Эдийн засаг


Орон сууц худалдаж авбал татварын ийм хөнгөлөлт эдлэнэ

3 жил, 4 сар TIMES.MN

 

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т " хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого"-ыг албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэж заасан. Дээрхи хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд татвар төлөгч хувь хүн, татварын улсын байцаагч нарт нэг ойлголт өгөхөд аргачлалын гол зорилго оршино.

Дээрхи албан татварын чөлөөлөлтийг албан татвар төлөгч Монгол Улсын иргэн, байнга оршин суугч гадаадын иргэн, оршин суугч бус хувь хүн эдлэнэ.   Татвар төлөгч нь дараах орлогод албан татвар төлнө. Үүнд:

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, хөдөлмөр эрхлэлтийн орлогоос, үйл ажиллагааны орлогоос. хөрөнгө борлуулсны орлогоос /үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, хувьцаа, үнэт цаас/,  шинжлэх ухаан утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн урлагийн тоглолт зохион байгуулах,  тэдгээрт оролцох замаар олсон орлогоос, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагналын орлогоос, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугаалааны орлогоос, хуулийн 15 дугаар зүйлд заасан шууд бус орлогоос, түрээсийн орлогоос, эрхийн шимтгэлийн орлогоос, ногдол ашгийн орлогоос, хүүгийн орлогоос. 

Нэг. Хувь хүн өөрийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц худалдан авсан хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх.

Иргэн Ж 1м.кв нь 450$ -ийн үнэтэй 80 м.кв талбай бүхий орон сууцыг амьдран суух зориулалтаар А компаниас 2007 оны 5 сард худалдаж авсан байна. Монгол банкнаас зарласан тухайн үеийн валютын ханш 1130 төгрөг байсан гэвэл байрны үнэ 40680.0  /36000$ х 1130₮/ мянган төгрөг болно. 

Иргэн Ж нь өөрийн хөрөнгөөр худалдан авсан 36000 $ -ын байрны  албан татварын чөлөөлөлтийн тооцоог амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албатай 2008 оны 2 дугаар сарын 15-ны дотор хийнэ.

Иргэн Ж нь орон сууц худалдан авсан хөрөнгөө албан татвараас  чөлөөлүүлэхээр 2008 оны 2 дугаар сарын 15-ны дотор орон нутгийн татварын албанд хандахдаа  дараах материалыг бүрдүүлнэ.  
Үүнд:

  1. Үл хөдлөх хөрөнгийн газраас олгосон "Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ"
  2. Иргэн Ж нь Хувь хүний орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу 36000 $ -ын орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримт.   
  3. Иргэн Ж Орон сууц худалдан авахаар А компанитай хийсэн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"
  4. Уг орон сууцны төлбөрийг шилжүүлсэн баримт /орлогын мэдүүлэгээр/ 
  5. Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсан орлогын дүнгээс орон нутгийн төсөвт төлсөн албан татварын санхүүгийн баримт
  6. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар

Аймаг, дүүргийн татварын алба иргэн "Ж"-тэй албан татварын чөлөөлөлтийн тооцоог 2008 онд дараах зарчмаар хийнэ.

  1. Иргэн Ж-гийн жилийн орлого 3600,0 мян.төг /300.0х 12 сар/
  2. Улсад төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 360.0 мян.төг
  3. Иргэн Ж-гийн татвар ногдох орлого              3240.0     /3600.0-360.0/      
  4. Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн           30000.0  мян.төг 
  5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО               (26760.0) мян.төг
  6. 2007 онд төлбөл зохих татварын дүн                х
  7. 2007 онд төлсөн татварын дүн                         324.0 мян. төг
  8. 2007 оны албан татварын +илүү, - дутуу     + 324.0 мян.төг      
  9. 2008 онд буцаан  олгосон татварын дүн         324.0 мян. төг
  10. 2008 оны татварт суутган тооцсон татвар          х

Аймаг, дүүргийн татварын алба иргэн Ж -тэй  албан татварын хөнгөлөлтийн тооцоог 2009 онд дараах зарчмаар хийнэ.

