг би ойлгохгүй  байна. Хэцүү юм байна. Миний барилдаан  болохгүй байна. Яаж барилдах ёстой юм бэ гэж хэлэхэд хүрч байсан.  Сэтгэлээр унаснаасаа болоод, толгой эргээд сүүлдээ  хэд хоногоор  бэлтгэл хийхгүй    амарч үзсэн. Хүн шаналах тусмаа өөрийгөө зовоож, улам л” блоклодог” юм билээ. Ялагдлыг хурдан мартаж, дахин өөрийгөө шинээр өөрчилж  , дахин босох нь зөв гэдэгийг тэгэхэд ойлгосон. Тэгэхэд  Данид болсон дэлхийн аваргад ороход беларуссийн бөхтэй нэгдүгээр тойрогт барилдаад  эхний үед хожиж яваад жижигхэн алдаа гаргаж оноо алдсан. Хоёрдугаар үед  дахиад л би  барилдах гэж довтлоод урагшлаад байдаг. Гэтэл өрсөлдөгч маань юу ч хийлгүй бараг зүгээр зогсч байгаад  намайг хожсон. Би тэгж л бодсон. Тэгээд бодохоор  уур хүрээд болдоггүй. Хичээсэн нь болдоггүй юм байна. Зогсч байсан нь хождог юм байна.Тэгвэл би зогсоно гэж хэлээд  багшдаа загнуулж билээ.Тэгэхэд багш маань “Тийм биш ээ.Залуу хүн урагшаа давшиж байж хождог. Аяндаа зогсох цаг чинь ирнэ” гэж хэлсэн.Ерөөсөө барилдаан гэдэг асар том ухаан.Ямар хүнтэй яаж барилдах вэ гэдэгээс гадна  бяр, ухаан хоёроороо эгзэгийг  нь  тааруулж барилдах чухал. Нэг ёсондоо  өөрийнх нь мэхийг өөрөөр нь барилдуулах  ухааныг зарцуулах хэрэгтэй болдог.

Тэр үед чи залуу хүний омголон зангаар шаралхсан хэрэг байх нь?

Хожъё гэж дайрч л байсан болохоос биш барилдааны арга ухааны гол мөн чанарыг ойлгоогүй байсан.

Анхны юм бүхэн хэцүү адармаатай байдаг. Дараагийнхад нь тэр сэтгэл хөдлөлийг хамаагүй  гаргаж болохгүйг ойлгосноос  гадна  адаглаад ялагдаж сурсан байсан байх тийм үү?

2011 онд Туркийн Стамбулд болсон  олимпийн эрхийн төлөөх дэлхийн аваргад  Солонгосын бөхтэй барилдаад бас л үл ойлгогдох байдлаар хожигдсон.Өрсөлдөгч  маань бас л зогссоор байгаад хожсон. Би наанаас нь яваад байдаг,  шүүгч  ч торгодоггүй. Яагаад ч юм түрүүчийн дүрэм энэ мэтээр зохидоггүй байсан.   Дахиад нэгдүгээр тойрогтоо хожигдсон. Гэхдээ  өмнөхөөсөө туршлага суусан байсан л даа. Наад зах нь сэтгэлээр унахаасаа илүү дараагийн олимпийн эрхийн төлөө маргаашаас эхлэн бэлтгэнэ дээ гэж бодож байсан.2013 оны Будапештийн дэлхийн аваргаас анхны  хүрэл медалиа авсан.Тэрнээс өмнө жижиг тэмцээнүүдэд  нь ч медаль аваад тэр жил бэлтгэл сайтай байсан. Барилдах  эвээ  олж бөх гэдэгийг ойлгоод эхлэсэн үе л дээ.Ихэнхтэй нь барилдаад үзчихсэн яаж барилдах тактикаа мэддэг болсон байсан.Сэтгэл зүй бие бялдрын хувьд бэлтгэгдсэн,  дээрээс нь багш дасгалжуулагч баг хамт олон   сайхан бүрдчихсэн гээд нөлөөлсөн хүчин зүйл олон бий.

Тамирчин хүн  өөрийгөө бэлтгэгдсэн гэдэгээ яаж мэдэрдэг вэ?

Бэлэн боллоо гэж сэтгэл ханасан үедээ маргааш  ч хамаагүй тэмцээн  болоосой гээд бодоод байдаг. Анхны дэлхийн аваргад барилдсан дурсамж  гэвэл  Иван Лобец гээд Кубийн тамирчинтай зооны аваргын төлөө барилдаж байсан. Олимпийн хүрэл медальтай тамирчин байсан. Түүнийг дэвжээнд гарч иртэл Иван Лобец гэж мэдээгүй.Урьд нь зурагтаар зөндөө харж байсан ч нүүр тулахад өөр байсан л  даа.Гараад барилдсан чинь нөгөөх маань худлаа   барилдаад ч  байгаа юм шиг их зөөлөн байна. Би довтлоод байхад,өрсөлдөгчид маань  оноо өгөөд байлаа.  Сүүлдээ  ядарсан юм байна  гэж бодлоо. Гэтэл нөгөө туршлагатай тамирчин  чинь  яг  төгсгөл дээр нь надаас оноо авч байна. Тэгэхэд нь суулийн  оноогоор хожно гэсэн итгэлтэйгээр шийдвэрлэх  нэг минутанд оноо авсан чинь онооны   бүхлийн чанар хараад би хожигдсон. Хамгийн инээдтэй нь  би кубийг хожлоо гээд хамгаалж байхад,  өрсөлдөгч маань хожигдож байна гээд  сүүлийн 10 секундэд  дайрч байгаа юм.Тэгэхэд нь  би хожчихлоо. Зооны аваргын төлөө, мөнгөн медалийн төлөө гараад ирлээ гээд бодохгүй юу.Шүүгч дээр очоод гараа өргөх гэсэн чинь кубийн гарыг өргөхөд нь хоёулаа гайхсан.Тухайн үед  дүрмийг нь  сайн ойлгосон бол хожих бүрэн боломжтой байлаа.

