Спорт


Казакстаны найдвар болсон манай жүдоч

4 жил, 9 сар TIMES.MN

Олон улсын спортод шилдэг тамирчдаа клубууд солилцон худалдаалж, зээлдүүлэх аль эсхүл тамирчид гэрээ нь дуусгавар болж чөлөөт агент болмогцоо дараагийн клубтэйгээ гэрээлдэг. Ихэвчлэн хөлбөмбөг, сагсан бөмбөг, хоккей гэх мэт багийн спортод нэгэнт тогтсон тоглогчдын наймааны асуудал чөлөөт бөх, жүдо зэрэг хүчний спортод ч бий. Харин зохицуулалт нь арай өөр. Хоёр улсын спорт хороод нь хоорондоо гэрээ хийж тохиролцон, тамирчныхаа зөвшөөрлийг авч нэг улсаас нөгөөд шилжүүлэн улсынхаа нэр дээрээс барилдуулдаг. Монголын спортын түүхэнд ийм жишиг өнөөг хүртэл гараагүй байсан бол жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг анх удаа гадны улсын нэрийн өмнөөс, тодруулбал Казакстаны нэр дээр барилдахаар болж байна.

Энэ оны эхээр яригдаж эхэлсэн гэрээ хэлцлүүд шийдэгдсэнээр Г.Отгонцэцэг маань Казакстан улсын нэрийн өмнөөс албан ёсоор олон улсын тэмцээнүүдэд зодоглохоор болж эхнийхээ тэмцээнд ороод амжжээ. Бүр түрүүлсэн байна. Тэрээр Казахстаны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд хөнгөхөөн түрүүлж, улсын аварга болжээ. Удахгүй Улаанбаатарт болох Олон улсын жүдо бөхийн холбооны Улаанбаатарын Гранпри тэмцээнд тэрээр хүрэлцэн ирж Казахстаны нэрийн өмнөөс барилдах гэнэ. Сонирхолтой сонсогдож байгаа биз. Тэрээр Монгол улсын шигшээ багтаа барилдаж байх үедээ 48 кг-ын жиндээ №2-т бичигддэг байсан ба яг өнөөдрийн байдлаар дэлхийн чансаанд 14-т бичигдэж байна. Түүний жинд гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг Монголдоо байтугай дэлхийд№1-т бичигдэж байгаа.

Харин энэ жинд казакын хамгийн сайн жүдоч нь 35-д эрэмбэлэгдэж байгаа нь Г.Отгонцэцэг ирэх олимпод асуудалгүй оролцох магадлал өндөр болж байгаа юм. Дөнгөж 23-хан настай ид амжилт үзүүлэх ирэн дээрээ ирж яваа Г.Отгонцэцэгийг казакууд онилсон нь ийм учиртай. Г.Отгонцэцэг ч гавьяат М.Уранцэцэг эгчдээ дарагдалгүй олимпод оролцох, улмаар өөр улсын нэр дээр барилдах анхны түүхэн тамирчнаар нэрээ бичүүлэх сонирхол байсан бизээ.

Казакстаны жүдо бөхийн холбоо Монголын жүдо бөхийн холбоотой гэрээ хийж Г.Отгонцэцэгийг авснаар цаашид зөвхөн Монголоос жүдогийн тамирчин авна гэсэн болзлыг гэрээндээ тусгаж өгсөн байна. Энэ тухай Монголд ирээд буцсан Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч болон Соёл, спортын яамны харъяа шигшээ багуудын дэд захирал Болат Хавлахат ийн ярьсан юм. "Монголын жүдо дэлхийд ур чадвараа гайхуулж хүрэх газартаа нэгэнт хүрчихсэн. Тийм учраас л тамирчин, дасгалжуулагч солилцох асуудлаар урьдчилан ярилцаж тохиролцсон. Зүгээр шууд гэрээ хийгээд шийдэгдэх асуудал биш. Олон талт хамтын ажиллагаа, итгэл үнэмшил давхар яригдана. Хамгийн гол анхаарах зүйл бол тамирчны эрх ашиг. Г.Отгонцэцэг дэлхийн чансаанаас гадна Монгол Улсдаа бол хоёр номерын тамирчин. Нөгөө талаар Г.Отгонцэцэгийг сонгосон гол зүйл бол нас залуу. Ур чадвараасаа шалтгаалж хэд хэдэн олимпод оролцох боломжтой. Шинэ улс оронд очиж бэлтгэл сургуулилтаа хийж, ур чадвараа сайжруулах гээд олон асуудал хөндөгдөнө.

Бидний зүгээс эрх олгох ямар тэмцээнд орно, бүгдийг нь дааж эрхийн оноо цуглуулахад нь тусална. Хамтарсан бэлтгэл Япон, Хятад гээд хаана л хиймээр байна бидний зүгээс татгалзах зүйл байхгүй. Тамирчнаабүх зүйлээр хангаж дэмжиж тусална. Хариуд нь амжилт л хүснэ дээ. Монголын жүдо бөхийн холбооноос мэдээж бүх зүйлд давхар хяналт тавиад явна. Г.Отгонцэцэгийг Казахстаны жүдоч болчихсон гээд мэдээж хаячихгүй шүү дээ. Манай Казакстан улсын шигшээд одоогоор Г.Отгонцэцэгээс өөр жүдоч легионер байхгүй. Г.Отгонцэцэг бол анхдагч. Бид анхнаасаа Монголоосл авна гэж төлөвлөсөн. Ний нуугүй хэлэхэд эмэгтэй баг доголдолтой байгаа. Тийм учраас дахиад ч нэмж болно. Нэгэнт гэрээ байгуулсан юм чинь нэмэхээр бол Монголоос л харна. Монгол болон Казахстан улс аль аль нь давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй. Тиймээс Г.Отгонцэцэг Казахстан улсын иргэн болох ёстой" хэмээн ярьсан. Түүний ярианаас харахул манай тамирчныг олимпийн эрхийн оноо цуглуулах бүх тэмцээнд сайтар бэлтгэж бүх зүйлээр нь хангаж дэмжих юм байна. Мөн Г.Отгонцэцэгээс казакуудын гол хүсээд байгаа зүйл нь олимпийн медаль болохыг хаа хаанаа ойлгож байгаа байх. Иргэншлийн тухайд Г.Отгонцэцэг энэ сардаа багтаад Казакстаны иргэний үнэмлэх авна. Сүүлийн үед хурдацтай хөгжиж байгаа байгаа Казахстан улс олон улсын спортын тавцанд ч хүчтэй орж ирж байна. Ингэхдээ Казакстаны нэрийг гаргаж буй легионер тамирчид олон байна. Жишээлбэл хүндийн өргөлтөөс гэхэд олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Зульфия Чиншанло,олимпийн аварга, дэлхийн хошой аварга Майяа Менеза нарыгөөрийн иргэн болгосноор үр дүнд нь өнөөдөр хүндийн өргөлтөөр Казахстаны тамирчид олимп, тив дэлхийд түрүүлдэг болчихлоо. Чөлөөт бөх гэхэд ОХУ-аас тамирчин авч байна. Тиймээс орчин цагийн олон улсын спортод легионер тамирчин гэдэг зүйл нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж улс орнууд ч энэ асуудлыг нухацтай харж үздэг болжээ.






mglradio.com




Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
2 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.