Аналитик


Гишүүд зодолдож, Сайдыг огцруулах санал бүтэлгүйтсэн өдрүүд

3 жил, 9 сар TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрөгч долоо хоногийн хамгийн шуугиан тарьсан сэдэв бол Засгийн газар огцрох эсэх асуудал байлаа. Пүрэв гарагийн 19.30 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж эхэлсэн. Санал хураалтаар Ерөнхий сайдыг огцруулах нь буруу гэж үзснээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэвээр үлдлээ.  Мөн өнгөрсөн Баасан гарагт авилгын хэргээр шалгагдаж буй Г.Шийлэгдамба олон нийтэд хандаж бичсэн захиандаа ноцтой баримтыг дэлгэсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байна.

Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе

Чуулган: “Шийдлийн” засгийн газар “аврагдлаа”

   Өнгөрсөн долоо хоногийн улс төрийн тогоонд болосн халуухан үйл явдлын нэг бол “Шийдлийн” гэх тодотголтой засгийн газрыг огцруулах асуудал байлаа.

Өнгөрөгч Пүрэв гарагийн 19.30 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж эхэлсэн. Санал хураалтаар Ерөнхий сайдыг огцруулах нь буруу гэж үзснээр Ч.Сайханбилэгийн засгийн газар хэвээр үлдсэн.


Улс төр: Г.Шийлэгдамбын захиа МАХН-ын дарга Н.Энхбаярын “булхайг” илчиллээ

   Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө 500 сая төгрөг авлигад авах гэж байгаад баривчлагдсан талаар багагүй шуугиан дэгдэж, хоёр сар шахуу хоригдож биеийн байдал нь тавгүйтсэн гээд түүний талаар  цуу яриа ч тасраагүй юм. Тэгвэл авлигын хэргээр баривчлагдсан Г.Шийлэгдамба өчигдөр олон нийтэд хандан ил захидал бичсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байна.

Захианд бичснээр Г.Шийлэгдамба нь Ерөнхий сайдад Эрүүл мэндийн сайдаас огцоръё гэсэн өргөдлийг өөрийн хүсэлтээр бичээгүй гэнэ. Тэрээр 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн бололтой. Хэрэв авлигын хэргээр баривчлагдаагүй байсан бол нэмж 120 мянган ам.доллар өгөх байсан талаар захиандаа тусгажээ. Дэлгэрэнгүйг...эндээс уншина уу.

Улс төр: Ч.Хүрэлбаатар, Д.Ганхуяг нар зодолдлоо

  Чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ч.Хүрэлбаатар нарын дунд тун ширүүн маргаан өрнөсөн юм.  Д.Ганхуяг гишүүн үг хэлэх гэсэн ч Ч.Хүрэлбаатар гишүүн үг хэлүүлэхгүй дундуур нь таслан микрофонгүй хашгирч эхэлжээ.  Үүнд нь бухимдсан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Ч.Хүрэлбаатар аа, ЗГХЭГ-ын дарга байхдаа хийгээ биз дээ.    15 сая долларыг 65 сая ам.доллар болгож байгаа шүү. Арц суварга чиний компани гэсэн. ” хэмээв. Ч.Хүрэлбаатар сандлаасаа босоод чуулганы танхимаас гарах гэж явахдаа "Долийчихоод хүн гүтгээд" гэжээ. Гэтэл Д.Ганхуяг гишүүн үүнийг нь сонсчихоод "Чи хүн доромжлохгүй шүү, чамд доромжлуулахгүй шүү дөрвөд минь" гээд барилцаж авсан гэнэ. Тэдний "зодооныг" УИХ-ын гишүүн С.Бямбацогт салгасан гэх. Үүнийг харсан сэтгүүлч, зураглаач нар очсон ч ордны хамгаалалтын алба дотогш оруулаагүй, үүдийг хаасан аж.

Нийгэм: 18 удаагийн үйлдэлтэй бүлэг этгээдийг баривчиллаа

  Иргэн Г, Б, Б нар нь Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран орчим, Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо Зурагтын хуучин эцэс, Сонгинохайрхан дүүргийн 32-н арын гэр хороолол орчмоор нийтдээ 18 гэмт хэрэг үйлдсэн байна.


Уг этгээдүүд нь айлын хаалганы цоожийг хөшиж, вакум цонх түлхэх зэрэг аргаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийж 10 орчим зурагтыг иргэн Б-д зарж борлуулсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа аж


Спорт: П.Орхон домогт Каори Ичог “сөхрүүллээ”

  “Алтан Гранпри” олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-д зодоглосон П.Орхон Каори Ичог өвдөг сөхрүүлж алтан медаль хүртсэн нь Монгол түмний бахархал төрүүлсэн сайхан мэдээ байлаа. Олимпийн гурван алт, дэлхийн 10 удаагийн аварга домогт Каори Ичогийн дараалсан их ялалтын цувралыг тэрбээр зогсоож чадсан нь дэлхий нийтийг цочроож, Монголын төрийн дуулал, дэлхийн дэвжээнд цуурайтлаа. Монгол тамирчин Каори Ичо аваргын 158 дараалсан ялалтыг зогсоож чадсан түүхэн амжилтыг П.Орхоноор бахархахгүй байхын аргагүй.

Нийгэм: Японы Коосэн сургуульд суралцах 94 оюутан, багш, судлаачдад эрхийн бичиг гардууллаа

  БСШУЯ-аас санаачилсан Япон улсад 1000 гаруй инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл амжилттай хэрэгжиж байна. 

Төслийн хүрээнд 2016 оны дөрөвдүгээр сараас Японы Коосэн сургуульд суралцахаар болсон нийт 94 оюутан, багш, судлаачдад эрхийн бичиг, батламжийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр гардуулсан юм.


Нийгэм: Сонгууль зургадугаар сарын 29-нд болно

  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн санал авах хугацааг тогтоолоо. Ингээд зургадугаар сарын 29-нд Сонгуулийг явуулахаар болов. “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 29-ний өдрөөр тогтоох тухай Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ тусган оруулж ирсэн юм. Мөн гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэдийн УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдөр авах тухай тусгажээ. Гишүүд хэлэлцээд сонгуулийн санал авах өдрийг СЕХ-ны саналаар тогтоохоор дэмжив.     


 Л.Ариунцэцэг

 

 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.