Зөвхөн төрсөн эхэд чөлөө олгодог хуулийн заалтад өөрчлөлт орж энэ оноос эхэлж шинэхэн аавуудад ч мөн цалинтай чөлөө олгохоор тусгажээ.
Хөдөлмөрийн тухай хуульд жирэмсэн эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгох, ихэр хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 140 хоногоор тооцож заавал олгох тухай зэрэг зөвхөн эхтэй холбоотой амралт олгох тухай тусгасан байсан бол энэ оноос эхэлж эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохоор тусгажээ.
Мөн амаржсан эх, шинэхэн ааваас гадна хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон эмнэлгийн заалтаар үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эхэд эрсдэлгүй амаржсан эхтэй ижил жирэмсний болон амаржсаны амралт олгодог. Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан бол эмнэлгийн магадалгаагаар ажилтанд чөлөө олгох тухай ч Хөдөлмөрийн тухай хуульд тусгасан байдаг.
Сэтгэгдэл