Аналитик


Ипотекийн зээлийг нааштай шийдэж, хөрөнгийн бирж сэргэсэн өдрүүд

3 жил, 10 сар TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе. Өнгөрөгч өдрүүдэд эдийн засгийн салбарт үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн хэрэг нилээн дуулиан тарьж, түүний хэргүүдийг нэгтгэн шалгахаар боллоо. "Монгол шуудан" ХК-ийн 34 хувийг арилжиж, хувьчлалыг амжилттай явуулснаар хөрөнгийн бирж дахин сэргэлээ. Ингээд өнгөрөгч долоо хоногийн зарим үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.


Улс төр: Ипотекийн зээлийн хүүг нааштайгаар шийдвэрлэнэ

УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 6-нд "Нийгмийн дундаж давхаргыг тэлж, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар урт хугацааны хөгжилд хүрэх нь" сэдвээр танилцуулага хийсэн.

Тэрээр ипотекийн зээлийг зогсоосон нь эдийн засагт ямар сөрөг уршигтайг танилцуулаад, инфляци буурсан тул зээлийн хүүг 5 болгон бууруулах боломж бүрдсэнийг ч харуулав. Мөн урьдчилгаа төлбөрийн хэмжээ 10 хувь болгон бууруулах нь нийт иргэдэд төдийлөн эерэг нөлөө үзүүлэхгүйг тайлбарласан юм.


Эдийн засаг: "Монгол шуудан" ХК-ийн 34 хувийг арилжиж, хувьчлалыг амжилттай явууллаа

  “Монгол шуудан” ХК-ийн нийт хувьцааны тоог 99,586,363 ширхэг байхаар тогтоож нийт хувьцааны 34 хувийг иргэд олон нийтэд нээлттэй санал болгон арилжин, тус компанийн хувьчлалыг амжилттай явууллаа.

Тус компани нэмэлт хувьцаа гарган, хөрөнгө татан төвлөрүүлснээр авто замын логистикийн үйлчилгээг нэвтрүүлж, санхүүгийн чадавхаа нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигч иргэн бүрийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх юм.

Ийнхүү олон нийтэд санал болгосон “Монгол шуудан” ХК-ийн нэгж бүр нь 185 төгрөгийн доод үнэ бүхий 33,859,363 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга 2015 оны 12-р сарын 28-наас 2016 оны 1 сарын 6-ны хооронд явагдаж, нийтдээ 6.3 тэрбум төгрөгийн хувьцаа олон нийтэд ил болсон ч 2 дахин их буюу 12.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцааны захиалга ирсэн нь олон нийт төрийн өмчийн компанийн хувьчлалд оролцож, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх сонирхол, боломж их байгааг харуулж байна

Нийгэм: Хайр дурлал нь бүтэлгүйтснээс амиа хорложээ


   Сонгинохайрхан дүүрэг Хархорин захын ойролцоох орон сууцанд өсвөр насны хоёр охин амиа хорлосон байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.  
 

Тодруулбал, 14-15 настай Б, С гэх хоёр охин дулааны шугам хоолойны төмөрнөөс ороолтоороо боомилж амиа егүүтгэсэн юм. Охид амиа хорлохдоо гэрээслэл үлдээсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Харин гэрээслэлд чухам юуны талаар бичсэн, охидын үхлийн шалтгаан юу байсан гэдгийг одоогоор мэдээлэх боломжгүй байгаа аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар охид хайр дурлал нь бүтэлгүйтсэнээс болж гэрээслэл бичиж, амиа егүүтгэжээ. 

 

Нийгэм: Бага ангийн багш сурагчаа халуун будаагаар түлжээ


 Тус сургуулийн бага ангийн багш "Үдийн цай" өгөх үеэрээ сурагчаа "Аягаггүй ирлээ" гэж загнаж, улмаар халуун будаа алган дээр нь хийж өгсөн байна  . Зургаахан настай нэгдүгээр ангийн сурагч багшдаа загнуулсандаа айж халуун будааг нь асгачихгүйг хичээж удаан барьсанаас болж гараа гүн түлжээ.

 

Энэ байдлаас болж хүү сэтгэл санааны цочролд орж, татаж унадаг болсон байна. Харин сурагчаа түлж гэмтээсэн багшийн асуудлыг аймгийн Боловсролын газар тависнаар ажлаас нь халсан байна. Хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа аж


"Хүүхдийн мөнгийг өмнөх жишгээр олгоно"

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хүүхдийн мөнгийг өмнөх хишгийн дагуу олгох нь зүйтэй" гэж жиргэсэн. Олон ч хүнийг бухимдуулаад байсан хүүхдийн мөнгөний асуудал ийм шийдвэрт хүрчээ. Ингээд энэ сарын 8-ны Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас хүүхдийн мөнгийг өмнөх жишгээр олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа. 



Ирвэс хамгаалагчийн өмнөх хэргүүдийг нэгтгэн шалгахаар боллоо

  “Ирвэс хамгаалах сан”-д  ажилтай, 28 настай “Л” нь 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байх гэрээсээ гараад сураггүй болж, 6 хоногийн дараа цогцос нь Хөвсгөл нуурын ойролцоох “Балчиргант” гэх газраас олдсон байна. Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, прокурорын хяналтын дор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж байна. Талийгаач “Л”-ийг мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үл таних 2 хүн хутгалж биед нь хүнд гэмтэл учруулсан байх үйлдэлд тус аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.

Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хоёр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай танилцаж, нэгтгэн шалгуулахаар Мөрдөн байцаах газарт мөрдөн байцаалт явуулах, Нийслэлийн прокурорын газарт уг хэргийн ажиллагаанд хяналт тавих харьяаллыг тус тус тогтоож,  хэргийг шуурхай шалгах талаар үүрэг, чиглэл өгөн ажиллаж байгаа аж.

 Л.Ариун




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.