Дүрмээ бүрэн судлаж амжаагүй байсан гэж үү?

Дэлхийн аваргын тэмцээнээс  сарын өмнө батлагдсан  болохоор дүрмээ сайн ойлгоогүй  байсан.

Хэрэв дүрмээ сайн  ойлгосон бол яах байсан гэж?

Нэг оноогоор түрж гарах биш хоёр оноо авч хожоод аваргын төлөө барилдах эрхээ авах байсан.Манай  шүүгчид болон эрдэм шинжилгээ  судалгааны   алба одоогоор  сайн хөгжөөгүй байна л даа.Тамирчин хүн бие бялдраа бэлтгэхээс гадна  дүрмээ  цэг таслалгүй бүгдийг нь судална гэдэг бол маш их хөдөлмөр.  Бэлтгэл хийж ядрахын хажуугаар.Гэхдээ бусдад буруу өгөх биш өөрөө тэр үедээ сайн бодох хэрэгтэй байсан.Нэгэнт өнгөрсөн алдаандаа харамсаад нэмэргүй.

Медалийн амт гэж чинийхээр юу вэ?

2013 онд анхны медалиа авсныхаа дараа  зорьсондоо хүрлээ гэж бодохоор   өөрийн эрхгүй баяр  хөөр төрөөд хүн өөдөөс уурлаж байсан ч инээгээд загнаж байсан ч инээд хүрээд ,нэг л тийм гэхийн аргагүй  баяр баясал цээжинд байгаад байдаг байсан.  Медалийн амт гэхээсээ илүү тэр медаль миний хийсэн хөдөлмөрийн амт юм болов уу гэж ойлгодог. Медаль авчихаад зогсч байх  торгон агшинд яаж хөдөлмөрлөсөн, яаж  зовсон маань нүдэнд харагддаг. Ирээдүй маань сайхнаар төсөөлөгддөг. Ер нь их гоё л доо. Хүн зорьсон ажлаа хийснийхээ дараа санаа амардаг шүү дээ. Яг түүнтэй адил байдаг. Гэхдээ тамирчин хүн нэг даваагаа даваад  маргаашнаас нь дараагийн зорилгынхоо төлөө явдаг. 2010 онд Азийн тоглолтын аварга  болчихоод ,олимпийн аварга болохсон гэж бодохоор нойр хүрэхгүй шөнө дунд бэлтгэл хийх гэж гарч гүйгээд ороод ирэхэд эхнэр маань сэрчихээд “Чи хаачаад ирэв “ гэж  асуугаад бэлтгэл хийснийг минь сонсоод галзуурах вий дээ гэж толгой сэгсэрч байж билээ..

Хэдэн цагт тэр вэ?

Шөнө дөрвөн цагт босоод  тав өнгөрөөгөөд орж ирж байсан. Тийм үе байна. Нөгөөтэйгүүр  миний эргэн тойрны болон ойрын хүрээний хүмүүс намайг  спортод амжилт гаргахын төлөө амьдарч байгаа юм шиг санагдуулах үе бий.Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн зорилго нь би өөрөө болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг.Тэгэхээр тэр хүмүүсийн зорилгыг би өөрөө үүрч яваа учраас  зорьсон зорилгодоо тууштай байх шаардлагатай болж байгаа юм .Жишээ нь надад ямар нэгэн  ахуйн чанартай ажил гарлаа гэхэд  миний өмнөөс хийж өгөөд чи дэвжээндээ байж бэлтгэлээ сайн хий гэдэг .  Энэ тал дээр найз нөхөд, аав  ээж , ах дүү гээд бүгд тусладаг.   Үр хүүхэд маань өвдлөө гэхэд  ээж нь яваад  ирье. Эмнэлэгт хэвтлээ гэхэд миний хүү бэлтгэлээ хийж бай.Ээж нь сахья гэдэг. Дүү маань  ажилтай байсан ч би ажлаа хойшлуулаад  хүүхдийг чинь цэцэрлэгт нь хүргэж өгөөд авъя гэх мэтээр тусладаг. Уг нь бүгд  миний хийх ажил шүү дээ.Би боддог. Тийм учраас миний  зорилго  манай гэр бүлийнхний төдийгүй  найз нөхдийн цааашлаад монголын ард түмнийх  гэдэгийг ухамсарлаж явдаг.

Гэртээ очих нь ховор гэсэн. Жилдээ хэдэн хоног  халуун ам бүлээрээ байдагаа тооцоолж үзсэн үү?

Тооцож үзсэн. Жилдээ 360 хоногийн 30 хоног нь байдаг гээд бодохгүй юу.

Багш нарынхаа тухайд юу хэлэх вэ?

Тамирчин хүнд багш маш чухал. Багш хүн тамирчдынхаа хамгаалах сахиус нь. Тийм учраас дэргэд нь байнга  байх ёстой гэж Цогтбаяр багш маань  хэлдэг. Өөрөө ч тийм байж чаддаг .  Цогтбаяр , Пүрэвбаатар.Эрдэнэбаяр, Баяраа  гээд шигшээ багийн дөрвөн багш маань  байна.  Тэд маань гар нийлж багаа амжилттай авч явж чадаж байна.

Б.Туул




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.