2017-01-20
Аналитик 3 сар, 2 долоо хоног


М.Энхболдын нүүдэл Хятадыг чиглэв үү

2016-10-Р Сар-05 TIMES.MN




Ирэх оны төсвийг батлах хугацаа хаяанд ирж, энэ Засгийн газрын эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөгөө танилцуулах хугацаа ч ойртож байна. Эрх баригчдын боловсруулсан 2017 оны төсвийн төслийн төсөөллөөс харахад  эрс шинэчлэл хийсэнгүй,  зарлагыг огцом бууруулсангүй, харин ч өрийн таазыг 85 хувьд  хүргэхээр тусгасан байна. Үүнээс харахад эрх баригчид зээл авч өр хаах бодлого барьж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Өрийг өрөөр хаана” гэж ам алдсан ч удаатай. Тэгээд ч  дотоодын нийт бүтээг­дэхүүнд эзлэх өрийн хяз­гаарыг нэмэгдүүлж байгаа нь ирээдүйд зээл авах бэлтгэлээ хангаж байна гэсэн үг.

 



Хөөсөрсөн үзүүлэлттэй байсан болохоос биш  2012 оны сонгуулийн дараа гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг  Чалькогоос зээл аваад тараачихсан, 800 гаруй тэрбум төгрөгийг  намынхаа амлалтыг биелүүлэх  гээд цацчихсан, данс нь улайх дөхсөн  амаргүй эдийн засгийг хүлээж авч байлаа. Тэд гарцаа  тодорхойлохдоо мөнгө босгохоос аргагүй гэж үзэж, бүрэн эрхийнхээ хугацаанд 5 тэрбум ам.долларын бондыг гадаад зах зээл дээрээс  босгох төлөвлөгөө батлуулсан. Тэгээд эхэнд нь 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг босгож, дараагийн шатныхаа алхамыг хийх гэхэд Монгол Ардын намынхан буюу сөрөг хүчин эсэргүүцэж, өрөнд баригдаж өтөнд нь идэгдэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө , хэзээ ч ингэж болохгүй гээд эсэргүүцсээр өрийн таазыг 58.3 хувиас хэтрүүлэхгүй гэж хуульд тусгаж санаагаа амрааж байв. Харин эрх баригчид энэ онд өрийн таазыг 88 хувь, 2017 онд 85 хувь  болгож  тэлсэн нь  замаа засч байгаагийн тод илрэл.  Ингэж хязгаарыг нэмснээр  4 тэрбум ам.доллар босгох бололцоо нээгдэх аж.

 Ж.Эрдэнэбатын Засгийн газрын барьж байгаа бодлого, хэлж байгаа үг, МАН-ын дарга М.Энхболдын  үйлдлийг  ажвал зээл авахаар бэлтгэлээ базааж байгаа бололтой. Учир нь чуулганаар өрийн таазыг 85 хувьд хүргэж хуульд гар дүрчихлээ. Тэд үнэмлэхгүй олонх учраас цөөнх үг хэллээ ч нэмэргүй. Тэд бодлогоо тодорхойлсон бол батлагдахгүй шийдвэр гэж үгүй. Хүссэнээрээ аяглах бололцоотой. Өмнөх дөрвөн жил хүчтэй сөрөг хүчинтэй,  хаашаа ч холбирч болох бие даагчидтай, даргаа шүтсэн  эвсэлтэй гээд боловсруулсан бодлого болгоноо шийдүүлэхэд амаргүй учраас хяналттай байв. Одоо бол эрх баригчдыг хязгаарлах, хадуурвал хазаарыг  нь татах боломж хомс.  



Өрнөж байгаа үйл явцаас харахад МАН-ынхан өмнөд хөршид найдлага тавьж байна.Угаасаа ч тэд эртнээс харилцаа сайтай.  МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд    саяхан буюу 10-р сарын 1-нд  БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн Товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшанд   хөл алдаж гүйв. Улаан хивсэн дээгүүр алхуулж, ёслол төгөлдөр угтаж авав.  Хятадын хурган даргад тал засч, улс орнуудын төр засгийн тэргүүнүүдэд үзүүлдэг шиг  хүндэтгэх нь цаанаа  учиртай биз. Энэ  айлчлалын үеэр М.Энхболд  гурван асуудлыг онцгойлон танилцуулсан байгаа юм. Тэрбээр “Урт хугацаатай хөнгөлөлттэй зээл  авах, свот гэрээний хугацааг сунгах, орон сууцны ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт” гаргажээ.

