Аналитик


Ж.Батзанданг АН-аас гаргах асуудал яригдаж, Эрдэнэтийн ТУЗ-ийн дарга нарыг томилсон өдрүүд

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудал олны анхаарлын татсан хэвээр байна. “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнгөрсөн Пүрэв гарагт болж 51 хувь буюу Засгийн газрын төлөөлөл болох удирдах зөвлөлийн гишүүдээ баталгаажууллаа. Удирдах зөвлөлийн гишүүдээр У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нарыг томилжээ. Харин "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ын дарга Да.Ганболд тус үйлдвэрийн 49 хувь буюу Mongolian Copper Corporation-ыг төлөөлж, ТУЗ-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж буй аж.

Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.

Ж.Батзандан: Ардчилсан намын авлигач, хулгайч нарын төлөө би явахгүй


УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх асуудал яригдаж эхэллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “АН, МАН-ын хэсэг олигархиуд Ж. Батзанданг намаас хөөх асуудлыг хөндөж тавьж байгаа. Одоо бүр аймаг, дүүргийн намын хороод нь хуралдаж, Ж.Батзанданг Ардчилсан намаас хөөх шийдвэр гаргаж эхэлж байгаа юм байна. Баярлалаа гэж хэлье. Монголоос минь битгий хөөчихөөрэй. Монголынхоо төлөө би явна. Ардчилсан намын авлигач, хулгайч нарын төлөө би явахгүй. Үндэсний хэмжээний том асуудал дээр намчирхаж болдоггүй юм” хэмээжээ. Энэ асуудлыг батлах нэгэн үйл явдал өнөөдөр болсон нь Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг тойрсон асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан, Д.Ганболд, Ж.Батзандан нарын зургаан хүн багтаад байна. Тодруулбал, ажлын хэсэг УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Батзандан орсон. Харин түүний энэ шийдвэрийг АН-ын бүлэг эрс үгүйсгэж, хувь хүний шийдвэр гэсэн албан ёсны мэдэгдлийг гаргажээ. Өөрөөр хэлбэл ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын бүлгийг төлөөлөхгүй гэдгийг бүлгийн дарга С.Эрдэнэ албан ёсоор мэдэгдсэн байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргад У.Бямбасүрэнг томилох чиглэл ирсэн гэв

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг баталгаажуулсан талаар мэдээлэл хийлээ. "Эрдэнэт" үйлдвэрийн шинэ хувьцаа эзэмшигч буюу "Mongolian Copper Corporation"-ийн талаас ТУЗ-ийн гишүүнээр Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг томилжээ. Засгийн газрын буюу нийт хувьцааны 51 хувийг эзэмшигч талын У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүн төлөөлж байгаа юм. Ингэснээр "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн ТУЗ долоон гишүүний бүрэлдэхүүнтэй болж байгаа гэдгийг мэдээлийн үеэр онцоллоо. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "49 хувийг эзэмшигч талаас ТУЗ-ийн гишүүдийг 9 болгох санал тавьсан ч долоо дээр тогтлоо. Одоо ТУЗ бүрэлдсэн. Мөн нөгөө талаас гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн даргыг хоёр жилээр ээлжлэн тавих санал тавьсан. Засгийн газраас зүгээс энэ хоёр удирдлагыг төрөөс томилох байр суурьтай байгаа. Одоогоор засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргад У.Бямбасүрэнг томилох чиглэл ирсэн. Ерөнхий жишиг нь ийм юм.

Үндсэндээ бид компанийн тухай хуулийн дагуу 49 хувийг эзэмшигч талтай сүүлийн нэг сарын хугацаанд 10 гаруй удаа хэлцэл хийгээд байна. Хэлцлүүд ихэвчлэн албан бичгийн хүрээнд явагдсан” гэв. Мөн тэрбээр ““Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ бүрдсэнээр гүйцэтгэх удирдлага томилогдох боломж үүсэж байна. Гүйцэтгэх удирдлагыг компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн гишүүдийн 66.6 хувиас дээш саналаар батламжилдаг. Энэ тохиолдолд 49 хувийг эзэмшигч талын санал заавал орно.

Гүйцэтгэх удирдлагыг төрөөс дөрвөн жилийн хугацаатайгаар томилоод явах шийдэлд хүрсэн байгаа” хэмээн мэдээллээ.

