TIMES Ярилцлага


С.ЭРДЭНЭ: ДААТГУУЛАГЧАА ТАТАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДАМПУУРНА

5 жил, 7 сар TIMES.MN

Эрүүл мэндийн салбарыг орвонгоор нь шинэчлэх  Эрүүл мэндийн даатгалын хууль ирэх сарын 1-нээс эхэлж хэрэгжинэ. Уг хуулийн автор болсон  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.



-Хүн амын цонх үед энэ салбарын шинэчлэлийг хийх хэрэгтэй. Ингэхийн тулд олон ажил хийх шаардлагатай  байна гэж та ярьж байсан. Энэ ажил хэр үн дүнтэй явж байна?

-Хүн амын хөгжлийн бодлогын асуудал, шинэчлэлийн асуудлыг  нэг амьсгаагаар хурдан түргэн хийчих ажил биш. Аль болох цаг хожиж богино хугацаанд олон ажил амжуулах, шинэчлэлийн суурийг зөв, бат бөх тавьчих санаатай ажиллаж байна. Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах цогц бодлогоо боловсруулж дуусгаад УИХ-д өргөн барьсан. Одоо хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Энэ хүрээнд 10 гаруй хууль эрх зүйн актыг  боловсруулсан гэхээр энэ ажил их хүч хөдөлмөр, цаг хугацаг шаардаж байгаа юм. Нэг хууль боловсруулахад хэдий хэмжээний ажил болдог билээ. Судалгаа  шинжилгээ, төрийн болон төрийн бус байгууллагын санал, эрдэмтэн мэргэдийн оролцоо гээд...

Тэр дундаа хүн амын хөгжлийн асуудал маш хянуур, болгоомжтой, ултай суурьтай хандах хэрэгтэй. Энэ зүгээр нэг материаллаг зүйлсийг зохицуулах хууль биш. Өнөөдөр Гэр бүлийн хуулийг УИХ-д өргөн барилаа. Гэр бүл гэдэг хүн амын хөгжлийн суурь. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль өргөн барьсан. Удахгүй бид хүн амын хөгжлийн цогц бодлогын хүрээнд Хүн амын бусад бүлгүүд рүү чиглэсэн хуулиудыг өргөн барихаар бэлтгэж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг боловсруулж дуусч байна. Ахмад настны эрхийн тухай хууль боловсруулж байна.  Энэ мэтчилэн 10 гаруй хууль, эрх зүйн зохицуулалт нийлж байж цогц бодлого болох юм. Юуны түрүүнд аливаа эрх зүйн зохицуулалтгүйгээр ажил явахгүй. Тэгэхээр нэн тэргүүнд Хүн амын хөгжлийн цогц бодлогоо батлуулах ёстой. Үүнийг дагасан эрх зүйн цоо шинэ орчныг бий болгох хэрэгтэй байна.

Тэгэхээр  салбартаа хийх байгаа шинэчлэл чамлахааргүй үр дүнд хүрч байгаа гэж харж байгаа. Гадна дотны байгууллагын оролцоо ч нэмэгдсэн. НҮБ болон салбар, харъяа байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн гээд гадны олон улсын байгууллагын оролцоо ихээр нэмэгдэж байна. Жишээ нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль боловсруулахад АНУ-ын төрийн департамент, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд дэмжлэг үзүүлсэн. Төрийн департаментын гишүүн Жулия гэдэг хатагтай дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоотой хоёр ч бүлгийн танилцах аяллыг зохион байгуулж өглөө.

Хүүхэд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, залуучууд  гээд хүн амын бүлэг бүрээр эрх зүйн зохицуулалтыг яаралтай хийж дуусгах, үр дүн нь цогц  бодлоготой,  эрх зүйн орчинтой болох зорилго тавьсан.

