Аналитик


Ноцтой гэмт хэргийн сэжигтнүүдийг баривчиллаа

3 жил, 10 сар TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе. Өнгөрөгч өдрүүд үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Худалдаа хөгжлийн банкнаас дээрэм хийсэн этгээдүүдийг баривчлан хуулийн дагуу шалгаж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт хамтран амьдрагчаа тээшиндээ хийж яваад баригдсан чих сэрдхийлгэм хүн амины хэрэг гарч цагдаагийн албаныхан шуурхай ажиллаж, хэргийг илрүүллээ. 

       

Ингээд зарим үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.


Гэмт хэрэг: Хамтран амьдрагчаа хөнөөгөөд машиныхаа тээшинд нуусан байжээ

  Өнгөрсөн Баасан гарагт нийслэлд хүн амины ноцтой хэрэг гарсан.  Тодруулбал, Согоот 116 чиглэлийн эргүүлийн цагдаа нар үүргээ гүйцэтгэж байгаад 97-52 У.. улсын дугаартай Toyota Raum маркийн автомашины жолоочийг зогсоож шалгасан байна.Гэтэл уг машиныг жолоодож явсан Э гар нь чичрээд, нүд нь тогтож, харж чадахгүй сэжигтэй байж. Эрүүгийн цагдаа нар машинд нь үзлэг хийхэд 30 орчим насны эмэгтэй цогцсыг машиныхаа тээшинд нуусан байжээ. Тэр даруйд сэжигтэнг саатуулж, машиныг нь журмын хашаанд хийсэн аж. Мөн машинд авч явсан цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хүргэсэн байна. Тэрбээр талийгаач А-тай хамтран амьдардаг байжээ. Э хамтран амьдрагчаа хардаж, түүнээсээ болж маргалджээ. Тэрбээр талийгаачийн хүзүүн тус газар хоёр удаа хутгалж амь насыг нь хохироосон аж. Түүнд эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


Гэмт хэрэг: Ах дүү хоёр 424 саяыг хулгайлсан байжээ

  Худалдаа хөгжлийн банкны "Таван шар" тооцооны төв дээрэмд өртөж, ихээхэн хэмжээний мөнгө алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан билээ. Хэрэгтнүүдийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх болон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжилж баривчилсан. 

380-аад сая төгрөг дээрэмдсэн залуусыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх болон Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрэн сурвалжилж өчигдөр 09.00 цагийн үед баривчилсан. Тэд Орхон аймгийн харьяат, Б нь 1985 онд төрсөн, дүү Э нь 1992 онд төрсөн ах дүүс байсан бөгеөд хоёулаа эрхэлсэн тодорхой ажилгүй байжээ.

Сэжигтэн Э нь Баянгол дүүрэг дэх “Түндэмүн”, Б нь XIII хороололд байрлах нэгэн саунд тус тусдаа бүгэж байсан гэнэ. Тэд хэрэг хийхээр бэлтгэж байхдаа цахим хуудсанд байршуулсан зарын дагуу “Дробинк" маркийн буу худалдан аваад банк дээрэмдсэнийхээ дараа гол руу шиджээ. Э, Б нар өмнө нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд орсон тул дээрэм хийсэн гэж мэдүүлж байгаа аж. Тэгвэл албаны эх сурвалжууд хэрэгтнүүдийг 360 орчим сая төгрөг дээрэмдсэн гэж мэдээлж байсан ч нийт мөнгөний хэмжээ 424 сая төгрөг байжээ. Цагдаа нар хэрэгтнүүдийн машинаас 394 сая төгрөг олсон бол ломбарданд тавьсан машинд нь нуусан 30 сая төгрөгийн бас хураан авч Худалдаа хөгжлийн банкинд хүлээлгэн өгчээ.


Эдийн засаг: Оюутолгойн далд уурхайн гэрээнд гарын үсэг зурлаа

  Өнгөрсөн Пүрэв гарагт Монгол Дэлхийд танигдах өдөр боллоо. Учир нь  Рио-Тинто болон олон улсын банк санхүүгийн байгууллагууд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж, хөрөнгө оруулагч талууд буюу Рио-Тинто Монгол Улсын Засгийн газар гарын үсэг зурж баталгаажуулсан. Ийнхүү гэрээг баталгаажуулснаар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.4 тэрбум ам.долларыг гадаадын 15 банк санхүүгийн байгууллагаас гаргаж, далд уурхайн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм.


