Аналитик


АН-дотроос мэндэлсэн шинэ “нам”-ын гишүүдтэй танилц

3 жил, 8 сар TIMES.MN

 

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн жил АН-д шинэ хуваарилалт хийгдлээ. Нам доторх фракц болгоноос  голдуу “гомдогсод”, бас шинийг эрэлхийлэгчид гэж тодорхойлогсод  нэгджээ.  Фракц болгоноос хүмүүс цугларсан болохоор нам доторх хүчин буюу шинэ нам мэндэллээ ч гэж хэлж болох юм. Нэр  нь  Монголын ардчиллын нэгдэл  “МоАН”.  Тэдний олонд зарлаж байгаа мессэж нь ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх гэсэн сайхан үгтэй.  Шинэ Монголыг хөгжүүлэх их үйлсийн төлөө гэсэн дэврүүн лоозонтой.  Угтаа бол тэд АН дотор дүүлэн нисч буй Шонхор фракцын хүчийг сулруулах, цаашлаад  З.Энхболдыг “номхруулахад” чиглэжээ гэж хардахаар байна. Нөгөөтэйгүүр сонгуулийн өмнө намаа шинэчилнэ, ардчиллаа аварна, шинэ мөрийн хөтөлбөр дэвшүүлнэ, Шинэ Монголын бүтээнэ гэж сурталчилж, намынхаа унаж буй рейтингээ сэргээхийг зорьж буй уран мэх.

Тэд энэ төлөвлөгөөгөө нэлээд эртнээс эхлүүлсэн юм. 2015 онд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, А.Бакей, Ц.Оюунгэрэл нар оройлж,  намын гишүүд, дэмжигчдийн дунд өргөн хэлэлцүүлэг ил, далд хэлбэрээр өрнүүлж эхэлсэн билээ. Монголын ардчиллын хувь заяа, түүнээс шууд хамаарах улс орныхоо аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн төлөө сэтгэл зовнин, санаа нэгдсэн, нийгэм, улс төрийн амьдралд идэвхитэй оролцдог 100  хүн энэхүү МоАН санаачлага нэрийн дор нэгдэж өнгөрсөн Баасан гарагт гишүүдийнхээ анхны хурлыг хийлээ хэмээн  сүржин үгтэй, пиараа эхэллээ. Үнэндээ  энэ нь оносон гэхээсээ илүүтэйгээр өмнө санаа зовдоггүй байж байгаад одоо гэнэт ухаан оржээ энэ улстөрчид гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаа нь нууц биш ээ.

Анхдугаар хуралдаанаар тус байгууллагын дүрэм, бүтцийг баталж удирдлагуудаа сонгожээ.  УИХ-ын гишүүн Л.Болдыг МоАН Санаачлагын Ерөнхийлөгч болгов. Ерөнхийдөө энэ санаачлагыг хамгийн түрүүнд гаргаснаараа ерөнхийлөгч болж ч буй хэрэг.

Д.Нямхүү, С.Мэндсайхан, Л.Нармандах нарыг Дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна. Харин хорин нэгэн хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Оюунгэрэл, А.Бакей, С.Баярцогт, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар зэрэг хүмүүс  оржээ. Ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг дээдэлсэн нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага гэж зарласан  ч гишүүд нь үзэл бодлоороо нэгдэн тодорхой улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглохгүй хэмээн дүрмэндээ тусгажээ. Үүнээс харахад  МоАН буюу Монголын Ардчиллын Нэгдэл нэрийн дор улс төрийн томоохон хүч төвлөрүүлж, акц хийх нь тодорхой боллоо.

АН-д нэг хэсэг Н.Алтанхуягийн тэргүүлдэг Алтангадас фракц  хамгийн хүчтэй байсан бол одоо тэдний хүч тарамдаад байгаа. Харин З.Энхболдын тэргүүлдэг Шонхорууд дүүлэн нисч, Шонхордох гэсэн хэллэг ч улстөрийн хүрээнд бий болжээ. Тэд бяртай байгаагаа томилгоо гээд олон зүйл дээр харуулж буй. Энэхүү Монголын Ардчиллын Нэгдэлд  "Алтангадас"  фракцаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн  С.Баярцогт, УИХ-ын гишүүн Г.Батхүү, УИХ-ын гишүүн  А.Бакей оржээ. Женкогийн толгойдог
"МоАХ"-аас цөөнгүй нөхдүүд “урважээ”. Тус фракцаас аль хэдийнэ Женко Х.Баттулгатай тааруу харилцаатай нь ил болсон Ш.Түвдэндорж, Ж.Равдандорж  Ц.Оюунгэрэл нар энэхүү нэгдэлд нэгджээ. 
"Нэг ардчилалынхан ч " бас хоцорсонгүй. БСШУ-ны сайд  Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, М.Батчимэг орсон байна.
"Кроун" фракцаас Аж үйлдвэрийн яамны ТНБД Д.Нямхүү, С.Мэндсайхан, С.Үнэн багтжээ.
"Мөнх тэнгэр" фракцаас   Чингэлтэй дүүргийн АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн асан
, Ерөнхий сайдын зөвлөх  Б.Батбаатар нийлжээ.
"Зүүн хойд Ази" –ийнхан  хамгийн санаачлагатай байж, УИХ-ын гишүүн Л.Болд хотын дарга Э.Бат-Үүл-ийг ч оруулж дөнгөжээ. С.Эрдэнэтэй үзэлцээд, АН-аас гарлаа гэж зарлаж байсан  Б.Батбаяр/Баабар/ бас энэ нэгдэлд орсон байна.
  Энэ мэтчилэн Үндэсний зөвлөлдөх хорооны 60 гаруй эрхэм гарын үсэг зурж нэгджээ. Энэ шинэ намын эхлэл үү аль эсвэл задралын суурь гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ. Цахим ертөнцөд  Дахиад нэг фракц!!!!!! Алтан гудас, МоАХ,  Кроун 3 -н нийлмэл-селекцийн аргаар гаргаж авсан нэг жараахай мэндэллээ хэмээн бичиж байна.

 Х.Тэргэл

 

 

 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.