Улс төр


150 тэрбумын зээл олгоно

4 жил, 3 сар TIMES.MN

 Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ.


 

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт ирэх онд манай улсад болно. Уг уулзалттай холбоотойгоор зочдыг хүлээж авах зочдын асуудлыг өчигдрийн хуралдаанаас гаргажээ.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр, “Энэхүү уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад харилцаа хөгжинө, нэр хүнд өснө, олон улсад Монголыг таних сурталчилгаа болно. Үүнээс үүдээд манай улсад аялал жуулчлал хөгжинө гэсэн зорилго агуулж байгаа учраас уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа. Иймээс өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар АСЕМ-ын уулзалтад оролцох төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудал, унаа тэрэг, “Их тэнгэр” болон төрийн тусгай хамгаалалтын үйлчилгээний салбарт байдаг зочид буудлуудын тоног төхөөрөмжийг солих, шинэчлэх асуудлуудыг хэлэлцлээ.

 

Энэ уулзалтад 51 орны төр засгийн тэргүүн нар, Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Дээр нь хэвлэл мэдээлэл, ёслол, хамгаалалт, бизнесийн төлөөлөл гээд нийтдээ 5000 гаруй зочдыг хүлээж авна гэсэн урьдчилсан төсөөлөл байгаа. Ийм хэмжээний хүмүүсийг Монгол Улс хүлээж авах зочид буудлын нөхцөл байдал ямар байна вэ гэдэг асуудлыг өнгөрсөн хугацаанд судалж үзсэн. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 450 гаруй аж ахуй нэгж зочид буудлын үйлчилгээ эрхэлж байна. Үүнээс 59 буудал одны зэрэглэлтэй үйлчилгээ эрхэлж байгаа юм. Эдгээрийг шалгаж үзээд 45 буудлыг шаардлага хангаж байна гэж үзсэн. Гэхдээ нэмэлт засвар хийх, үйлчилгээг нь сайжруулах, олон улсын зэрэглэлд хүргэх шаардлага бий. Дээр нь дэлхийн зочид буудлын сүлжээний 4  буудлыг шинээр нээх саналаа аж ахуй нэгжүүд ирүүлсэн. Тэдгээр буудлыг барихад багагүй хөрөнгө шаардагдахаар байсан. Зочид буудлуудын хөрөнгийн асуудлыг судалж үзээд 150 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг Худалдаа хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгоё гэсэн шийдвэрийг тус хуралдаанаас гаргалаа. Зээл нь 5 хүртэлх жилийн хугацаатай 7-9 хувийн хүүтэй байх юм. Зочид буудлуудад оруулж буй хөрөнгө бол АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад тус нэмэр болоод зогсохгүй цаашдаа Монгол Улсад өндөр хэмжээний зочдыг болон жуулчдыг хүлээж авахад дэд бүтцийн томоохон түшиг болно гэж үзэж байгаа юм. Дээр нь зочдод үйлчлэх унааны асуудлыг хэлэлцлээ. Нэг цуваанд 5 машин явахаар, 50 гаруй орны төр засгийн тэргүүн ирнэ гэж тооцохоор олон тооны машин шаардлагатай болно. Тиймээс Японы "Тоёото" корпорацитай ярьж байгаад хамгийн сүүлийн үеийн машиныг нийлүүлье гэдэг асуудлыг зохион байгуулах хорооноос танилцуулсан. Санхүүжилтийн эх үүсвэрийг ойрын үед шийдвэрлэнэ " гэлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.