TIMES Ярилцлага


М.Алтанцэцэг: Түүнийг нээх, түлхүүрийг олоход бид туслахыг зорьж байгаа

3 жил, 6 сар TIMES.MN


TIMES.MN сайтын “Энэ 7 хоногийн зочин” буландаа  “Хувь хүний хөгжлийн институт”-ын гүйцэтгэх  захирал М.Алтанцэцэгийг урьж  ярилцлаа.

- Та өөрийгөө танилцуулна уу?

- Намайг Манжаагийн Алтанцэцэг гэдэг. Долоон хүүхэдтэй айлын дундах охин. Багаасаа олуулаа бужигнаж өссөн дөө.  Сурлага сайтай, ангийн дарга, бүлгийн даргын алба хашиж бүх төрлийн уралдаан тэмцээнд ангийхнаа уриалан, зохион байгуулж оролцдог идэвхитэй сурагчдын нэг байлаа.

- Сурагч насныхаа хамгийн дурсамжтэй үеэ дурсвал?

- Бага насаа дурсахаар Булган голын хөвөөний шинэ ногооны үнэр санаанаас ер гардаггүй юм. Хаврын шалгалттай зэрэгцээд голын мөс хайлж шинэ ногооны үнэр үнэртээд хачин гоё байдагсан. Одоо эргээд бодоход хаврын шалгалт л хамгийн сайхан дурсамжтай үеүүдийг үлдээжээ. Бидний үед шалгалтыг билетээр авдаг байлаа. Билетээ бичнэ, боловсруулна, давтана гэдэг  хүүхдүүдийн хувьд том даваа байсан ч манай ангийнхан торохгүй давдаг байсан. Шалгалт гэхээр айдаст автахаасаа илүү хөгжилдөж, цэнгэлдэн бүр цаашлаад шалгалтад бэлдэх үеэр дурлалын шинэ түүхүүд бичигддэг байлаа/инээв/. Одоо ингээд бодоход хаврын төгсөх шалгалтад бэлдэх үе бол бидний үерхэл нөхөрлөлийн хамгийн сайхан цаг үе байжээ.

-Таныг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй гэж дуулсан. Яагаад энэ мэргэжлийг сонгох болов?

- Сургуульд орсон цагаасаа л математик, байгалийн ухааны хичээлүүддээ илүү сонирхолтой байсан болохоор эргэн тойрны ойр хүмүүс математикийн багш бол гэж зөвлөдөг байлаа.  Тухайн үед нийгмийн бүтэц зохион байгуулалтаасаа ч болдог байсан уу, тоондоо сайн бол тооны багш, хэл уран зохиолдоо авьяастай бол монгол хэл бичгийн багш болдог байлаа. Ер нь багшийн мэргэжлийг бусдад, нийгэмд үлгэр дууриал болсон сайхан мэргэжил гэж боддог байсан учраас хүмүүс хүүхдээ багш болгох их сонирхолтой.

Тэр үед бидний үеийнхэнд  далд буй авьяас, чадвараа нээн хөгжүүлэх боломж хомсхон.  Тиймээс мэргэжил сонгохдоо ихэвчлэн аав, ээж, багш нарын зөвлөснийг дагадаг байсан. Одоо бол цаг өөр болсон. Орчин үеийн хүүхдүүд өөрсдийн багаасаа сонирхсон, дуртай зүйлдээ хөтлөгдөн мэргэжил сонголтоо хийдэг болжээ. Энэ нь ч сайн хэрэг.

Би 10-р ангиа төгсөөд элсэлтийн шалгалтад ороод уначихсан юм. Тэгээд 4 жилийн дараа дахин шалгалт өгч МУИС-ийн математикч, эдийн засгийн анги аваад суралцаж төгссөн дээ. Эзэмшсэн мэргэжлээрээ 10-аад жил ажиллаж байхдаа олон бэрхшээлүүдтэй тулгарч байлаа.   Тэгээд ажлаасаа гарахаар зоригтойгоор шийдсэн. Энэ шийдвэр маань  өөрөө өөрийгөө таних “аялалд” гаргасан гэхүү дээ.