Шоронд орохгүйн тулд өөрийгөө нас барсан болгож, цогцос шатаажээ

Өнгөрсөн сарын 25-нд танигдах аргагүй болтлоо шатсан эрэгтэй хүний цогцос, бичиг баримтыг дулааны шугамын орчмоос олдсон талаар мэдээлж байсан билээ. Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь хоёрдугаар бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон бөгөөд Д гэх иргэн байсан байна. . Хачирхалтай үүнээс дөрөв хоногийн дараа Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг, Яармагийн гүүрэн дор оройн 20:00 цагийн орчимд толгойдоо сумны шархтай эр байсныг иргэд олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг. Энэхүү хэргийг шалгаад үзэхэд 41 настай Д гэгч байсан ба амиа хорлох зорилгоор өөрийгөө толгойн тус газраа буудаж нас барсан аж. Ийнхүү дөрөв хоногийн зайтай Д гэх хоёр эрэгтэй нас барсан байна. Тухайн хэргийг цагдаагийн байгууллага нягтлан шалгаж үзэхэд “хохирогч нар” нэг хүн байсныг олж тогтоожээ. Өөрийгөө буудсан Д гэх эрэгтэй 100 сая төгрөг залилж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан аж. Тухайн өдөр түүний шүүх хурал болох байсан бөгөөд 10-15 жилийн ял сонсох магадлалтай байсан учир ийнхүү өөр хүний цогцосыг шатааж, эцэст нь өөрийгөө буудан амь насаа хорлосон байхыг үгүйсгэхгүй байгаа юм байна. Харин шатсан цогцос нь гэр оронгүй хүнийх байж магадгүй эсвэл саяхан нас барсан хүний цогцсыг ухаж гаргаад шатаасан байж магадгүй гэж үзэж байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.

Хүүхдийн зураг ашиглан худал мэдээлэл тараажээ

“Нялх хүүхдийг ганц шил архиар зарна” гэх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд цацагдаж багагүй шүүмжлэл дагуулаад байсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан цагдаагийн алба хаагчид болон зураг дээрх хүүхдийн гэр бүлийнхэн хэвлэлийн хурал хийлээ. Хурлын үеэр хүүхдийн гэр бүлийнхэн "Хүүхдийн маань зургийг зөвшөөрөлгүй цацаж, худал мэдээлэл тараалаа.

Тиймээс уг зургийг олон нийтийн мэдээллийн сүлжээнд нийтэлсэн иргэнийг шалгуулах хүсэлтээ харьяа цагдаагийн байгууллагад гаргасан" гэв. Хүүхдийн зураг ашиглан худал мэдээлэл цацсан энэ хэрэгт СХД-ийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 111-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тус зураг дээрх эрэгтэй 70 орчим настай бөгөөд зээ охиноо дэлгүүрийн үүдэнд салхилуулж байсан зургийг авч цахим ертөнцөд худал мэдээлэл цацсан байна. Энэ талаар 70 настай иргэн н.Доржсүрэн “Өчигдөр гадаа дулаахан байхаар нь хүүхдээ салхилуулахаар түр гарсан. Тэгтэл зургийг маань авч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Надтай ирж юм ярьсан хүн байхгүй. Тийм байж архиар хүүхэд зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тухай надад танил маань хэлсэн.

Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Зураг авч байгааг би ер мэдээгүй. Би ер нь хүүхдээ байнга ингэж сугавчилж авч явдаг. Энэ мэдээлэл надад маш хүнд туссан” гэв.

Гоё Монгол: Бурханы урлал гэдэг дээдийн номтой барилдсан бие, хэл, сэтгэлийн урлаг юм

Монголын уламжлалт урлахуй ухааныг дэлгэрүүлэх, сэргээн хөгжүүлэх хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, энэ их үйлсийг үргэлжлүүлэх урлаачдын залгамж халааг бэлтгэж буй Бурханч лам Г.Пүрэвбатын ууган шавь Бурхан урлаач, Буддын гүн ухаан судлаач Ч.Батзоригийг энэ удаагийн “Гоё Монгол” буландаа урьж ярилцлаа.Үргэлжлэл... эндээс уншина уу.



Холбоотой мэдээлэл


АН-ын их сунгааны өмнөх өнгө
АН-ын их сунгааны өмнөх өнгө
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.