Эдийн засаг


Үйлдвэрлэгч нарт өнөөдөр "бэлэг" барилаа

5 жил, 6 сар TIMES.MN

Өнөөдөр үйлдвэрлэл эрхлэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх гол хуулийг  гаргалаа.  Тодруулж хэлбэл,  Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яамнаас өргөн барьсан Үйлдвэрлэлийг дэмжиж тухай хуулийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар батлав.

Үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, Үйлдвэржилтийн аян, жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гэж хорь гаруй жил ярьцгааж байгаа. Дэмжсэн, дэмжлэг үзүүлсэн, дэмжихийг хичээсэн зүйл бишгүй бий. Гэхдээ "бай"-гаа  тааруу онодог. Яаж, хэрхэн, ямар хүрээтэй гээд бодлогоо нэгтгэж уялдуулж ирээгүй ерөнхийд нь  бөөцийлдэг байлаа. Дэмжлэг үзүүлэхээр бол  хавтгайруулна эсвэл явцууруулчихна. Тийм болоод ч тэрүү дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь гадаад зах зээл дээр эрэлттэй,  олон улсаас долларыг  хуу хамж эх орондоо оруулж ирдэг үйлдвэрлэгчгүй л байна. Эсгий таавчиг   хийдэг 5 хүнтэй цехийг дэмжсэн маягтай бодлого хэрэгжүүлээд байвал том үйлдвэрлэгч  төрнө гэж хүлээхэд хэцүү л дээ.  Жижиг, дунд үйлдвэрлэлийг тусгайлан хууль эрх зүйн орчин бүрдүүлж, дэмжихээр ажиллаж байгаа юм билээ. Акул, жараахай хоёрт яг адилхан хоол өгөөд байвал яахуу. Үүн шиг үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн ерөнхий  "малгай" өмсгөчихөөд яваад байвал үйлдвэрлэл эрчимтэй хөгждөггүйг хорь гаруй жилийн түүх харуулж байна. Ер нь "том" нь  "жижгийгээ"  чирж хөгждөг гэдэг. 

 Шийдлийн Засгийн газар Аж үйлдвэрийн яамыг байгуулж, түүхэндээ анх удаа үйлдвэрлэлийн бодлогыг нэгтгэж зангидах салбарын яамтай болсон юм.  Өмнө нь яам бүр үйлдвэрлэлтэй холбоотой бодлогоо хариуцаж ирсэн болохоор тарамдахаас ч аргагүй байсан биз.   Харин Аж үйлдвэрийн яам байгуулагдснаас хойш  7 сарын хугацаанд  хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг харвал аж үйлдвэрийн салбарт "гэрэл" асаж эхлэв.

Аж үйлдвэрийн талаар  төрөөс баримтлах бодлого хэмээх  "суурь"-ийг парламентаар хэлэлцүүлж гаргуулаад төд удалгүй  залгуулаад Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг оруулж ирэн өнөөдөр алх тогшуулчихлаа. Тийм болохоор үйлдвэрлэгч нар минь хурдхан  шиг томорч, үйл ажиллагаагаа тэлж, гадаад зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ноён долларыг бөөн бөөнөөр оруулж ирэхийн төлөө уралдаарай.  

Экспортод чиглэсэн, импортыг орлох, өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс даацтай дэмжих нь байна шүү.  

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон, эсхүл импортын түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл төрийн хайр хишгийг хүртэж, тодорхой дэмжлэгүүдийг хүртээд явах юм. Харин ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийг бол дэмжихгүй гэж ойлгож болно. Уул уурхайн салбар л  хөгжиж байна гэдэг ч дэлхийн зах зээлд  зэс, нүүрсний үнэ унахад Монголын эдийн засаг сульддаг. БУсад салбаруудаа хөгжүүлж, нэг нь доголдоход нөгөөх түрээд өгдөг байхын тулд уул уурхай гэж хошууралгүй аж үйлдвэрээ эрчимтэй хөгжүүлмээр байгаа юм. 

 Энэ хууль гарснаар  Монгол Улсад хэрэглээний эдийн засгаас бүтээлч эдийн засаг руу шилжих  түлхэц болох биз ээ. Өнөөдөр Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн талаар Аж үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар мэдээлэл хийжээ. 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "Хууль хэрэгжсэнээр Монголын аж үйлдвэржилтийн салбарт маш их өөрчлөлт ирнэ гэсэн хүлээлт зөвхөн Засгийн газар, УИХ-д бус нийт баялаг бүтээгч нарт байгаа.

Үйлдвэрлэлийг дэмжих хуулийн гол утга агуулга нь экспортын чиглэлийн баримжаатай үйлдвэрүүдийг дэмжихэд чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолж байгаа үндэсний бүх үйлдвэрт техник технологийн шинэчлэл болон эргэлтийн хөрөнгөд гаргасан хөрөнгийг арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг улсаас олгох тухай хуулинд тусгаж өгсөн. Энэ бол маш том хөнгөлөлт. Өөрөөр хэлбэл, төрөөс бодлогоор гаргаж байгаа хүү 9-10 хувь, арилжааны банкнаас гаргаж байгаа хүү 18 хувь байна гэвэл зөрүүг нь Үйлдвэрүүдийг хөгжүүлэх сангаас буюу улсаас олгож дэмжинэ.

Хоёр дахь гол заалт бол бид олон жил үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологи инновацийг хөгжүүлье гэж ярьсан боловч ямар ч үр дүн өгөхгүй шинжлэх ухаан үйлдвэрлэл хоёрын холбоос олон жил хангалтгүй явж ирсэн. Үүнийг зохицуулах зорилгоор өндөр үр ашиг бүхий төсөл технологи болон өндөр технологийг бий болгож нэвтрүүлээд экпортын бараа бүтээгдэхүүн болгож чадсан компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын 75 хүртэлх хувийг тухайн аж ахуйн нэгжид буцаан олгоё гэсэн заалт оруулсан. Энэ бол онцгой ач холбогдол шүү. Түүнээс гадна тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэж байгуулж буйгаараа онцлог юм. Үйлдвэрлэлийг дэмжих сан бол Монгол Улсад экспортыг нэмэгдүүлж байгаа үйлдвэрүүдэд нэмэлт боломжийг өгөх юм.

Мөн энэ хуультай холбоотой хэд хэдэн хууль гарсан. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолдтендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглох заалтыг оруулж ирж байгаа.

Дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батлахаар тусгасан. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг юугаар онцолж байна гэвэл манайд арьс шир түүхий эдээ хоорондоо борлуулахдаа НӨАТ төлдөг мөртлөө гадагш гаргахдаа НӨАТ төлдөггүй байсан гаж тогтолцоог зохицуулж буй юм.

Мөн НӨАТ-тай холбоотойгоор малчид үйлдвэрлэгчид хоорондоо түүхий эд бараа бүтээгдэхүүн солилцоо хийхдээ НӨАТ төлөхгүй байх юм. Үүнээс гадна Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Импортын татварын зохицуулалтыг Засгийн газар хийснээр оруулж ирснээр дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа барааг гадаадаас оруулж ирвэл импортын татвар төлнө.Энэ нь дотоодын бараагаа зарж чаддаггүй хүндрэлээс гаргана. Энэ хууль батлагдсан нь наадмын өмнө баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчиддээ барьж байгаа нилээн том бэлэг" гэлээ.






Холбоотой мэдээлэл