Тэр үед “Би үнэхээр санхүүгийн мэргэжилтэн үү, эсвэл сэтгэл судлаач сургагч багшаар ажиллаж  чадах уу” гэсэн асуултын өөртөө тавьж, эргэлзэж байсан. Тоо бодож байсан хүн гэнэт хүмүүст зөвлөгөө өгөөд тэдний амьдралыг чиглүүлнэ гэхэд нэг л  санаанд буудаггүй байлаа.

Амьдралын дасгалжуулагч, сургагч багштайгаа танилцаж, зөвлөгөө аваад суралцаж эхэлсэн. Энэ үеэс  өөрийн мөн чанар, өөрийгөө нээх  “гарцуудыг” олж харсан гэхүү дээ.  “Чамд бусдыг итгэн үнэмшүүлэх, бусдыг ятгах, бусдад зөвлөх авьяас байна” гэсэн багшийн үг  намайг урам оруулж, сэтгэл судлаач мэргэжлийг сонгоход гол чиглүүлэгч, хөдөлгөгч хүч болсон гэж болно.

-Сэтгэл судлаач, сургагч багшийн гараагаа анх яаж эхэлсэн бэ?

-Хүний эрхийн хуульч М.Ичинноров Монгол Улсын Засгийн газрын /Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн үед/ дэмжлэгтэйгээр “Хувь хүний хөгжлийн институт”-ын зөвлөл байгуулж, хамтарч ажиллах санал тавьсан. Тэр цагаас хойш амжилт дүүрэн ажиллаж, аль  хэдийнэ 4, 5 жилийн нүүр үзжээ. "Монголынхоо иргэн бүрийг зорилготой, хүсэл мөрөөдөлтэй, түүндээ хүрдэг төлөвлөгөөтэй, төлөвлөгөөнийхөө дагуу амьдардаг  байгаасай гэж  энэ институтыг байгуулсан.

Олон улсын жишгээс харахад улс орны хөгжлийг авч явдаг хөдөлгөгч хүч нь нийгмийн дундаж давхаргын хүмүүс байдаг. Жишээлбэл Япон, Герман гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын  дундаж давхаргын хүмүүс нь 70-аас дээш хувийг эзэлдэг.  Манай институтынхэн Монгол Улсынхаа дундаж давхаргын хүмүүсийн хувь хүний хөгжлийг дэмжих, хөгжүүлэх тал дээр түлхүү ажиллаж байна.  Хувь хүний хөгжлийн институт нь "хувь хүний хөгжил дэвшил нийгмийн хөгжил дэвшилд хөтөлнө" гэсэн уриатай.  Бид  нийгмийн бүх давхарга тухайлбал оюутнууд, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид болон хүн бүрт "Амьдрах ухаан-амжилтын хөтөч" хөтөлбөрийг хүргэхийг зорьж ирсэн.  Амжилтын хөтөч сургалтаас гадна   төлөвлөгөөний дэвтэр, гарын авлагуудыг бэлдэж, хүмүүсийг амьдрах ухаанд сургаж амжилт, хувийн өсөлт хөгжил, санхүүгийн эрх чөлөө, эрүүл амьдрал, бат бэх гэр бүл, зөв сайхан харилцаа руу хөтлөн дагуулдаг боловсролын тогтолцооны нэг болгохыг зорьдог.

Хувь хүн өөрийгөө хөгжүүлж, нээж чадвал амжилтад хүрч чадна, сэтгэл хангалуун амьдарна, аз жаргалтай болно, улс орноо хөгжүүлнэ. Үүнд хүрэх асар их хүч нь хүний дотор байдаг. Түүнийг нээх, түлхүүрийг олоход бид туслахыг зорьж байгаа. Энэ ном таны амжилтын хөтөч, жинэхэнэ дасгалжуулагч, аз жаргалд хөтлөх гүүр болно.

 

-Хамгийн анх сургагч багш болж байхад ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Шантрах ч юмуу, гаргасан шийдвэрээсээ няцах үе гарч байв уу.