-Хүн амын салбарт хэрэгжүүлэхээр баталж буй хуулиудаас Эрүүл мэндийн даатгалын хуулийн онцолж асуумаар байна. Эрүүл мэндийн даатгалын хуулийг шинэчлэх гол шалтгаан нь юу байсан бэ?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг би гурван жилийн өмнө санаачлан боловсруулж өргөн барьсан. Өнгөрсөн оны намрын чуулганы төгсгөлд арай гэж батлууллаа. Энэ хууль эрүүл мэндийн даатгал болон салбартаа маш том шинэчлэлийг авчирах юм. Хуулийн хэрэгжилт долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Бүрэн утгаараа үйлчилж эхлэх хугацаа нь 2016 оны нэгдүгээр сарын 1 гэж харж байгаа. Зөвхөн энэ хуулийн хэрэгжилтийг хангахын тулд 30 гаруй дүрэм, журам боловсруулж дуусч байна.

Ингэснээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд дүрэм журмаа баталснаар хууль хэрэгжих юм. Хамгийн гол нь хууль хэрэгжсэнээр иргэн бүр даатуулагч бүр цахим карттай болно. Цахим картыг яаж хэрэглэх, ямар мэдээллийг оруулах гээд тэр бүгдийг нарийн зохицуулах хэрэгтэй болсон юм. Энэ хуулийн гол зарчим нь даатгуулагч эмч, эмнэлгийн байгууллагыг царай алдаад гуйгаад, дугаарлаад аргаа бардаг байдлыг өөрчилж даатгуулагчийн дээдэлдэг эрүүл мэндийн салбартай болох юм. Даатгуулагч араас нь гүйх  тусам эмч нь ч олдохгүй, даатгуулагчийн хүсээд байгаа эмчилгээ, оношлогоо, үйлчилгээг бүрдүүлж өгөхгүй байна. Өнөөдөр иргэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлье гэхэд хар үүрээр дугаарлана, ор хоног хүлээнэ, танил тал харна, ар өврийн хаалга хайна гэж бөөн юм болж байж хэвтэж байна. Эрүүл мэндийн салбарт ийм л хүнд сурталтай болсон.

Тухайн даатгуулагчийн мөнгөөр санхүүжиж байна гэдгээ эмч, эмнэлгийн ажилчид мэддэггүй. Зах зээлд шилжээд 20 гаруй жил болж байхад эрүүл мэндийн салбар яагаад  хүнд сурталтайгаа байгаа юм. Даатгуулагчаа яагаад хүндлэхгүй байна, учир шалтгаан нь юу байна гэдгийг маш сайн судалсан. Бусад улс орны тушлагыг судалж харьцуулсан. Гол нь эрх зүйн зөв зохицуулалт, эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн байгууллага зөв тогтолцоонд шилжихгүйгээр эмчилгээ, үйлчилгээг сайжруулах, эмнэлгийн эмчилгээ үйлчилгээг хүрээмжтэй болгох, даатгуулагчийн хүсээд байгаа тааламжтай орчныг бий болгох ямар ч боломжгүй. Бүхэл бүтэн тогтолцоо, эрх зүйн шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын хуулийн гол зарчим нь нэгдүгээрт, даатгуулагчийг хаанд өргөмжлөх

Тодруулбал, даатгуулагч эмнэлгийн байгууллага, эмчээ өөрөө сонгоно. Датгуулагч даатгалын мөнгөө өөрөө захиран зарцуулна, хянана. Эмчилгээ үйлчилгээг сонгодог,  өөрөө санхүүжилтийг шийддэг болохоор эмнэлгүүд иргэнээ тосч үйлчилдэг, даатгуулагчийн араас гүйнэ. Эмчилгээ үйлчилгээгээ сайжруулна, орчноо сайжруулна. Эмч сувилагчийн ур чадвар дээшилнэ. Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа ажилчдын ажиллах орчин, нийгмийн асуудал, мэдлэг боловсрол, ур чадвар  сайжирна гээд асуудал цогцоороо өөрчлөгдөх юм.


-Эрүүл мэндийн цахим карттай болсноор эрүүл мэндийн салбар цахим үйлчилгээтэй, иргэдийн эрүүл мэндийн түүх нэг дор төвлөрнө гэсэн үг үү?

