Улс төр


АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн удирдлагадаа шаардлага хүргүүлнэ

4 жил, 6 сар TIMES.MN

"Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” өнөөдөр анхдугаар зөвлөгөөнөө хийж байна. Зөвлөгөөнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн АН-ын хорооны болон ҮЗХ-ны гишүүд, дэмжигч 109 төлөөлөгч оролцсон байна. Ардчилсан намын дүрмийг шинэчлэх, боловсон хүчний шинэчлэл хийх, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай болсон тул ийнхүү шинэчлэлийн хөдлөгөөн байгуулсан  гэдгээ мэдэгдлээ.

Шинэчлэх хөдөлгөөний анхны зөвлөгөөнөөс АН-ын нийт гишүүд дэмжигчид болон нийгэмд хандсан “Уриалга”, АН-ын удирдлагад “Шаардлага” хүргүүлж байгаа аж. “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн”-өөс АН-ын Их хурлыг 2015 оны зургадугаар сардаа багтаан хуралдуулж, АН-ын дүрмийн шинэ төслийг хэлэлцүүлэх шаардаж байгаа юм байна.

Зөвлөгөөнд шинэчлэлийг хүссэн хот хөдөөгийн гишүүдээс гадна дэмжигчид олноороо ирсэн байв.  Зөвлөгөөнд оролцож үгээ хэлж буй гишүүд “Өнөөдрийн ардчилсан үнэт зүйлс,  үзэл баримтлал, эрхэм зорилгоосоо хазайж, хүний нөөцийн бодлогоо алдлаа. Намын дотоод ардчилал өдрөөс өдөрт бүдгэрч, үндсэн дүрмээ хэрэгжүүлэж чадахгүй болтлоо хоорондоо зөрчилдөж байна. Жирийн гишүүд, залуучуудынхаа дуу хоолойг сонсдоггүй, хамтарч ажиллахын оронд өрсөлдөгчөө гэж хардаг, зөвхөн хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдэлд дулдуйдсан цөөн хүмүүсийн бүлэглэлийг бид хүсээгүй. Үүнээс бол Монгол төрийн бодлого хүчгүйдэж байна” гэсэн хатуухан шүүмжлэлүүдийг хэлж байв.

 

“АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн”-ий зохицуулагч П.Галиндэв:АН төлөвших хугацаа хангалттай болсон

 

-АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийг залуучууд  нэгдэн зохион байгуулсан байна. Шинэчлэлийг гишүүд, дэмжигчид хэр хүлээн авч байна вэ?

 

-Би Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооны гишүүн, Нийслэлийн намын зөвлөлдөх хороонд тэргүүлэгч гишүүнээр ажилладаг. Энэ намын ачааг анхан, дунд шатанд нь үүрэлцэж байгаа гишүүний хувьд АН-ынхаа ирдээүйд сэтгэл зовинож шинэчлэх хөдөлгөөнийг санаачлагчдын нэг болж ажиллаж байна.

АН-ыг шинэчлэх зорилгод маш олон залуучууд, анхдагчид гээд үе үеийн гишүүд дэмжигчид нэгдэж байна. Хамгийн түрүүнд манай намд бодлогын шинэчлэл,хариуцлага ёс зүйн шинэчлэл хэрэгтэй байна. Энэ болохгүй байгаа зүйлсийг хэрхэн  засч залруулаад цааш явах вэ гэдэгт саналаа солилцож байна.

 

-АН дотор  намаа шинэчлэе гэсэн хөдөлгөөн, хороо өмнө нь байгуулагдаж байсан. Танай хөдөлгөөн АН-д нэн тэргүүнд хийх ёстой  шинэчлэлийг  дэвшүүлж байна. Эдгээрийг хэрэгжүүлэх боломжууд байна уу?

 

-Шинэчлэлийг АН-ын дүрмээс эхлүүлэх хэрэгтэй. Манай намын дүрэм хэрэгжиж чадахаа байсан. Сөрөг хүчин байхад   зохицуулж болоод байсан бол эрх барьж байхад боломжгүй болсон. Дүрмээ шинэчилснээр намынхаа тогтвортой байдал, эв нэгдлийг бий болгоё. Хариуцлага ёс зүйн зохицуулалтыг чангатгах шаардлагатай байна.

 Сүүлийн тав, зургаан жилд АН-ын ҮЗХ-нд дотоод сонгууль явдаггүй. Энэ нь АН-ын фракциудын зөрчилийг  гааруулж намын үйл ажиллагааг гацаахад хүргэж байна.

 

-АН-ын фракциудын тэмцэл, зөрчил шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Та нар яаж зохицуулах гэж байна?

