Аналитик


Хэрүүл тэмцэл Төрийн ордноос хальж бөхийн наадмын ногоон дэвжээг нөмрөв

3 жил, 10 сар TIMES.MN


Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газар буцааж татлаа


УИХ-ын чуулганд өргөн бариснаар хойш Ажлын хэсгийнхэнд баахан нухлуулсан Тавантолгойн гэрээг Засгийн газар сайжруулан засахаар буцаан татаж авсан юм. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчийн хэлж буйгаар Тавантолгойн гэрээ англи хувилбараасаа 10 гаруй хуудсаар зөрсөн, гэрээтэй холбоотой бичиг баримтыг гуйлгуулан байж цувуулж өгснөөр өнөөдрийг хүртэл дүгнэлт гацсан, компаний хоорондын гэрээг өгөөгүй, оросын талын эрх ашигт нийцээгүй, төмөр үамйын асуудлыг шийдээгүй зэрэг томоохон асуудлаас болж дүгнэлт гарах боломжгүй. Тиймээс ойрын гурван сардаа Тавантолгойн гэрээг хэлэлцэх шаардлагагүй гэсэн юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт компани хоорондын гэрээг аж ахуйн нэгжүүдээс нь авах ёстой. Засгийн газрын асуудал биш хэмээн мээгдэж байсан. Ийнхүү ажлын хэсэг, Засгийн газрын хооронд бичиг цаасны хэрүүл болж нааш цааш толхилцож 3 саруй хугацаа өнгөрсний эцэст чуулганаар хэлэлцэх хугацаа өгсөнгүй. Аргагүйн эрхэнд Засгийн газар гэрээгээ буцаан татаж сайжруулахаар болсон.

 

Хамтарсан Засгийн газрын гэрээг эргэж харна


Хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээний биелэлтийг эргэж харах шаардлагатай. Хамтарсан хэдий ч сандал ширээний хуваарилалтаас бусад нь биелээгүй. Улстөр, эдимйн засаг, нийгмийн асуудлыг гацаасан МАН-тай байгуулсан гэрээг эргэж харж засгаас гарах шаардлагатай хэмээн АН-ын гишүүд шаардах болсон. Тэгвэл МАН-ын бүлгийн зүгээс хамтарлаа гээд бурууг нь дэмжих гэж хамтраагүй. АН-ынхан өөрсдөө төрийн ажлыг гацааж байна хэмээн хэдэрлэв. Гүйцэтгэх засаглалд томоохон байр суурь эзэлж байгаа АН, МАН-ын хооронд байгуулсан гэрээ цуцлагдах дээрээ тулж байгаа нь улстөрийн тогтворгүй байдлыг үүсгэх магадлалтай болоод байна. Учир нь МАН-ын  сайдын зургаан суудлыг хэдийнэ бусад нам улстөрийн бүлэглэлд хуваарилж  эхэлсэн тухай аман тохироо явж байна.

Улс орноо эдийн засгийн  хүндрэлээс гаргахаар болж хамтарсан намууд эсрэгээрээ улстөрийн тогтворгүй нөхцөл байдал үүсгэж байна. УИХ-ын чуулганаар Гацуурдын ордын хувь эзэмшил, Тавантолгойн гэрээг хэлэлцэхгүйгээр буцаасан. Энэ бүгдээс харахад эдийн засгийн хүндрэлийг хамтраад туулах боломжгүй болсон нь харагдаж байна гэж АН-ынхан үзэж байгаа юм.

 

Төрийн албыг төрлийн бус болгох уу?


Төрийн албаны болон улстөрийн намуудын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр зургаан жилийн мөнөөс ярилцсан ч өнөөдрийг хүртэл олигтой санал санаачлага гараагүй. Энэ хугацаанд төрийн албан төрийн бус төрлийн албан болж хувирсан. Засаг солигдох бүрт төрийн албан хаагчдийн халаа сэлгээ давалгаалж амраг садан, аймаг сумаараа ялгарч яам,  агентлаг, газрыг хувааж иддэг байдал гаарсан. Тиймээс энэ байдлыг засаг зорилгоор  Ерөнхийлөгч Улстөрийн амуудын тухай хуулийг өөрдөө татаж боловсруулсан байна.

Төрийн албаны хуульд сайдыг дагаж дэвшдэг бус төрийн албыг шат ахих замаар дэвшүүлдэг. Тухайлбал, төрийн албанд 20 жил ажилласан хүн төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаар томилдог  болох. Хууль зөрчсөн бол төрд учирсан хохирлыг өөрөөр нь төлүүлдэг болох. Сонгууль болохоос нэг жилийн өмнө Төрийн албаны тухай хуулийг өөрчлөхийг хориглосон байна.

