Аналитик


Төрийн өмчит үйлдвэрийн газруудын орлогч дарга нарыг цөөлье

3 жил, 11 сар TIMES.MN

Монгол Улсын  эдийн засгийн байдал хүндхэн байна. Хаа сайгүй цомхотгол, хэмнэлт ярьж, хэрэглээгээ хумиж байна. Монгол Улсын төсвийн орлого одоогийн байдлаар 679 тэрбум төгрөгөөр тасарлаа. Тиймээс боломжит зардлуудаа танаж, үр ашиг багатайхан гэсэн зардлуудаа хасахаар төсөвт тодотгол хийхээр ид хэлэлцэж байна. Үүний зэрэгцээ татварын орлогын бүрдүүлэлтийг сайжруул, бололцоогоо дайчлан хувийн хэвшлийнхнээр татварыг төлүүл гэсэн чиг үүрэг өгчээ. Энэ дагуу тасарсан 679 тэрбум төгрөгийн адаглаад 50 хувийг төлүүлэхээр татварынхан ажиллацгааж, өр төлбөртэй ах ахуйн нэгжийнхнийг дуудаж уулзаж, зөвлөгөө өгч, 10 хоногийн дотор татварын өрөө хуваагаад ч гэсэн барагдуулаач хэмээн "шахалт" үзүүлж байна. Үүний үр шим ч бага ч атугай гарч байгаа бололтой. Одоогоор 100 тэрбумыг төлүүлчихээд байгаа гэнэ.

Дэд сайдуудыг цомхотгохоор яригдаж байгаа ч сиймхийгээр үлдээчих гэсэн арга саам хэрэглэгсэд ч байгааг улстөрийн хүрээнийхэн ярьцгааж байна. Үнэндээ албан тушаалын "бялууг" хүртээмжтэй хуваах гэж  ийм албан тушаалыг бий болгосноос биш үүрэх үүрэг , байгуулах гавьяа, хийх ажил ч багатай. Дэд сайд, дэд сайдын туслах, унааны зардлыг хасахаар төсвөөс 672 сая төгрөг хэмнэнэ гэж байгаа. Угаасаа шагнал болгож, дэд сайдын суудлыг байлган 600 гаруй сая төгрөгийг жил бүрийн төсвөөс зарлагдаад байх нь оновчгүй.  Засгийн газрын тухай хуульд тусгаснаар дэд сайд нь улс төрийн бодлогын асуудлаар зөвлөх, мэдээллээр хангах, сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн шуурхай зохицуулалтыг хангуулах, сайдын даалгаснаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах, сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх гэсэн үүрэгтэй байдаг юм байна. Үүнээс харвал дэд сайдын гүйцэтгээд байгаа үүргийг сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар  гүйцэтгээд явах бүрэн боломжтой юм. 

Бас нэг шагналын албан тушаал бол төрийн өмчит үйлдвэрийн газруудын орлогч дарга нар. Бас л машин хөлөглөсөн, үргүй зардал гаргасан, хүнд суртал нэмсэн, цүнх барьж гүйсэн нөхдүүд. Энэ орон тоог хасвал төсөвт бага ч атугай хэмнэлт гарна. Зарим төрийн өмчит үйлдвэрийн газар хоёр ч орлогч даргатай. Тэд нь нам, намын төлөөллийг хангаж томилогдсон байх нь олонтой. Бүсээ чангалж, төрийн данхайсан бүтцийг цөөрүүлж, зардлаа хэмнэе гэж байгаа бол төрийн өмчит үйлдвэрийн газруудын орлогч хэмээн сэтэр зүүсэн "хурган" дарга нарын орон тоог хасч, хэмнэлт хийе. 

Х.Тэргэл 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.