Нийгэм


улаанбаатар хотыг Хон Конг-д сурталчилна

4 жил, 3 сар TIMES.MN

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МИАТ” ХК, “Жуулчин”, “Нью Жуулчин” компаниуд хамтран 6 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулах Хонконгийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоход бэлэн боллоо.

Тус үзэсгэлэнд 49 орны 483 байгууллага оролцож байгаа бөгөөд 4 өдөр үргэлжлэх юм. Эхний өдөр мэргэжлийн байгууллагуудад, дараагийн өдрүүдэд олон нийтэд нээлттэй болно. Нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх Найрсаг Улаанбаатар хөтөлбөрт хөрш орнууд, шууд нислэг бүхий хотууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилт тавьсны дагуу үзэсгэлэнгийн төв хэсгийн 18 метр квадрат талбайд Монгол улс, Улаанбаатар хот гэсэн талбайг тохижуулан оролцож байна.

Өнгөрсөн онд БНХАУ-ын 115 сая иргэн гадаадад жуулчилжээ. Үүний дийлэнхийг Шанхай, Бээжин, Хонконг, Гуанжоу зэрэг томоохон хотын иргэд бүрдүүлж байгаа юм. Хонконг-Улаанбаатарын хооронд 7 хоногт 5 шууд нислэг хийдэг, Монгол Улсын Ерөнхий консулын газраас шуурхай виз авах боломжтой зэрэг нь тус засаг захиргааны онцгой бүсийн жуулчдыг татах давуу тал болдог. Тус бүсийн жуулчдыг хүлээн авах бэлтгэлийг хангах зорилгоор Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дээд шагнал Үлиссийн нэрэмжит судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоныг Улаанбаатар хотод урьж, жуулчидтай харилцдаг төрийн байгууллагууд, Улаанбаатар хотын зочид буудал, зоогийн газрын менежерүүдэд сургалт зохион байгуулсан гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.