Аналитик


Долоо хоногийн тойм: Сумогийн дэвжээнд тэргүүлэх өрсөлдөгчид гэдгээ дахин баталлаа

3 жил, 11 сар TIMES.MN

Өнгөрсөн долоо хоног нийгэм, эдийн засаг, спортынхоны салбарт үйл явдлаар дүүрэн өдрүүд үргэлжиллээ. Тэр дундаа эдийн засгийн салбар тулгамдаж буй гол асуудлыг хэлэлцэж, Сангийн яамны сайд Б.Болор: "Эдийн засгийн нөхцөл амаргүй, хүнд боллоо. Төсвийг нэлээд танаж баталсан боловч дахин хумих шаардлагатай боллоо" хэмээн Монголын эдийн засгийн байдал хүндхэн байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тайлагнаж, шаардлагатай арга хэмжээг яаралтай авахыг санал болгосон. Харин спортыхон Их наран улсын сумогийн дэвжээний тэргүүлэх өрсөлдөгч гэдгээ дахин баталж, Какүрю М.Ананд Аки башёгийн эзэн хааны цомыг хүртсэн юм. Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.


Монголчууд сумогийн дэвжээнд тэргүүлэх өрсөлдөгчид гэдгээ дахин баталлаа


 Мэргэжлийн сумогийн ёкозүна Хакухо М.Даваажаргал бэлтгэлийн үеэр гэмтэл авсны улмаас Аки башёгийн гурав дахь өдрөөс барилдахааргүй болсон.  Харин ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржийн хувьд баруун гарын тохойны гэмтлийн улмаас мөн л энэ сарын барилдааныг өнжсөн нь Аки башёгийн хааны цомын эзэн хэн байх нь хүмүүсийн дунд таамаг хэвээр үлдсэн юм. Тэгвэл өчигдөр Аки башёгийн сүүлийн өдрийн барилдаан онц сонирхолтой өрнөсөн бөгөөд тэмцээний эхнээс башёг тэргүүлж явсан озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозуна Какүрюү М.Анандтай нэмэлт барилдаан хийж, ёкозуна Какүрюү М.Ананд ялснаар Аки башёгийн хааны цом хүртлээ. Хоёр их аварга бэртэлийн улмаас Аки башёг өнжсөн ч Монголчууд сумогийн дэвжээнд тэргүүлэх  өрсөлдөгчид гэдгээ дахин баталсан бахархууштай үйл явдал болсон юм. 



НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулсан хуралдаанд үг хэлэв

        НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс зохион байгуулсан хуралдаан өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр” нь тунхаглал, тогтвортой хөгжийн 17 зорилго, 169 зорилтоос бүрдсэн ба тэдгээрийг хэрэгжүүлэхэд дэлхийн орнууд хэрхэн хамтран ажиллах тухай тусгасан байна. Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын 2000 онд баталсан Мянганы Хөгжлийн Зорилтуудыг өргөжүүлэн хэрэгжүүлэх зорилготой юм. 

170 гаруй улсын төлөөлөл оролцсон тус хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэлэлцэж баталсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэд хэдэн гол санааг дэвшүүлсэн юм. 

  •  НҮБ-ын гишүүн орон бүхэн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхтэй холбоотой хуультай байх 
  • Монголын парламент болон Засгийн газар ийм хууль боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд би үүнийг ихэд дэмжиж ажиллаж байна
  • Хуулийн дагуу улс төрийн намууд дээрх хөтөлбөрийг биелүүлэх үүргийг хүлээх ба тухайн намын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол уг хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах ёстой. Тэгэхээр тухайн нэр дэвшигч ялсан тохиолдолд уг хөтөлбөр нь шинэ Засгийн газрын ажлын гол хөтөлбөр болох юм. Харин иргэд, олон нийт энэ хуулийн хэрэгжилт, хөтөлбөрийн биелэлтийг шууд хянах боломжтой болно.
  • Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөц баялаг ихтэй. Салхины эрчим хүчийг ашиглан нэг киловатт цахилгаан гаргаж авахад 13-15 центийн зардал гарж байна гэж бодъё. Гэтэл бид энэ хэмжээний цахилгааныг нүүрснээс гаргаж авахад таван центийн зардал гарж байх жишээтэй. Тэгэхээр бид нүүрсийг сонгохоос аргагүйд хүрч байна. Тэгэхээр энэ сабарыг хөгжүүлэхэд бидэнд суурь, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болж байгаа юм. Ингэвэл бид эрчим хүчээр дотоодын хэрэглээгээ хангаад зогсохгүй гадаадад экспортлох боломжтой болно. Иймээс байгаль орчинд хор хөнөөлгүй эрчим хүч үйлдвэрлэхэд суурь багана, хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй.


 4 настай охиноо он хэрцгийгээр зодож хөнөөсөн хэргийн шүүх хурал дахин хойшиллоо

Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа Т.Цогт болон Г.Маралмаа нарын шүүх хурал энэ сарын 17-нд болох ёстой байсан ч шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар хойшлогдож шүүх хурал өнгөрсөн лхагва гарагт болохоор төлөвлөгдсөн ч шүүх хурлын үеэр есөн сартай жирэмсэн шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал муудаж, ухаан алдаж унан, түргэн тусламжийн машинаар түүнийг авч явснаар ирэх сарын 7 хүртэл дахин хойшиллоо. 

Нэмэлт мөрдөн байцаалтын явцад Т.Цогтын зүйл ангийг өөрчилж, бусдын амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дугаар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байна. Энэ зүйл ангиар хэрэв буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ял шийтгэх аж. Харин Г.Маралмааг 91.2.15 /хүнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж/, 91.2.12 /онц хэрцгий аргаар/ хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа. Энэ зүйл ангиар шүүхээс гэм буруутай гэж үзвэл 15-25 жилийн ял шийтгэхээр төлөвлөжээ.


Л.Ариунцэцэг


 

 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.