Удахгүй МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд Хятадад айлчилж ч магадгүй гэж албаны эх сурвалж онцолж байна.

            “Bank of Сhina” –гийн далд сонирхол


Хэрвээ М.Энхболдын нүүдэл хожоотой болж, Хятадаас 4 тэрбум ам.долларыг  зээллээ гэж бодьё. Төлөх бололцоо хэр бий вэ.  Бас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосныхоо хариуд “гуйлт” гуйвал үгүй гэж хэлж чадах уу. Нэг улсаас их хэмжээний мөнгө зээлэх эрсдэл өндөртэй. Олон улсын санхүүгийн зах зээлээс бонд босгохоос эрс ялгаатай.  Саяхны жишээ гэхэд л, Тажикистаны Засгийн газар Хятадаас зээлсэн мөнгөө төлж дийлээгүйн улмаас газар нутгийнхаа зарим хэсгийг өгөхөөр болсон гэдэг. Хятадын Засгийн газар Тажикистаны эрх баригчдын санал болгосон тус улсын Горно-Бадахшаны өөртөө засах бүс нутгийг өрөндөө бүр мөсөн авахаар болж  тусламжаа нэмж, цэргээ орууллаа гэж  хэвлэлээр мөн ч их шуугиуллаа.
Гадаад өрөндөө газар нутгаа өгч буй тохиолдол дэлхийд  цөөнгүй бий.  Эдийн засаг нь доройтсон  үөдээ алт, цэвэр ус, загас, ой мод зэргээр баян  Аляскийг АНУ-д маш хямд худалдсан түүх ч бий. Грөкийн Ерөнхий сайд  өрийн хямралаас гарахын тулд газар нутгаасаа багахан хэсгийг зарахаас аргагүй боллоо  гэсэн саналыг ч  оруулсан  гэх. 

Өрийн таазын хязгаарыг тэлж, улаан хивстэй айлчлал болж, өрийг өрөөр хаана гэсэн мессеж цацахтай зэрэгцэн   сүүлийн өдрүүдэд  “Bank of china”-гийн пиар эрчимжиж эхэллээ. Манай улсад 31 төрлийн төсөл, хөтөлбөр дээр дэмжлэг үзүүлж , нэн ядуу, эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд туслаж боловсролын тэтгэлэг олгож байгаа юм байна. Эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд зориулан "Дулаан өвөл" хөтөлбөрийн хүрээнд 2.6 сая ам.долларын санхүүжилт хийж, хүүхдүүдэд өвлийн дулаан хантааз өгсөн гэнэ.

Мөн УИХ-ын 76 гишүүнд бичиг илгээсэн гэх. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт салбараа нээх хүсэлтээ ч илэрхийлчихсэн гэж байгаа. Ерөнхий сайд хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ асуудлыг судалж байгаа гэдгээ дуулгасан юм.

Энэ банк Монголыг эртнээс сонирхож буй. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед л анх салбараа нээе гэсэн хүсэлтээ гаргаж, төлөөлөгчийн газраа байгуулж байсан юм. Өнөөг хүртэл зөвшөөрөл олгоогүй л байгаа. Тус банкны Монгол дахь Төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Дай Синжун гэх эрхэм  ”Bank of China -ийн  67 хувийг төр, 33 хувийг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг.  Хэрэв “Bank of China” Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авбал зөвхөн Улаанбаатарт салбараа нээж, ажилчдынхаа тоог 40-өөс хэтрүүлэхгүй, хадгаламж хуримтлуулахгүй” гэж мэдэгдсэн юм. Хятадын төрийн өмчийн банк  Монголруу  зүтгээд байгаа нь ашгийн гэхээсээ алсын зорилготой юу гэдгийг бодолцох л хэрэгтэй.

