Аналитик


2,4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлагдаж, ам.доллар огцом өссөн өдрүүд

5 сар, 2 долоо хоног TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн долоо хоног үйл явдлаар дүүрэн өдрүүд болж өнгөрлөө. Пүрэв гаригт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийг баталлаа. 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,378,889,9 сая төгрөгөөр, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 6,759,169,6 сая төгрөгөөр тус тус баталсан юм. Мөн хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхээр болсон төдийгүй 65-аас дээш насныханд тэтгэвэрээс гадна насны хишиг хүртээхээр боллоо. Өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш огцом өсч 2700 төгрөг даваад байсан. Сангийн сайд Б.Чойжилсүрэн валютын ханш өссөн гол бэрхшээл нь Монгол руу орох валютын урсгал саарсантай холбоотой. Валютын ханш ирэх оны эхээр буцаад буурах байх гэв.

Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.

Улс төр: Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлалаа. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДээс уншина уу.

Чуулган: Ирэх оны төсвийг ингэж баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийг баталлаа.

Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,378,889,9 сая төгрөгөөр, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 6,759,169,6 сая төгрөгөөр тус тус баталлаа. Үргэлжлэл ЭНДээс уншина уу.

Нийгэм: Замын хөдөлгөөнд оролцож байсан машин шатжээ

Баянзүрх дүүргийн IV хороо Сэлэнгэ зочид буудал орчимд замын хөдөлгөөнд оролцож байсан Toyota “Mark II” маркийн автомашин шатжээ.

Галын тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын албаны шуурхайн удирдлагын төвд 11:08 цагийн үед ирсэн бөгөөд гал унтраах анги очиход замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар хор цацан галыг унтраасан байжээ. Тус автомашинд жолоочоос гадна нэг зорчигч байсан бөгөөд азаар бэртэж, гэмтээгүй аж. 

Гоё Монгол: Манай баг тамирчид оюуны олимпд тэргүүллээ

АНУ-ын Лас Вегас хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad-2016" World Mental Olympics буюу оюуны олимпт Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 27 орны 167 шилдэг тамирчид ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчид дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд:

1. Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/
2. ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/
3. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/
5. ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/
6. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/
7. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөр нас)/
8. Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч (бага нас)/
9. М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга (бага нас)/
10. Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/
11. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
12. Б.Биндэръяа (8 нас)
13. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
14. Б.Энхлүүн (7 нас)

Тус тэмцээнд манай багийн 14 тамирчдаас 11 нь 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл нийт 15 медаль хүртэж дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ. Медаль авч чадаагүй тамирчид маань мөн л дэлхийн олон шилдгүүдийг ардаа орхин шагналт байрт шалгарч хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харуулсан юм. Монголын шигшээ багийн дасгалжуулагчаар Х.Хатанбаатар, Б.Баасандорж нар ажилжээ.

 Монголбанк: Валютын ханшийн өсөлт түр зуурын хөөсрөл гэв

Валютын ханшийн өсөлтийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Лхагважав мэдээлэл хийлээ. Тэрээр  "Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна.

 Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр байна. Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг үүгээр мэдэгдэж байна" гэв.


Спорт: Г.Отгонцэцэгийг дэлхийн шилдэг жүдоч боллоо

Энэ оны Дэлхийн шилдэг жүдочоор Олимпийн хүрэл медальт, Азийн аварга, энэ онд оролцсон 10 тэмцээнээсээ бүгдэнгээс нь медаль түүсэн Г.Отгонцэцэг тодорлоо.

Тэрээр энэ онд найман олон улсын тэмцээнээс 4 алт 2 мөнгө 2 хүрэл, Азийн аваргаас алт, Олимпоос Хүрэл хүртсэн билээ. 

Б.Чойжилсүрэн: Валютын ханш ирэх оны эхээр буцаад буурах байх

Сүүлийн хоёр өдөр валютын ханш огцом өсөж, 2600 даваад байна. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газар Монголбанкинд үүрэг өгөх эрх байхгүй.

Монголбанк Засгийн газартай адилхан УИХ-ын харъяа байгууллага. Тиймээс харилцан уялдаж ажиллах хэрэгтэй. Валютыг ханш сүүлийн өдрүүдэд нилээд огцом нэмэгдэж байна. Гол бэрхшээл нь Монгол руу орох валютын урсгал саарсантай холбоотой.  Өнгөрсөн жилүүдэд мөнгөний бодлого буруу явснаас шалтгаалж их наяд гаруй төгрөгийг хэвлэж зах зээлд нийлүүлсэн. Хэвлэсэн мөнгө валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Эрэлтийг хангахын тулд Монголбанк нөөцөө шавхсан.

Засгийн газраас тодорхой хэмжээний валютын урсгалын гадагшлуулах хэлэлцээрүүдийг гадаадын санхүүгийн байгууллагуудтай хийгээд явж байна. Үр дүн гарах байх. Тэгэхээр валютын ханш энэ оны төгсөл болон ирэх оны эхээр буцаад буурах байх  . Хэлэлцээрийн талаар эцэслэн шийдвэр гараагүй байна” гэлээ.

Сангийн сайд төрийн өмчийн хувьчлалтай холбоотой асуудлын тухайд "Төрийн өмчийн компанийг хувьчлаад Засгийн газарт ногдох хувь нь "Төрийн банк" 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум, “Оргил” рашаан сувилал 7 тэрбум  , “Монголын цахилгаан холбоо” компанийг 7.6 тэрбум төгрөгөөр  хувьчилна гэж Засгийн газраас төсвийн төсөлд суулгасан. Төсөв батлагдах үед дээрх обьектууд дээр хоёр объект нэмж, 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон.  Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр  , “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөг  өөр хувьчилна" гэв.

Нийгэм: С.Жавхлан Ерөнхийлөгчтэй болзоо тогтоолоо

УИХ-ын гишүүн С.Жавхлан “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Түмэн олонд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой учир нь үл мэдэгдэх төөрөгдөл их үүслээ. Иймээс “Эрдэнэтийн асуудлаар МҮОНТ-ийн нэвтрүүлэгт холбогдох хүмүүс оролцож нээлттэй хэлцэл хийх гэж байна.

МҮОНТ-ийн Монголын мэдээ агентлагийн захирал С.Батцэнгэлд энэ талаар миний бие хүсэлт явуулахад холбогдох хүмүүс бүгд оролцоно гэвэл бид хүлээж авахад бэлэн байна гэж байсан.

Гэтэл С.Батцэнгэл ажлаасаа халагдсан. Тиймээс МҮОНТ-ийн захирал С.Оюундарьд энэ сарын 18-ны 21.00 цагаас “ММ” сувгийн “Нээлттэй хэлэлцүүлэгт“ нэвтрүүлэгт “Эрдэнэт”-ийн асуудлаар нэвтрүүлж өгөх хүсэлт явууллаа. Энэ нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарыг  оролцох урилгыг илгээж, болзоо тогтоож байна” гэв.

Дэлхий: АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 276 мандат авснаар ялалт байгууллаа. Ийнхүү АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр Дональд Трамп нэрлэгдэж байна. Ингэснээр сүүлийн 8 жил төр удирдсан Ардчилсан намын эрх мэдэл Бүгд найрамдах намд шилжиж байгаа юм. 

 Л. Ариун 



Холбоотой мэдээлэл


АН-ын их сунгааны өмнөх өнгө
АН-ын их сунгааны өмнөх өнгө
1 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.