Эдийн засаг


Шинхан их сургууль Монголд “Экологи-Био технологийн хүрээлэн" байгууллаа

5 жил, 6 сар TIMES.MN

БНСУ-ын Шинхан их сургууль Монголд  “Экологи-Био технологийн хүрээлэн”-г албан ёсоор өчигдөр нээлээ.


 Энэхүү төвөө Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Жаргалантад   мод үржүүлэг, жимс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг  Баянбүрд ногоон төгөл”  ХХК-тай хамтран байгуулж байна.  “Экологи-Био технологийн хүрээлэн”-гийн  нээлтийн тууз хайчлах ёслолд Шинхан  их сургуулийн захирал Кан Сун Жон, багш нар,  УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Баянбүрд ногоон төгөл” ХХК-ийн захирал Ч.Цэвээнхүү, н.Сүхбаатар нар оролцлоо.  


Жаргалантад шинэ хүрээлэнгийнхээ дурсгалын самбарыг босгосон юм. Мөн энэ үеэр   УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт  Шинхан их сургуулийн хүндэт докторын батламжийг   гардууллаа. 

  

Монголд хүрээлэн байгуулж, Ногоон төгөл байгуулах, эрс тэрс уур амьсгалтай нутагт тэсвэртэй ургах ургамал, хүнсний ногоог сургуулийнхаа лабораторид турших, шинэ туршлага, технологийг нутагшуулах,  боловсон хүчин бэлдэх зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах юм байна.

Баянбүрд ногоон төгөл" ХХК нь жимс хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэх зорилгоор 2003 онд үүсгэн байгуулагдсан аж. Шинэчлэлийн Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 888 төсөл хэрэгжүүлэхээ зарлаж, үйлдвэрлэлээ өргөтгөх  хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон билээ. Энэ хүрээнд Баянбүрд ногоон төгөл компани зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөжээ. Хамгийн сүүлийн үеийн технологий болох Гедропон Лед гэрлээр бүх төрлийн салатны навч Монголд анх удаа ургуулж, жилийн дөрвөн улирлын турш  өдөр бүр шинэ ургацын бүтээгдэхүүн нийлүүлж байна.  

Хайлаас, Хар мод, Бургас, Улиас, Шар хуайс, Интоор, Буйлс зэрэг 10  гаруй төрлийн 800000 мод үржүүлэн Улаанбаатар хотын цэцэрлэгжилт, Монгол орны цөлжилтийн эсрэг тэмцэхээр нийлүүлсэн байна.


"Шинхан"  их сургуулийн захирал Кан Сун Жон өмнө нь БНСУ-ын 17, 18 –р парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. Тэрээр нээлтийн арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Экологи-Био технологийн хүрээлэн”-гийн нээлтийн тууз хайчилж,  дурсгалын самбарыг нээхэд  сэтгэл  үнэхээр хөдөлж огшлоо. Манай сургууль 43 жилийн түүхтэй. Гадаадын ямар ч улсад хүрээлэн байгуулж байгаагүй. Анх удаа Монголд хүрээлэнгээ байгуулж байгаадаа баяртай байна. Анхны зүйл  сэтгэлээс гардаггүй. Түүний нэгэн адил Монголд хүрээлэнгээ нээсэн түүх БНСУ-аас ирсэн манай бүх профессор, доктор, багш нарын болон миний сэтгэлээс гарахгүй ээ.Намайг  Монголд элэгтэй хүн гэж хэлж болох юм. БНСУ, Монгол улс олон зүйл дээр хамтран ажиллаасай гэж боддог. Манай Шинхан их сургуульд 200-аад  монгол оюутан суралцдаг. Олон оюутан сурдаг болохоор Монголыг түлхүү сонирхож эхэлсэн юм” гэж онцлов.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг индэрт гарч үг хэлэхдээ “Симбоз  гэдэг үг байдаг даа.  Хоёр өөр зүйл бие биенээ тэтгэж, хамтдаа өсч, ургаж,  үржиж байгааг хэлдэг.  Тэгэхээр “Шинхан” их сургуулийн   “Экологи-Био технологийн хүрээлэн”- “Баянбүрд ногоон төгөл” ХХК симбоз  байгаас ай. Судалгаа, үйлдвэрлэл хоёр бас симбоз байгаасай. Шинхан их сургууль Монголын үйлдвэрлэл судалгааны багтай симбоз байгаасай” гэж онцлов.   

БНСУ-ын Шинхан их сургуулийн захирал Кан Сун Жонгоос цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.  


-Хүрээлэн байгуулснаар тодорхой  ямар ажил хийхээр төлөвлөж байна  вэ?

- “Экологи-Био технологийн хүрээлэн” байгуулснаар хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахыг зорьж байна. Ногоон төгөл байгуулах,  боловсон хүчин сургах, Монгол оронд ургаж байгаа ургамлыг ашиглан малын тэжээл бэлдэх, эрс тэрс уур амьсгалд тэсвэртэй ургамал, хүнсний ногоог ургуулах туршилт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, сүүний чиглэлийн үнээний сүүний гарцыг нэмэгдүүлэхэд сайн чанарын тэжээл, бордоо шаардлагатай болдог. Монгол оронд ургаж байгаа шим тэжээлт ургамал,   орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан   шинэ төрлийн малын тэжээл бэлддэг үйлдвэр байгуулах зэрэг  бодол бий.

Монгол эрс тэс уур амьсгалтай учраас  халуун, хүйтэнд тэсвэртэй, даван гарах чадвартай ургамал, хүнсний ногоог  сургууль дээрээ туршиж үзээд аль тохиромжтойг   авчирч тариалах юм.

-Боловсон хүчнийг бэлдэх талаар онцгойлон анхаарна гэлээ. Монгол оюутныг сургана гэсэн үг үү?

-Их сургууль учраас сургалт талдаа түлхүү анхаарч ажиллана.  Манай их сургуульд одоогоор Монголоос  200-аад оюутан сурдаг. Цаашдаа монгол оюутнуудыг  сургалтын төлбөрийн хувьд 60-70 хувь хөнгөлөлт үзүүлж сургах,  өөрийнхөө сургуулийн оюутныг Монголд байгуулсан хүрээлэндээ дадлага хийлгэх, доктор, профессор багш нарыг  туршлага солилцуулах гээд олон талт үйл ажиллагаа  явуулна. 





Холбоотой мэдээлэл