Ч.Буянт: Монголын сийлбэрийн урлаг өөрөө гайхамшиг

9 сар, 1 долоо хоног TIMES.MN

Монголчуудын өв соёл, зан заншил, ахуйг шингээн модны ураар урлагийн бүтээл хийж, түүх соёлоо сурталчилж буй уран сийлбэрчин Ч.Буянтыг энэ удаагийн “Гоё Монгол” буландаа урьж ярилцлаа.


Та аль нутгийн хүн бэ? Таны төрж өссөн нутаг усны талаар яриагаа эхэлье.

Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хүн. Сумынхаа төвийн Тарган нуур хэмээх газар төрж өссөн. Би нутаг усаараа бахархан ярих дуртай. Яах аргагүй байгалийн үзэсгэлэн цогцолсон сайхан нутаг. Төрийн тахилагат Цагаан чулуутын овоондоо ажил амьдралаа даатгаж явдаг даа. Манай нутгийнхан үеийн үед энэ овоондоо сүү цагаан идээгээ өргөж тахиж ирсэн байдаг юм.

Таны удамд сийлбэр урладаг хүн байсан уу?

Яг модны ураар сийлбэр урладаг хүн байгаагүй. Миний ээж Монгол гутлаа урлаад өмсчихдөг оёдолчин хүн байсан. Бага балчираасаа л ээжийнхээ урласан Монгол гутал, дээлийг өмсөж өссөн дөө. Харин миний аавын хувьд ердийн хөсгийн тоног төхөөрөмжөө өөрөө хийчихдэг байсан.

Модон урлалын сийлбэрээ хэзээнээс хийж эхэлсэн бэ?

Монголын Сийлбэрийн урлаг гэдэг өөрөө гайхамшиг. Миний хувьд 1998 оноос эхлэн модны ураар сийлбэр хийж эхэлсэн. Өвлийн хүнд хэцүү бэрх цаг, зуд турханд мал хөрөнгөө алдах нь малчин хүн бүрт л тохиолддог хэлж биш, хийсч ирдэг зовлон. Надад ч бас энэ зүйл тохиолдсон. Тэр үеэс үр хүүхэд ар гэрээ авч явах үүрэг хүлээсэн эр хүний хувьд сийлбэрийн ур дүйгээ хөгжүүлэн бүтээлүүдээ урлаж эхэлсэн. 18 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шим, оюун санаа, тэсвэр хатуужилын үр дүнд миний бүтээлүүд бий болсон доо.

Сийлбэрийг анх хүнээр заалгуулж сурч байв уу?

Сийлбэрийг ингэж урладаг юм гэж зааж сургасан хүн байхгүй ээ. Өөрийн сонирхол дотоод сэтгэхүйгээрээ эдгээр бүтээлүүдээ урладаг гэж болно. Тусгай сийлбэрийн мэргэжлийн сургуульд ч сураагүй. Миний боловсрол гэвэл 1966 онд дөрөвдүгээр ангиа онц дүнтэй төгссөн л байна даа /инээв/ . Гэхдээ миний хамгийн том сургууль бол эх орноо аюулаас хамгаалах цэрэг армын гурван жилийн алба хаасан явдал. Энэ амьдралын хатуужил хүнд бэрхийг даван туулах сэтгэлийн хатыг цэрэг армын гурван жилээс сурч авсан гэж боддог.

18 жилийн хугацаанд ойролцоогоор хичнээн төрлийн сийлбэр урласан бэ?

-Монгол орны өв соёлыг харуулсан, түүх соёлоо залуу үеийхэндээ таниулах зорилготой бүтээлүүдээ урладаг. Тиймдээ ч миний бүтээлд Монголын эртний өв соёлыг харуулсан сийлбэр голчилдог. Жишээлбэл цаатны амьдрал гэхэд цогцоор нь шингээж өгсөн байгаа. Уултай устай, цаатангуудын эдэлж хэрэглэдэг унаа, хувцас хэрэглэл, урц майхан, ан амьтан араатан жигүүртэнтэй цогцоор нь бүтээсэн.


