Улс төр


Вунна Маун Лвин:Монголын туршлагаас сурах зүйл их бий

4 жил, 5 сар TIMES.MN

 Манай улс хоёр дахь удаагаа сонгууль зохион байгуулах гэж байна. Тиймээс 2О гаруй жил хуримтлуулсан  Монгол Улсын  туршлагаас сурах зүйл их бий гэдгийг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Вунна Маун Лвин Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр онцлон тэмдэглэв.

 

  Тэрээр цааш нь  өөрийн улсын сонгуулийн байгууллагын талаар танилцуулахдаа,  Холбооны сонгуулийн Хороо нь 15 хүний бүрэлдэхүүнтэй, бие даасан, хараат бус байгууллага гэдгийг цохон хэллээ. Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны гишүүн тэрхүү байгууллага нь 2010 онд  анх удаа сонгууль зохион байгуулж улмаар энэ оны намар бүх нийтийн сонгууль хийхээр бэлтгэлээ базааж байгаа ажээ. Энэ сонгуульд  улс төрийн 80-аад  нам оролцохоо мэдэгдээд байгааг хүндэт зочин дурдлаа.

 

 Уулзалтын үеэр эрхэмсэг ноён Вунна Маун Лвин   Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны сонгуулийн Хорооны даргын мэндчилгээг  мөн энэ онд болох бүх нийтийн сонгууль ажиглах түүний урилгыг  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнд уламжиллаа.

 

 Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тэргүүн сонгуулийн байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар товч мэдээлж, автоматжуулсан системийн ажиллагааг   хүндэт зочиндоо танилцуулав. Мөн тэрбээр  Монгол Улсад ирэх онд болох сонгууль ажиглах урилгыг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны сонгуулийн Хорооны даргад уламжилж өгөхийг эрхэмсэг ноён Вунна Маун Лвинээс хүсэв.

 

            Уулзалтын үеэр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин    гадаадад   оршин суугаа   3-4 сая иргэдийнхээ саналыг  хэрхэн авах асуудал анхаарал татаж буйг дурдаад  Монгол Улсын сонгуулийн байгууллага  гадаадад суугаа иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хэрхэн хангаж буй талаар тодруулж асууж байв.

 

            Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны даргатай биечлэн уулзах асуудлыг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайдын хүсэлтээр түүний айлчлалын хөтөлбөрт  тусгайлан  тусгасан байна  гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.