Улс төр


Чухлыг онцлов

4 жил TIMES.MN
TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрөгч өдрүүдэд улс төр, нийгэм, спортын бүхэл салбарт үйл явлаар дүүрэн өдрүүд өнгөрлөө. Тэр дундаа "Эрдэнэс ТТ" компанийн ажилтан С.Эрдэнэ өөрийгөө шатаасан олныг сэрдхийлгэсэн үйл явдал боллоо. Ингээд бусад онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.
Ард түмний эсэргүүцэл туйлдаа хүрлээ

  “Эрдэнэс таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатаасан. Тус компанийн ажилчид өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд удирдлагуудынхаа эсрэг мэдээлэл хийхээр болсон. Хурлын үеэр компанийн ҮЭ-ийн дарга  С.Эрдэнэ "Эрдэнэс таван толгой компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн. Дахиад 200 гаруй ажилтанг халах гэж байгаа. Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” гэж мэдээлэл өгснийхөө дараа өөр лүүгээ гэнэт шүдэнз зурсан нь олныг цочроосон үйл явдал болсон. Энэ үйлдэл нь тус компаний ажилчидын бухимдал эцэстээ хүрч байгаагийн илэрхийлэл боллоо.

Монгол-Хятадын айлчлалын онцлох сэдэв худалдаа, эдийн засаг 


 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-11 нд БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар төрийн айлчлал хийсэн. Тус айлчлал нь хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хийгдэж байгаа анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог төдийгүй Ерөнхийлөгчийн 5 жилийн дараа БНХАУ-д хийж буй төрийн айлчлал юм. Худалдаа, эдийн засгийн салбар нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг байсаар ирсэн  бөгөөд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгаа төдийгүй, хоёр талын худалдааны хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэх боломжтой аж.


Ирэх оны мөнгөний бодлогыг баталлаа


  УИХ-ын Баасан гарагийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн саналаар дэмжиж баталсан.

 Уг бодлого батлагдсанаар ирэх онд зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах үүргийг Засгийн газар, Монголбанк хүлээгээд байна. Энэ саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргасан юм. 


Спорт: Г.Болдбаатар дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдлээ

 Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-оос хэдэн өдрийн өмнө эмэгтэйч жүдочдын чансааг шинэчлэн гаргасан. Тэгвэл эрэгтэй жүдочдын чансааг шинэчлэгджээ. БНСУ-ын жүдоч Ким Вонжиний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жин тэргүүлж байгаа бол гавьяат тамирчин Г.Болдбаатар дэд байрт бичигджээ  . Мөн жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин есдүгээрт бичигдсэн бол Залуучуудын дэлхийн аваргын мөнгө медальт Ц.Цогтбаатар 24 байр урагшилж 30 дугаарт жагссан байна. 



Дэлхийд: Парисын халдлагыг "Исламын улс" бүлэглэл хүлээлээ

 Баасангаас бямба гарагт шилжих шөнө Парисын хувьд эмгэнэлт шөнө байлаа. Парис хотын 7 өөр дүүрэгт  зэвсэгт халдлага гарч урьдчилсан байдлаар 150 гаруй хүн амь үрэгдээд байна. Тэдний 118 нь Парисын 11-р дүүрэгт байрлахБатаклан хэмээх алдартай концертын танхимд алагдсан аж. Концертын танхимыг  зэвсэглэсэн 6-8  алан хядагч барьцаалсан байна. Барьцаалах үеэр концерт үзэж байсан хүмүүс үймж зугтсан ч 100 гаруй хүн барьцаалагчдын гарт оржээ. Тусгай хүчнийхэн дайралт хийж алан хядагчдыг устгасан гэх мэдээлэл байна.  Мөн үл танигдах этгээд Парисийн 10-р тойргийн ресторанд үйлчлүүлэгч нарыг буудан 11 хүнийг хөнөөсөн байна. Ле Камбож гэх ресторанд Ле Кариллон баар, Лес Холл дэлгүүрийн ойролцоо алан хядагчдад буудуулж 40 гаруй хүн нас барсан байна.


2016 оны нэгдсэн төсвийн төслийг баталлаа

Бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна.

Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төслөөс хасч, 79.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгажээ.

Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэж байна.

Л.Ариун




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.