Улс төр


Ерөнхийлөгчийн хоригийг эцэслэн шийдвэрлэлээ

4 жил, 5 сар TIMES.MN

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.09.15/ хуралдаан 11 цаг 15 минутад, 78.9 хувийн ирцтэй эхэлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг  хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тус байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Авилгатай тэмцэх газрын гаргасан судалгаа, мэдээлэл болон өршөөлийн хуулиар улсад хохирол учруулсан гэх 100 гаруй иргэн, албан тушаалтны нэрийг зарлах, олон нийтэд ил болгосны дараа хоригийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, ажлын тав хоногийн завсарлага аваад байсан юм. Мөн дээрх хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлээд байсан билээ.


Энэ өдрийн хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Д.Ганбат, МАХН-МҮАН-ын "Шударга-Ёс" эвслээс тавьсан шаардлагын дагуу холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тайлбарыг эвсэлд хүргүүлсэн байгаа. Шийдвэр гаргахын өмнө мэдээлэлтэй байг гээд гишүүдэд уг материалыг тараасан. Гэхдээ нууцын зэрэглэлтэй зүйлийг энд ил ярьж болохгүй гээд Өршөөлийн хуульд хамрагдах хүмүүс 350 тэрбум төгрөгийн учруулсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар Авлигатай тэмцэх газраас тайлбар хийхийг хүссэн юм.


Түүний асуултад Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж, 350 тэрбум төгрөгийн хохирол учруулахаар байгаа гэдэг ташаа ойлголт. Манай байгууллагаас гаргасан танилцуулгад 32 тэрбум 415 сая төгрөгийн хохиролтой гэсэн мэдээлэл бий хэмээн хариулсан.


Ингээд нэгэнт өмнөх хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуусан тул байнгын хорооны хуралдаан санал хураалтаар үргэлжлэв.

Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлүүдэд тус тус хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн зүйл тус бүрээр санал хураасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэсэгчлэн тавьсан хориг тус бүрийг хүлээн авахыг дэмжсэн юм.


Түүнчлэн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийн дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Монгол Улсын шадар сайд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатарыг томиллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.