Аналитик


Эдийн засаг улам хүндрэхийг Б.Чойжилсүрэн сайдын үг батлав

5 сар TIMES.MN


Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монголд хийж буй ес дэх удаагийн номын айлчлал өчигдөр Их тэнгэрт хэвлэлийн бага хийснээр дууссан юм.  Сэтгүүлчдийн хамгийн их сонирхсон асуулт нь IX Богдын хойд дүрийг тодруулсан эсэх  байв. Энэхүү асуултад дээрхийн гэгээнтэн, XIV Далай лам “X Богд Монголд мэндэлсэн. Гэхдээ одоо нялх байгаа учраас энэ талаар ярихад эрт байна. 2-3 жилийн дараа 4-5 нас хүрэх үед нь олонд зарлаж, сэнтийд нь зална” гэж хариулсан. Тэгэхээр X Богдыг тодруулна гэсэн айлчлалын гол зорилготой гэсэн нь үнэн болж таарч байна. Ийнхүү X Богд манай улсад мэндэлсэн, тэр дундаа улстөрчдийн гэрт төрсөн гэдэг таамаг яваад байгаа нь бараг батлагдаж  байх шиг.

Ямартай ч Далай ламын айлчлал дуусч бид эргээд эдийн засгийн хямралын сэдэв рүүгээ орж байна. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-наас БНХАУ-д айлчлал хийх байжээ. Гэвч Хятадын талаас хугацааг хойшлуулсан байна. Хэзээ болохыг 2 талын дипломат шугамаар ахин тохирохоор болсон гэх учир битүүлэг байдал үүсэн тухай мэдээлэл гарах болсон. Хэдийгээр Гадаад харилцааны яамнаас хятадын тал хойшлуулсанаа албан ёсоор мэдэгдээгүй гэж байсан ч айлчлал  товлосон хугацаандаа болохгүй нь тодорхой болж байна.

Мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Далай ламын айлчлал хийх бүрт  өмнөд хөрш таатай ханддаггүй.  Энэ сарын 27,28 өдрүүдэд  БНХАУ-тай хийх байсан хэлэлцээр хойшлогдсон нь үнэн. Үүнээс үүдээд ирэх онуудад эдийн засгийн хувьд бэрхшээл гарахыг үгүйсгэхгүй. Урьдчилан хэлэх эрт байна” хэмээн ам алдаж орхив.

Эдийн засгийн хямралын шуургыг бууруулах боломжуудын нэг хэмээн харж байсан Хятадаас авах зээлийн асуудал ийнхүү бүрхэг боллоо. Нэг хэсэг нь Хятадаас зээл авах хэрэггүй гэж байгаа бол зарим нэг бидэнд зээл өгөх өөр улс орон байхгүй үед боломж юм гэж байгаа. ОУВС-ын Стэндбай хөтөлбөрийн баг АНУ-д  очиж ТУЗ-дөө танилцуулж зөвлөлдөнө. Үүний дараа Монгол улсад хөтөлбөрөө хэрэгжүүлэх эсэхээ шийднэ. Хятадын тал зээлийн асуудлаар хийх айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гээд эдийн засагт гэрэл тусах найдвар холдсоор. Энэ хоёр одоогоор хамгийн ойр сонсогдож байсан мөнгөний сураг.

Ийнхүү мөнгөний сураг  холдож эдийн засаг сайжирна гэсэн найдвар бүдгэрч байна. Өдрөөс өдөрт өсөх валютын ханш  дахин тэнгэрт хадах нь тодорхой болж байна.

Д.Тэнгис



Холбоотой мэдээлэл


АН-ын их сунгааны өмнөх өнгө
АН-ын их сунгааны өмнөх өнгө
1 долоо хоног, 4 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.