Эдийн засаг


Ж.Батаа: Ханш тогтворжих хандлагатай байна

5 жил, 7 сар TIMES.MN

Монголбанкны Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал Ж.Батаагаас ханшийн талаар тодрууллаа.


-2000 төгрөг рүү дөхөөд байсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн хоёр сар хагасын турш чангарсан хэдий ч хэд хоногийн өмнөөс буцаад суларч эхэллээ. Ямар учраас ханшийн чиглэл ийнхүү өөрчлөгдөх болсныг тайлбарлахгүй юу?

-Тийм ээ, 3 дугаар сарын сүүлээр 2000 төгрөг дөхөөд байсан төгрөгийн ханш долоо хоногийн өмнө доод цэгтээ буюу 1860 орчим төгрөгт хүрч, нийт 7 хувиар чангарсан. Энэ нь сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн ханшийн чангаралт болсон юм. Харин долоо хоногийн өмнөөс төгрөгийн ханш буцаад суларч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар банкууд 1920 орчим төгрөгөөр ам.доллар арилжаалж байна. Валютын зах дээр томоохон хөдөлгөөний дараа энэ мэт тохиргоо хийгддэг нь хөрөнгийн болон хувьцааны зах зээл дээр ажиглагддагтай ижил зах зээлийн хэвийн үзэгдэл. Бид уг тохируулга хийгдсэнээр ханшийн хэлбэлзэл энэ түвшиндээ аажмаар тогтоно гэж харж байна.

-Цаашид ханш хэрхэн өөрчлөгдөх бол?

-2015 оны эхний 4 сарын байдлаар, төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн 3 жилийн мөн үетэй харьцуулахад 37%-иар буурч, тогтмол өндөр алдагдалтай байсан манай улсын барааны гадаад худалдаа энэ онд анх удаа 418 сая ам.долларын ашигтай гарсан нь Монгол Улсын валютын захын тогтвортой байдалд эерэгээр нөлөөлөхөөр байна.

Хэдийгээр зарим томоохон төслүүдийн үйл явц хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхой бус хэвээр байгаа ч, бидний төсөөлж байгаагаар 2015 онд төлбөрийн тэнцлийн дарамт өнгөрсөн оны үзүүлэлтээс нэлээд хувиар буурах эерэг дүр зурагтай байгаа. Үүний нэг илрэл нь Худалдаа хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээл дээр 500 сая ам.долларын бондыг арилжаалж эх үүсвэрийг татсан, Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох хэлцлийн эх үүсвэрийн боломж нэмэгдсэн, уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдэх эхний алхамууд хийгдсэн зэрэг юм.

Эдийн засгийн суурь үзүүлэлт талаасаа валютын ханш огцом сулрах эрсдэл эрс буурсан гэж ойлгож болно.


Иймд эдийн засгийн суурь үзүүлэлт талаасаа валютын ханш огцом сулрах эрсдэл эрс буурсан гэж ойлгож болно.

-Энэ үед Монголбанкны валютын зах дахь оролцоо ямар байна?

-Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжихүйц уян хатан тогтож байх зарчмыг баримталдаг. Энэ ч үүднээс бид богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, улирлын нөлөөлөл, хүлээлтийн хүчин зүйлээс шалтгаалан валютын ханшийн огцом хэлбэлзэл үүссэн тохиолдолд түүнийг бууруулах зорилгоор валютын захад тухай бүр оролцож ирлээ. Энэ долоо хоногт гэхэд Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор нийт 42.0 сая ам.долларыг дуудлага худалдаагаар валютын захад нийлүүлээд байна. Цаашид, шаардлагатай үед валютын зах дахь оролцоогоо хадгалсан хэвээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

 




Холбоотой мэдээлэл