Аналитик


Оюу толгойгоос монголчууд яагаад өгөөж бага хүртдэг вэ

3 жил, 10 сар TIMES.MN

       

Өмнийн говьд “Оюу толгой” хэмээх үүц олдлоо, үүнийг ашиглавал монголчууд ойрын зуугаад жилд баян тансаг амьдарна гээд мөн ч их хөөрцөглөсөн дөө. Дуншиж дуншиж одоогоос  зургаан жил гаруйн  өмнө  хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж,  төслийг эхлүүлж, бүтээн байгуулалтын ажил өрнөж  байлаа. Эхний үйлдвэр ашиглалтанд ороогүй, бүтээгдэхүүнээ гаргаж эхлээгүй бол өгөөж хаана байна гэж асуухад эртэтднэ. Гэтэл өнөөдөр ил уурхай нь ажиллаж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд  гаргаж байна. Зэсийн баяжмал ачсан анхны цуваа 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Оюу толгойгоос хөдөлж байсан юм. Түүнээс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд монголчууд баялаг ихтэйгийнхээ үр шимийг мэдэрч чадахгүй л байна.

Норвегийн сан шиг иргэн бүртээ хувь хишиг хүртээж, элбэг хангалуун байдаггүй юм аа гэхэд төсөв  хэмээх улсын маань “авдарт”-т  оруулах орлого хэр байгааг тольдсон юм.

 

Оюу толгой компани   2014 онд зэсийн баяжмал, түүн доторх алт, мөнгийг худалдаж нийтдээ  1.735.6 сая ам.долларын борлуулалтын орлого олсон байна.  Үүний ердөө 248 сая ам.долларыг татвар, хураамж, бусад төлбөр нэрээр төсөвт төвлөрүүлжээ. Гэвч үүний 64 сая ам.долларыг нь урьдчилгаа төлбөрийн мөнгө гээд суутгачихаж. С.Баярцогтыг Сангийн сайд байхад 250 сая. ам.долларын  урьдчилгаа төлбөр авахаар боллоо,  эхний 100 сая доллар нь ороод ирлээ гээд чек харуулаад, түүхэнд тохиох баярт үйл явдал хэмээн  баяр хөөр дүүрэн байсныг уншигчид тодхон санаж байгаа байх. Гэвч энэ мөнгө хүүтэй зээл. Тухайн үед зүгээр өгч байгаа юм шиг пиардснаас биш хүү нь чамгүй өндөр.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэний дараа, хөрөнгө оруулагчдаас 250 сая ам.долларын урьдчилгааг   100 сая ам.долларыг бэлнээр эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр авсан байдаг. Энэ гэрээний хугацаа өнгөрсөн онд дууссан учраас эхний 100 сая ам.долларын үндсэн төлбөрийг, 15 сая ам.долларын хүүгийн хамт хөрөнгө оруулагчдад хугацаанд нь төлж, барагдуулсан юм билээ. Харин үлдэх 150 сая ам.долларыг, хүүгийнх нь хамт  татварт суутгаад явж байгаа. Жил бүр явах тусам хүү нь өссөөр л. 2014 онд  ямарч байсан  64 сая ам.долларыг төлжээ. Оюутолгой компани 2015 оны эхний улирлын байдлаар лав 30 сая ам.долларыг төлөх татвараасаа  хассан  байна. Тэгэхээр энэ жил  өнгөрсөн жилийнхтэй ойролцоо хэмжээний мөнгө татварт суутгагдана.    Дараа жил  үлдснийг нь  төлж  эхний  250 сая ам.долларын өрөө төлж дуусгах аж.

 Үүнээс гадна Монгол Улс Оюутолгой төсөлд 34 хувийг эзэмшдэг. Оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг өөрсдийнхөө эзэмших хувийн хэмжээгээр гаргана. Одоогоор Оюу толгой төсөлд  нийтдээ 7.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан гэж буй. Энэ зардлын манай улсын нутаг дэвсгэр дээр орж ирж, бүртгэгдэж, баталгаажсан байшин барилга, машин, техник бодитой хөрөнгө оруулалтад 1.1 тэрбум ам.доллар буюу нийт зардлын 14 хувийг л зарцуулжээ. Үлдэж байгаа 6.8 тэрбум ам.доллар нь цалин, хангамж, үйлчилгээний төлбөр зэрэгт зориулсан байна.  Хөрөнгө оруулалтын зардал өсөх тусам ногдол ашиг хүртэх хугацаа холдсоор, монголчууд 34 хувьтайгаа  тэнцэх хөрөнгө оруулалтын  мөнгийг хүүтэйгээр төлсөөр байх юм.  Тэгэхээр монголчуудын хувьд өнөөдрийн байдлаар 7.9 тэрбум ам.долларын 34 хувийг хүүтэйгээр зээлсэн гэсэн үг. 2.6 тэрбум ам.долларын  өртэй.  Энэ зээл хөнгөлөлттэй биш. Арилжааных.  Анх 9,9 хувийн хүү дээр АНУ-ын хэрэглээний үнийн индексийг тооцдог байсан бол 2011 оноос 6,5 хувийн хүү дээр LIBOR хүүг нэмж тооцож яваа юм билээ.  Зээлийг эргэн  төлөхдөө монголчууд бид нийлмэл хүүгээр аргаар барагдуулна. Тодруулж хэлбэл, зээлийн хүүгээс хүү бодно гэсэн үг. Хүүг улирал тутам бодно. Улирал дуусангуут үндсэн зээл, хүү нийлээд дараа улирлын үндсэн төлбөр болж хувирна. Тэгэхээр жирийн хүү, нийлмэл хүүгийн аргачлал ийм л газар, тэнгэр шиг зөрүүтэй аж. Нийлмэл хүүгийн аргыг зарим судлаачид санхүүгийн луйврын схем гэх юм билээ. Жил бүр орон нутагт 5 сая ам.доллар өгөхөөр болжээ. Гэвч  энэ нь бас л  хүүтэй мөнгө.  