- Хүмүүст зөвлөж, ярьж байгаа зүйлээ өөрийн амьдралдаа хэрэгжүүлдэг байх нь зүйтэй гэсэн зарчмыг баримтлан ажлын гараагаа эхэлж байлаа. Одоо ч энэ зарчмаасаа урваагүй. Миний өгсөн зөвлөгөөгөөр амьдрахад тухайн хүнд ямар боломжит хувилбарууд гарах, ямар саад бэрхшээлүүд тулгарах вэ гэдгийг сайн тооцоолж, зөвлөх чухал гэж боддог. Өөртөө хэрэгжүүлсэн зүйлээ цаашлаад хүмүүст зөвлөгөө болгон хүргэх нь илүү дөхөм санагддаг. Хий хоосон амны бангаар зөвлөгөө өгснөөс өөрийн туулсан амьдрал дээр тулгуурлан зөвлөх нь надад ч тэр хүнд ч илүү сэтгэгдэл төрүүлж чаддаг.

Сэтгэл судлаач, сургагч багш гэдэг машин техник, компьютертэй ажилладагаас шал өөр зүйл. Учир нь тухайн хүний зүрх сэтгэл, хүний туулсан болоод туулах гэж байгаа амьдралд нь тусалдаг мэргэжил учраас их нухацтай, болгоомжтой хандах хэрэгтэй. Тиймээс энэ мэргэжлийг эзэмшсэн болон эзэмших гээд явж байгаа хүмүүст хандаж хэлэхэд “Дотоод ертөнцтэйгээ ярилцан, хүмүүст өөрийн туулсан амьдрал дээр тулгуурлан зөвлөгөө өгдөг байгаасай” гэж хэлмээр байна.

-Сэтгэл судлаач мэргэжлийн  хамгийн сайхан нь юу вэ?

-Сургалт,  зөвлөгөө тухайн хүнд баяр хөөр, итгэл найдвар өгөхийг харах л хамгийн сайхан байдаг. Тиймээс хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлт, олж авсан мэдлэгийн эерэг сэдэлжүүлэлтээс кайф авдаг. Ер нь андашгүй байдаг. Сургалтанд суусны дараа хүмүүсийн баярласан, хөөрсөн, буцаж ирээд ярьж байгаа бүх зүйлсээс сургалт амжилттай болсон уу үгүйг харах боломжтой. Хүмүүсийн баяр хөөр бидэнд аз жаргал бэлэглэдэг.  

-Залуучуудын хувьд өдөр тутмын ажлынхаа хэмнэлд дасчихсан, холын зорилгогүй, урсгалаараа ажлаа хийж явсаар нэг мэдэхэд 5, 6 жилийг өнгөрүүлсэн байдаг. Эргээд харахад өнгөрсөн хугацаанд би юуны төлөө амьдарч байсан юм бэ? Миний алсын зорилго юу билээ гээд бодохоор тодорхойлж чаддаггүй. Тэгвэл ирээдүйн зорилгоо хэрхэн тодорхойлж түүнд хүрэх алхамаа хэрхэн төлөвлөх вэ?

-Эзэн Богд Чингис хааны хэлсэн үг бий. “Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино” гэж. Энэ бол гайхамшигтай философи. Үүн дээр “Эзэн хичээвэл Заяа хичээнэ” гэдэг үгийг амьдрал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй.  Манай залуучууд “гоё амьдарна” гэсэн ерөнхий төсөөлөлтэй л амьдардаг.  Гоё нөхөртэй, гоё эхнэртэй, гоё байртай , гоё машинтай, гоё ажил хийж амьдарна гээд бүх зүйлийг гоёоор л төсөөлдөг. Тэгтэл тэдний мөрөөдөөд хүсээд байгаа “Гоё амьдрал”-даа яаж хүрэх вэ, ямар замаар очих вэ гэдгээ төдийлөн төлөвлөдөггүй. Зорилгодоо хүрэх алхмаа төлөвлөлөөгүйгээс болоод хүссэндээ  хүрч чаддаггүй. Тэгээд  стресс, бухимдалд орж эхэлдэг.