 Ашгийн төлөө биш юм бол ямар зорилгоор Монгол руу зүтгэж байгаа нь анхаарал татаж байна.

 “Bank of China” олон улсад 600 орчим  салбартай.  Салбарууд нь  Сингапур, АНУ, Их Британи, Франц зэрэг орнуудад ч бий. “Bank of China”-гийн хөрөнгийн хэмжээ манай арилжааны бүх банкны активаас 182 дахин их гэдэг юм билээ.   

“Bank of China” Монголд орж ирвэл удалгүй  манай санхүүгийн жижигхэн зах зээлийг эзэгнэж дөнгөнө. Хамгийн бага хүүтэй зээл олгоход манайхан бүгд хошуурна.  Монголын арилжааны банкуудын  харилцагчид цөөрсөөр, үйл ажиллагаа нь доголдсоор хаалга барьвал Монголын банк, санхүүгийн зах зээл хүссэн хүсээгүй өмнөд хөршийн төрийн банкны халаасанд гулгаж орно. Монголын   муу шулаач  банкны эзэд өндөр хүүтэй зээлээр биднийг шулж хөлжиж байна, үүнийг өөрчилнө, өрсөлдөөн бий болгоно, зээлийн  хүү буурна гээд  өнөөдрийн үр өгөөжийг бодоод шийдтэл ирээдүйд тэрнээс илүү том асуудал үүсвэл яах вэ.  СЭЗДС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Б.Мөнхзаяа Бусад хөгжиж байгаа орнуудын жишээ туршлагаас харахад гадны банкууд орж ирснээрээ дотоодын банкуудыг шахдаг. Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл улсын эдийн засгийн талаас илүү хувь нь гадныхны барьцаанд явчих эрсдэлтэй. Эрх зүйн орчныг сайн бүрдүүлсний дараа гадны банкийг оруулж ирэх хэрэгтэй” гэж онцолжээ.

 Дотоодын банкуудад эргэлдэж байгаа мөнгө эзэд, хөрөнгө оруулагчдынхаас гадна жирийн иргэдийнх ч бий. Хэрвээ дотоодын банкууд доголдвол тэр хэрээрээ  иргэдийн хадгалуулсан мөнгө эрсдэлд  орно гэсэн үг. Бас уул уурхайн лицензүүд “Bank of China”-д барьцаанд тавигдсан тохиолдолд зээлээ төлж чадахгүй бол  орд газрууд  өмнөд хөршийн төрийн банкны  мэдэлд очно.

“Bank of China”-гаас гадна гурван ч гадаадын банк салбар нээх хүсэлтээ тавиад байгаа юм билээ. Хэрвээ эдийн засгийн хямрал нүүрлээд, гадаадын банкны салбар оруулж ирэхээс өөр аргагүй болсон бол  тэр тусмаа хил залгаа, Монголын эрдэс баялагийн ганц том зах зээл болох Хятадын төрийн өмчит банкийг сонгох хэрэг бий юу гэсэн асуулт урган гарч байна.  

Зээл, бондын ялгаа буюу МАН, АН-ын

хандлагын зөрүү


Манай улс Мянганы хөгжлийн хөтөлбөр гээд элдэв нэртэй  хөгжлийн мөрөөдлийн жагсаалт баталдаг ч  хэрэгжүүлж чаддаггүй байлаа. Учир нь гэвэл мөнгө дутсных. Өмнөх нийгэмд бол орос ах нарын тусламжаар бүтээн байгуулалт өрнүүлсэн.  Зах зээлд шилжээд 20-иод жилд голдуу  л донор орон, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, хандив тусламжаар хөрөнгө оруулалт хийж, мөрөөдлийн жагсаалтуудаасаа бага сага  биелүүлэх гэж оролддог байлаа. Гэхдээ нэг байгууллага, нэг улсаас зээл авахаар заавал тэднийхээ зааврыг дагана, энэ төсөлд  хөрөнгө оруул эсвэл зайлшгүй гэж үзсэн төсөлд нь  болохгүй гээд хориг тавина.  Өөрсдөө эзэн болох бололцоо хомс. Тэгээд ч   Олон улсын байгууллагын мөнгөний эх үүсвэрүүд  хязгаартай, хатуу нөхцөлтэй, зарим шаардлага нь манай нөхцөлд тохирдоггүй гээд бэрхшээл их байсан.  Гэхдээ  эдгээр  мөнгөнүүд олон ч асуудлыг шийдснийг,  хөгжил урагшилсныг бас  үгүйсгэж болохгүй ээ.

