TIMES Ярилцлага


С.Одонтуяа: Эрүүл мэндийн салбар үндсэн дөрвөн чиглэлээр шинэчлэгдэнэ

11 сар, 1 долоо хоног TIMES.MN

Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдаад удаагүй байна. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийгдэх энэхүү хуулийг иргэд төдийгүй эмнэлэгийн эмч, ажилтнууд хүлээж байсан. Энэхүү хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Одонтуяатай эрүүл мэндийн салбар шинэчлэл болон сүүлийн үед яригдах болсон оффшор дансны талаар ярилцлаа.

    Монгол иргэн эрүүл байх ёстой. Таны санаачилсан Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдлаа. Энэ хууль эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх гарц болж чадах уу?

 Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн талаар ярихын өмнө эхлээд эрүүл мэндийн салбарын онцлогийг дурдах нь зүйтэй. Эрүүл мэндийн салбар бусдаасаа нэлээд өөр. Иргэн хүнд эрүүл мэндийн ямар нэгэн үйлчилгээ авах, эсэх талаар сонголт өгдөггүйгээрээ онцлог. Тухайлбал, надад үнэтэй эсвэл хямд машин авах сонголт бий. Гэтэл хүн өвдсөн л бол мөнгөтэй байх, эсэхээс үл шалтгаалан зайлшгүй эмчилгээ, үйлчилгээ авах шаардлагатай болдог. Тиймээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай байлгахад төр онцгой анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбарын мэдээлэл хязгаарлагдмал. Бусад салбараас иргэн хүн мэдээлэл авч, сонголтоо хийх боломжтой байхад өвчтөн эмчид үзүүлэхэд “мэс засал хийлгэх хэрэгтэй” гэвэл тухайн хүн эмчийн үгэнд итгэхээс өөр аргагүй, мэдээлэл нь хязгаарлагдмал байдаг. Тиймээс төр эмнэлгийн төлөвлөлт, хяналт гээд бүх зүйлд тодорхой хэмжээгээр оролцох шаардлагатай байдаг. Дэлхий дахинд эрүүл мэндийн зардал хурдацтай өсөж байхад иргэдийн орлого нэмэгдэхгүй байна. ДЭМБ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтийнх болгоход анхаардаг. Энэ нь тухайн хүн хаана байгаагаасаа үл хамаарч, тусламж үйлчилгээ авах эрхтэй гэсэн үг. Үүнийг төр хариуцах ёстой.

Эрүүл мэндийн салбар тэр чигтээ шинэчлэл нэхэж байна. Шинэчлэлийг юунаас эхлэх вэ?

Бид эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үндсэн 4 чиглэлээр харж байгаа. 1-рт хууль эрх зүйн орчин, 2-рт санхүү, 3-рт хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, 4-рт хүний нөөцийн асуудал. Би үүн дээр сэтгэлгээний шинэчлэлийг нэмж байгаа. Эрүүл мэндийн салбарын хөгжлийг зөвхөн эмнэлгийн байгууллага, эмч тодорхойлох юм шиг ойлгодог. Энд иргэн, орон нутгийн засаг захиргааны оролцоо маш чухал. 2011 онд баталсан Эрүүл мэндийн тухай хуулиар эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулна гэж заасан. Одоо бид Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиа баталлаа. Удахгүй Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль батлуулахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсан. Эдгээр хууль цогцоороо хэрэгжих боломж анх удаа эрүүл мэндийн салбарт бий болсонд баяртай байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа иргэд санхүүгийн эрсдэлд орохгүй байх нөхцөл бүрдүүлэх нь төрийн гол үүрэг. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль батлагдсанаар улсын, хувийн бүх эмнэлэгт тусламж, үйлчилгээгээ чанартай үзүүлэх шаардлага тавьж байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар төр, хувийн хэвшлийн түншлэлийг ойртуулсан. Түүнчлэн манай эмнэлгүүд хэд хэдэн жилийн хөгжлийн стратегиа гаргах гэхээр төсвөөс шалтгаалаад чаддаггүй байсан. Тиймээс эмнэлгүүдийг хагас бие даасан байдлаар хөгжүүлж, өөрсдөө зорилтоо тавьж, ямар чиглэлээр төрөлжин, брэнд болох вэ гэдгээ тодорхойлох боломж нээж өгсөн. Жилд 60 сая ам.долларын хөрөнгө гадагшаа гарч байна. Ядаж үүнээс 40 саяыг нь Монголдоо үлдээж, гадагшаа явахын оронд гадаадын эмч нарыг эх орондоо авчиръя, тэр үйлчилгээний төлбөрийг иргэд даатгалаасаа авах боломж бүрдүүлэх том зорилт тавьсан.