Зорилгодоо хүрэх алхмаа төлөвлөхөөс гадна хамгийн гол зүйл бол түүндээ хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Магадгүй хүн бүрт өгөгдөл, авьяас чадвар бий. Нэг хувийн авьяастай ч  99 хувь эрчимтэй хөдөлмөрлөвөл  амжилтанд хүрнэ гэдэг шүү дээ.  Зөв төлөвлөлт, зүтгэл хоёр нийлж байж л үр дүнд хүрнэ.

-Та амжилтыг хэрхэн тодорхойлох вэ?

-Амжилт бүхэн өөр өөрийн хэмжүүртэй. Хүн юу хийснээ амжилт гэж бодно тэр нь л амжилт. Түүнээс бүгд урлагийн од болохгүй, бүгд ерөнхий сайд, дээгүүр албан тушаалтан болохгүй. Тэгэхээр хүний сэтгэл ханамж хаана хүрээд зогсоно тэрийг л амжилт гэж үздэг.

-Таны амьдралдаа гаргасан хамгийн том амжилт...

-Хувь хүний хөгжлийн институт гэдэг байгууллагыг  удирдаж ажиллаад өнөөдрийн байдлаар 20 гаруй мянган хүнд сургалтаа хүргэсэн байна. Бүх аймаг, сум, хилийн цэргийн бүх отряд, нэгтгэлүүдээр явлаа. Энэ бол манай хамт олны эх орныхоо төлөө хийж, хэрэгжүүлж байгаа ажлын амжилт болов уу гэж боддог.

Нөгөө талаасаа таван хүүхдийн эх болоод амар тайван, ар гэртээ санаа зовох зүйлгүй амьдарч байна.  Олон хүүхэд өсгөнө, хүмүүжүүлнэ гэдэг эмэгтэй хүний хувьд тийм амархан даваад гарах ачаа биш. Би тэр хэмжээгээрээ л биеэ олон тоонд хуваана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэдтэй байвал ганц хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулаад амьдарч байхад миний хувьд би зүрх сэтгэлээ тав хуваагаад, нөхөртэй, өөртэйгөө долоо хуваагаад амьдарч байна.

Гэр бүлийнхнийхээ төлөө зүрх сэтгэлээ зориуллаа гээд миний зүрх жижгэрчихгүй. Тэгээд бүх л хүүхдээ хайрлаад, өсгөөд, бүгдийг нь тодорхой хэмжээний амжилтад хүргэчих гээд явж байгаагаараа өөрийгөө амжилттай байна гэж боддог.  Амар амгалан гэр бүл минь миний амьдралын хамгийн том амжилт.

-Шинэ оны босгон дээр та  шоронгийн хоригдлын номыг хэвлүүлж, баярлуулсан   гэл үү?

-Над руу зөвлөгөө авах, санал бодлоо хэлэх, баярласнаа илэрхийлэх гээд л өдөрт утасны дуудлага нэлээн их ирдэг. Нэг удаагийн дуудлагаар хорих ангид хүмүүжиж байгаа нэгэн залуу байлаа. "Таны утасны дугаарыг "TV ZONE" сэтгүүлд гардаг таны зөвлөгөөний булангаас авлаа. Таны зөвлөгөөг үргэлж уншдаг. Би хэдийгээр буруу зүйл хийж ялаа эдэлж байгаа ч гэсэн гэмшсэн сэтгэлээ илэрхийлж хүүхэд багачууд, залуучууд маань над шиг алдаа бүү гаргаасай гэсэндээ монгол ардын зүйр цэцэн үгс, сургаалт үгс түүвэрлэн бичсээр бараг ном болчихсон юмаа. Мобиком, Скайтель гээд хэдэн том газруудад хүсэлтээ илэрхийлсэн боловч татгалзсан хариу өгсөн. Та надад тусалж номыг минь хэвлүүлж өгөөч" гэсэн хүсэлтээ илэрхийлсэн юм. Эрх нь хязгаарлагдмал хоригдож байгаа ч өөрийгөө хөгжүүлж, одоо цаг дээрээ зөв шийдвэр гарган амьдрана гэдэг хүн бүхний хийж чадах зүйл биш билээ. Түүний энэхүү сэтгэлийн галыг унтраахгүйн тулд манай хамт олон өөрсдийн цалингаасаа хуримтлал үүсгэн түүний "Миний монгол хүмүүжил" нэртэй номыг хэвлүүлж өгсөн.  ШШГА-ны хорих 409-р анги дээр очиж Б.Эрдэнэбаяр дүүдээ номыг нь гардуулсан юм. Бидний ажилд туслалцаа үзүүлж, хүмүүжигч нарынхаа хөгжил, дэвшилд анхаарал хандуулан энэ үйл ажиллагааг зохион байгуулсан Дэд хурандаа Б.Ууганбаярт энэ дашрамд баярласнаа   илэрхийлье. Номоо хараад баярлаж хөөрсөн түүнийг буцаад нийгэмдээ сайн сайхныг хийж бүтээгээрэй л гэж хүсч байна.
Шинэ оны босгон дээр хэдэн мянгаар биш ч гэсэн нэг хүнийг, нэг гэр бүлийг баярлуулсандаа сэтгэл дүүрэн байгаа.