 

-Монгол Улс олон намын тогтолцоотой болоод 25 жил болж байна. АН төлөвших хугацаа хангалттай болсон. 25 жилийн дараа юу болохгүй байна гэдгээ эргэж хараад томоохон хэмжээний өөрчлөлт, шинэчлэл хийх цаг хэдийнэ болсон. Ингэхдээ аль фракцын гэхээсээ илүү намын анхан шатнаас эхлээд бүх шатандаа хариуцлага,  ёс зүйн асуудлыг ярилцах цаг болжээ гэдгийг   хүлээн зөвшөөрөх  болж. Сүүийн үед АН фракцгүй болоё гэсэн уриалга дэвшүүлж байна. Үүнийг нэгхэн  өдөр хийчихгүй. Тууштай үргэлжүүлж байж хэрэгжинэ шүү дээ. Хамгийн гол нь зоригтой энэ асуудлаа шийдэж хамтарч байж шинэчлэлийг хийнэ. Шинэчлэлийг хүсч, нэгдэж байгаа гишүүд, дэмжигчид нь  гол төлөв залуус байна. 


Уриалга

Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчидээ,

 

Тэртээх цагаан морин жилийн буюу 1990 оныардчилсан хувьсгалаас хойш даруй хорин таван жил өнгөрчээ. Ардчилсан нам нийгэм, эдийн засгийншинэчлэлийг зоригтой хийж,хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн,хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох үйлст түүхэн үүрэг гүйцэтгэсэн нь маргашгүй үнэн.

            Монголын ард түмэн 2012 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль,2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиарАрдчилсан намд бүрэн итгэл үзүүлж, улс орноо хурдтайгаар хөгжүүлэх боломжийг бүх шатанд олгосон.

Гэвч АН-ын өнөөгийн удирдлага хувийн эрх ашиг, бүлэглэл хоорондын зөрчилдөө автаж, 1996-2000 оны “Ардчилсан Холбоо Эвсэл”-ийнЗасгийн газрын гашуун туршлагыг давтан,шинэчлэлийн Засгийн газраа МАН-тай нийлэн огцруулснаариргэд сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлсэн явдал боллоо.

АН-ын гишүүдээ,бидэнд ЭВНЭГДЭЛ ус агаар мэт дутагдаж байна.

Хууль тогтоох, гүйцэтгэхболон Ерөнхийлөгчийн институцийн түвшинд үл ойлголцож, засаглалын хямралд улс орныг хөтөлж байна.Тэртээ 20 жилийн өмнө УИХ-д сууж байсан зарим хариуцлагагүй нөхөд өнөөдөр ч тэр үеийн алдаагаа давтсаар л сууна.Бид ТӨРИЙН ТҮШЭЭ БИШ ТҮГЖЭЭ БОЛСОН УЛС ТӨРЧДӨӨС САЛАХ ЦАГ БОЛСОН!!!

Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нь бие биеэ үгүйсгэсэн мэдэгдлийг ээлж дараалан хийх боллоо. Монгол төрийн “хар хайрцагны бодлого”, тогтвортой байдал, залгамж чанар алдагдаж, шинээр томилогдсон сайдууд өмнөх сайдынхаа хийснийг үгүйсгэх явдал газар авлаа.

Хувийн өчүүхэн эрх ашгаа шударга эх орончийн дүрээр халхавчилж, популизмаар хийрхэх, хэлбэрдэх явдал хавтгайрлаа. Эрүүл саруул ухааныг уралдуулж, хийж бүтээснээрээ биш бусдыг дайрч доромжилсон, гүтгэсэн, чанга хашгирснаараа, зураг авч, бүжиглэждуулснаараа сайн улс төрч болж харагдах марафонд УИХ-ынэрхэм гишүүд ч гүйлдэх боллоо.

АН-д ХАРИУЦЛАГЫН ШИНЭЧЛЭЛ зоригтой хийцгээе.

Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, бодлого зарчмаасаа ухарч, Ардчилсан намд саналаа өгсөн олон мянган сонгогчдын итгэлийг хөсөр хаян­, сөрөг хүчинтэйгээхамтарч Засгийн газар байгууллаа. Давхар дээлтэй байх нь зохисгүй хэмээн шүүмжилж суусан нэгэн шинэ Засгийн газарт сайдаар томилогдоод дуугаа хураахыг бид харлаа. Энэ мэт ичгүүргүй, хариуцлагагүй улс төрчдийг өөгшүүлсээр суух нь зөвүү?

БидэндҮНДСЭН ДҮРМИЙН ШИНЭЧЛЭЛ, НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙДАЛ, ТЭГШ БОЛОМЖ,ХҮНИЙ НӨӨЦИЙН ШИНЭЧЛЭЛ хэрэгтэй байна.