Олон нийтийн дунд улсын эмнэлгийг хувьчилна гэнэ, хэрэв хувьчилсан тохиолдолд тэднийг санхүүжүүлэх шаардлага байна уу гээд олон асуултууд гарч ирж байна?

Эмнэлгүүдийг хувьчлах хэрэгтэй гэж зарим нь ярьдаг. Эрүүл мэндийн салбар бусад салбараас онцлог учир төрийн оролцоо заавал байх шаардлагатай. Манай улстай адилхан социалист системээр хөгжиж байгаад зах зээлийн системд орсон зарим улс эрүүл мэндийн салбарын өмчөө яаралтай хувьчлаад хүнд байдалд орсон жишээ цөөнгүй. Тиймээс бид энэ асуудалд их болгоомжтой хандах ёстой. Өндөр хөгжилтэй орныхон ч төрийн өмчит эмнэлгүүд зайлшгүй байх ёстой гэж үздэг. Швейцарь, Норвеги, БНСУ зэрэг улсад төрийн өмчит эмнэлгүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд ялангуяа эрүүл мэндийн зардлын үнийг тогтворжуулан, ашгийн бус хэлбэрээр ажиллаж, тусламж, үйлчилгээ үзүүлэх байдлыг хадгалж чаддаг. Тиймээс манай улс эмнэлгүүдээ яаран хувьчлаагүй нь одоо ач тусаа өгч байна. Манай төрийн өмчит эмнэлгүүдэд сайн эмч, боловсон хүчин бий. Тэдэнд тодорхой эрх мэдэл өгч, менежментийг нь сайжруулбал эрүүл мэндийн салбар богино хугацаанд шинэчлэгдэж чадна.

Эрүүл мэндийн салбарт олны анхаарлыг татсан асуудал нь эмч эмнэлгийн ажилтнуудад хүлээлгэх хариуцлага өндөр болсон явдал. Дээрх асуудал эрүүл мэндийн салбарынхны ч шүүмжлэлийг дагуулсаар байна. Таны хувьд эрүүгийн хуулинд оруулсан эмч нарын талаар ямар байр суурьтай байна вэ?

Эмч нар тэр болгон дугардаг хүмүүс биш. Цалин бага байхад тангараг өргөсөн гээд ажилладаг, нийгмийн асуудал нь шийдэгдэхгүй байхад ажиллаад л байдаг. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар хүний хүчин зүйл дээр тогтож байсан. Өнөөдөр эмч нар жагсч байна гэдэг тэдний тэвчээр барагдсан байгааг илтгэж байна. Энэ асуудал бол манай эмнэлгийн тусламжийн хуулиар зохицуулагдахгүй эрүүгийн хуулиар зохицуулагдаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ хуулинд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Бидэнд бол 9-р сарын 1-ээс өмнө хугацаа байна. Эмнэлгийн тусламжийн хуулийн нэг сайн тал нь юу вэ гэхээр эмч нарынхаа ажилд нь тохирсон цалинг олгож, нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Энэ дээр нэмэгдээд хариуцлагын асуудлыг зөвөөр гаргаж ирвэл эмч нар хүний төлөө ажиллах сэтгэлээ зориулах боломж байгаа юм.

