Улс төр


Ц.Элбэгдорж:Үнэхээр хэлэх цаг нь болсон бодлого

4 жил, 5 сар TIMES.MN

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулган болж  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэллээ. Тэрээр "Аалзны шүлс шиг татуургатай Засгийн газар яаж бүтээлч байх юм, ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг яаж зоригтой шийдэх юм бэ?.

Ардаа амлагаа өгч, сайд болсон гэж хоорондоо ярьдаг болсон. Ийм утгагүй байдалд Монголын төрийг оруулж болохгүй. Үүнийг яриад өнгөрөх байлгүй гэж бүү бодоорой, нэхэл хатуутай ард түмэн байгаа шүү. Сайд гэдэг хариуцлага өндөр нэр хүндтэй албан тушаал. Өөрснийхөө хүмүүсийг түлхсэн, хувийн үзэл бодолдоо баригдсан хүмүүс өөрсдийгөө хардаа. Манай хүнийг оруулахгүй бол танай хүнийг оруулахгүй. Энэний төлөө байлдаж байна, энэний төлөө ард түмний тархи толгойг самууруулж байна. Бид ийм гашуун түүхийн дундуур яваад ирсэн, одоо өөрийн эрхээр байхдаа ийм байдалд ормооргүй байгаа. Бидний өвөг дээдэс хэдэн ханлиг болоод байлдаад байх юм бол Монгол үндэстэн алга болох нь гэдгийг ойлгосон. Гэтэл одоо ширэнгэ, ширэнгийн мухарт байгаа тэр дарга нарынхаа үзэл бодлоор Монголын ажлыг гацааж байна.

Одоо байгаа тогтолцоондоо өөрчлөлт оруулъя.

Засгийн газрыг бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй болгохын тулд хоёр шийдвэр гаргах хэрэгтэй. Нэгдүгээрт нь, Засгийн газар өөрийн танхимдаа ажиллах сайд нарыг томилдог болох. Парламентыг энэ томилгооноос салгах хэрэгтэй.

Сайдуудаа нэг, нэгээр нь нам, намаар нь хувааж аваад томилдог парламент хаана байна вэ. Дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй, 10 хүрэхгүй байна гэдэг дүгнэлт гарч байгаа.Монгол өөрийн гэсэн зөв бүтэцтэй байх ёстой.

Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнээр хэнийг томилохоо шийддэг байх ёстой, тухайн бодлогыг авч явж чадах хүнийг томилно. Ийм эрхийг өгөөгүй учраас араасаа татаастай, түлхээтэй хүмүүс улс орны эрх ашгийн төлөө ажиллахгүй байна.

Дээр нь Ерөнхий сайд танхимын сайдаа хэзээ чөлөөлөх вэ, огцруулах вэ гэдгээ мэддэг байх ёстой.

УИХ-ын гишүүн нь сайдаа томилдог нь буруу юм байна. Монголд ч энэ буруу юм байна. Энэ асуудлыг энэ парламент шийдэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, Ерөнхий сайдад УИХ-ын ээлжит бус чуулганыг зарладаг эрхийг өгөх.

Албан тушаалын хойноос хөөцөлдөөд, албан тушаалаар дамжуулж амьдралаа өөд нь татах гээд сууж байгаадаа ичих хэрэгтэй. Үр хойчдоо нүгэл болно, ийм нүглийг зогсоох ёстой. Төр гэдэг нүгэлтэй тэмцдэг байгууллага.

Өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн, суудлын сураг сонсоод зарчмаасаа үнэт зүйлээсээ ухарлаа,  ямар адын юм бэ?.

Их олон юм бужигнуулалгүй цөөн хэдэн зүйлийг өөрчлөөд үзье.

1990 оноос хойш бид 14 удаа Ерөнхий сайдаа томилсон бол Герман 3 канцлер сольсон. Ийм байвал бодлого тогтвортой байдаг юм байна, Үндсэн хуулийн энэ язгуур үзэл санааг хэрэгжүүлье.

Бид томилсон хүнээ унагах тухай бодоод байдгаас олон Ерөнхий сайд солигдож Монголын тогтолцоо тогтворгүй болоод байна.

Ингэж чадвал Монголын гүйцэтгэх засаглал тогтвортой бүтээлч байна. Энэ рүү явъя, парламентыг томилгооноос салгаж өгье.

Улс төрийн намын тухай хууль, Сонгогдсон болон томилгодсон албан тушаалтнуудын тухай хуулийг баталъя.

Хариуцлагатай, ёс зүйтэй  улс төрийг бий болгоё, бүтээлч тогтвортой Засгийн газрыг бий болгоё.

Гуравт нь, Монгол Улс байнга төвийг сахих орон болъё.

Өвөг дээдсээс үлдээсэн ном сундрыг уншаад үзээрэй, энэ тухай л сургаж ирж... Энэ бодлогыг цаашид хэрэгжүүлж явах ёстой.

Сүүлийн 25 жил Монгол Улсын хэрэгжүүлсэн бодлого бидний агуулга болж хэрэгжиж иржээ. Бид агуулгыг 25 жил хэрэгжүүлсэн, одоо нэрийг нь өгч байгаа. Хүүхдээ төрүүлсэн бол нэрийг өгч байгаа. Гэнэтийн болсон зүйл биш. Олон тулгуурт бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Цэргийн бодлого, Гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа хэлсэн. Хэрвээ бидний эрх ашиг руу цэрэглэн халдахгүй л бол төвийг сахина. Цөмийн зэвсэггүй орон гэдгээ зарласан энэ бол төвийг сахих бодлого. Нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэх ёстой гэдэг энэ бас төвийг сахих бодлого.

Хамгийн тогтвортой бодлого бол төвийг сахих бодлого юм байна. Монгол Улс л өөрсдөө зарлаж байгаа. Бидний өвөг дээдэс Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлаж байхдаа төвийг сахисан бодлогоо зарлаж байсан. Хамгийн нэг сайн юм нь энэ бодлогоо Монгол Улс л тайлбарлана. Өөр орон тайлбарлахгүй.  

Монголчууд өөрийн хүчиндээ найдаж, бусад оронтой нээлттэй харилцаж цаашаа явъя гэж байгаа.

Ерөнхийд нь авч үзэх юм бол хэрэгждэг тодорхой зарчимтай, улс орон өөрийн онцлогоор авч явдаг, тодорхой чадвар шаарддаг. Үнэхээр хэлэх цаг нь болсон бодлого.

Монгол хүн монгол хүнээ дэмжиж ажиллая. Нэг монгол нэгдмэл Монголын төлөө ард түмнээ сайн сайхан амьдруулахын төлөө хөгжихийн төлөө зүтгэе.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан, дэлхийн нийтэд олон улсын төвшинд зарлах байх. Дараа нь бодлогыг УИХ-д оруулж ирж батлуулна.

Эдгээр бодлогыг хэрэгжүүлэх нь манай ард түмний эрх ашигт бүрэн нийцэх зүйл ээ гэж бодож байгаа.

Монголын ард түмний хөгжил дэвшил Монголын ард түмнээс их шалтгаална. Идэвхитэй хамтарч ажиллацгаая” хэмээсэн юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.