-Эрүүл мэндийн цахим картаар хоёр төрлийн үйлчилгээг нэвтрүүлнэ. Нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалын нэгдсэн мэдээллийн санд  даатгуулагчийн нэвтрэх түлхүүр болно. Тухайн иргэн картынхаа нууц дугаарын оруулснаар эрүүл мэндийн даатгалын санд байгаа хувийн файл нээгдэнэ. Энэ файлд өвчтөний түүх бичигдсэн байна.

Гурван сая иргэний мэдээллийн нэгдсэн санг бий болгох маш том ажил байгаа. Эхийн хэвлийд бий болсон цагаас эхлээд хэдэн онд төрсөн, өвчтэй төрсөн үү, эрүүл төрсөн үү гээд бүх мэдээлэл багтана. Өвчтөний ийм түүх нэг дор төвлөрснөөр эмчлэгч эмч эмчилгээний тактикаа зөв боловсруулна. Эмчилгээний үр дүн ч сайжирна. Өнөөдөр өвчтөн нэг эмчид үзүүлэх, эмнэлэгт хэвтэхдээ карт нээчихээд дараа нь  хаячихдаг. Ингээд өвчтөний талаарх мэдээлэл бүрддэггүй. Эмч өвчтөнг  үзэхдээ өөрөөс нь харшилдаг эм  тариа бий юу, удамшлийн өвчтэй юу гэх зэргээр асуудаг. Ийм мэдээллээр эмчилгээ хийнэ гэдэг учир дутагдалтай.

Хоёрдугаарт, цахим карт төлбөрийн мэдээллийн хэрэгсэл болно. Иргэн  өөрийн сонгосон эмнэлэгт эмчлүүлээд гарахдаа картаа уншуулаад төлбөрөө төллөө. Төлбөр төлсөн гэх мэдээлэл ЭМЯ-ны мониторингийн албанд очно. Энд даатгуулагчийн эмчилгээний үйлчилгээ авсан, тухайн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ зах зээлийн ханштай дүйж байгаа эсэхийг хянаад  Эрүүл мэндийн даатгалын санд өгнө. Эрүүл мэндийн даатгалын сан даатгуулагчийн эмчилгээ үйлчилгээ авсан эмнэлгийн данс руу төлбөрийг шилжүүлнэ. Энд хоёрдогч, гуравдагч этгээдийн оролцоо байхгүй. Гэтэл өнөөдөр манай эрүүл мэндийн байгууллага эхлээд  Эрүүл мэндийн даатгалын сангаас 70 хувийн санхүүжилтээ бөөнөөр нь авчихдаг. Жил хэдэн мянган  хүнд үйлчилсэн гэх өнгөрсөн 2-3 жилийн дунджаар тооцоод урьдчилгаа санхүүжилтээ авдаг. Дараа нь гүйцэтгэлээр 30 хувийн санхүүжилтээ авна. Үлдэгдэл санхүүжилтээ авахын тулд  өвчтөний хуурамч түүх бүрдүүлнэ, ор хоногоо гүйцээхийн тулд хүн амьтан хэвтүүлнэ. Тэнд хэн гэгч даатгуулагчийн мөнгө очиж байгааг ялгаж мэдэх боломжгүй.

Эрүүл мэндийн байгууллага нь ч даатгуулагчийн мөнгөөр санхүүжиж байгаа гэдгээ ойлгодоггүйгээс  даатгуулагчаа хүндэтгэдэггүй. Араасаа гүйлгэдэг, ар өврийн хаалга, танил тал татуулдаг.


Эрүүл мэндийн байгууллага нь ч даатгуулагчийн мөнгөөр санхүүжиж байгаа гэдгээ ойлгодоггүйгээс  даатгуулагчаа хүндэтгэдэггүй. Араасаа гүйлгэдэг, ар өврийн хаалга, танил тал татуулдаг.

