Аналитик


Бичин жилийн улс төр

3 жил, 11 сар TIMES.MN

2016 оны улстөрийн прогноз сүүлийн өдрүүдэд тодорохой болж ирлээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл худалдаж бусад намтай хэрхэн нэгдэж ажиллах талаар ярилцсан байна. УИХ-ын сонгуульд эвсэл болж орох, эсвэл нэгдэж  нэг нам болж ажиллах тохиолдолд Гүйцэтгэх зөвлөлд төлөөллийг нь хэрхэн багтаах гээд ярилцах асуудал их  байжээ. Эндээс ямар шийд гарахаас шалтгаалан ИЗНН, МҮАН-ынхан ирэх сонгуульд яаж орохоо шийдэх юм байна. АН-ын угшилтай намууд нэг талдаа  гарсан бол нөгөө талд МАН, МАХН-ынхан хамтран ажиллах тухай мөн ярилцаж байна. Тодруулбал МАН-ын угшилтайнууд нь нөгөө талдаа гарчээ.


АН-тай ганзаг холбох гэж буй МҮАН-ын дарга М.Энхсайхан АН-аас өрх тусгаарласан. Замын дундаас МАХН-тай эвсэж УИХ-д суудалтай нам болж чадсан. Гэвч энэ эвсэл  бүрэн эрхийн 4 жилийн хугацаагаа гүйцээж чадалгүй задарч буйг гишүүд нь өнөөдөр ил тод хэлэх болжээ. М.Энхсайхан ч Н.Энхбаяртайгаа таарамж муу, үзэл бодол нийлэхгүй болсон гэдгээ ч удаа дараа хэвлэлийн хуудсаар зарлав. Өнөөдөр тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нартай хамгийн ойр байж намаа нэгтгэх саналаа уламжилсан.


АН-ын хувьд  олонхийг бүрдүүлэх бүрэн эрхийнхээ хугацаанд хуучин зуршлаа гээж чадалгүй гүйцэтгэх засаглалаа унагаад авсан. Үүнд гомдсон Н.Алтанхуяг нам дотроо сөрөг хүчин болж хүчтэй тоглолт хийж байгаа. Сульдаж буй Алтангадас фракциа  шинэ цусаар сэлбэж бүхий л салбарт хүчтэй байхаар нарийн тактик боловсруулан ажиллаж байна. Олон намын төлөөллөөс бүрддэг нам болохоор фракциудын тулаан энэ мэтчилэн намжихгүй. Тамга хэний гарт байна тэр фракци бусдыгаа шахдаг. Үүнээс болж АН-ын фракциудын дотоод зөрчил ширүүсч нэгийгээ татаж унагаасаар сонгуулиар ялагдах гол шалтгаан нь болдог. Ийм гашуун түүх энэ удаа ч давтагдаж байна. АН-ын фракцийн тэмцэл туйлдаа хүрч тэргүүлэгчийнх нь хамгийн ойрын хүнийг барьж хорьж, яллаж улстөрийн тавцангаас зайлуулах хамаг муу муухай бүхнийг хийж байна. Энэ нь бүр хүрээгээ тэлж интерполийг оролцуулан дэлхий дахинаа эрэн сурвалжилж бусдынхаа халаасыг нэг мөр эргүүлэхээр улайрч байгааг харж байна.


Үнэхээр идсэн уусан дээрээ тулвал бүгд ижилхэн, харин хэн нь илүү идсэн вэ гэдэг л байгаа юм. Ийнхүү АН-ынхан улс орноо бодох завгүй тэмцэлдэж байхад  сөрөг хүчин болсон МАН-ынхан юу хийж байгаа нь бас сонин.


Угшил нэгтэй МАХН-тай  эвсэж сонгуульд өрсөлдөх тухай яригдаж байгаа нь тодорхой болсон. 2012 оны сонгуулиар Н.Энхбаярыг өрх тусгаарлаад гарахад нь хэн ч биш болгоод орхилоо гэж байсан нь эндүүрэл  гэдгийг хожуу ч гэлээ ухаарсан.  Н.Энхбаяр МАХН-тайгаа байхад улстөрийн тавцанд богино эргэлттэй тоглолт хийсээр байна.  Өмнөх шиг нэг нам дийлэнх олонхийг бүрдүүлж чадахгүй болсон цаг үед Н.Энхбаярын энэ  эргэлт улстөрийн замд нь хор хохирол  учруулсаар байна гэдгийг  эрх биш МАН-ынхан ойлгосон бололтой. Нөгөө талаар Н.Энхбаярын намтай эвсэж ажиллавал ирэх сонгуулиар олонхийг бүрдүүлэх магадлалтайг бас харсан биз.


Дангаар яваад сонгогчдоос олонхийн санал авч чадахгүйгээс хойш аль намтай эвсэх болно. Ийм нөхцөлд угшил нэгтэй, өнгө дагуу МАХН  сэтгэлд нь ойр байсан биз. “Михиалд нэг бодол бий” гэдэг шиг Н.Энхбаяр ч ханилж явсан М.Энхсайхантайгаа нэг хөнжилд багтахгүй болсон. Хуучин амраг руугаа гүйх мэт АН-ын бөөрөнд наалдсан. Тэгэхээр түүнд МАН-аас өөр сонголт үлдсэнгүй. Өнөөдөр МАХН-ын байрны асуудал хүндэрч дахиад  хууль хяналтынхан зүгээр суулгахгүй байгаа. Намын удирдах нөхдөөс нь  авлигын хэргээр аавын хаалга татсан. Өөрөө улстөрийн тавцанд гарч ирээд хүчтэй өрсөлдөе гэхээр Өршөөлийн хуульд хамрагдаагүй гэх том тээг байдаг. Энэ мэтчилэн Н.Энхбаярт асуудал их. Энэ бүгдийн ард гарахад олонхи болох магадлалтай намтай эвсэж ажиллаж засгийн эрхэнд гарах. Эрх мэдэл байхад толгойны өвчин болсон  хууль хяналтынхны хүрээнээс гарах боломжтой.


Улстөрийн намуудын задрал нэгдэл хэтдээ ийм прогноз руу явж байна. Бүгд л дотроо хэнтэй хамтарвал олонхи болох бол, засгийн эрхэнд гарвал  манайх хэдэн сайдтай болох вэ гэсэн өнцгөөс л харж байгаа. Энэ бүх хамтрал, нэгдэл нэг тиймшээ шийдэгдэхээр мөрөөдлийн мөрийн хөтөлбөрүүд ар араасаа гарна даа.

Б.Санчир




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.