Нийгэм


Хүүхдүүддээ 60 тэрбум зарцуулж чадахгүй улс байгаад ч яах юм

4 жил, 3 сар TIMES.MN

Амьдрахын эрхэнд хүүхдээ гэртээ цоожлоод явсан эцэг орой нь үнс нурамтай нүүр тулсан гашуун, эмгэнэлт мэдээллийг өнгөрсөн хоёр гуравхан сарын дотор хэдийг ч уншив. Монголын ирээдүй цоожтой хаалганы цаана өсч, эрсдэж байгааг нуух юун. Ийм байтал өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинэжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэлэлцэх байсан. Гэтэл МАН-ын бүлгийн Д.Хаянхярваа нарын гишүүд сонгуульд оноо авах гэсэн хуулийн төсөл байна хэмээн 5 хоногийн завсарлага авч байх юм. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ энэ үйлдэлд нь бухимдаж хүүхдийн төлөө, иргэдийн төлөө юу ч хийхгүй  ямар ч асуудлыг улстөржүүлж байгаад бухимдаж хурал хаян гарсан. харин араас нь энэхүү хуулийн төслийг батлуулахын төлөө лобби бүлэг байгуулан ажиллаж байсан эмэгтэй гишүүд ч хурал хаясан. Мэдээж энэ хуулийн төсөл  ганц сайд, эмэгтэй гишүүдэд хамаатай, сонгуульд оноо авах гэж харж байгаа Д.Хаянхярваа нарын МАН-ын гишүүдэд харамсаж байна.

Улстөрчдийн хүүхдүүд гэртээ асрагчтай, хувийн цэцэрлэг сургуулиар хүмүүждэг байх. Эгэл жирийн нийгмийг бүрдүүлж байгаа иргэдийн хувьд хүүхдээ  өгөх цэцэрлэггүй, хөгшидгүй нь хэдэн зуун мянгаараа байна. Тэд хүүхдэдээ хайргүйдээ биш тэднийгээ өлсгөхгүй, дааруулахгүйн төлөө гэртээ цоожлоод шар нар бор хоногтой өрсөн ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдвал олон мянган гэр бүлийн энэ мэт асуудлыг үүрэлцэх юм. Эмэгтэй гишүүдийн хэлж буйгаар өнөөдрийн байдлаар сургууль цэцэрлэг амарч айлын хүүхдүүд том нь багыгаа хараад болгоод яваа. Намар болохоор цэцэрлэг ясли байхгүй гэх нөгөө л гомдол тасрахгүй. Цаашлаад гэртээ цоожлуулсан хэдэн ч хүүхэд эндэхийг мэдэхгүй. Муу амалж байгаа юм биш энэ бол бодит үнэн. Сэтгүүлч миний хувьд хоёр хүүхдээ гэртээ орхиод томоор нь багыг нь харуулаад л явж байна.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдвал улсаас 60 гаруй  тэрбум төгрөгийн зардал шаардагдана. Энэ их мөнгийг гаргах боломж байхгүй гэж Сангийн сайд хэлсэн хэмээн Д.Хаянхярваа гишүүн эсэргүүцсэн. Ирээдүй болсон бяцхан үрсдээ 60 тэрбум төгрөг зарцуулж чадахгүй улс орон байгаад ч яах юм билээ. Гадныханд 100 гаруй сая доллар зүгээр бэлэглэчихдэг, өөрсдөө хэдэн тэрбумаар нь хуваагаад идчихдэг улстөрчидтэй хэрнээ хүүхдүүдээсээ 60 тэрбум харамлаад, улстөр хийлээ хэмээн ярьж суугаа улстөрчидтэй болчих гэж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.