Аналитик


Тавантолгойг тойрсон улстөр

4 жил TIMES.MN

Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газраас өргөн бариад багагүй хугацаа өнгөрлөө.14 хоногт багтаагаад хэлэлцэж батлахгүй нь тодорхой болов. УИХ-д бүлэгтэй намууд ямархуу байр суурьтай байгааг тоймлон хүргэе.

МАХН

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд УИХ-ын  гишүүн Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар өчигдөр мэдээлэл хийв.  Тавантолгойн төсөл дээр Шударга ёс эвслийг бүрдүүлж байгаа МҮАН-аас өөр байр суурьтай байгаа юм байна. Эндээс харахад тэд зөрчилджээ гэж ойлгогдохоор байна.


МАХН-ынхан ийм шаардлага тавьж байна.

-Тавантолгойн орд газар бүх ард түмний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой. Иймд төрийн мэдэлд байгаа хувьцааг бүхэлд нь 100 хувь иргэддээ шилжүүлэн өгч, баталгаажуулах

-Тавантолгойн орд газрыг ашиглахдаа Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн, харилцан ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байх зарчмыг баримтлах.

Ингэж асуудалд хандаж байгаа болохоор Монгол Улсын сайд  М.Энхсайханы толгойлж байгаа ажлын хэсгийнхний боловсруулсан төслийг дэмжихгүй, бүүр Тавантолгойг 100 хувь иргэддээ хувьцаа тараан шилжүүлэх санаачлага гаргалаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр  хэдэн жилийн өмнө Тавантолгойг иргэдийн оролцоотой хувьцаат компани байгуулж эзэмшүүлэх саналыг гаргаж байсан удаатай. Энэ удаад ч МАХН-аас парламентад сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүд нь намын даргатай ижилхэн  үзэл баримтлалыг дэвшүүлж одоогийн төслийг дэмжихгүйгээ зарлачихлаа.

 

АН

 

АН-ынхан ч аль хэдийнээ хоёр хуваагдчихаад байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл нь хуралдаад Тавантолгойн 51 хувийг төр эзэмших ёстой, ард түмэнд хувьцааны ногдол ашгийг хүртээх ёстой гэж саналаа гаргаад УИХ дахь  намын бүлэгтээ хүргүүлсэн. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зарим нь энэ санаачлагыг дэмжиж байгаа бол нэг хэсэг нь Засгийн газраас өргөн барьсан төслийг сайжруулаад цааш нь явуулах нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын дарга З.Энхболдын хүсэлтээр  Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ- аар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Уг гэрээг дэмжихгүй гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа УИХ- ын гишүүн Л.Эрдэнэчимэг ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь гишүүн А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар  Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар багтсан байна.

Ажлын хэсгийнхэн 14 зүйл заалт бүхий удирдамжийг барьж ажиллах аж. Тухайлбал, гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөж байгаа УИХ болон Байнгын хороодын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэр, Монгол Улсын баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэж буй, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангаж буй эсэхийг нягтлах юм.

Энэ бүхнээс харахад Засгийн газрын өргөн барьсан төслийг дэмжихгүй нь тодорхой болж байх шиг байна. Хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээний төсөлд иргэдэд олгох 1072 ширхэг хувьцааны тухай тусгагдаагүй. Үүнийг тусад нь шийдэх ёстой хэмээн  үзэж байгаа. Тэгэхээр З.Энхболдын "даалгавраар" байгуулагдсан ажлын хэсэг ямар дүгнэлт гаргах нь тодорхой болж байна.

УИХ дахь АН-ын бүлэг ийнхүү хоёр хуваагдсан нь фракц хоорондын зөрчлийг ч улам хурцатгаж буй. З.Энхболдын толгойлдог Шонхор, Женко Х.Баттулганы тэргүүлдэг МоАХ хоёр нэгдчихээд, Тавантолгойн гэрээний төслийг идэвхийлэн эсэргүүцэж буй. Ж.Батзандан л гэхэд Сүхбаатарын талбай дээр иргэдээс санал авч байна. Ажлын хэсгийг ахалж байгаа гэх Л.Эрдэнэчимэг л гэхэд ёстой бүтэхгүй төсөл гээд хэвлэлийн хурал хийгээд гүйгээд буй.  Энэмэчилэн АН-ынхан хооронд хөлөө жийлцсэн хэвээрээ.

МАН

Харин УИХ дахь МАН-ын бүлгээр одоо болтол Тавантолгойн төслийг хэлэлцүүлээгүй. УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдээгүй гэж маргах, АН-ын бүлгийн хүрээнээс халихгүй маргалдсаар байгаа юм. Тэгэхээр МАН-ын бүлэг байр сууриа тодохой илэрхийлсэнгүй,  дэлгэрэнгүй мэдээлэл хийхийг хүлээж буй гэсэн. МАН-ын  бүлгийн дарга С.Бямбацогт “Өнгөрсөн хоёрдугаар сард бүлгээс ажлын хэсэг байгуулсан байгаа. Хэлэлцээртэй холбоотой мэдээллийг судалж байна. УИХ-ын хараа хяналт дор олон нийтэд ил тод, өмнөх гэрээний нөхцөлийг муутгахгүйгээр Тавантолгой, Оюутолгойн асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэлэлцэх эсэхийг нь бид дэмжээд явна. Хэлэлцээрийн шатанд гэрээг сайжруулах, улс орны эрх ашигт нийцүүлэх, 1072 хувьцааг амилуулах шаардлагыг тавьж Тавантолгойн төслийг явуулна. Энэ дээр Бүлгийн нэгдсэн байр суурь гараагүй байгаа. УИХ дахь ажлын хэсэг болон бүлгийн ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлтийг нухацтай хэлэлцэж байж, бүлэг цаашид яаж ажиллахаа тодорхой болгоно” гэж мэдэгдээд байгаа юм.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.