Хамгийн их сэтгэлээ шингээн хийсэн бүтээл юу байна?

Бүхэл бүтээлээ хөдөлмөр оюунаа шингээн сийлдэг. Сийлбэрийн урлаг гэдэг хүнээс асар их тэвчээр шаарддаг бүтээл. Бүтээлийн материал болох модны ур гэдэг хүнд, маш хатуу. Хятадын төмөр багаж хальт хүрээд ир нь цайрдаг. Оросын гантай төмрөөр хийсэн миний тав зургаан багаж бий. Үүгээрээ л бүх бүтээлээ урлана даа.

Багажаа өөрөө урладаг гэсэн үг үү?

Ганц нэгийг өөрийн гарт эвтэйхэнээр зохиогоод хийсэн юм бий. Гэхдээ бүх модны ур адилгүй учир материалдаа тохирсон багажаа урлах шаардлага зайлшгүй тулгардаг. Ер нь сийлбэрийн урлаг хүнээс олон талын чадвар шаарддаг. Сийлбэрийн урлагийг бүтээхийн тулд дан ганц сийлдэг бус зурах чадвар танин мэдэхүйн мэдлэгтэй байх нь чухал.

Бүтээлүүдийн модыг хэрхэн сонгодог вэ?

Сийлбэрийг урлахдаа захын нэг модоор хийж болохгүй. Тэр бүр тохирч таарахгүй. Модоо эрэлхийлж хайж хэдэн өдрөөр ч уулын хяр бэлээр явах тохиолдол гардаг . Гэхдээ ургаж буй мод огтлохгүй. Зөвхөн унаж өнхөрсөн модны урыг сонгон бүтээлээ урладаг. Олсон модоо хараад юу болох уу гэдгээ ажиглана. Үүний дараа үүнийг бүтээл болгоход ямар багаж хэрэгсэл хэрэгтэйг судална. Бүтээл хийх явцдаа маш нягт нямбай байхгүй бол хальт хутганы үзүүр хүрэхэд л хйихээр төлөвлөж төсөөлж байсан зүйл бүтэлгүйтэх ч тохиолдол гарна.

Хамгийн удаан хугацаанд хийсэн бүтээл?

Жижиг мал амьтны бүтээлийг 1-2 өдрийн дотор гараас гаргадаг. Миний хамгийн удаан урласан сийлбэр бол эвтэй дөрвөн амьтан. Энэ бүтээлийн материалыг Хөвсгөл далайн баруун Тайгын ямар ч хөсөг орох боломжгүй газраас олж байсан. Тэгээд км гаран газар ганцаараа модоо үүрээд зургаа амарч гэртээ очоод 11 өдөр өглөө өдөргүй суугаад гаргасан даа.

Модны ураа хайгаад ой модоор явж байхад бэртэх тохиолдол гарч байв уу?

Харьцангуй гайгүй ээ. Хотгойдын унаганы бүтээлийн материалыг аваад хойшоо ухарч яваад зүү шиг яр нь дээр ар нуруугаараа унаад 2, 3 минут муужирч байсан үе бий. Хүн амьдралын төлөө зүтгэж явахад амиа алдах тохиолдол ч гарч болзошгүй гэдгийг тухайн үед мэдэрч байлаа.

Сийлбэрийг бүтээлийг худалдаж авах иргэдийн хандлага ямар байдаг вэ?

Монголчууд гэхээсээ илүү гадаадын жуулчид ихээхэн сонирхож худалдан авдаг. Энд нэг зүйл нэмээд хэлэхэд хөдөө орон нутгийн хүмүүс бид нар Улаанбаатарт ирээд үзэсгэлэнгээ гаргах газраас өгсүүлээд асуудлууд тулгарч эхэлдэг. Уг нь Монголынхоо урлаг соёлыг түмэнд дэлгэрүүлж буй хүмүүсээ төр засгаас дэмжиж өгвөл зүгээр гэж бодох юм.

Л.Ариунцэцэг

Сийлбэрчин Б.Чагдаагийн бүтээлээс...




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.