1. Иргэн Ж-гийн 2008 оны жилийн орлого            5400.0 мян.төг  /450.0 х 12 сар/

2. Эрүүл мэндийн болон НДШ                                  540.0 мян.төг

3. Татвар ногдох орлого                                            4860.0 мян. төг /5400.0 - 540.0/

4. Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн                 26760.0 мян.төг

5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО                    (21900.0) мян.төг

6. 2008 онд төлсөн татварын дүн                              486.0 мян.төг

7. 2008 оны албан татварын +илүү, -дутуу             +486.0 мян.төг

8. 2009 онд буцаан олгосон татварын дүн                486.0 мян.төг

9. 2009 онд суутган тооцсон татвар                               х

10. Буцаан олгосон албан татвар /өссөн дүнгээр/       810.0 мян. төг

Аймаг, дүүргийн татварын алба иргэн Ж -тэй  албан татварын хөнгөлөлтийн тооцоог 2010 онд дараах зарчмаар хийнэ.

1. Иргэн Ж-гийн 2009 оны жилийн орлого            6000.0 мян.төг  /500.0 х 12 сар/

2. Эрүүл мэндийн болон НДШ                                 600.0 мян. төг

3. Татвар ногдох орлого                                           5400.0 мян. төг

4. Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн                21900.0 мян.төг

5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО                      (16500.0) мян. төг

6. 2009 онд төлсөн татварын дүн                              540.0 мян. төг

7. 2009 оны албан татварын +илүү, -дутуу            +540.0 мян.төг

8. 2010 онд буцаан олгосон татварын дүн               540.0 мян. төг

9.2010 онд суутган тооцсон татвар                               х

10. Буцаан олгосон албан татвар /өссөн дүнгээр/     1350.0 мян.төг   

Иргэн Ж гийн сарын цалин 2010, 2011, 2012, 2013 онуудад 500.0 мянган төгрөг  хэвээр байсан мөн ЭМ болон НДШ төлөх хувь хэмжээ хэвээр мөрдөгдөж байсан гэж үзвэл :

2011 онд буцаан олгосон татвар өссөн дүнгээр 1890.0 мянган төгрөг,

2012 онд -----------------------------------------------  2430.0 мянган төгрөг,

2013 онд -----------------------------------------------  2970.0 мянган төгрөг,

болж 2014 онд татвар алба дараах байдлаар тооцоо хийж Ж-гийн татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх албан татварын тооцоо дуусгавар болно:

1. Иргэн Ж-гийн 2013 оны жилийн орлого           6000.0 /500.0 х 12 сар/

2. ЭМ болон НД-д төлсөн шимтгэл                         600.0 мян. төг

3. Татвар ногдох орлого                                          5400.0 мян.төг   

4. Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн                    300.0 мян.төг

5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО                        5100.0 мян.төг

6. Төлбөл зохих татвар                                               510.0 мян. төг

7. 2013 онд төлсөн татварын дүн                              540.0 мян.төг

8. Албан татварын /+илүү/ , /-дутуу/                         +30.0 мян.төг

9. 2014 онд суутган тооцсон татвар                              х

10. Буцаан огосон албан татвар /өссөн дүнгээр/       3000.0 мян. төг 

Хоёр.  Хувь хүн банкны зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц худалдан авсан хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх.

Хувь хүний банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар худалдаж авсан орон сууцны төлбөрийг албан татвар ногдох орлгоос хасч чөлөөлөлт эдлүүлэх албан татварын тооцоог дээрхи жишээтэй нэгэн адилаар  тооцно.