Иргэдийн шүүмжлэлтэй ханддаг бас нэг асуудал бол эрүүл мэндийн даатгал. Өнөөдөр жирийн нэг албан хаагч цаг бүрт нь эрүүл мэндийн даатгал төлдөг ч бараг ашигладаггүй. Энэ байдлыг яаж засах вэ?

Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. Энэ хуулийг их олон жил хэлэлцсэн. Дээрх асуудал энэ хуулиар шийдэгдсэн байгаа. Тодруулбал урьд нь заавал хэвтэн эмчлүүлж байж даатгалд хамрагддаг байсан бол өдрийн эмчилгээг даатгалд оруулаад өгсөн. Та өнөөдөр ажлаа хийгээд завгүй бол таны өдрийн эмчилгээ даатгалаас төлөгдөнө гэсэн үг. Өмнө нь гурван жил даатгалаа хэрэглээгүй бол танд ийм урамшуулал өгнө гэдэг байсан. Энэ бол маш сөрөг нөлөө үзүүлсэн. Яагаад гэхээр Монгол Улс хавдраар дэлхийд тэргүүлж байна. Улс орон бүрт хавдрын өвчлөл байдаг. Гэхдээ манай улсад хавдраар өвчлөгсдийн нас баралтын тоо өндөр байгаа нь эрт оношлуулаагүйтэй холбоотой. Тиймээс бид эрүүл мэндийн даатгалын хуулинд иргэдийг эмнэлэгт ирж үзлэг шинжилгээнд хамрагддаг, урьдчилан сэргийлдэг болгох зорилго тавьсан. Үүнийг тухайн байгууллагын эрх үүрэгт нь заагаад өгсөн байгаа. Тэгж байж бид нар хавдрын нас баралтаас урьдчилан сэргийлж чадна. Иргэдийн хувьд даатгал төлөөд л байдаг. Гэтэл яг бие нь өвдөөд хагалгаанд орох шаардлагатай болоход даатгалд хамаарахгүй гэсэн ийм асуудал гардаг. Эргээд иргэд маань санхүүгийн эрсдэлд ордог. Тэгвэл 5 сая төгрөг хүртэлх өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг даатгалд хамруулсан. Ялангуяа зүрх судасны өвчний нас баралт манай улсад өндөр байдаг. Зүрх судасны хагалгаа болоод шаардлагатай бүх хэрэгслүүдийг даатгалд мөн оруулж өгсөн байгаа юм. Нэг ёсондоо бид даатгалд хамрагдах хүрээг өргөтгөсөн гэж үзэж болно. Мөн өрхийн эмнэлгүүдийн гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ ирэх 2017 оноос даатгалд орж байна. Ер нь манайхаас бусад оронд иргэн халааснаасаа мөнгө төлдөггүй. Голдуу л даатгалаас төлчихдөг. Тэгэхээр бид сая хуулиндаа бүх тусламж үйлчилгээг даатгалаас гэж оруулж өгөх гэхээр энэ салбар бэлэн биш байсан. Тухайлбал өртөг нь тодорхойгүй, манайд чинь эмнэлгийг л санхүүжүүлдэг тогтолцоотой. Тэгвэл тусламж үйлчилгээг санхүүжүүлээд өгвөл эргээд хяналт тавихад их амар болох юм. Энэ хуулийн хувьд маш дэвшилттэй хууль болсон. 

Иргэд даатгалаа ашиглаад улсын эмнэлэгт хандахаар тэнд хүрэлцээ муу, хүлээлт ихтэй байдаг. Тиймээс иргэд хувийн эмнэлгийг сонгох болдог. Гэтэл хувийн эмнэлгүүдэд даатгал үйлчилдэггүй. Тэгэхээр үүнийг хэрхэн зохицуулсан байгаа вэ?