Харин манай улс  өөрсдөө захиран зарцуулах эрхтэй, олон улсын санхүүгийн зах зээлээс  мөнгө босгосон нь  Чингис бонд. Заавал үүнд хөрөнгө оруул, боль гэж хэн ч зааварлахгүй. Тиймдээ ч 20 жилд барьсан замыг 3-хан жилийн дотор босгож, аймгийн төвүүдээ Улаанбаатартай засмал замаар холбож чадлаа.

Бонд босгох, нэг улсаас, нэг байгууллагаас  зээл авах  ялгаагүй л мөнгө  босгож  байгаа ч үзүүлэх нөлөө, үүсэх эрсдэл, үүрэх хариуцлага нь харилцан адилгүй юм. Бонд гэдэг бол санхүүгийн хэрэгсэл. Өөрөөр хэлбэл, санхүүгийн бүтээгдэхүүн, зээлийг үнэт цаасжуулсан хэлбэр. Тиймээс зах зээлтэй, зах зээл дээр арилждаг. Бондыг худалдан авч байгаа хүмүүсийн хувьд хөрөнгө оруулалт. Бондынх нь үнэ өсвөл тэр хүний хөрөнгө өснө,  унавал хөрөнгө нь үнэгүйднэ. Бондод хөрөнгө оруулсан хүн дуртай үедээ зарж болно.  Яг хувьцаатай адилхан.  Байнга хоорондоо арилжиж байдаг зах зээлтэй.

Мөн Хөрөнгийн зах зээл дээр бонд арилжаалахад  барьцаа тавьдаггүй.  Цэвэр хамтын ажиллагааны итгэлцэл.

Бондын хөрөнгө оруулагчид  бол голдуу  л  хөрөнгө оруулалтын сан, томоохон даатгал,  тэтгэврийн сангууд байдаг.  Тэд ихэвчлэн   хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалт хийдэг. Манай улс бондоо төлж дууслаа ч залгуулаад өөр  хөрөнгө оруулалтанд оруулдаг учир хугацааг сунгах, тохиролцох, хамтран ажиллах бололцоо нээлттэй байдгаараа давуу талтай. Төсвөөс эргэн төлөхөөр санхүүжүүлсэн замууд урт хугацаандаа зардлаа нөхнө гэж тооцвол олон улсын зах зээл дээр ажиллаад бондынхоо нөхцөлийг өөрчлөөд сунгаад явах боломжтой.   Одоо олон улсын зах зээл дээр бонд арилжаалая гэхээр хүү өндөр, үзүүлэлтүүд дордсон гэж үзэж байгаа бол Оюу толгой, Тавантолгойгоос олох орлого нэмэгдэхээр төлье гээд хугацаанд нь өөрчлөлт оруулах, хэлэлцээр хийх гарц байна. 

2017 онд бондын  эхний төлөлтийг хийх бололцоогүй бол заавал Хятадаас мөнгө зээлж өрийг өрөөр хаах хэрэг юу байна.

 

 

 

   Эргэн төлөлтийг бүдгэрүүлэх бодлого


Эрх баригчдын амнаас гарч байгаа үг ийг сонсохоор итгэл алдармаар. Айхтар өрөнд орчихсон. Дампууралд хүрчихсэн. Валютын нөөц шавхагдчихсан. 2017 онд бондын эргэн төлөлт хийж эхлэх гэхээр ямар зоос байхгүй. Өрөнд орчихлоо, тиймээс өөр гарц хайна гэж айлгаж байгаад  нэг улсаас их хэмжээний зээл авах юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.