ӨнөөдрийнАрдчилсан нам үнэт зүйлс, үзэл баримтлал, эрхэм зорилгоосоо хазайж, хүний нөөцийн бодлогоо алдаад байна.Намын дотоод ардчилал өдрөөс өдөрт бүдгэрч, үндсэн дүрмээ хэрэгжүүлж чадахааргүй болтлоо бүлэглэл хоорондын зөрчилдөө автжээ.

Жирийн гишүүд, залуучуудынхаа дуу хоолойг сонсдоггүй, хамтарч ажиллахын оронд өрсөлдөгчөө гэж хардаг,зөвхөн хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдэлд дулдуйдсан, цөөн хэдэн хүнд үйлчилдэг Ардчилсан намыг бид хүсээгүй.

Дээд шатандаа үйл ажиллагаа нь доголдсон, дотооддоо явуулсан сонгуулиа ч баталгаажуулж чаддаггүй Ардчилсан нам дунд шатандаа бас хэн нэгний хувийн нам, гэр бүлийн нам болтлоо жижигрэн агшсан байгаа нь мянга, мянган жирийн гишүүдийн итгэл зүтгэлийг хөсөрдүүлж байна.

Намын үйл ажиллагааг эрүүлээр шүүмжилж, дотоод ардчилалын төлөө үгээ хэлсэн гишүүдийг гадуурхан хавчиж, ажил албанаас нь халдаг боллоо. Эрх мэдлийн төлөө нэг нэгнийгээхүчний байгууллагуудаар шалгуулж хорьдог, ах дүүс найз нөхдийг нь айдаст автуулдаг дарангуйллын талаар чих дэлсэх нь өдрөөс өдөрт нэмэгдлээ. Эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн цөөн хэдэн дарга нар,НАМ ДАМЖСАНОЛИГАРХИ БҮЛЭГЛЭЛҮҮД МОНГОЛ ТӨРИЙГ УДИРДАХ ЁСГҮЙ!!!

Ардчилсан намын гишүүдээ!Манай намд БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ хэрэгтэй байна.

Улс оронд засаглалын болоод эдийн засгийн хямрал нүүрлэж, ард түмний намуудад итгэх итгэл эрс буурч, бүх шатны ээлжит сонгууль хаяанд иржээ. Сонгогчид манай намаас ХАРИУЦЛАГА НЭХЭХ ТЭР ЦАГТ СӨРӨГ ХҮЧИН БИДНИЙ  ХАРИУЦЛАГЫГ ХУВААЛЦАХ УУ?

Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаж, улс төрийн соёлоор бусаддаа үлгэрлэдэг, улс орноо тогтвортой хөгжлөөр манлайлж чадахуйц улс төрийн  институт болж шинэчлэгдэхийг өнөөгийн нийгэм биднээс шаардаж байна.

Иймээс ҮЗХ-ны хурал, Намын их хурлаа зарлан хуралдуулж, намын үндсэн дүрмээ яаралтай шинэчлэе!!!Хүний нөөцийн бодлого, намын санхүүжилтээ ил тод, нээлттэй болгоцгооё !!!Популизмыг биш судалгаатай, гарц шийдэлтэй, шинжлэх ухаанч, бүтээлч санаачлагуудыг дэмжиж,бодлогын шинэчлэл хийцгээе !!! Хариуцлага, ёс зүй, улс төрийн соёлыг шат шатандаа нэвтрүүлцгээе !!! Ардчилсан намын нийт гишүүдээ, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгчлэн намынхаа хазайсан чигийг зөв тийш эргүүлж, эв нэгдлээ эрхэмлэн,ЯЛАЛТЫН БУУХИАГААҮРГЭЛЖЛҮҮЛЦГЭЭЕ!

“Ардчилсан намын Шинэчлэлийн Хөдөлгөөн”-өөс өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсний үндсэн дээр дараах Уриалгыг гаргаж байна.

Нэг.  Ардчилсан намын ээлжит бус их хурлыг яаралтай хуралдуулахыг намын дарга,  Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдэд,

Хоёр.Ардчилсан намд бодлогын, хариуцлагын, хүний нөөцийн шинэчлэл хийж, санхүүжилтийн нээлттэй, ил тод байдлыг бий болгох санаачлагад идэвхитэй нэгдэж, бүх шатны намын байгууллагаараа дамжуулан санал хүсэлтээ илэрхийлэхийгардчилсан намынбүх гишүүд, дэмжигчдэд,

Гурав.Ардчилсан намын Үндсэн дүрмийг шинэчлэхэд оролцохыг намын нийт гишүүд, дэмжигчид, эрдэмтэн судлаачдад

 

 

УРИАЛЖ БАЙНА

 

АРДЧИЛАЛ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БҮТЭЭСЭН

ҮНЭТ БАЯЛАГБӨГӨӨД ХӨГЖҮҮЛЖ ХАМГААЛАХ НЬ

ТА БИДНИЙ ЭРХЭМ ҮҮРЭГ МӨН.

 

 

 

АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.