Эрүүл мэндийн даатгалын хуулиар хувийн эмнэлгүүдийг сайн дэмжиж өгсөн. Өөрөөр хэлбэл тэнд ачаалал их байна. Улсаас баахан эмнэлэгийн байшин  барина гээд байдаг гэтэл хувийн эмнэлгүүд нь хоосон байж байдаг. Тиймээс бид энэ ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хувийн эмнэлэг, улсын эмнэлэг ижил үнээр эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ гэж зааж өгсөн. Гол нь бүгд тусламж үйлчилгээгээ чанартай хүргэх ёстой гэдгийг оруулж өгсөн байгаа. Төрөх эмнэлгүүдээр явахаар ачаалал дийлдэхгүй байна, хүмүүс коридорт хэвтэж байна гээд асуудал гардаг. Бид үүнийг ч даатгалын хуулинд заагаад өгсөн. Өөрөөр хэлбэл төрөхийг төр дааж байгаа. Даатгалын байгууллагууд хувийн эмнэлгүүдэд очиж төрөх боломж хувилбаруудыг бид хуулиар нээж өгсөн. Ер нь цаашид бид төрийн хариуцаж байгаа тусламж үйлчилгээг багасгаад бүгдийг нь даатгал руу оруулах энэ чиглэл рүү явж байна. Тухайлбал хавдар дээр маш олон тусламж үйлчилгээ төрийнх гэдэг. Гэтэл иргэдийн халааснаас ихэнх зардал гараад байна.

Хуулийн хэрэгжилт яг хэзээнээс эхлэх вэ?

Энэ хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гэсэн хүсэлтийг ихэнх эмнэлгүүд ирүүлж байна. Хэрэгжүүлэхэд бэлтгэл ажил хийгдээд явж байгаа. Дагаж мөрдөх журмын тухай хуулиар бол засгийн газар анхан шатнаас эхлэх үү, lll-р шатлалаас эхлэх үү гэдэг хуваарийг гаргана. Энд бол салбарын маш том шинэчлэл явагдаж байгаа юм. Үүнд бид болгоомжтой хандахгүй бол хичнээн сайн хууль байгаад буруу хэрэгжүүлбэл эрсдэл дагуулна. Тиймээс Азийн хөгжлийн банкнаас Монгол улсад эмнэлгийн засаглалыг сайжруулах, хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусламжийг олгож байгаа.

Сүүлийн үед “Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсч байна” гэдэг таны нийтлэл олон нийтийн анхаарлыг нилээд татлаа. Дарга нараа “Монголоосоо дайжихгүй” гэдэгт хүн бүхэн итгэхийг хүсэж байна?

Солонгост манай иргэд үнэхээр хүнд хөдөлмөр эрхэлдэг. Тэр хүмүүс тэгэж зүдэрч олсон мөнгөө ар гэр рүүгээ явуулж байгаа нь нийт дүнгээрээ улс орны маань эдийн засгийн эргэлтэд тодорхой хувь нэмэр болж байхад харин нэг даргын гадагшаа гаргаж байгаа мөнгө үүнээс хэд дахин их хэмжээтэй байна. Эдийн засаг том, багадаа биш зөв буруу хөгжиж байгаа эсэх нь илүү чухал. Сая хэрэгжиж эхэлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн ачаар ил болсон тэр их мөнгө манай ДНБ-ээс ч давсан дүнтэй байсныг бүгд мэднэ. Энэ үйл явц бол эдийн засгийг эрүүлжүүлэх, зөв замаар хөгжүүлэхэд онцгой чухал алхам болсон. Тэгэхээр төр-засгийн өндөр албан тушаалтнууд хилийн чанадад хөрөнгө мөнгө, данстай байхыг хуулиар хориглож зогсоох хэрэгтэй байгаа юм.

Та тэгэхээр ийм хууль санаачлах талаар ажиллаж байна уу?

