Аналитик


"ХҮН"-ынхан Дээд шүүхэд хандаж, "Оскар"-аар амьсгалсан өдрүүд

3 жил, 8 сар TIMES.MN
TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн өдрүүд үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Байгалийн онц аюулт үзэгдэл болж, онцгой байдлын алба хаагчид шуурхай ажилласны дүнд сураггүй болсон иргэдийг эсэн мэнд оллоо. “ХҮН”-ынхан Төв хорооны хуралдаан болж нам дотроо үүсээд байгаа асуудлыг асуудлыг шийдэхээр Улсын дээд шүүхэд хандсан гэдгээ хэвлэлийн хурлаар мэдэгдээд байна. Мөн Оскарын "Шилдэг эрэгтэй" дүрийн шагналын хэн авах нь кино сонирхогчдын анхаарлын төвд байсан. Тэгвэл үзэгчдийг баярлуулсан зүйл бол Лео анхны Оскарын шагналаа авсан түүхэн үйл явдал боллоо.

Ингээд зарим онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.

Цаг агаар: Байгалийн онц аюулт үзэгдэл боллоо

   2016 оны 3 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Увс аймагт цасан шуурга болж, зарим газарт салхины хурд 30 м/сек хүрч, цаг агаарын онц аюулт үзэгдэл боллоо. Нийт нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсантай холбогдуулан Зам, тээврийн сайдын тушаалаар зогсоогоод байсан ч бямба гарагт цаг агаар тогтворжиж замын хөдөлгөөн хэвийн байдалд шилжсэн. Байгалийн онц аюулт үзэгдлийн улмаас 83 хүн шуурганд төөрч, сураггүй болсныг онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын алба хаагчид, орон нутгийн удирдлагууд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах ажиллагааг явуулсны дүнд иргэдийг эсэн мэнд олсон.


 Нийгэм: "Нарантуул" Олон улсын худалдааны төвд гал гарлаа

  Өнгөрсөн Пүрэв гаригийн шөнө 03:00 цагийн үед “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны хэсэгт гал гарсан. Нийслэлийн онцгой байдлын газрын 10 дугаар анги эхний дуудлагаар очиж ажилласан бөгөөд нэмэлтээр долоон ангийн 100 гаруй алба хаагч оролцож галыг унтраасан. Одоогийн байдлаар гал гарсан шалтгааныг шалгаж байна.


Улс төр: “ХҮН”-ынхан С.Ганбаатарыг огцруулсан уу?

    Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны хурал болж, нам дотроо үүсээд байгаа асуудлын талаар ярилцаж, намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг албан тушаалаас нь огцруулсан талаар тус намын хэсэг хүмүүс мэдээлэл хийсэн. С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг намын даргаар томилж, тамга тэмдгийг нь гаруулсан байна. Түүнчлэн ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, харин түүний оронд Д.Гантулгыг намын Төв хорооны хурлаар томилжээ. Гэтэл Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн О.Алтангэрэл энэхүү мэдээллийг үгүйсгэж, намын даргаа огцруулаагүй гэдгийг мэдээлсэн. ХҮН-ын дарга С.Ганбаатар нам дотроо үүсээд буй дээрх ярвигтай асуудлыг шийдэхээр Улсын Дээд Шүүхэд хандсан гэдгээ хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.


Улс төр: Б.Булган Ж.Батзандангаас юу хүсэв?

  С.Зориг агсны гэргий Б.Булганыг  цагдан хориод багагүй хугацаа  өнгөрсөн билээ. Түүний ээж Д.Байгальмаа энэ хугацаанд "Ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна" гэх гомдлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргажээ. Гомдлын дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан  Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд очиж Г.Булгантай уулзлаа.

Тэрбээр Г.Булганы эрүүл мэндийн байдал,   хүний эрх, зөрчигдсөн эсэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явж  байгаа талаар асууж лавласан байна. Мөн уулзалтын үеэр Б.Булган өмгөөлөгчтэйгөө тогтмол уулзахыг хүссэн байна. Мөн унших ном сонин, сэтгүүл оруулж өгөхийг гуйжээ. Б.Булган нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш өдийг хүртэл өмгөөлөгчтэйгөө уулзаагүй гэдгээ Ж.Батзандан гишүүнд ярьсан байна.


Спорт: О.Гүндэгмаа Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

  Тайландын Бангкок хотноо буудлагын Дэлхийн цомын тэмцээн боллоо. Өчигдөр явагдсан 25 метрийн спорт гар бууны эмэгтэй дасгалд нийт 29 тамирчин өрсөлдсөнөөс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ. Тэрээр 588 оноогоор финалд шалгарсан бол ОУХМ Ц.Мөнхзул 577 оноогоор 10-р байрт орлоо. 

Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээнд манай улсаас "РИО-2016" олимпийн эрхээ аваад байгаа О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож байна. Тэмцээн энэ сарын 1-9-ний хооронд болох юм.


Дэлхий: Оскарын эргэн тойронд.../Лео анхны "Оскар"-аа авлаа/

  88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос – Анжелесийн Холливуд дахь Долби театрт боллоо. Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолыг Крис Рок хөтөлсөн юм.

Оскарын "Шилдэг эрэгтэй" дүрийн шагналын хэн авах нь кино сонирхогчдын анхаарлын төвд байсан. Үзэгчдийг баярлуулсан зүйл бол Лео анхны Оскарын шагналаа авсан түүхэн үйл явдал боллоо. Харин "Mad max: Fury Road" кино 9 номинацид нэр дэвшиж, зургаан Оскарын эзэн боллоо


Эдийн засаг: Ипотекийн зээлийг 5 хувьд шилжүүлэх журмыг баталлаа

  Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг баталлаа.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан тус сангийн 2016 төсвийн тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт танилцуулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх, сангийн 2016 оны төсвийг батлах хүртэлх хугацаанд хууль болон журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангаж, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд  заасны дагуу Монголбанктай гэрээ байгуулах, ипотекийн зээл олгох үйл ажиллагааг холбогдох байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэвийн, тасралтгүйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт даалгалаа.

Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзлээ. 


Нийгэм: Нийслэл ажлаа тайлагнаж, манлайлан ажилласан сэтгүүлчдийг шагналаа

  Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 103 жилийн ойг угтан өнгөрсөн Баасан гарагт МСНЭ, НЗТГ хамтран “Ил тод, нээлттэй Улаанбаатар” 1000 сэтгүүлчийн форумыг зохион байгууллаа. Форумын үеэр нийслэлийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнаж, тэдний сонирхсон асуултад хариулсан юм. НЗД-ын "Хүндэт өргөмжлөл"-өөр“Зууны мэдээ”,“Өдрийн сонин”

,“Өнөөдөр, “Үндэсний шуудан” сонин, МҮОНРТ, UBS, Eagle, Bloomberg телевизийн хамт олон, Times.mnGoGo.mn, Medee.mn, News.mn сайтын хамт олныг тус тус шагнав.


  Л.Ариунцэцэг 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.