Улс төр


МАН-ын бүлэг хоригийг 100 хувь дэмжлээ

4 жил, 10 сар TIMES.MN

  УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь дэмжлээ гэж  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээллээ. МАН-ын бүлэг авлигын хэрэг, албан тушаалтнуудыг өршөөж болохгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөлөөс Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна. Авлигын хэрэг, албан тушаалтнуудыг өршөөлд хамааруулахгүй байх талаар бид нэгдсэн байр суурьтай оролцоно. Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настнууд гэх мэт өршөөлд зайлшгүй хамрагдах ёстой хүмүүсийг хурдан өршөөлд хамруулах зарчмын байр суурьтай байна. Тиймээс Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулан оруулах нэмэлт, өөрчлөлтийг ээлжит бус чуулганы хугацаанд яаралтай хэлэлцэж батлах нь зүйтэй. Намрын  чуулган гэж хойшлуулах шаардлагагүй" гэлээ.

МАН-ын бүлэг Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлын тухайд "давхар дээл"-тэй буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь буруу гэсэн өмнөх байр сууриа баримталж байна. МАН-ын хувьд 2013 оноос ийм байр суурьтай байгаагаа илэрхийлж ирсэн. Засгийн газарт хамтарч байх үедээ ч энэ зарчмаа баримталсан. МАН-аас шийдлийн Засгийн газарт томилогдсон зургаан сайдын хоёр нь УИХ-ын гишүүн байсан бөгөөд үндсэн чиг үүргийн яам болох Сангийн яам, БОНХАЖЯ-ыг хариуцаж байсан. Бусад сайд нь гаднаас томилогдсон гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцлов.

Мөн ээлжит бус чуулганы товыг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж зарлаж, нээсэн нь хууль зөрчсөн үү, үгүй юу гэсэн асуудал үүсч байгааг ч тэрээр хэлсэн үгэндээ дурдлаа. Учир нь Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулдаг. УИХ-ын тухай хуулийн 16.4-д заасны дагуу зөвхөн УИХ-ын дарга л ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргах эрхтэй. Гэтэл УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг зарлалаа. УИХ гурван дэд даргатай. Ээлжит бус чуулган энэ долоо хоногт дуусвал нөгөө дэд дарга нь дахиад ээлжит бус чуулган зарлаж тодорхой асуудал хэлэлцэнэ гэсэн үг үү. Цаашдаа ийм жишиг тогтох вий, үүнд анхаарах ёстой гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв.

МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "Өршөөлийн хуулийг сүүлийн үед улс төрийн өнцгөөс тайлбарлах гэж оролдож байна. Ардчилсан нам, эсвэл Ардын намынханд зориулж байна гэдэг байдлаар яриад байх шиг байна. Аливаа Өршөөлийн хууль ямар нэг улс төрийн хүчин, ямар нэгэн тодорхой хүнд зориулагдаж гардаггүйг анхаарах ёстой" гэв.  




Холбоотой мэдээлэл


Мэндчилгээ
Мэндчилгээ
1 өдөр, 10 цаг