Тэгэхээр даатгуулагчийн мөнгөөр санхүүжиж байгаа гэдгийг эмнэлгийн ажилтнуудад ойлгуулах нь энэ хуулийн бас нэг зорилго. Даатгуулагчийг тосч, сайн үйлчилгээ, эмчилгээ үзүүлж байж сайн санхүүжилт авна гэсэн үг. Даатгуулагчийн сэтгэлд нийцээгүй, чанаргүй эмчилгээ үйлчилгээ үзүүлвэл санхүүжилт авахгүй гэдгээ эмнэлгийнхэн мэддэг болно. Үйлчилгээ, эмчилгээ үзүүлж чадахгүй нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй болж дампуурна гэсэн шударга зарчим үйлчилнэ.


-Аль нэг гэр бүлд нэг нь хүндээр өвдлөө гэхэд эмчилгээний зардал олно гэдэг том асуудал. Орон байраа зараад ядуусийн эгнээнд очдог нь үнэн. Өрхийн даатгал гэдэг шинэ зүйл оруулсан байсан. Үүнийг тодруулахгүй юу?

-Шимтгэлээ өрөө төлдөг иргэн, эрүүл мэндийн даатгалаас ямар нэг эмчилгээ үйлчилгээ аваагүй тохиолдолд гэр бүлийн гишүүний даатгалын мөнгө дууссан бол өөрийн зарцуулах мөнгийг шилжүүлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр шимтгэл төлөгчийг эрүүл байж, улс оронд хөрөнгө оруулалт хийснийх нь төлөө урамшуулж байгаа нэг хэлбэр. Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар маш олно нэр төрлийн өндөр өртөгтэй эмчилгээний зардлыг даатгалаас санхүүжүүлдэг байхаар оруулсан. Төрөөс эрүүл мэндийн даатгалыг хариуцдаг иргэний төлдөг хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сан бүрдэх, үр дүнтэй санхүүжилт хийхэд чухал алхам болох юм.

-Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл байхаар хуульчилсан байна. Заавал ийм зөвлөл байгуулах шаардлага байсан уу?

-Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл байгуулахаар хуульчилсан. Засгийн газрын 3, ажил олгогч 3, даатгуулагчийн төлөөлөл 3 хүн  байхаар  гэсэн гурван талын оролцоо, ажлын албатай байхаар зохицуулж байгаа. Эрүүл мэндийн даатгалын ирээдүйд маш том санхүүжилт бүрдэнэ. Эрүүл мэндийн даатгалд хамрагдаггүй хүн байхгүй болохоор Үндэсний зөвлөл маш том ачаа үүрнэ. Нийт хүн амын эрүүл мэнд, санхүүжилт, дүрэм журам, үйлчилгээ гээд олон асуудлыг шийдэх эрх Үндэсний зөвлөлд ирж  байгаа юм.

-Эрүүл мэндийн салбар өнөөдөр дампуурсан гэдгийг салбарт нь ажиллаж байгаа мэргэжилтнүүд нь хэлдэг. Ийм хүнд үед шинэ хууль хэрэгжих боломж байна уу?

-Хүндрэл бий. Энэ хууль хэрэгжсэнээр үр дүнгээ өгнө гэдэгт би эргэлзэхгүй байна. Даатгуулагчийн хүсэн хүлээдэг эрүүл мэндийн салбарын шинэчлэл, эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах, хариуцлагыг сайжруулах, даатгуулагчийг хаанд өргөмжилсөн үйлчилгээтэй болохыг энэ хууль л хийж чадна. Эрүүл мэндийн даатгалын хууль хэрэгжихээр эрүүл мэндийн салбарынхан орон байр, эмчилгээ үйлчилгээ, эмч ажилчдынхаа ур чадвар, харилцаанд эхлээд анхаарч шинэчлэл хийж эхэлнэ. Ингэж байж үйлчлүүлэгчээ татна. Үүнийг ухамсарт нь ойлгуулж өгч байгаа хууль юм.


Ц.Ургамал




Холбоотой мэдээлэл