Би энэ асуудлыг нилээд эртнээс судалж байгаа. Төр-засгийн өндөр албан тушаалтнууд хилийн чанадад хөрөнгө мөнгөтэй байхыг хуулиараа хориглосон улс орнууд бүгд манайх шиг байгалийн баялагтаа түшиглэж хөгжиж байгаа орнууд байдаг юм. ОХУ 2008 оны 12-р сард баталсан Авлигатай тэмцэх тухай хуулиндаа тодорхой албан тушаалтнуудыг хийлийн чанад дахь гадаадын банкуудад данс нээх, данстай байх мөн хувийн мөнгө болон үнэт зүйлээ тэнд хадгалах, гадаадын банкны хэрэгслийг эзэмших, ашиглахыг хориглосон нэмэлт заалтуудыг бүхэл бүтэн Долдугаар зүйл болгон 2014, 2015 онуудад нэмж оруулсан байгаа. Тодорхой албан тушаалтан гэдгийг ангилал тус бүрээр нь тодорхойлж жагсаалтыг нь гаргасан байна. Үүнд шийдвэр гаргах түвшний албан тушаалтан болон үүрэг гүйцэтгэгчид, тэдгээрийн эхнэр, нөхөр, насанд хүрээгүй хүүхдүүдийг нь хамааруулсан байна. Тэгэхээр манайд 2011 онд батлагдсан нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай гээд урт нэртэй хууль байгаа. Тэр хуулинд тодорхой хэмжээгээр оруулаад өгвөл болохоор санагдсан. Ийм хуулийн заалт бол бизнесийнхэнд хамаарахгүй.

Яагаад?

Яагаад гэхээр төр-засгийн өндөр албан тушаалтнууд бол улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж ард түмнийхээ итгэл хүлээж гарч ирсэн хүмүүс. Эх орондоо улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг баттай бий болгох, улс орон ард түмнээ элдэв эрсдэлээс найдвартай хамгаалах талаар ухаан бодол, сэтгэл зүрхээ зориулах учиртай. Үүнийг л бид хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж ойлгодог. Ард түмэн ч тийм удирдагчдыг дагадаг. Тэрнээс биш гадаадад мөнгөө хадгалчихаад асуудал үүсвэл зугатчихна гэсэн бодолтойгоор ажиллах ёсгүй. Тиймээс би энэ нийтлэлээ “Таныг Монголоосоо дайжихгүй гэдэгт итгэхийг хүсч байна” гэж гарчигласан.

Энэ удаагийн парламентэд эмэгтэй 11 гишүүн орж ирсэн нь үнэхээр дэвшилт болсон. Та бүхний хувьд эмэгтэй хүний ухааныг гаргаж эсэргүүцэх зүйлээ ч эсэргүүцэж нэгэн цул байж чадсан. Эмэгтэй гишүүдийн хийсэн ажил их байгаа. Энэ дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа эргээд дүгнэвэл?

Өнөөдөр зөвхөн Монгол Улс биш дэлхийн бүх улс орон хөгжлөө хүний хөгжлөөр хэмждэг ийм цаг үед ирсэн. НҮБ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд дан хүний хөгжлийг чухалчилсан байгаа. Тодруулбал дэлхийн хүн ам эрүүл байх, боловсролтой байх, дайн дажингүй байх гээд бүх зүйл хүний хөгжилтэй холбоотой. Тэгэхээр эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр гаргасан шийдвэр үргэлж гажууд байх болно. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид маш их зүйлийг хийсэн, хийхээр хичээж ажилласан. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийллийг анх удаа монголын төр гэмт хэрэгт тооцлоо, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын хууль батлагдлаа. Одоо Гэр бүлийн хууль батлагдах гэж байна. Эрүүл мэндийн салбарын дийлэнх хуулиуд батлагдсан. Эрүүгийн хууль, зөрчлийн хуулиудад хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан маш чухал заалтуудыг оруулж өгсөн. Боловсролын хуулийг баталсан гээд маш олон дэвшилттэй ажил хийсэн. Тиймээс энэ алхмаасаа ухрахгүй байхын тулд бид өөрсдөө маш их хичээж ажиллах хэрэгтэй.            



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.