Улс төр


Д.Тэрбишдагва:Сонгуульд оролцох давуу нөхцөлийг бий болгох гэж 3.7 тэрбумыг нэмсэн атлаа иргэнийхээ цалин хасч байна

5 жил, 2 сар TIMES.MN

   УИХ-ын дарга З.Энхболд төсвийн тодотгол зэрэг асуудлыг шуурхайлан шийдэх шаардлагатай гээд лхагва гаригт чуулган зарлаж хуралдууллаа. Өчигдөр үдээс хойш эхэлсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд  эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

2015 оны төсвийн тодотголын төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм. Мөн төсвийн тодотголын талаарх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь Монгол ардын намын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уншиж танилцуулсны дараа хуулиудын төслийн хэлэлцүүлгийг өнөөдрийн  нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтсоноор чуулганы хуралдаан өндөрлөсөн юм. Шударга ёс эвсэл олон зарчмын санал гаргасан нь анхаарал татаж байна. Илтгэлийг тоймлон хүргэж байна. 

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд тодотгол хийхдээ 8 сарын гүйцэтгэлд үндэслэн, төсвийн алдагдлыг оны эцэст 900 гаруй тэрбум төгрөгт хүрч тасрахаар байгаа тооцооллыг гаргаж, алдагдлыг багасгах зорилгоор татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах замаар 400 тэрбум орчим төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан нь бодиттой бус гэж үзэж орлогын бусад боломжит эх үүсвэрүүдийг дайчилж ажиллах нь зүйтэй гэж үзлээ. 

Хоёрдугаарт, 2015 оны  төсөвт тодотгол  хийж урсгал зардлын хэмжээг -171.3 тэрбум төгрөгөөр бууруулахын зэрэгцээ зайлшгүй нэмэгдүүлэх зардлуудыг нэмж тусган тооцсны үр дүнд нийт урсгал зардлаас 43.9 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөхдөө, Төрийн улс төрийн албан тушаалтны цалинг нийтэд хавтгайруулан 30 хувь бууруулахаар оруулж ирж байгаа асуудлыг эргэн харж үзэх шаардлагатай байна. 

Эдийн засгийн идэвхижил саарсан, гадаад валютын ханш чангарч, иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа үед цалин бууруулах нь эдийн засаг, санхүүгийн системд ихээхэн сөрөг үр дагавартайгаас гадна орон сууцны ипотекийн урт хугацааны зээлд хамрагдсан төрийн албн хаагчид, тэдний ар гэрт эдийн засгийн ачаалал, дарамт үүсэх нөхцөлийг бий болгох магадлал өндөр байна. 

Дээр дурдсан албан хаагчдын цалинг бууруулахдаа бодит судалгаа тооцоон дээр үндэслэж, хийхгүй бол ард түмнээ ядуурал руу түлхэх алхам болно гэж үзэж байна. 

Сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгуульд оролцох давуу нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сонгуулийн өмнөх жилд төсвийн мөнгөөр төрийн албан хаагч, иргэдийг олноор дотоод, гадаадад амруулж, аялуулдаг байдлыг энэ удаад давтахаар оруулж иржээ. Тухайлбал, дотоод, гадаад томилолт, зочны зардлыг 12 хувиар буюу 3.754.3 тэрбум төгрөгийн зардлыг нэмж тусгасан байна. 

Тавилга, эд хогшлын урсгал зардлыг мөн 12 хувиар буюу 2.923.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлснээс үзэхэд төсвийн үрэлгэн зардлууд нэмэгдүүлсэн, төсвийн сахилга , хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаагүй байна гэж дүгнэхэд хүрч байна. 

Гуравдугаарт, Хөрөнгө оруулалтыг 428 төсөл, арга хэмжээнд 381.6 тэрбум төгрөгийг төсөвлөж баталсныг энэ удаагийн тодотголд 422 төсөл арга хэмжээнд 356.4 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр буюу батлагдсан түвшнээс 25.2 тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн ч үр ашиг муутай, онцын шаардлагагүй зарим хөрөнгө оруулалтыг танах шаардлагатай гэж үзлээ. 

Шударга ёс эвслээс дараах саналыг дэвшүүлж байна. 

1.Төрийн улстөрийн албан тушаалтны цалинг судалгаа тооцоон дээр үндэслэн ялгавартай хандах,Төрийн албаны тухай хуулийн 38-р зүйлийн 38.2 дахь заалтыг харгалзах үзэх

2.Дотоод, гадаад томилолт, зочны зардал болон эд хогшлын урсгал зардлыг өмнөх баталсан түвшнээс нэмэхгүй байх

3. Хангамж, бараа материалын зардлыг өмнөх баталсан түвшинээс 10 хувиар бууруулах

4.Цаашид ирэх оны төсвийн жилд аймаг, нийслэлийн төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулах 

5.Үр ашиг багатай зарим хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй байх саналыг гаргаж байна гэлээ.


Санал дүгнэлтийг бүрэн эхээр  доорх бичлэгээс үзнэ үү. 










Холбоотой мэдээлэл