Эдийн засаг


“Татварын хэмжээг нэмэхгүй, хасахгүй”

4 жил, 3 сар TIMES.MN

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын багц хуулиудын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Татварын хувь хэмжээг нэмэхгүй, бас буулгахгүй. Харин 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварын тодорхой хувийг буцаан олгох зохицуулалттай хуулийг УИХ-аар батлуулна. Аж ахуйн нэгжүүдийн дунд Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслүүд УИХ-аар батлагдахыг хүлээж, татвараа төлөхгүй байгаа тухай дуулдаж байгаа. Ингэж битгий хүлээ, татвараа төлөөд яв” гэсэн. Түүнчлэн далд эдийн засгийг ил болгоно. Иргэн төлсөн татварынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр авна. Хуулийг ижил тэгш үйлчлүүлнэ гэв. Татварын ерөнхий газрын даргын өгч байгаа мэдээллээр татварын орлого төвлөрүүлэлт эрс буурсан байна. Татвар төлөгчдийн тодорхой хувь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, валютын ханшийн өсөлтөөс болж, үндсэн гэрээгээр хийж байгаа ажлууд нь өссөн нь татварын орлого төвлөрүүлэлтэд бэрхшээл тулж буй юм байна. Манай улс 25 улстай давхар татварын хэлэлцээ байгуулсны дийлэнх нь 2000 оноос өмнө хийгдсэн. Тухайлбал хамгийн анх БНХАУ-тай 1991 онд, БНСУ-тай 1992 онд хэлэлцээр байгуулснаас хойш эдийн засгийн орчин татварын албан чадавхи, хөрөнгө оруулалтын хэмжээ эрс өөрчлөгдсөн. Шилжилтийн эдийн засгийн үед хөрөнгө оруулалт татах зорилгоор олон тоогоор байгуулсан давхар татварын хэлэлцээрүүд нь өнөөгийн татварын харилцааг зохицуулахад учир дутагдалтай, зарим талаас манай улсын эрх ашигт нийцээгүй, харилцан адилгүй нөхцөлтэй байгаа учраас цаашид давхар татварын хэлэлцээрүүдийг шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байна” гэв. Түүнчлэн Татварын алба хүний хүчин зүйлээс хамаарсан бус бүртгэл мэдээлэлд суурилж үйл ажиллагаагаа явуулдаг болно. Татвар төлөгчдийн гомдлыг хянан шалгах хугацаа хэт богино байгаагаас сайтар хянагдаагүй шийдвэр гарч байна. Иймд татварын маргаан таслах, хэрэг хянах, торгуулийн харилцааг зохицуулах цаг болсон гэлээ. Татварын хуулийн шинэчлэл, Татварын орчныг боловсронгүй болгох шаардлагатай байгааг мөн хэлэв. Мөн татвараа нуун дарагдуулсан этгээд, татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлж чадаагүй этгээдээс бага торгууль төлөхөөр байгаа нь тэгш бус байгаа юм. Иймд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлөөгүйн төлөө ногдуулдаг торгуулийг хүчингүй болгуулах хуулийн өөрчлөлтийг боловсрууллаа. Татвараас зайлсхийж шоронд хоригддог одоогийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.