            Татвар төлөгч хувь хүн нь албан татварын чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Үл хөдлөх хөрөнгийн газраас олгосон "Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ"
  2. Орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан тухай банктай хийсэн зээлийн гэрээ   
  3. Орон сууц худалдан авахаар Х компанитай хийсэн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"
  4. Уг орон сууцны төлбөрийг шилжүүлсэн баримт /орлогын мэдүүлэгээр/ 
  5. Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогын дүнгээс албан татвар суутгуулан төлсөн санхүүгийн баримт
  6. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар

Жич: Хувь хүн нь өөрийн хөрөнгөөр болон банкны зээлийн хөрөнгөөр хувь хүн, хуулийн этгээдээс /орон сууцны барилга барих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээс бусад/ амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан бол ХХОАТ-ын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д заасны дагуу орон сууцаа худалдаж буй тухайн аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээр үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогын дүнгээс ХХОАТ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасан  2 хувийн албан татварыг төлүүлэх буюу орон сууцныхаа төлбөрийг төлөхдөө суутган авч орон нутгийн төсөвт төлнө.

Орон нутгийн татварын алба уг иргэнтэй албан татварын тооцоо хийж чөлөөлөлтийг эдлүүлэхдээ дээрхи баримтыг үндэслэн албан татвараас чөлөөлөгдөх орлогын дүнг тооцож гаргана. Жишээ нь :

Иргэн А иргэн Б -гээс 20.0 сая төгрөгийн байрыг нь худалдан авсан гэж мэдүүлсэн бол иргэн Б-гийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны албан татварт 400.0  мянган төгрөг төлсөн албан татварын санхүүгийн баримт байж байж  20.0 сая төгрөгийн чөлөөлөлт эдлэх эрхтэй болно. Харин иргэн Б нь 150.0 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлсөн бол 20.0 сая төгрөгийн чөлөөлөлт эдлэхгүй харин 7500.0 мянган төгрөгийн чөлөөлөлтийг татварын алба иргэн А-д  эдлүүлнэ.    

Гурав. Хувь хүн өөрийн хөрөнгө болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барьсан хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлөх. /Зуслангийн зориулалтаар барьсан барилга дээрхи заалтад хамаарахгүй/

Хувь хүний өөрийн хөрөнгөөр болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууцны барилга барьсан хөрөнгийг албан татвар ногдох орлгоос хасч чөлөөлөлт эдлүүлэх албан татварын тооцоог эхний  жишээтэй нэгэн адилаар  тооцно.

            Татвар төлөгч хувь хүн албан татварын чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Тухайн барилга нь амьдран суух зориулалтаар баригдсан таны өөрийн хөрөнгө мөн болохыг нотлох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  2. Хөрөнгийн үнэлгээний газраар уг барилгыг үнэлүүлсэн үнэлгээний материал
  3. Орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгийн санхүүгийн баримт 
  4.  Хувь хүний орлогын албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасны дагуу тухайн барилгад зарцуулсан хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримт.   

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т заасан чөлөөлөлтийг иргэдэд эдлүүлэхдээ татварын алба дараах зарчмыг баримтлана. Үүнд:

  1. ХХОАТ-ын хуулийн 9.1.3 -т " албан татвар төлөгч өөрөө буюу түүний өмнөөс хөрөнгө оруулсан, хуримтлуулсан бол уг хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсоныг албан татвар төлөгч нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадахгүй бол оруулсан хөрөнгө, хуримтлалын дүнг албан татвар төлөгчийн тухайн жилийн татвар ногдуулах орлогын дүндоруулан тооцно" гэсэн заалтыг заавал мөрдлөг болгон ажиллах;
  2. ХХОАТ-ийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т " ....амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авах....." гэсэн заалтын анх удаа гэдгийг орон сууцны чөлөөлөлт эдлэж буй хувь хүний амьдран суухаар худалдан авсан орон сууц нь 2007 оны 1 дүгээр сарын 01-ээс хойш авсан байхыг ойлгоно.
  3. Орон сууцны барилга барих үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий барилгын компаниас бусад аж ахуйн нэгж, байгууллага болон хувь хүнээс орон сууцны барилга худалдан авсан хувь хүнд чөлөөлөлтийг эдлүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогоос төлсөн 2 хувийн албан татварын санхүүгийн төлбөрийн баримтыг шалган  төлсөн албан татвартай уялдуулан татвар ногдох орлогоос чөлөөлөх орлогын дүнг тооцож байх;


Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.