Улс төр


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

4 жил, 5 сар TIMES.MN

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан 14.00 цаг 40 минутад эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Шууд ардчилал иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөр"-ийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы Дэгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль санаачлагч татан авч байгааг хуралдаан даргалагч мэдэгдсэн юм.

 

Үүний дараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сумьяабазар нар танилцууллаа.

 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр Австрийн Засгийн газраас олгогдох хөнгөлөлттэй зээлийг ашиглахаар болсон байна. “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх, Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах зэрэг төслүүд хэрэгжих юм байна. Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, төслийн үр ашгийг хангах зорилгоор төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас мөн чөлөөлөх бодитой шаардлага байгаа тул энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Р.Гончигдорж, Б.Чойжилсүрэн. Д.Тэрбишдагва нар асуулт асууж хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, энэ хуулийн төсөл ялангуяа эмнэлгийн болон байгалийн гамшиг, галын аюултай тэмцэх тоног төхөөрөмжийн асуудалтай холбоотой учраас даруй шийдэх асуудлын нэг мөн гэдгийг хэлж, жижиг дунд үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, зам зэрэг бусад салбарт орж ирэх тоног төхөөрөмжийн хэдэн хувь нь гаалийн албан татвараас чөлөөлөгдөж байгааг тодруулсан юм.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат, хуулийн хүрээнд Сангийн яамны зүгээс зөвшөөрөл олгоод гаалийн албан татвараас чөлөөлдөг асуудал бий. Миний хувьд ажил авснаас хойш Улаан загалмайн шугамаар орж ирсэн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. 2014 онд төрийн байгууллагад тусламж, зээлийн шугамаар орж ирсэн 109 тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Төрийн байгууллагын шугамаар орж ирж байгаа тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлдөг. Харин хувийн хэвшлийн шугамаар орж ирсэн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлдөггүй. Он гарснаас хойш 25 орчим тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөөд байна. Хуулийн төсөл батлагдсанаар Австри Улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсын төрийн байгууллага худалдаж авах юм гэсэн тайлбарыг өглөө. Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, М.Сономпил,Д.Тэрбишдагва нар байр сууриа илэрхийлж үг хэлсэн юм.

Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг байнгын хорооны саналаар дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 77 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Хуралдаанаар хэлэлцэх удаах асуудал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал байв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нар танилцуулав. Тахарын албаны яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй давхардсан, түүнчлэн шүүх, шүүгчийн аюлугүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг агентлагийн хэмжээнд зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн тул эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх Тахарын газрыг шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяанд байхаар хуулийн төсөлд тусгажээ. Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж гишүүдийн тавьсан асуулт, тодруулгад Хууль зүйн сайд Д.Дорлигжав хариулт өглөө.

Гишүүдийн зүгээс хуулийн төслийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулах шаардлагатайг хэлж байсан. Мөн гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байр сууриа илэрхийлсэн бөгөөд ингэхдээ хэлэлцүүлгийн шатанд төслийг сайжруулж, чамбайруулаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан юм.

Харин хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг байнгын хорооны саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 54 гишүүний 33 нь буюу 61,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Чуулганы хуралдаан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.