Аналитик


Тамирчдын урамшуулал, шүүх хурлаар өндөрлөлөө

3 жил, 12 сар TIMES.MN

TIMES.MN долоо хоногийн тоймыг уншигч таньд хүргэж байна. Өнгөрөгч долоо хоногийн хамгийн шуугиан дэгдээсэн, олны анхаарлын төвд байсан үйл явдал бол “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон Л.Гансүхийн шүүх хурал байлаа. 


Л.Гансүх нарын шүүх хурал болов

Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг зохион байгуулж ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж,  улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Л.Гансүх нарын хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд дөрвөн өдөр хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй өнөөдөр дахин үргэжлүүлэхээр болсон. Одоогийн байдлаар шүүх хурал нилээн ширүүн өрнөж байна.


Шүүх хурлаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, "Багануур" хувьцаат компаний гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын аудитор н.Ичинхорлоо  нар мэдүүлэг өгсөн юм. Л.Гансүх нарын шүүх хурлын эцсийн шийдвэрийг зөвхөн шүүх л тогтооно.



 Ээлжит бус чуулганыг хаалаа

  УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-18-ний хооронд зарласан. Чуулганаар МАН-ын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн сайдуудын оронд томилох зургаан сайдын асуудлыг хэлэлцэн эцэслэн шийдвэрлэсэн. Мөн Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авсан юм. Хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах шаардлагатай болсон ч чадаагүй. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнгөрсөн Баасан гарагт хоёр удаа зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй шалтгаанаар хойшилж, дээрх хуулийн төслийг хэлэлцэж чадаагүй юм. Үүнээс үүдэн өршөөлд хамрагдан шоронгоос суллагдах байсан иргэдийн асуудал ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх намрын чуулган хүртэл хойшлогдлоо.


Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчдаа урамшууллаа

Дэлхийн аварга хүртсэн тамирчдаа Монголын чөлөөт бөхийн холбооноос алтан гулдмайгаар шагнасан. Тухайлбал, С.Батцэцэгт нэг кг алтан гулдмай, мөнгөн медалийн эзэн Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт 500 гр алтан гулдмайг бэлэглэсэн юм.


 Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Гавьяат тамирчин дэлхийн хошой аварга С.Батцэцэгт 3 өрөө байр бэлэглэсэн бол Дэлхий аварга, мөнгөн медальт С.Цэрэнчимэдэд М-Ти-Эс группээс төмөр хүлэг бэлэглэсэн билээ. Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгасан тамирчиддаа амжилт хүсье.



Л.Ариунцэцэг




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.