Гэхдээ бондын мөнгөөр урт хугацаанд өгөөжөө өгөх зам, дэд бүтцийн салбарт нэлээд хөрөнгө оруулсан ч багагүй хэсгийг нь хувийн хэвшлийнхэнд зээл хэлбэрээр олгосон байгаа. Бондоос санхүүжилт авсан компани, байгууллагуудын эргэн төлөлт хэр байгаа талаар эрх баригчид огт  дурдахгүй  байгаа нь л  анхаарал татаж юм.

Манай улсын хувьд  бондын эргэн төлөлтийг 2017, 2018 онд хийгээд  2019, 2020, 2021 онд эргэн төлөлтгүй. Ингэж явж байгаад  2022 онд нэг тэрбум ам.долларын эргэн төлөлт хийх юм. Тодруулж хэлбэл, 2017 оны гуравдугаар сард  580 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэнэ.  Багцаалж хэлбэл, ойролцоогоор нэг их наяд гаруй төгрөгийн  520 орчим тэрбум төгрөгийг  улсын төсвөөс төлнө. Үлдснийг нь санхүүжилт хийгдсэн төслүүдээс эргэн төлөгдөхөөр тусгагджээ. Жишээ нь ТЭЦ-3, ТЭЦ-4-ийн өргөтгөл, Эрдэнэс авантолгойд хийсэн хөрөнгө оруулалтууд. 

 Станцуудын хувьд сүүлийн 20 жилд хийгээгүй томоохон шинэчлэл хийж, зардлаа бууруулж дөнгөсөн учир  төлөх бололцоотой аж. III, IV цахилгаан станцын  хувьд өргөтгөлийн буянаар  1 кВт цахилгаанд ногдох төлбөр буурч,  алдагдалтай байсан бол  цахилгаан үйлдвэрлэхэд  ашигтай болж. Эрчим хүчний салбар анх удаа 2015 онд ашигтай ажиллалаа шүү дээ. Мөн “МИАТ” компани “Боинг” онгоц худалдаж авах гэж санхүүжилт авсныгаа бараг төлөөд дуусч байгаа аж.

2018 онд Чингис бондын 1,5 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдэх ёстой.  Энэ 500 сая ам.долларыг эргэн төлүүлэхэд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй.  Харин санхүүжилт хийгдсэн төслүүд төлөх юм билээ. Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл,   импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 888 төсөл зэрэг төслүүд зээлсэн учраас эргэж барагдуулах үүрэгтэй.  Тэгээд тэр аж аж ахуйн нэгжүүд барьцаа, баталгаа тавьж  арилжааны банкаар дамжуулж авсан учраас  эргэн төлөлт хийгдэж л таараа. Хэрвээ төлж чадахгүй бол  барьцааны хөрөнгийг борлуулж барагдуулах гээд гарцууд бий.  Тийм болохоор  2018 оны эргэн төлөлт улсын төсөвт тийм их ачаалал өгөхгүй гэсэн үг. 

Хөгжлийн банкны тоон мэдээллээс харахад одоогоор 200 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Зарим төслүүд  5-10 жилийн хугацаатайгаар зээл авсан учраас  төлөлт хийгдэж эхлээгүй байх жишээний. Хугацаа нь болчихсон төслүүдийн хувьд   зээлээ сайн л төлж байгаа ж. МАК, Монполимет групп, MCS  тэргүүтэй олон компаниуд төслүүд хэрэгжүүлж, зарим нь цементийн хэрэгцээг дотооддоо бүрэн хангаж, томоохон бүтээн байгуулалт өрнүүлж байгаа. Тэд мөнгөө төлж л таараа. Гэтэл тэд мөнгөө төлөхгүй юм шиг, сүйрэлд орчихсон юм шиг, мэдээлэл нимгэн байгааг нь  төөрөлдүүлэх гэсэн юм шиг хандаж болохгүй ээ. Монгол Улсыг хувийн хэвшлийнхэн нуруундаа үүрсээр ч  ирсэн, цаашид үүрэх л болно. 





Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.