Улс төр


Ерөнхийлөгч аль алиныг нь өршөөж болохгүй гэжээ

4 жил, 9 сар TIMES.MN

Дуулиант шүүх хурал 5 өдөр үргэлжлээд өчигдөр хэргийг шийдлээ. Гэр хорооллын иргэдийг хямд үнэтэй нүүрсээр хангахаар Шинэчлэлийн Засгийн газар "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрийг хариуцаж ажилласан   Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүхийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүж 4.6 жилийн ял оноолоо. Шүүх хурлын даргалагч, шүүгч Х.Идэр уншиж, танилцуулсан юм.

Шүүхээс Л.Гансүхэд 4,6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан байна. Л.Гансүхийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр зааж, цагдан хоригдсон хоногийг оноосон ялаас хасахаар болжээ. Харин шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргав.  Улсын яллагчийн зүгээс Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил,  Н.Даваахүүд 7 жилийн ял оноох санал гаргаад байсан юм.  Надаас уучлал гуй хэмээн нулимс цэлэлзүүлэн прокурор, шинжээчдийг ичээм үг хэлж шуугиулсан бүсгүй ямартай ч хорих ялаас мултарлаа. Түүнд 7.5 жил төлөвлөж байсан ч торгууль оногдуулаад өнгөрөөхөөр болов. Б.Мөнгөнтуяагийн 203 хоног цагдан хоригдсон хугацааг мөнгөн хэлбэрт шилжүүлж, торгох ялыг эдэлсэнд тооцлоо. 

 Л.Гансүх нарыг шүүх хурлын талаар Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж “Нягтлан энэ тэр гэнэ үү. Авлигачид тийм адгийн. Бусдад хэргээ тохчихоод үлдсэнийг нь худалдаж авах гэдэг. Тиймээс аль алиныг нь өршөөж болохгүй” хэмээн жиргэжээ. 


“ЭмЖиЭлЭсБи” компанийн ажилтан Н.Даваахүү  тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагааг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулж, ингэхдээ цагдан хоригдсон хугацааг өдрөөр тооцож, торгох ялаас хасахаар шийдвэрлэжээ.Ингэснээр Н.Даваахүүгийн 46 хоног хоригдсон хугацааг торгох ялаас хасч, үлдсэн 10 сая 52 мянган төгрөгийг гаргуулахаар болсон байна. Түүнийг торгох ялаас зайлсхийвэл хорих ялаас солихыг Шүүхээс анхааруулсан байлаа. 

Түүнчлэн Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг Шүүх бүрэлдэхүүн гаргалаа. Татвараас зайлсхийсэн асуудлын тухайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулан, өршөөжээ.

Шүүх бүрэлдэхүүн ялын дүгнэлтийг ийн танилцуулсан юм. Үүний дараа Л.Гансүхийг Тахарын албаныхан Цагдан хорих төв рүү авч явсан бол Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг суллажээ.

 Шүүх хурлыг таван өдрийн турш нээлттэйгээр үзсэн олон нийт төрийн албан хаагчдын шударга бус үйлдлийг эсэргүүцэж, цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлж байв.

Харин Л.Гансүх нарыг шүүх хурлын талаар Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж “Нягтлан энэ тэр гэнэ үү. Авлигачид тийм адгийн. Бусдад хэргээ тохчихоод үлдсэнийг нь худалдаж авах гэдэг. Тиймээс аль алиныг нь өршөөж болохгүй” хэмээн жиргэжээ. 

Төрийн тэргүүний жиргээг зарим твиттерчдийг бухимдуулаад авав.

 

Х.Тэргэл 




Холбоотой мэдээлэл