- “Хувь хүний хөгжлийн институт”-ээс “Амжилтын хөтөч” төлөвлөгөөний дэвтрийг яагаад гаргах болсон бэ?

- Яагаад энэ номыг гаргах болсон бэ гэхээр бид олон сургалт хийж болно. Сургалт зохион байгуулж байхад хүмүүсийн сэтгэл нь хөөрч, сэтгэл зүй хөөрөлд ордог. Би болох юм байна, би чадах юм байна гэсэн бодолд автдаг. Тэгээд сургалт дуусаад хэсэг хугацааны дараа мартагнаж эхэлдэг. Сургалтад суугаад олж авсан сэдэл, хөөрөл, тэр мэдрэмжүүдээ удаан хадгалаад түүнийгээ ашиглах зорилгоор энэ гарын авлагыг гаргасан.

Ашиглахдаа бүтэн жилийн хугацаанд ашиглах боломжтой. Манай Монголчуудын хувьд бичдэг, тэмдэглэдэг, төлөвлөдөг дадал зуршил багатай үргэлж толгойдоо бодож явдаг хүмүүс. Хүмүүсээс асуухад ер нь бодож байгаа, хийе гэсэн бодол байгаа гээд яриад байдаг. Тэгээд цагийг нь тулгаад гэнэтхэн бужигнуулдаг.

Бид тэр толгойн доторх бодлыг эмх цэгцэнд оруулж, цаасан дээр буулган дэс дараалалд оруулаад, төлөвлүүлээд хянах боломжийг олгох зорилгоор уг номыг гаргасан. Мөн зөвхөн бичээд төлөвлөөд явах бус өмнө тавигдсан хичээлүүдийг уншаад өөрийгөө таньж мэдэх, мэдээллүүдийг олж авах, өөрийнхөө дотоод хүнийг таних өөрийгөө тодорхойлох боломжуудийг бүрдүүлж өгсөн.

-“Амжилтын хөтөч” -2016  төлөвлөгөөний дэвтэрийг хаанаас худалдаж авч болох вэ. 2014, 2015, 2016  гээд цувралаар гаргаж байгаа ?

-Номын бүх дэлгүүрүүдэд  худалдаж байгаа. Хувь хүний хөгжлийн институт дээр ч  ирж худалдаж авч болно.    Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” төлөвлөгөөний дэвтэр нь нэг удаа гүйлгэж уншчихаад орхичих биш өөрчлөлт, амжилтад хүрэхэд  хөтлөх гүүр  тань болно.Энэ ном нь тэмдэглэлийн дэвтэр, цагийн хуваарь, уулзалтын цагаа төлөвлөх хэмжээнд л хэрэглэх бус амжилтын зарчимуудыг танин мэдэх мэдээллийг ч өгч , өөрөө өөрийнхөө хүч чадалд итгэх итгэлийг өгнө.

Цаг зав гарган чин сэтгэлийн яриа өрнүүлсэн таньд баярлалаа

Л.Ариунцэцэг




Холбоотой мэдээлэл


Лабораторийн Өнөрөө
Лабораторийн Өнөрөө
1 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.