Ил уурхай байгуулахад 7.9 тэрбум ам.долларыг зарлагдаад байгаа бол   одоо далд уурхай босгоход  дахиад санхүүжилт хэрэгтэй. Эхний ээлжинд 6 тэрбум ам.долларыг олон улсын томоохон банкуудаас зээлэх  аж. Үүний бас 34 хувийг Монголын Засгийн газар  төлнө.   Монголчууд Оюутолгой төсөлд зарцуулсан бүх зардлаа төлж дуусгаад 2023 оноос ногдол ашиг авахаар анхны ТЭЗҮ-д тусгасан байсан юм.   Хөрөнгө оруулалтын зардлаа өсгөсөөр байгаа учир ногдол ашиг авах хугацаа 14 жилээр хойшилж, 2037 он болжээ. 

Өнөөгийн нөхцөл байдлын хувьд гэхэд Оюу толгой төсөл бас чиг боломжийн мөнгийг татварт төлдөг ч зээлсэн мөнгө, хүүнд суутгагдаад  хасагддаг учраас  аманд ч  үгүй, хамарт ч үгүй, үр шимийг нь мэдрэхгүй байгаа хэрэг. Дээрээс нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялтиг Эрдэнэт үйлдвэр 17 хувь , Оюу Толгой компани 5 хувийг (хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 30 жилийн турш) төлөх юм. Ийм болохоор Эрдэнэт үйлдвэрийн төлсөн татварын хэмжээ өнгөрсөн жил хамаагүй  өндөр байсан билээ. Уг нь  Оюутолгой бол Монголын ард түмний амьдралд мэдрэгдэхүйц нөлөөлөх, нэг ёсондоо дэлхийн хэмжээний том төсөл шүү дээ. Хамгийн энгийнээр тайлбарлахад “Эрдэнэт”-ээс хоёр дахин том төсөл.

Далд уурхайн гол байгууламжуудын нэг болох 1 дүгээр босоо амны цамхагийн барилгад болсон уг ёслол дээр тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “2015 оны 3 дугаар сард экспортод гаргасан баяжмалын хэмжээ нэг сая тонн болов. 3-р улирлын хэмжээгээр 1.5 саяд хүрлээ. Оны эцэс гэхэд 2 сая тоннд хүрч магадгүй байна” гэжээ. Түүний хэлснээр энэ жил 2 сая тоннд элбэг хүрэх нь.

Оюу толгой компани баяжмалын борлуулалтаас 2015 оны нэгдүгээр улиралд 426.2 сая ам. долларын орлого олжээ. 2-р улиралд 421.3 сая ам.долларын борлуулалт хийснээ  OT.MN гэсэн сайтдаа оруулсан байна. Тэгэхээр энэ нь баталгаатай тоо баримт.

Үүнээс харахад   3, 4 улиралд  ч энэ хэмжээний орлого олно гэвэл  энэ жилд нийтдээ Оюу толгой компанийнхан  3 их наяд гаруй  төгрөгийн орлого олохоор байна. Энэ манай улсын төсвийн бараг 60 гаруй хувьтай тэнцэх мөнгө юм.

“Оюу толгой” компани энэ оны эхний хоёр улиралд нийтдээ 155 сая ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт, 150 сая орчим ам.долларыг үндэсний худалдан авалтад, үүний дотор 30 сая ам.долларыг Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд зарцуулаад байна.

Энэ тооцооноос харахад 2015 онд 300 гаруй сая ам.доллар буюу 600 гаруй тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт оруулах нь. Үүнээс бас урьдчилгаа мөнгийг хүүтэйгээр хасагдана.

 

Оюу толгой төсөл өнөөдрийн зэсийн үнэ цэнээр тооцвол гүний уурхай ашиглалтанд орсноор нийтдээ 50 жилийн хугацаанд 47 тэрбум ам.долларын мөнгөн урсгалыг Монголын Засгийн газарт оруулна гэсэн тооцоо гаргасан байна

Түүнээс роялти хэлбэрээр- 10.8 тэрбум ам.доллар

НӨАТ, Гаалийн татвар-9.6 тэрбум ам. доллар

БУсад суутгалын татвар -2.8 тэрбум ам. доллар

Ногдол ашиг- 8 тэрбум

ААНОАТ -14.5 тэрбум

Газрын төлбөр бусад төлбөрт -1.1 тэрбум ам

 2037 оноос ногдол ашиг авна гэж байгаа нь зэсийн үнийг хамгийн багаар тооцоод борлуулсан ашгаасаа 34 хувьд ногдох зээлийн өрөө төлөөд, ногдол ашгаа авах хугацаа.  Тэр тооцоогоор бол Монгол улс 50 жилийн хугацаанд  47 тэрбум америк долларын өгөөжийг Оюутолгойгоос хүртэх боломжтой аж. 47 тэрбумаас 8-9 тэрбум нь ногдол ашиг. Үлдсэн нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, роялти, гааль болон НӨАТ-ийн татвараар орж ирэх орлого гэж үзэж байгаа аж.



 

 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.