Тэгвэл Улстөрийн намуудын  тухай хуульд намуудыг Дээд шүүх бус Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж татан буулгах эрхтэй болох. Зургаан жил сонгуульд оролцоогүй, санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй намын шууд татан буулгах болсон байна. Ерөнхийлөгчийн оруулж буй өөрчлөлтийг МАН, АН-ын удирдлагууд хэрэхэн хүлээж авах бол гэдэг анхаарлын төвд байлаа. АН-ын дарга З.Энхболд “Иргэдийн төрд итгэх итгэл буурч байгаа. Тиймээс улстөрийн шинэчлэл  хэрэгтэй. Сонгуульд ажилласан хүмүүсээ ажилтай болгох гэснээр төрийн албаны хууль зөрчигддөг. Өнөөдөр ч үүнийг хориглосон хуультай. Ер нь эмч цэгцтэй болохгүй бол болохгүй болсон. Энэ бүгдийг цэгцлэх ийм хуультай болвол дэмижх нь зүйтэй” гэсэн бол МАН-ын дарга М.Энхболд “Улстөрийн намууд төрийн албыг авч явъя, төрийн ажлыг урагшлуулая гэж сонгуульд оролцож байгаа учраас намынхаа боловсон хүчний бэлтгэхэд анхаарах ёстой. Тиймээс зарим асуудал дээр санал нэг байгаа. УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж батлах болохоор тухайн үед нь хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно” гэлээ.

 

Эзгүй үлдэх хүүхдүүдэд зарцуулах 60 тэрбум төгрөг байхгүй


Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл УИХ-ын түвшинд багагүй маргаан өрнүүлээд авсан. Энэхүү хуулийг  баталлаа гэхэд хүүхдийн эрх хэрхэн хангагдах, улсын төсвийн зардал нэмэгдэх гээд олон асуудал яригдсан. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 56 мянган хүүхдийг харах эзэнтэй байлгах зорилгоор 60 гаруй тэрбум төгрөгийн зардал гарах юм.  Энэ мөнгийг  төсвөөс гаргаж чадахгүй хэмээн маргаан ширүүссэн.

Хуулийг санаачлагч, эмэгтэй гишүүдийн хувьд хүүхдүүдэд зориулж 60 тэрбум төгрөг гаргаж чадахгүй төр гэж байгаад яах юм. Хэрэв цэцэрлэгт хамрагдаж чадахгйү байгаа хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгох чадалгүй байгаа үед энэ хууль чухал. Намар болохоор цэцэрлэг сургуулийн хүртээмж толгойны өвчин болдог. Үүнээс өмнө асуудлаа хуульчлах хэрэгтэй гэж байв. Хэдийгээр засгийн газар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг дэмжсэн ч төсвийн санхүүжилт байхгүй гэж байгаа.

 

Наадмын бөхийн зүүний магнай хэн вэ?


Баяр наадмаар бөхийн болон хурдан морины маргаангүй өнгөрүүлнэ гэж үгүй. Тэгвэл энэ жилийн баяр наадмын маргаан наадмаас өмнө эхэллээ. Баяр наадмын бөхийн барилдааны зүүний магнайд хэн байж ам авах гэдэг асуудал болоод байна. Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадмаар зодоглох болсон нь энэхүү маргааны эхлэлийг тавилаа. Ингэснээр зүүний магнайд дархан аварга А.Сүхбат уу, Г.Өсөхбаяр уу гэдгийг мэргэжлийн байгууллагынхан ч шийдэж чадахгүй санал хуваагдаад байна.

Үндэсний бөхийн холбоо: “Хууль дүрмээрээ Г.Өсөхбаяр магнайлна”

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: Ерөнхийлөгчийн зарлигаар дархан аварга цол олгосон үнэмлэхний дугаараар А.Сүхбат зүүнийг магнайлна. А.Сүхбат 08, Г.Өсөхбаяр 09 дугаартай үнэмлэхтэй.

Баяр наадмын комисс: Хоёр аваргын эрэмбийг бөхийн холбоо өөрсдөө шийд  гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

А.Сүхбат: Ноднин би зүүнийг магнайлсан. Энэ шийдвэр зөв бөгөөд хүчтэй.

Г.Өсөхбаяр: Өнгөрсөн жил цаг тулаад би буулт хийсэн. Энэ жил би бууж өгч чадахгүй  гэсэн байна. Эцэст нь энэ маргааныг хэн шийдэх вэ. Хөндлөнгөөс харахад Бөхийн холбоо гэж байгаа цагт энэ асуулыг шийдэх ёстой мэт. Гэтэл Бөхийн холбоо энэ асуудлыг шийдэж өгнө үү гэсэн бичгийг Баяр наадмын комисст хүргүүлсэн байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.