Улс төр


ОХУ-ын Думын даргатай уулзалт хийв

4 жил, 9 сар TIMES.MN

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.09.21/ ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийв. Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хэлэхдээ, Улсын Их Хурлын дарга тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад зохион байгуулагдсан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурал өндөр хэмжээнд зохион байгуулагдсанд талархал  илэрхийлье.

Бид тухайн намрын хуралд оролцох үеэрээ өөрийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд бидний байр суурийг дэмжин ойлгосон Монгол Улсад талархал илэрхийлмээр байна. Манай хоёр орны харилцааны дотор парламент хоорондын харилцаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Бид Монгол Улстай олон улсын тавцанд, Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Манай улсын парламентын хувьд ирэх жилийн төсвийг батлах ажил эхэлж байна. Дэлхийн зах зээл тогтворгүй, нөхцөл байдал амаргүй байгаа хэдий ч бид эрсдэл багатай даван туулах тал дээр арга хэмжээ авах болно. Монгол Улстай хөгжүүлж ирсэн улс төр, эдийн засаг болон бусад хамтын ажиллагаа нь ОХУ-ын хувьд чухал байр суурь эзэлдэг. Мөн иргэд хоорондын харилцааг ч хөгжүүлэх нь чухал гэлээ.УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсад зохион байгуулагдсан ЕАБХАБ-ын Параламентын Ассамблейн намрын хуралд та биечлэн оролцсонд талархал илэрхийлье. Мөн Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ илгээсэнд талархаж байна. ОХУ-тай хөгжүүлж буй стратегийн түншлэлийг цаашид шинэ бодит агуулгаар хөгжүүлэх нь чухал. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж тэргүүтэй 21 гишүүний бүрэлдэхүүнтэй УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлэг идэвхтэй ажилласаар ирсэн. Манай хоёр улс худалдаа эдийн засгийн хувьд зогсонги байдалд орсныг бид анхаарах шаардлагатай. Тухайлбал, 2014 оны нийт Монгол, Оросын худалдааны хэмжээ 1,6 тэрбум ам.доллар, үүнд манай экспорт дөнгөж 3 хувийг эзэлж байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хоёр тал дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр “Монгол Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг байгуулахаар талууд тохиролцсоны дагуу холбогдох ажилтнууд хөтөлбөрийг эцэслэх шатандаа ороод байна.

Хоёр тал НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаа тул ОХУ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Мөн 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд нэр дэвшиж байгаатай холбогдуулан хоёр тал бие биенээ уг сонгуулиар харилцан дэмжихээр болсонд баяртай байна гэлээ. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс төвийг сахисан бодлоготой орон болох талаар олон нийтэд танилцуулсан. Монгол Улс шинэ, ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш төвийг сахих бодлогыг албан ёсоор зарлаагүй ч агуулгын хувьд идэвхтэй хэрэгжүүлж ирсэн гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай хийх уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ОХУ-ын парламентын бүлгийн гишүүн Н.Батбаяр,  С.Одонтуяа, Г.Уянга, Б.Чойжилсүрэн, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.





Холбоотой мэдээлэл


Мэндчилгээ
Мэндчилгээ
1 өдөр, 10 цаг