Аналитик


Барилгын салбарын анхны эмэгтэй сайд

3 жил, 11 сар TIMES.MN

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар гишүүдийн 93,1 хувийн  саналаар  томилогдсон Барилга, хот  байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ үүрэгт  ажлаа хүлээн аваад нэг сар ч болоогүй байна. Тэрээр томилогдохдоо баахан баалуулсан, хэсэгтээ л  сошиэл ертөнцийнхний  өөчилж, гоочилсон ярианы сэдэв болж байлаа. Тэр бүхнийг уншиж, тоож, шаналж, стрессдэггүйгээ  “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хуучилна лээ. Хэдийгээр энэ салбарын хүн биш ч гэлээ тэрээр цензургүй асуултанд бүдрэлгүй, их л тайван, шаг хийтэл хариулж харагдсан.  Нүсэр салбарыг удирдахаар очоод  удаагүй  гэхэд чамгүй уншиж судалсан байна шүү гэж  түүнд эерэг дүн тавьсан хүмүүс цөөнгүй  байх. Гэр хороололд амьдардаг, намтар нимгэн гээд хүнийг гоочилж болохгүй. За энэ ч дээ  шалихгүй нөхөр гэж басамжлах хэрэггүй. Гагцхүү хийх ажил, хэрэгжүүлж байгаа алхам, энэ бүхний  үр дүнгийн нийлбэрээр нь дүгнэх нь илүү бодиттой. Хошуурч муулаад, шуурч магтаад, шүүрч цоллоод  байдаг үзэгдэл  хавтгайрсан  үед Барилга, хот байгуулалтын сайд бүсгүйн эр зориг, ажлын шинэлэг арга барил, шийдэмгий шийдвэрүүд “хэн бэ” гэдгээ харуулна. Түүнд боломж нээгдэж байна. Улстөрд удаан оршин тогтнож, өөрийн гэсэн орон зайгаа “дархалж” үлдэх, нэр хүндээ өсгөх сиймхий тохиолоо гэж хэлж болох юм. Сонгууль дөхөж,ажиллах хугацаа  богино үлдсэн  ч гэсэн дорвитой шийдлүүдийг гаргаад явчихвал түүнийг үнэлэх түмний үнэлгээ өөрчлөгдөж л таараа.

  Ямартай ч барилгын салбарынхан анх удаа эмэгтэй сайдтай болж байна. З.Баянсэлэнгэ  26 дахь  сайд. Гэхдээ энэ салбарын анхны эмэгтэй сайд гэсэн тодотгол түүний нэрийг өмнө зурайна.

Энэ хугацаанд ажиглахад З.Баянсэлэнгэ хичээхийн дээдээр  хичээж, мэрийхийн дээдээр мэрийж байгаа бололтой дог. МАХН-ын хурал дээр “ Намын хүнийг ажилд ав гэж шахахгүй шүү, нам харгалзахгүйгээр мэргэжлийн хүмүүсээр  хүрээллүүлж ажилламаар байна” гэж мэдэгдсэн гэх.  Тэр ч үүднээс орон тооны бус хоёр зөвлөх авчээ. Барилгын яамны орлогч сайд байсан, салбараа арван хуруу шигээ андахгүй мэддэг, хашир  хоёр “бурхи”-ийг  урьж ажилд  оруулжээ. Түүгээр ч зогсохгүй барилгын салбараас төрсөн гавьяат, хөдөлмөрийн баатар гээд гавьяатнуудыг цуглуулж, саналыг нь сонсч, хүндэтгэл үзүүлээд зогсохгүй чамгүй зөвлөгөө авсан сурагтай. Мөн мэргэжлийн холбоод, барилгын салбарынхны төлөөллүүдтэй уулзалт хийж, бодлого, судалгааны нэгж ч ажилуулж эхэлсэн байна.

Энэ хугацаанд олон зүйл рүү савчихгүй, тоймтой хэдийг онцолжээ. Барилгын зөвшөөрөл гэж мөнгө бариад гүйдэг, дамнаж наймаалдаг сүлжээг эвдэхийг зорьж байгаа аж. Барилгын зөвшөөрлийг үнэ тохиролцон худалдана гэсэн зар  хаа сайгүй. Хэрвээ зөвшөөрлийг мэргэжлийн холбоод олгодог, үйл ажиллагааг нь хянадаг болгочихвол төрийн алба үүнд “гараа  дүрж”, гарын үсгээ “үнэлэх” шаардлагагүй болно. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлдэг дэлхий нийтийн жишгийг манай улс хэрэгжүүлнэ гэдэг ч бодит амьдрал дээр тэр бүр биелэлээ олохгүй л байгаа.

Энэ бугшсан асуудлыг барилгын салбарын анхны эмэгтэй сайд зориглон сонгожээ. Мөн Барилгын тухай хуулийг батлуулах, байрны урьдчилгааны 10 хувийг шийдүүлэхээр ажиллаж  байгаагаа  өчигдрийн  “Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.   Хэрвээ Барилгын тухай хуулийг батлуулаад гаргачихвал, барилгачдынхаа эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг чамбай  бүрдүүлчихвэл салбарын биш ч сайн ажиллалаа гэж дүгнүүлэх байлгүй. Энэ хуулийг гаргахад олон талаас  эрх ашгийн  тусгалтай лобби хүчтэй явагдаж л таараа. Түүнийг сөрөхөд амаргүй л байх.

Энэ удаад барилгын салбар эмэгтэй удирдлагуудтай байгаагаараа онцлог гэж хэлж болох юм. Барилга, хот байгуулалтын дэд сайд бас л бүсгүй хүн бий. Г.Байгальмаа гэгч бүсгүйтэйгээ З.Баянсэлэнгэ ойлголцож, хамтран зүтгэвэл хүчээ  улам л  зузаатгана. Зөвшөөрөл энэ тэр гэж аж ахуйн маягтай үйл ажиллагаа явуулдаг биш  жинхэнэ бодлого тодорхойлох  үндсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлдэг  бүтэц бий болгох зорилгоо биелүүлж чадах эсэхийг харж л байя

Х.Тэргэл 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.