Чуулган: Татвар, Гааль хоёрыг нэгтгэх зохицуулалтыг хийлээ

  УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, хэлэлцсэн асуудлаа оруулж ирснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар Гааль татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 89.1 хувийн саналаар дэмжин баталлаа.

УИХ-аас 2016 оны нэгдсэн төсвийн хуулийг батлахдаа Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрыг нэгтгэх шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор хоёр газрын үйл ажиллагааг нэгтгэх зохицуулалт дээрх төсөлд туссан байна.

Татвар, Гаалийн ерөнхий газар нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэгтгэгдэх юм. Тиймээс УИХ дээрх хуулийг баталснаар хоёр агентлаг нэг болоход саадгүй болно.


Б.Мөнгөнтуяагийн бие гэнэт мууджээ

  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн өмгөөлөгч цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зарласан юм. Хуралд Л.Гансүхийн өмгөөлөгчөөс гадна “ЭмЖиЭлЭсБи” компанийн ажилтан Б.Мөнгөнтуяа оролцох байжээ. Харин Б.Мөнгөнтуяагийн бие муудсан гэх шалтгаанаар хэвлэлийн хурлыг цуцалсан юм.

Дашрамд дуулгахад, энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч есдүгээр сард болж Л.Гансүхэд 4.6 жилийн ял, харин “ЭмЖиЭлЭсБи” компанийн ажилтнууд болох Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан.

Давж заалдах шатны шүүх хурал ирэх Даваа гаригт болох юм. Харин Л.Гансүхийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хурлыг хэвлэлийнхэнд нээлттэй явуулах хүсэлтийг тавиад байгаа юм


Нийгэм: Б.Батзаяаг АТГ, ЭЦГ хамтран шалгаж эхэллээ


  Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарт холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлсэн. Үүний дагуу ажлын хэсгийнхэн АТГ-т холбогдох зарим материал, эд мөрийн баримт, хавтаст хэргийг хүлээлгэн өгчээ. 40 гаруй хавтаст хэрэг болон эд мөрийн баримтаар хураасан маш олон бичиг цаасыг АТГ-ын мөрдөн байцаагчид хүлээн авч өнөөдрөөс шалгалтаа эхэллээ.


Нийгэм: Амаржихаар ирээд эмнэлгийн үүдэнд дээрэмдүүлжээ

   Эх нялхаст амаржихаар хөдөө орон нутгаас ирсэн нэгэн бүсгүй 300 мянган төгрөгөө хулгайд алдсан байна. Тус эмэгтэй төрөх дөхсөн учраас Эх нялхаст хэвтэхээр эмнэлэг рүү орж байсан бөгөөд, хажуугаар нь зөрж өнгөрсөн халаасны хулгайчид суйлуулсан байна. Бүсгүйтэй хамт явж байсан эгч нь хавь ойрынхноосоо тусламж гуйн орилсны ачаар мөнгө болон бичиг баримтыг нь буцаан авч чаджээ.

Тэр хавьд явж байсан хэдэн залуу хамтран хулгайчийг барьж, Баянгол дүүргийн цагдаагийнхныг дууддсан байна. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Тайшир 104 чиглэлийн байцаагч, ахмад Т.Баярмаа, ахлах ахлагч н.Алтан-Өлзий нар ирж хулгайчийг баривчилсан аж.


Нийгэм: С.Жамъянхорол багшийг "Гавьяат багш" цолд тодорхойллоо

  "Авьяаслаг монголчууд” шоунд тэргүүн байрыг эзэлсэн “Эгшиглэнт чимээ” хамтлаг болон багш С.Жамъянхоролыг өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзав. Авьяаслаг сурагчдад “Шилдэг сурагч” батламж, гарын бэлэг гардуулсан юм.

Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “2012 онд анх намайг сайд болоход С.Жамъянхорол багш “Сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л байдаг. Түүнийг нь зассанаар хүүхдийн бусад чадварууд зэрэг хөгждөг” гэж хэлж байсан. Хүүхэд бүрийг хөгжүүлж болдог гэдгийн тод жишээ бол манай С.Жамъянхорол багш” хэмээсэн юм.







Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.